Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 87

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 1 дүгээр баг, 2 дугаар гудамж 1 тоотод оршин суух Гүртэн овогт Сумъяагийн Сайнбаяр /РД:КЙ73022160/-д холбогдох 672,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40346217 тоот гэрээ байгуулан 85410009 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Самсунг Глагси Ж7 /Samsung Galaxy J7/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-дахь заалтад заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд С.Сайнбаяраас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 672.700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 20,695 төгрөг төлсөн болно” гэжээ.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:”Мобиком корпораци ХХК-с Сумъяа овогтой Сайнбаярт холбогдуулан 672,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Сумъяа овогтой Сайнбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 672,700 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 672,700 төгрөгийг хариуцагч С.Сайнбаяраас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Сайнбаяр нь “Мобиком корпораци” ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 40346217 дугаар гэрээгээр Самсунг Глагси Ж7 /Samsung Galaxy J7/ маркийн гар утас авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2017 оны 07 сарын 16-ны өдрийн №03 тоот албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 672,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,695 төгрөгөөс 10,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 10,347 төгрөг, хариуцагч С.Сайнбаяраас 10,348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   С.ӨЛЗИЙ-ОТГОН