Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Баян Шар довын 13-р гудамж 15 тоотод оршин суух Сартуул овогт Балжиннямын Магсаржав /РД:ЙЮ71022202/-ын нэхэмжлэлтэй,

   Боржигин овогт Жигжидмаагийн Бямбадэлгэртэй /РД:КЙ76042178/ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Магсаржав, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Магсаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Магсаржав би 2006 онд Ж.Бямбадэлгэртэй танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Есүхэй мэндэлсэн. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нөхөр маань нас барсан. Ингээд хүү Б.Есүхэйд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна.

            Иймд Б.Магсаржав намайг Ж.Бямбадэлгэртэй 2006 оноос 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.           

            Нэхэмжлэгч Б.Магсаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Миний бие Ж.Бямбадэлгэртэй 2006 онд танилцаж улмаар хамтдаа нэг гэрт амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Есүхэй маань мэндэлсэн. Нөхөр маань өвчний улмаас 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нас барж бидний амьдралд хүнд явдал тохиолдсон. Энэ хугацаанд нөхөр хүү бид гурав хамтдаа Улаанбаатар хотод амьдарч байгаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд шилжин ирж амьдарсан. Нөхрийгөө амьд сэрүүн байхад бид гэрлэлтээ батлуулах талаар ярилцаж байсан боловч нөхөр маань гэнэт өвчний улмаас нас барсан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас хүү Б.Есүхэйд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох боломэгүй болоод байна. Иймд миний хүүгийн эрх ашгийн үүднээс Б.Магсаржав намайг Ж.Бямбадэлгэртэй 2006 оноос 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү ” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Есүхэйн төрсний №0000617115 тоот төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ж.Бямбадэлгэрийг нас барсныг бүртгэж олгосон №0000184608 тоот нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, талийгч Ж.Бямбадэлгэрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Бямбасүрэн, Д.Дэнсмаа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Магсаржав нь Ж.Бямбадэлгэртэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Магсаржав нь Ж.Бямбадэлгэртэй 2006 оноос гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан ба хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Есүхэйг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү Б.Есүхэйн төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон Ж.Бямбадэлгэрийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч Ж.Бямбасүрэнгийн “Б.Магсаржав Ж.Бямбадэлгэр хоёр 2006 оноос танилцаж хамт амьдарч эхэлсэн. Хотод амьдарч байгаад Ханбогд суманд ирээд 3 жил болж байна. Хамтран амьдрах хугацаанд хүү Есүхэй нь төрсөн, одоо 6 настай, намар сургуульд орох хүүхэд байгаа юм. Манай талийгч Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан түүнээс хойш ах эгчийнхээ ажил, мал хуйд тусалж байсан. Магсаржав нь сургуулийн тогооч ажилтай одоо ч хийж байгаа. Ханбогдод Шар довд гэр нь байдаг юм. Би дүү Бямбадэлгэрийг Магсаржавтай хамт амьдарч байсныг мэднэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, гэрч Д.Дэнсмаагийн “Б.Магсаржав нь Ж.Бямбадэлгэртэй 2006 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2011 онд хүү Есүхэй нь төрсөн. Бямбадэлгэрийнх Улаанбаатар хотод амьдарч байсан. Бямбадэлгэр Магсаржавтай суухаасаа өмнө 6 жил цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тэгээд Магсаржавтай сууж хамтран амьдарч байгаад 2014 оноос Ханбогдод нүүж ирээд гэр бүлээрээ амьдарч байсан. Магсаржав нь сургуульд тогооч хийдэг байсан. Талийгч маань ахынхаа мал хуйд тусалж амьдардаг байсан. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өвчнөөр нас барсан. Тэгээд эхнэр Магсаржав нь хүү Есүхэйдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандаад би тэдний хамт амьдарч байсныг гэрчлэхээр ирсэн”” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Магсаржавыг 2006 оноос 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ж.Бямбадэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Балжиннямын Магсаржавыг Боржигин овогт Жигжидмаагийн Бямбадэлгэртэй 2006 оноос 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН