Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/106

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-т холбогдох эрүүгийн 2022001040039 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт суманд 1984 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сум “Муруй цагаан сүүж” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй О.О гэв.

 

          Шүүгдэгч О.О нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-гийн толгойн тус газар архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          1.Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Б.Б намайг мотоцикл дээрээс татаж унагаад 2 удаа тонгорч унагаад цохисон. Би Базаррагчаагийн баруун гараас нь барьж байгаад архины шил шидтэл баруун чихнийх нь ар хэсэгт цохисон. Хохирогчид эмчилгээний зардал 1.300.000 төгрөг төлсөн. Хохирогчтой эвлэрсэн. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй ...” гэв.

2. Хохирогч Б.Бгийн:” 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр О.Балсантай багш нарын байрны гадаа таараад 2,0 гр савлагаатай нэг пиво, 0,5 гр савлагаатай нэг шил Хараа нэртэй архи аваад сумаас урагш гарч зогсоод пивоо хувааж уусан. Сумаас урагш 10 орчим км- т байх Амаржаргал гэх айлд очин авсан байсан архийг гурвуулаа хувааж уугаад О.Балсан бид 2 сум руу буцсан. Би Амаржаргалынхаас гараад сум руу явах замд хэсэг унтаад сэртэл О.Балсан Дэмидийн гадаа зогссон байсан. Бид 2 Дэмидийнд ороход тэнд Б.Энх-Амгалан, А.Өсөхбаяр, Ө.Лхагвадорж, Очироо, Отгоо нар архи уугаад сууж байсан. Бид хоёрыг ороход ууж байсан архи нь бараг дуусч байсан. Архи нь дууссаны дараа тэр айлаас О.Балсан, Ө.Лхагвадорж, Отгоо, А.Өсөхбаяр бид хэд гарч дэлгүүр ороод 0,75 гр савлаатай Хараа нэртэй архи нэг ширхэг, 1,75 гр савлагаатай виски нэгийг аваад наадмын талбай руу очсон. Бид хэд очоод 0,75 гр савлагаатай архийг хувааж уугаад дуусч байтал тэр архины шилээр Ө.Лхагвадорж миний толгой руу цохисон. Миний толгой өвдөөд би яаж байгаа юм бэ гэтэл Ө.Лхагвадорж О.Балсантай андуураад цохичихлоо уучлаарай гэсэн. Тэгээд удаагүй байтал Ө.Лхагвадоржийн ээж Бүд эгч ирээд Ө.Лхагвадоржийг аваад явсан. Би явах гээд О.Балсангийн машин дээр очтол О.Балсан машиндаа унтаж байсан. Унтаж байгаа хүнийг сэрээгээд яахав гэж бодоод нөгөө хэд дээр очоод суусан. Намайг очиход тэр хэд нөгөө 1,75 гр савлагаатай вискиг задлаад ууж эхэлж байсан. Би тухайн үед их согтсон бас толгой өвдөөд байсан тул тэр вискинээс нэг л уусан. Тэгээд сууж байтал миний толгойн ар талын дагз хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохих шиг болсон. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэртэл миний толгой маш их өвдөлттэй, баруун чихнээс цус гарсан, нүүр бие хэсэг зулгарсан байсан. Миний бие өвдөөд байхаар нь А.Өсөхбаяраар гэртээ хүргүүлсэн. Намайг Ө.Лхагвадорж бол яг урдаас архины шилээр толгой руу цохисон. Сүүлд намайг хэн араас цохисныг тухайн үед мэдээгүй. Дараа нь хамт байсан хүмүүсээс асуухад Отгоог миний араас архины шил шидсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-7-8/

3. Хохирогч Б.Бгийн дахин өгсөн ”...Би Б.Энх-Амгалан гэх хүнтэй нэг удаа барилдаж унасан. Унахдаа зөөлөн өвдөг хэсгээрээ газар тулж ойчсон. Би тухайн үед бага хэмжээний согтолттой, өөрийн хийж буй үйлдэл, үйл ажиллагааг хянах чадвартай байсан. Б.Энх-Амгалантай барилдаж ойчсоны улмаас миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй. Би Б.Энх-Амгалантай наадмын талбайд очсоны дараа архи ууж, эхлэхээс өмнө барилдсан. Ө.Лхагвадорж нь миний  дух зулай хэсэгт архины шилээр миний өөдөөс харж сууж байгаад цохисон. Архины шилээр цохисоны дараа миний толгой бага зэрэг өвдөж байгаад зүгээр болсон. О.О миний араас  архины шил шидэж, тэр шил нь миний баруун чихний дээд ирмэгээс хойш дагз хэсэгт оносон. Би архины шилэнд оногдсоны улмаас ухаан балартаж газар унасан. Тэгээд сэргэхэд миний баруун чихнээс цус гарсан байдалтай, баруун чихэнд юм сонсогдохгүй байсан. Мөн баруун шанаа хэсэгт зулгарч цус гарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 9, 126-127/

4. Гэрч А.Өсөхбаярын “...2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр би Дэмид гэх айлд Отгоо, Ө.Лхагвадорж, Б.Энх-Амгалан, Очироо, Одбаатар нартай 13 цагийн үед архи уугаад сууж байхад...О.Балсан Б.Базраа 2 ирсэн. О.Балсан, Б.Б, Ө.Лхагвадорж, Б.Энх-Амгалан, Отгоо, Ш.Баярцогт бид хэд О.Балсангийн машинтай дэлгүүр орж нэг шил 0,75 гр савлагаатай хараа нэртэй архи, 1,75 гр 1 виски аваад наадмын талбайд очиж уусан. Авч очсон 0,75 гр савлагаатай харааг уугаад дуусч байхад Ө.Лхагвадорж тэр архины шилээр Б.Бгийн толгой руу цохисон. Б.Б уурлаад Ө.Лхагвадоржийг зодох гээд байхаар нь болиулж салгасан. Бид авсан вискийг задлаад удаагүй байхад Ө.Лхагвадоржийн ээж ирээд Ө.Лхагвадоржийг аваад явсан. Миний нойр хүрээд байхаар нь 30 минут орчим унтаад сэрэхэд вискиг уугаад дуусгачихсан, Б.Б, Б.Энх-Амгалан 2 хэрэлдээд зодолдох гээд, тэр хоёрыг О.Балсан хориод байж байсан. Б.Б согтчихоод “Өлзийтийнхнийг ална” гээд агсраад байснаа гэнэт Отгоог 3 удаа нүүр, толгой хэсэг рүү нь цохиж унагаасан. Б.Б Отгоог цохиж унагачхаад цааш явж өөр хүмүүстэй муудалцаад зогсож байхад нь Отгоо газар байсан архины шилийг аваад Б.Б руу шидсэн. Тэр архины шил Б.Бгийн хүзүү, дагз хэсэг рүү онох шиг болсон...Ө.Лхагвадорж архины шилээр Б.Бг урдаас нь цохисон. Б.Бгийн зулай, дух хэсэгт цохисон. О.О Б.Бгийн араас нь архины шил шидсэн. О.Оын шидсэн архины шил Б.Бгийн хүзүү, дагз хэсэгт оносон...” гэх мэдүүлэг/хх-10-11/

5. Гэрч Ө.Лхагвадоржийн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Дэмид гэх айлд очсон. Тэнд А.Өсөхбаяр, Отгоо, Очироо, Одбаатар, Б.Энх-Амгалан нар байсан. Бид нар тэнд 3 шил архи уусан. Тэгээд байж байтал О.Балсан, Б.Б нар ирсэн. А.Өсөхбаяр, Б.Энх-Амгалан бид 3 тэр хоёрыг ирэхээр нь Дэмидийнхээс гарч дэлгүүр очсон. Дэлгүүр рүү эхлээд О.Балсан, А.Өсөхбаяр 2 ороод дараа нь араас нь Базаррагчаа орсон. Тэр 3 дэлгүүрээс 0,75 гр савлагаатай хараа нэртэй архи бас нэг том виски авсан байсан. Бид юмаа авчхаад наадмын талбайд очоод 0,75 гр савлагаатай хараа нэртэй архийг ууж байхад Ш.Баярцогт ирсэн байсан. Бид архиа ууж дуусаад вискиг задлаад байж байхад би Б.Бг архины шилээр цохисон. Би тэгэхэд бараг тасарсан байсан. Яагаад цохисноо мэдэхгүй байна. Би хэсэг хэвтээд арай гайгүй болоод ээж рүү залгаад намайг ирээд аваадхаач гэсэн. Ээж удалгүй ирж би харьж унтсан. Би яагаад Б.Бг архины шилээр цохисноо санахгүй байна. Би тэр үед их согтолттой байсан. Би цохисныхоо дараа хэсэг хэвтэж арай гайгүй болоод Б.Бгаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг/хх-12/

6. Гэрч О.Балсангийн “...2020 оны 2 дугаар сарын 11 -ний өдөр би гэртээ байж байхад Б.Б манайд ирээд бид 2 манайхаас гарч дэлгүүр ороод 2,0 гр савлагаатай нэг пиво, 0,5 гр савлагаатай хараа нэртэй архи аваад сумаас урагш гарч авсан пивоо хувааж уучхаад сумаас урагш 10 орчим км-т байх Амаржаргал гэх айлд очиж архийг гурвуулаа хувааж уусан. Бид 3 архиа ууж дуусаад Б.Б бид 2 сум руу орж ирэн Дэмидийнд очсон. Тэнд А.Өсөхбаяр, Одбаатар, Ө.Лхагвадорж, Ш.Баярцогт, Энх-Амгалан нар байсан. Бид тэднийхээс удалгүй гарсан. Дэмидийнхээс А.Өсөхбаяр, Б.Б, Ө.Лхагвадорж, Б.Энх-Амгалан бид нар гарч дэлгүүр ороод 0,75гр савлагаатай хараа нэртэй архи нэг ширхэг, 1,75гр савлагаатай нэг виски аваад наадмын талбайд очиж уусан. Бид хэд очоод авсан юмаа ууж эхлээд би тасарсан байсан. Архи гарч гайгүй болоход О.О, Ш.Баярцогттой хамт мотоциклоор ирж байсан. Тэгтэл Б.Б О.Оыг барьж авснаа тонгорч унагаад байсан. Бид Б.Бг салгаад бөөнөөрөө сууж байтал О.О Б.Бгийн толгой руу архины шил шидсэн. Тэгээд би машиндаа очоод унтаад өгсөн. Миний санаж байгаагаар Б.Б руу О.О архины шил шидэж байсан. Өөр хүн зодсон талаар би мэдэхгүй. Намайг унтаж байхад Ө.Лхагвадорж архины шилээр цохисон гэж тэнд байсан хүмүүс дараа нь ярьж байсан. О.Оын шидсэн архины шил Б.Бгийн толгойн дагз хэсэгт оносон. Би Б.Бгийн урд зогсож байсан юм. Бид хэд нэлээн их согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх-16/

7. Гэрч Б.Энх-Амгалангийн “...2020 оны 2 дугаар сарын 11 -ний өдөр 11 цагийн үед сумын наадмын талбай дотор А.Өсөхбаяр, Б.Б, О.Балсан, Ө.Лхагвадорж бид хэд тэнд нэг шил 0.75 гр савлагаатай хараа нэртэй архи, 1,75гр савлагаатай нэг виски уусан. 0,75 гр савлагаатай хараа нэртэй архийг уугаад дуусч байтал Ө.Лхагвадорж Б.Бг тэр архины шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Бид хэд тэр хоёрыг салгаад учрыг нь олуулчихаад нөгөө вискиг уугаад сууж байхад О.О, Ш.Баярцогт хоёр ирсэн. Тэгтэл гэнэт Б.Б О.Оыг барьж аваад 2-3 удаа тонгорч унагаад нэг удаа цохисон. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаад байж байтал О.О газар байсан 0,5 гр савлагаатай Улаанбаатар нэртэй архины шил авч Б.Б руу шидсэн. О.Оын шидсэн архины шил Б.Бгийн толгойн ар, дагз хэсэгт оносон. Б.Б толгойгоо бариад суусан. Удалгүй О.О, Ш.Баярцогт хоёр явсан. Дараа нь би явсан...Ө.Лхагвадорж Б.Бгийн зулай дух хэсэгт архины шилээр цохисон. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг/хх-17/

8. Гэрч Ш.Баярцогтын “...2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр би Дэмидийнд очтол О.О байсан. Тэгтэл О.О наадмын талбай орж О.Балсантай уулзъя гээд бид хоёр миний мотоциклоор очсон. Бид хоёрыг очиход тэнд О.Балсан, Б.Б, Б.Энх-Амгалан, А.Өсөхбаяр нар байсан. Бид хоёрыг очоод удаагүй байтал Б.Б О.Оыг барьж аваад хэд хэд унагаад нэг цохисон. Бид хэд тэр хоёрыг салгаад Б.Бг нөгөө хэд цааш нь аваад явж байтал О.О газар байсан архины шил авч Б.Б руу шидсэн. О.Оын шидсэн архины шил Б.Бгийн толгой хэсэгт оносон. Тэгээд би О.Оыг авч яван Дэмидийнд хүргэж өгөөд гэр рүүгээ явсан. Тэр хоёрын дунд хэрүүл маргаан огт болоогүй. О.Оын шидсэн шил Б.Бгийн ар дагз хэсэгт оносон. Бид хоёрыг очиход Б.Бгийн хувцас шороо тоос болчихсон, баруун шанаа нь халцарчихсан байсан. Би огт архи уугаагүй, эрүүл байж байгаад наадмын талбайд тэд нар дээр очиход надад нэг хийж өгөхөөр нь тэрийг л уусан, өөр уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-19/

9. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.03.12-ны өдрийн №79 тоот дүгнэлтэд “...Б.Бгийн биед хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, баруун чамархайд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэжээ. /хх-21-23/

10. Дүндговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.06.10-ны өдрийн №11 тоот дүгнэлтэд “...Б.Бгийн биед хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, баруун чамархайд сорви гэмтэл тогтоогдлоо. Б.Бгийн биед толгойн баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь толгойн урдаас болон ардаас, баруун чамархай хэсэгт хүч үйлчилсний улмаас аль алинд нь үүсэх боломжтой. Б.Бгийн толгойн урд хэсэгт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Б.Бгийн биед үүссэн толгойн баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн сорви гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”гэжээ. /хх129-132/

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020.07.10-ны өдрийн №899 тоот дүгнэлтэд  шинжээч эмч Ж.Ганцэнгэл, О.Оюунбаясгалан нар “...Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн гаргасан №79 болон 11 дугаартай нэмэлт дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэж, бүрэлдэхүүнд оролцсон шинжээч эмч С.Одончимэг “...Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн гаргасан №79 болон 11 дугаартай нэмэлт дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Б.Бгийн биед тухайн үед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархайн ар хэсгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээний дараах байдал, баруун чамархай орчмын зөөлөн эдэд гаднын биет, баруун чамархайд шарх, баруун чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт зэрэг гэмтлүүд учирсан байна. Б.Бгийн биед учирсан тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Толгойн хуйхны шарх, гаднын биет, баруун чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт зэрэг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд тус бүр хамаарна. Б.Бгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-137-141/

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн таван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020.08.05-ны өдрийн №964 тоот дүгнэлтэд “...Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн №79 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №11 дугаартай болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №899 дугаартай шинжээч эмч Ж.Ганцэнгэл, О.Оюунбаясгалан нарын дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Бгийн биед тухайн үед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархайн ар хэсгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээний дараах байдал, баруун чамархай орчмын зөөлөн эдэд гаднын биет, баруун чамархайд шарх, баруун чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт зэрэг гэмтлүүд учирсан байна. Дээрх тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, гаднын биет, баруун чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус бүр хамаарна. Дээрх гэмтэл нь толгойн баруун хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Бгийн биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байх ба нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-146-150/

            12. 2020.08.05-ны өдрийн 964 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцсон шинжээч эмч М.Энхбаярын “...ерөнхийдөө энэ гэмтэл нь хүч үйлчилсэн хэсэгт үүснэ. Хохирогчид баруун чамархай хэсэгт гэмтэл учирсан байна. Хохирогчийн баруун хойд дагз хэсэгт хоосон архины шил шидэж оносон гэж хэрэгт авагдсан байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн №964 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтэл энэ үед үүссэн байх боломжтой. Дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан тохиолдолд ухаан алдах, дотор муухайрч бөөлжих гэх мэт гавал тархины гэмтлийн ерөнхий шинж илэрнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 153-156/

13.О.Оын малын А данс /хх55-56/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн  Өлзийт сумын төв наадмын талбайд Ө.Лхагвадорж  нь хохирогч Б.Бгийн толгойн дух, зулай хэсэгт архины шилээр нэг удаа цохисон, шүүгдэгч О.О нь хохирогч Б.Бгийн баруун хойд дагз хэсэгт архины шилээр нэг удаа /шидсэн/  цохисон үйл явдал болсон болох нь нотлогдож байна.

          Үүний улмаас хохирогч Б.Бгийн  эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархайн ар хэсгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, цусан хурааг шимэгдүүлэх эмчилгээний дараах байдал, баруун чамархай орчмын зөөлөн эдэд гаднын биет, баруун чамархайд шарх, баруун чихний хэнгэрэг хальс цооролт, тархи доргилтзэрэг гэмтлүүд учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дундговь аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн №79 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №11 дугаартай дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №899 дугаартай дүгнэлт, тус хүрээлэнгийн 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №964 дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

          Хэрэгт авагдсан баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ө.Лхагвадорж, О.О нар нь тус бүр нэг удаа архины шилээр хохирогч Б.Бгийн толгойн тус газар цохисон боловч хохирогч Б.Бд учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Оын үйлдлийн улмаас учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан “дээрх гэмтэл нь толгойн баруун хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэсэн 964 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Энхбаярын “ энэ гэмтэл нь хүч үйлчилсэн хэсэгт үүснэ... дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан тохиолдолд ухаан алдах, дотор муухайрч бөөлжих гэх мэт гавал тархины гэмтлийн ерөнхий шинж илэрнэ...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бгийн  “О.О миний араас  архины шил шидэж, тэр шил нь миний баруун чихний дээд ирмэгээс хойш дагз хэсэгт оносон. Би архины шилэнд оногдсоны улмаас ухаан балартаж газар унасан. Тэгээд сэргэхэд миний баруун чихнээс цус гарсан байдалтай, баруун чихэнд юм сонсогдохгүй байсан” гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

          Дээрх баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.От холбогдуулан Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна үзлээ.

          Иймд шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч О.О нь хохирогч Б.Бд 1.300.000 төгрөг төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогч Б.Бгийн шүүгдэгч О.Оыг эхэлж цохиж зодсон зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан шүүгдэгч О.От Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч О.О нь хохирогч Б.Бд 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч О.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

    5. Шүүгдэгч О.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Б гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

    6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч  нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ