Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Б.Батцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч В.Сайнбилэг

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Эт холбогдох 2022000000131 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ............... тоотод оршин суух, одоо Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2-р баг, Хараат-2 тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Г.Э гэв.

 

          Шүүгдэгч Г.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 22 цагаас 00 цагийн хооронд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р баг “Замын улаан үет” гэх газарт Ц.Баатарсүхийн эзэмшлийн монгол гэрт хохирогч Ж.Б-ыг “манай дүүд үнэтэй хонь зарлаа” гэх шалтгаанаар хутгыг  зэвсгийн чанартай ашиглан биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дал орчимд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          1. Шүүгдэгч Г.Э “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

          2. Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед сумаас урагш 4-р багийн нутаг “Үет” гэх газар байдаг нутгийн ах Ц.Баатарсүх ахынд очсон юм. Тэднийд очихдоо 1 шил 0,75 граммын экс нэртэй архи авч очсон байсан юм. Тэр архиа гаргаад Ц.Баатарсүх ахтай хувааж уугаад сууж байтал, хойд ард нь байдаг саахалт айлынх нь Ж.Б ах ороод ирсэн юм. Миний авчирсан архийг гурвуулаа хувааж уугаад сууж байтал Ц.Баатарсүх ах хоол хийж идье,  Г.Э-аа ахын дүү мах чана гэсэн. Тэгээд мах чанаж байх хооронд нөгөө 0.75 литрийн архи дуусаад Ц.Баатарсүх ах авдраасаа хараа нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд бид гурав нөгөө архиа хувааж уусан юм.  Тэгээд чанаж байсан мах болохоор нь би махаа гаргаад төмпөнд хийж тавиад гурвуулаа гэрийн хойд талд суугаад мах идсэн. Ж.Б ах миний баруун гар талд, миний зүүн гар талд Ц.Баатарсүх ах суугаад мах идээд юм яриад сууцгааж байсан. Би Ж.Б ахад “та яахаараа манай дүүд 150.000 төгрөгөөр эм хонь зардаг юм” гэж хэлсэн юм. Манай төрсөн дүү Эрдэнэболдод 150.000 төгрөгөөр бодож эм хонь зарсан гэдгийг дуулаад зах зээлийн ханшаас үнэтэй өглөө гэж хэлэх санаатай хэлтэл Ж.Б ах “тэр наймаа чамд хамаагүй ээ, дүүтэй чинь хийсэн наймаа, тэгээд ч дүү чинь аваагүй, дүүгийн чинь ажилдаг компани авсан, чамд хамаагүй п.... минь” гэхээр нь би “миний дүүд чи үнэтэй хонь зардаг юу юм п.... минь” гээд мах идэж байсан хутгаа өөдөөс нь чичтэл Ж.Б ахын зүүн дал руу хатгах шиг болсон. Тэгтэл Баатарсүх гуай “чи яаж байна, хүн хутгалчихлаа ш дээ, хурдан эмнэлэг аваад яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Б ахыг аваад сумын төв рүү явж сумын эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Би тухайн үед Ц.Баатарсүх ах, Ж.Б ах хоёртой 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан, урьд нь архи уугаагүй байсан. Бид гурав тэр 2 шил архийг хувааж ууцгаагаад жаахан халамцсан байсан. Ц.Баатарсүх ах, Ж.Б ах бид гурваас өөр хүн байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй. Зодож цохисон зүйл байхгүй, Ж.Б ахын зүүн дал руу 1 удаа хатгасан байсан...” гэх мэдүүлэг /хх34-37/

          3. Хохирогч Ж.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн  үед манайхаас урдхан байх саахалт айл болох Ц.Баатарсүх гуайнд ганцаараа очсон юм. Намайг ороод очиход Ц.Баатарсүх гуай, Г.Э 2 нэг шил 0,75 литрийн экс нэртэй архи уугаад сууж байсан. Би тэр архинаас нь хамт уулцаад сууж байтал Ц.Баатарсүх гуай “хоол хийж идье,  Эрдэнэбаяраа ахын дүү мах чана” гэсэн.  Тэгээд мах чанаж байх хооронд нөгөө 0,75 литрийн архи ууж дуусаад Ц.Баатарсүх гуай авдраасаа  “хараа” нэртэй 0,75 литрийн архи гаргаад ирсэн. Бид 3 нөгөө архиа хувааж уусан юм. Тэгээд чанаж байсан мах нь болсон, бид 3 гэрийн хойд хэсэгт сууж, мах идэцгээсэн. Миний зүүн талд Г.Э, түүний зүүн  талд Ц.Баатарсүх гуай суугаад мах идээд сууж байхад Г.Э “та яахаараа манай дүүд 150,000 төгрөгөөр эм хонь зардаг юм” гэхээр би “тэр наймаа чамд хамаагүй, дүүтэй чинь хийсэн наймаа, тэгээд ч дүү чинь аваагүй, дүүгийн чинь ажилладаг компани авсан, чамд хамаагүй” гэж хэлсэн.  Тэгтэл “п... минь миний дүүд чи үнэтэй хонь зардаг юу юм” гэхээр нь “чамд хамаагүй п... минь” гэтэл мах идэж байсан хутгаараа миний зүүн  дал руу хатгах шиг болсон. Тэгтэл Ц.Баатарсүх гуай “чи яаж байна аа, хүн хутгалчихлаа ш дээ, хурдан эмнэлэг аваад яв” гэж Г.Эт хэлсэн. Тэгээд Г.Э намайг аваад сумын төв рүү явж сумын эмнэлэгт очиж үзүүлээд Говьсүмбэр аймгийн төв рүү эмнэлгийн машинаар явсан. Би Ц.Баатарсүх гуай, Г.Э 2-той 2 шил 0,75 литрийн  архи хувааж уусан байсан.  Урьд нь бол архи уугаагүй байсан. Г.Э согтуу байсан.  Бид 3 тэр 2 шил архийг хувааж ууцгаагаад жаахан халамцсан байсан. Г.Э нэг удаа хутгаар дүрсэн өөр зүйл болоогүй. Тухайн хүнээс эмчилгээний зардал болон бусад гарсан зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх16-18/

4. Гэрч Ц.Баатарсүхийн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед манай нутгийн дүү болох Г.Э гэх залуу манайд ирсэн юм. Г.Э ирэхдээ 0,75 литрийн экс архи 1 шилийг авчирч өгсөн  юм. Тэр архийг Г.Э бид 2 хувааж уугаад сууж байтал манай хойд арын саахалт Ж.Б манайд хүрээд ирсэн. Ж.Б, Г.Э бид 3 тэр архийг хувааж уух зуураа Г.Э-ыг “ахын дүү мах чаначих” гэж хэлээд мах чанаж байх хооронд Г.Э-ын авчирсан архи дуусчихаар нь би авдраасаа 1 шил 0,75 литрийн “хараа” нэртэй архи гаргаж ирээд ууцгаасан юм. Тэгээд мах ч болсон, бид 3 нөгөө архиа уугаад махаа идээд гэрийн хойд хэсэгт сууцгааж байсан юм. Миний баруун гар талд Г.Э, түүний цаанаа Ж.Б сууж байсан. Махаа идэж байтал Г.Э, Ж.Бд хандан “та миний дүүд үнэтэй хонь зарсан байна лээ” гэж хэлсэн. Тэгтэл Ж.Б “тэр асуудал чи бид 2-ын дунд хийсэн наймаа биш, дүүтэй чинь хийсэн наймаа, чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгтэл Г.Э “чи үнэтэй мал зарлаа п... минь” гэхэд Ж.Б “чамд хамаагүй п... минь” гэж хэлтэл, Г.Э мах идэж байсан хутгаараа хатгах шиг болтол Ж.Б-ы зүүн дал хавьцаа цус гарсан. Тэгэхээр нь би Г.Э-аа “чи чинь яаж байна аа, хүн хутгалчихлаа ш дээ, наад хүнээ бушуухан аваад сумын төв рүү эмнэлэг ор” гэж хэлсэн. Тэгээд Г.Э Ж.Быг  аваад сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх22-24/

5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 244 тоот “Ж.Б-ны биед зүүн дал орчимд сорви гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2020.10.27-ны өдөр үүссэн  байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх27-28/

6. Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас №58-д: “ Жаргалсайханы Батхаан 2020.10.27-ны өдрийн 24 цаг 05 минутад ирсэн, гэмтсэн шалтгаан хутгалуулсан, ирэх үеийн зовиур: зүүн талын даланд хутганы шархтай, цус их гарсан, урьдчилсан онош: гаднын нөлөөт ил шарх” гэжээ /хх-47/

7. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст: Жаргалсайханы Батхаан 2020.10.28-ны өдрийн 03 цаг 40 минутад ирсэн, гэмтсэн шалтгаан хүнд хутгалуулсан, ирэх үеийн зовиур: зүүн тал орчим өвдөнө, урьдчилсан онош: гадны нөлөөт ил шарх, эмчийн үзлэг онош: зүүн далны хэсэгт хөндлөн 1см*0.5см шархтай, гүн 10 см орчим, цээжний хавирганы гадна талаар хавсан шархтай” гэжээ /хх-48,50/

8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх5-7/

9. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

        10. Согтуурал шалгасан магадалгаанд: “2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 15 минутад Ганбатын Эрдэнэбаярыг драгерь багаж үлээлгэн шалгахад 1,83 хувийн согтолтой” гэжээ /хх-11/

11. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримт болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Дээрх баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 22 цагаас 00 цагийн хооронд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р баг  “Замын улаан үет” гэх газарт Ц.Баатарсүхийн эзэмшлийн монгол гэрт хохирогч Ж.Б нь бусдад хутгалуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч Ж.Бы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тус тус нотлогдож байна.

          Мөн хохирогч Ж.Б-ы эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ учруулсан болох нь гэрч Ц.Баатарсүх, хохирогч Ж.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Э-ын хохирогч Ж.Б-ыг зүүн дал орчимд нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг гарсны дараа хохирогч Ж.Б-ыг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн, хохирогчид 500.000 төгрөг төлсөн зэрэг нь Эрүүгийн  хуулийн  Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 39 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгч Г.Эт Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөг  төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч Ж.Б нь эмчилгээ болон өмгөөлөгчийн зардал 950.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч нийт 415.540 төгрөгийн эмчилгээний хохирлын баримт хэрэгт хавсаргасан, шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн, үлдэх 450.000 төгрөгийг 2020.12.14-ний өдрийн дотор төлөхөөр шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нар тохиролцон баримтыг хэрэгт хавсаргажээ.

          Хохирогч Ж.Б нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүйн улмаас өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул талуудын тохиролцсоноор шүүгдэгч Г.Э-аас 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б-д олгох нь зүйтэй гэж  үзлээ.

          Шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн иштэй, нийт урт нь 18см, ажлын хэсэг нь 8,5см, бариул хэсэг нь 9,5см урттай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авч хэргийн  хамт шүүхэд ирүүлсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Г.Э нь Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх60-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэргээр нотлогдож байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

    5. Шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

    6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-аас 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б-д олгосугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шар өнгийн иштэй, нийт урт нь 18см, ажлын хэсэг нь 8.5 см, бариул хэсэг нь 9.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

    8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч  нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ