| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 135/2018/00554/И |
| Дугаар | 001/ХТ2019/00358 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00358
Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаар шийдвэр
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар магадлалтай
Т-ийн нэхэмжлэлтэй,
“П” ХХК-д холбогдох
2013, 2015 оны татварын өр 17 147 863.70 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баярт-Од, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, төрийн төлөөлөгч Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П” ХХК нь 2013 онд Татварын албанд бүртгүүлсэн. Ингээд тус компанид 2013, 2015 онд Татварын улсын байцаагчийн актаар 17.147.863,70 төгрөг татварын нөхөн ногдуулсан. Уг өрийг “П” ХХК нь өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Улсын байцаагчийн зүгээс хуульд заасан урьдчилсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэх хуудас гардуулах, данс хаах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэ ажиллагааг хийсний дараа Татварын хэлтсийн газраас 2014 он, 2016 онд актыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь: Уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, мөн 2016 онд уг заалтын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Ингээд улсын байцаагчийн акттай холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагаар хэрхэн шийдвэрлэсэн талаар албан бичгийг удаа дараа явуулсны үндсэн дээр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 326 тоот Баянгол дүүргийн Прокурорын газраас тогтоол ирсэн. Уг тогтоолд: 2014 оны 191416 тоот улсын байцаагчийн актаар ногдуулсан Хүслэнт хулан ХХК-ийн хэрэг шийдвэрлэгдэж, хуурамч бичиг баримт үйлдсэн компани. Энэ нь бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэж буруутгасан байсан. Тсийн улсын байцаагчийн ногдуулсан актад П ХХК-аас хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй учраас хүчин төгөлдөр акт гэж үзэж байна. Тиймээс Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын улсын байцаагч нь хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийж татвар ногдуулахаас зайлсхийсэн гэх үндэслэлээр акт тавьсан байгаа. Гэтэл бодит байдал дээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын байгууллага аж ахуйн нэгжид хяналт тавьж олгодог. Бид нарын зүгээс хуурамч падаан эсэхийг мэдэх боломжгүй. Учир нь: Татварын албанаас уг падааныг өгдөг. Падааны дагуу тухайн байгууллага сар бүрийн 10-ны өдрийн дотор тайланг илгээдэг. Хэрвээ хуурамч падаан байсан юм бол нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж байх үед асуудлыг шийдэж өгөх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл тухайн үед хуурамч эсэх талаар яриагүй байж дараа нь акт тавьсан үйлдэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын албанаас авсан падаанаар худалдан авалт хийсэн гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 55 дугаар зүйлийн 55.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 17 147 863,70 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тэст олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243 689 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 55 дугаар зүйлийн 55.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-аас 6.012.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.135.863 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж,
2 дахь заалтын:
“... хариуцагч “П” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243.689 төгрөг” гэснийг “... хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 111.142 төгрөг төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.689 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.142 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баярт-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “П” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “Анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар ...”П” ХХК-д холбогдох 2015 оны татварын хяналт шалгалтын актаар тавигдсан төлбөр 11 135 863,70 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.” /2018.10.01-ний өдрийн 105 дугаар магадлалын 4 дэх нүүр/ гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь дараах тайлбараар үндэслэлгүй болсон. Үүнд:
Хариуцагч “П” ХХК-д холбогдох 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 190014745 тоот татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийн маргааныг 2016 онд анхан шатны шүүх хянан хэлэлцээд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д заасан үндэслэл тогтоогдсон тул 117 дугаар зүйпийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /тус шүүх шийдвэрийг тайлбарлахдаа: хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа уг төлбөрийг дахин нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан/
Татварын албаны зүгээс хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шүүхэд нэхэмжлэн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд /ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3./ нийцэж байсан.
Гэвч давж заалдах шатны шүүх хурлын явцад өмнөх захирамжаар “хэргийг хэрэгсэхгүй болгох” /2016.01.23-ны 113 дугаар магадлалын ҮНДЭСЛЭХ нь хэсгийн төгсгөлд/, “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” /ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 2-т заасан/ гэдэг үгсийг буруу тайлбарлан ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1.-д “Энэ хуулийн 65.1.9.-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1., 65.1.3.-65.1.8., 65.1.10.-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаартай шийдвэртэй хэрэгт, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаартай магадлалаар хариуцагч “П” ХХК-иас 6 012 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал би хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 191416 тоот татварын улсын байцаагчийн актаар ноогдуулсан НӨАТ-ын өр 4 000 000 төгрөг, хүү торгуулийн өр 2 012 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
“Хээр талын салхи” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дугаартай Прокурорын тогтоол болон “Хүслэнт хулан” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар 24-ний өдрийн 326 дугаартай Прокурорын тогтоолд “П” ХХК тус Эрүүгийн хэрэгт холбогдсон талаар тодорхой дурдаагүй байна гэж нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд тус компани НӨАТ-ын хуурамч падааны асуудлаар ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүй болох нь нотлогддог.
Гэтэл Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нь дээрх эрүүгийн хэрэгт хамааралтай “хуурамч НӨАТ-ын падаанаар хасалт хийж татвар ноогдуулах орлого бууруулсан” гэх үндэслэлээр акт тавьсан байдаг. Бодит байдал дээр уг НӨАТ-ын падааныг татварын байгууллагаас ААН-үүдэд олгож хяналт тавьдаг бөгөөд хариуцагч компани барилгын материал худалдан авахдаа худалдагчийн өгсөн падаан хуурамч эсэхийг мэдэх боломж, үүрэг байхгүй ба уг падааныг хуваарилах, хянах эрх, үүрэг нь татварын албанд байдаг. Учир нь татварын албанаас уг нэгдсэн дугаартайгаар падааныг өгдөг бөгөөд уг падааны дагуу НӨАТ-ын тайланг тухайн байгууллага сар бүрийн 10-ны дотор татварын байгууллагад тайлагнадаг, тайланг НӨАТ-ын падаан нэг бүрээр нь татварын байгууллагын цахим тайланд шивж оруулдаг байсан. Хэрэв хуурамч падаан байсан бол тухайн НӨАТ-ын тайлан гаргаж байх үед татварын хэлтэс арга хэмжээ авч, асуудлыг шийдэх ёстой байсан. Харин тухайн үед манай тайлан болон дээрхи хариуцагчид бараа худалдсан газруудын тус компанид өгсөн НӨАТ-ын падааныг үнэн зөв байна гэж хүлээн аваад, дараа нь буруу байсан байна гэж акт бичсэн нь татварын хэлтсийн өөрсдийн алдаанаас үүдэлтэй, дээрхи хуурамч падааны гэх хэрэгт манай компанид хариуцлага хүлээлгэж байгааг ойлгохгүй байна. “П” ХХК нь хуурай сүүний үйлдвэр барих төслийг 2009 оноос хэрэгжүүлж байсан бөгөөд НӨАТ төлөгч байгууллагын хувьд барилгын болон бусад бараа, түүхий эд материал худалдан авахдаа аль болох НӨАТ төлөгч байгууллагаас авахыг хичээдэг. Их хэмжээний худалдан авалт дотор 2 ширхэг ”хуурамч падаан” гэх асуудал гарсан.
Эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд сард төлөх ёстой өөрийн татварыг арай ядан төлж байхад дахин зохиомлоор татварын өрөнд орж, санхүүгийн хүнд байдалд орох нь шударга ёсонд нийцэхгүй байгаа юм.
Иймд дээрх “П“ ХХК татварын зөрчлийг гаргаагүй ба хэрвээ зөрчлийн улмаас улсад хохирол учирсан бол энэ нь хариуцагчаас шалтгаалаагүй, татварын алба өөрөө НӨАТ-ын падааныг хяналтгүй тараасны улмаас уг зөрчил гарч, хохирол учирсан нь тогтоогдсоор байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх “П” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6.-д зааснаар акттай танилцсанаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь улсын мөрдөн байцаах газраас өгсөн албан бичгийн дагуу уг маргаан бүхий актуудыг тавьсан гэж нэхэмжпэгч тал тайлбарладаг ба уг актыг тавих үед Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан тул ТЕГ-ын Татварын маргаан таслах зөвлөлд хандах боломж манай компанид байгаагүй. Уг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тус компанийг дуудаж нэг ч удаа мэдүүлэг аваагүй ба мөрдөн байцаалтын ажиллагаа хэзээ, хэрхэн дууссаныг мэдээгүй ба чухам аль хэрэгт нь тус компанитай холбоотой “хуурамч падаан” гэх хэрэг шалгагдсаныг бид өнөөдрийг хүртэл мэдэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дугаартай Прокурорын тогтоол болон “Хүслэнт хулан” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар 24-ний өдрийн 326 дугаартай Прокурорын тогтоолд Д.Чинбат, Ц.Чинбат, Э.Эрхэмхүү нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай дурдснаас үзэхэд хэрвээ “хуурамч падаан”-ны улмаас улсад хохирол учирсан бол хохирлыг хариуцах этгээдүүдийг эрүүгийн журмаар шалгаад тогтоосон байхад гэм буруугүй манай “П” ХХК-ийг татвар бууруулсан гэх үндэслэлээр татварын 6 012 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь таварыг улсын төсөвт төлөлгүй хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэ н гэм буруутай этгээдүүд нь Эрүүгийн журмаар тогтоогдсон байх тул энэ энэхүү татварыг төлүүлэх асуудал нь Татварын хуулиар биш, харин гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан зоухцуулалтаар буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба ийнхүү гэм учруулсан этгээд буюу хэргийн жинхэнэ хариуцагч нь “П” ХХК биш тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-д зааснаар “П” ХХК нь татварыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөгдөх үндэслэлтэй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хариуцагчаас 6 012 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа би, тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаартай магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Татварын хэлтэс, хариуцагч “П” ХХК-ны өмгөөлөгч П.Батжаргал нарын гомдпыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцлаа.
Тсийн улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 191416 дугаартай актаар ногдуулсан татварын өр, хүү, торгууль 6 012 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 190014745 дугаартай Татварын ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар татварын өр, хүү, торгууль 11 135 863,70 төгрөг, нийт 17 147 863,70 төгрөгийг хариуцагч “П” ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.
Учир нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр татварын улсын байцаагчийн 190014745 дугаартай Татварын ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар татварын өр, хүү, торгууль 11 135 863, 70 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг “тухайн татварын баримттай холбоотой хуурамч падааны үйлдэл эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайн нэхэмжлэлийн талаар дахин шинээр гомдол гаргах эрхийг хязгаарласан буюу эцсийн шийдвэр биш юм.
Иймд заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Тэс “П” ХХК-д холбогдуулан 2013, 2015 оны татварын өр 17 147 863.70 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 012 000 төгрөгийг хангаж, үлдэх 11 135 863 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Тсийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” Татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №191416 тоот актаар “...”П” ХХК нь 2012 онд “Хүслэнт хулан” ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11785539 тоот падаанаар худалдан авсан 40 000.0 мянган төгрөгийн худалдан авалтанд төлсөн 4 000.0 мянган төгрөгийг нягтлан бодох бүүртгэлийн анхан шатны баримтгүй, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил гаргасан гэх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар татвар ногдох орлогоос хасч тооцсон 40 000.0 мянган төгрөгийн зөрчилд 4 000.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 17.1.1.-д зааснаар 12 000 төгрөгийн хүү, 17.1.2.-т зааснаар 2 000.0 мянган төгрөгийн торгууль, нийт 6 012 000 төгрөгийн төлбөр..”,
2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №190014745 тоот актаар “...хариуцагч нь 2012 онд Улаанбаатар хотын “100 айл” барилгын материалын 44 дүгээр захаас худалдан авсан 74 090 909 төгрөгийн материалыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар хасалт хийхдээ “Хээр талын салхи” ХХК-иас 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 0012295406 тоот падаанаар 74 090 909 төгрөгийн материалыг худалдан авснаар баримт бүрдүүлэн, хуурамч НӨАТ-ын падаанаар хасалт хийж, татвар ногдуулах орлогоо бууруулсан үндэслэлээр илэрсэн 74 090 909 төгрөгийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.-т заасныг үндэслэн 7 409 090.9 төгрөгийн нөхөн татвар, 3 704 545.5 төгрөгийн торгууль, 22 227.3 төгрөгийн хүү, нийт 11 135 863.70 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулсан байна.
Тэс нь Татвар төлөгчийг актаар тогтоосон төлбөрийг биелүүлээгүй үндэслэлээр татварын төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй үндэслэлээр №191416 тоот акттай холбоотой нэхэмжлэлийг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 85-1648 дугаартай шүүгчийн захирамжаар, №190014745 тоот акттай холбоотой нэхэмжэлийг 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын №326 дугаартай Прокурорын тогтоолоор “Хүслэнт хулан” ХХК-ийн захирал Ш.Жаргалмаа нарт холбогдох НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-11/, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын №1441 дугаартай Прокурорын тогтоолоор “Хээр талын салхи” ХХК-ийн захирал Ц.Чинбат, Э.Эрхэмхүү нарт холбогдох албан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, НӨАТ-ын падаанд хий бичилт хийж бусдад худалдсан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх-39/.
Дээрх эрүүгийн хэрэгт хариуцагч “П” ХХК хохирогчоор тогтоогдоогүй тул эрүүгийн хэргийг шийдвэрлэж дууссан үндэслэлээр Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч “П” ХХК нь татварын байцаагчийн актад хуульд заасан үндэслэлээр гомдол гаргаагүй тул тэрээр актаар ногдуулсан төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д “ Энэ хуулийн 65.1.9.-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1., 65.1.3.-65.1.8., 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зохицуулсан байх ба Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар “П” ХХК-д холбогдох 11 135 863.70 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэл зааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох заалтыг бичээгүй, 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтыг баримталсан байна.
Шүүх үндэслэх хэсэгтээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж алдаатай засжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар шийдвэрлэсэн шүүхийн дээрх шийдвэрийг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр №190014745 тоот актаар тогтоосон 11 135 863.70 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Татварын Ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баярт-Одын гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 142 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД