Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 811

 

Б.Г, Б.Д, Р.Ч нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Д.Оюунгэрэл,

            шүүгдэгч Р.Ч-ийн өмгөөлөгч Г.Баярмаа,

            шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г, Б.Д, Р.Ч нарт холбогдох 1811000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Б.Г, Завхан аймгийн Улиастай суманд 1992 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт тосгоны 5 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ИЮ................/;

 

2. Сутай овгийн Б.Д, Улаанбаатар хотод 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 2-0015 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧБ..................../;

 

3. Боржигин овгийн Р.Ч, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1991 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; ах, эгч нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел уул 5 дугаар гудамжны 160 тоотод оршин суух,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар: ЕС................/;  

 

            Б.Г, Б.Д, Р.Ч нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр согтуугаар, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн баруун талын явган хүний зам дээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Х.Зоригт, Ш.Өлзий нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Ш.Өлзийгийн “Bluetooth”-тэй бугуйвчыг дээрэмдэн авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Г, Б.Д, Р.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Ч, Б.Д, Б.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Ч, Б.Д, Б.Г нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Р.Ч, Б.Д нарын цагдан хоригдсон 89 хоног, Б.Г-ийн цагдан хоригдсон 2 хоногийг тус тусын эдлэх оруулан тооцож, шүүгдэгч нар Х.Зоригтод 250.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Р.Ч, Б.Д нарын Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд байршуулсан 250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ш.Өлзийд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: “... Би мөрдөн байцаалтад ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, хийсэн хэргээ ухамсарлаж, маш их харамсаж байна. Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг... 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр... Г гэнэт 2 иргэнтэй муудалцаж, барьцалдаад авсан. Ч очиж мөнгө нэхсэн, би халамцуу байсан учраас хамт очоод мөнгө нэхчихсэн зогсож байсан. Тухайн иргэдийг БНХАУ-ын иргэн гэж мэдээгүй. Хохирогч Ш.Өлзийн бугуйвч буюу смарт цагийг би амар хялбар аргаар мөнгө олох гэсэндээ аваагүй. Намайг бугуйвч аваагүйг Ч, Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нотлох болно. Хохирогч Х.Зоригт халааснаасаа Самсунг загварын гар утас унагаад, зугтаахад нь би дүү нь гэгдэх Ш.Өлзийд өгсөн. Энэ талаар Ш.Өлзий гэрчилнэ. Би бага боловсролтой, бичиг үсэг мэддэггүй. Намайг өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. Ийм учраас миний хүсэлтийг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч Р.Ч-ийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гаргасан давж заалдах гомдолд шунахайн сэдэлт байхгүй гэж гэм буруугийн асуудал дээр маргасан атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дагаж очиж, мөнгө нэхсэн буюу бусдын эд зүйлийг авахаар довтолсон үйлдэл нь хүлээн зөвшөөрч байна. Мөн бичиг, үсэг мэдэхгүй гэсэн. Гэтэл гэрчээр болон сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “бичиг, үсэг мэднэ” гэж эрх үүрэгтэйгээ танилцаж, мэдүүлэг өгсөн. Тийм учраас мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар тусгаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Г, Б.Д, Р.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. Шүүхийн тогтоолд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар дүгнээгүй боловч тогтоолыг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад Б.Г, Б.Д, Р.Ч нар 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр согтуугаар, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн баруун талд явган хүний зам дээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Х.Зоригт, Ш.Өлзий нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Ш.Өлзийгийн “Bluetooth”-тэй бугуйвчыг дээрэмдэн авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Өлзий /хх-26-27/, гэрч Х.Зоригтхүү /хх-30-31/ нарын мэдүүлэг болон Б.Г, Б.Д, Р.Ч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Д нь гэрч, сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа “...бага боловсролтой, арматурч мэргэжилтэй...” талаар биеийн байцаалтаа өгч, Монгол хэлээр уншиж, бичиж чадахаа илэрхийлж, хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “хэргийн материалтай уншиж танилцлаа” гэж гараар тэмдэглэл үйлдсэн байх тул түүнийг бичиг, үсэг мэдэхгүй гэж үзэх боломжгүй. Харин боловсролгүй, уншиж, бичиж чадахгүй Р.Чг өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж оролцогчийн эрхийг хангасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г, Б.Д нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Шүүгдэгч Р.Ч-ийн хувьд урьд өмнө санаатай гэмт хэрэг үйлдэж хоёр удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ч-д 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Г нарт тус бүр 1 жил хорих тус тус ял оногдуулсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН