Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0498/З |
Дугаар | 474 |
Огноо | 2019-08-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 474
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Л,
Хариуцагч: НСБД1СЗ ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Л.Т-ыг 1 дүгээр ангид бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Л, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:
“Миний бие Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 33-р байрны 73 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт түрээсээр амьдардаг. Миний хүү Л-О-ын Т/УШ13252635/ 6 настай, энэ жил сургуульд орно. Харьяаллын дагуу 1-р дунд сургуулийн элсэлтийн комисст хандсан боловч сургуулийн элсэлтийн комиссын дарга, захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ц нь тухайн орон сууцыг эзэмшигч биш, тус хороонд 1-ээс дээш жил амьдраагүй шалтгаанаар бүртгэх боломжгүй гэсэн хариуг 2019 оны 5 сарын 27-нд өгсөн. Тухайн өдрөө 1-р сургуульд харьяалагддаг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст хандан өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг 1-р сургуульд шилжүүлсэн байсан ба 2019 оны 6-р сарын 7-ны өдөр миний гэрийн хаяг тус сургуулийн тойрогт харьяалалгүй тул бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний бие болон миний хүү тус хороонд харьяалалтай, амьдран суудаг болох нь баримтаар нотлогдож байгаа ба миний хүүгийн сурах эрх зөрчигдөх байдал үүсч буй тул Сүхбаатар дүүргийн 1-р дунд сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цгийн сургуульд бүртгэж аваагүй үйлдэл нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах агуулгаар нэхэмжлэл гаргасан. Манай 2 хүүхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуульд суралцдаг. Энэ жил манай бага хүү Л.Т сургуулийн насанд хүрсэн. Манайх Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд амьдарч байсан. Том 2 хүүхдээ сургуульд зөөхөд маш хүндрэлтэй байсан учраас хүүхдүүдийнхээ сургуулийн ойролцоо нүүж ирэхээр шийдэж 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Шилжилт хөдөлгөөн хийлгэсэн он сар өдрийг сайн санахгүй байна. Гэхдээ албан ёсоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороондоо шилжиж ирсэн. Ийнхүү сургуулийн бүртгэлд хамрагдахаар 2019 оны 06 дугаар сард сургууль дээр ирэхэд тухайн хороон дээр 1 жилээс дээш хугацаанд амьдраагүй байх тул танай хүүхдийг бүртгэж авах боломжгүй гэж хэлээд бүртгэж аваагүй. Миний бие энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсээс 1 дүгээр сургуулийн захирал руу шилжүүлсэн байсан. Ийнхүү надад 1 дүгээр сургуулийн захиргаанаас танай хүүхдийг бүртгэх боломжгүй гэж бичгээр хариу өгсөн. Манай хүүхэд Нийслэлийн Боловсролын газраас баталж гаргасан хамран сургах тойрогт хамаарч байгаа. Иймд манай хүүхдийг харьяаллын дагуу 1 дүгээр сургуульд бүртгэх нь зүйтэй байна.
2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орон хөлслөх гэрээ байгуулсан ч тухайн үедээ нүүж орж чадаагүй. Яагаад гэвэл тухайн байрны өмчлөгчийн өөр нэг байр нь түрээстэй. Нөгөө байрны хүмүүс нь арай гараагүй байсан. Хариуцагчийн хэлж байгаа нь үнэн, шалгаж очиход нь манайх байгаагүй. Одоо манай хүүхдүүд зуслан дээр байгаа. Гэхдээ манайх энэ байранд амьдрахаас өөр аргагүй. Яагаад гэвэл манай 2 хүүхэд энэ сургуульд сурдаг. Мөн би өөрөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ажилладаг. Тэгэхээр 3 хүүхдээ холоос сургуульд зөөх боломжгүй байгаа. Баянгол дүүргийн 4 дүгээр хороондоо оршин суудаг байсан талаар маргахгүй байна.
1-ээс дээш жил тухайн хаяг дээр оршин суусан гэсэн шаардлагыг хангахгүй байгаа. Гэхдээ Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалын хавсралтаар баталсан удирдамж дээр 1 жилээс дээш тухайн хаяг дээрээ оршин суусан хүүхдийг бүртгэнэ гэж заасан байна. Бүртгэхгүй гэсэн заалт байхгүй байна. Мөн 1-ээс доош жил амьдарсан хүүхдийг яах бэ гэдэг асуудал байна. Оршин суугаа байршлаа өөрчлөх нь хүний эрхийн асуудал юм. Тэгэхээр түрээсээр амьдарч байгаа хүмүүсийн эрхийг зөрчсөн асуудал болж байна.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд I ангид элсэн суралцах сурагчдыг бүртгэхтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын Газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/44 дүгээр тушаал, “Элсэлт зохион байгуулах тухай” А/45 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн, өөрийн сургуулийн элсэлтийн журмыг баталж, 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг 2019 оны 5 дугаар сарын 13-наас 27-ны хооронд явуулсан.
Энэ хугацаанд бүртгүүлэхээр ирсэн иргэд болон Сүхбаатар дүүргийн 1-р хорооноос ирүүлсэн тус хорооны оршин суугчдын 6 настай сурагчдын судалгаан дахь нэрсээс нийт одоогийн байдлаар 62 айлын зөрчил илрүүлээд байна. Үүнд: хаягийн зөрчилтэй, хорооны нэрсийн жагсаалтад хүүхдийн нэр байхгүй, тухайн хаалганы тоот тэр байранд байдаггүй, 1 өдрөөс 2 сарын өмнө байгуулсан түрээсийн гэрээтэй, тухайн орон сууц нь үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг, гадаадын иргэдэд түрээслүүлдэг, хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, оршин суугаа нь үнэн болно гэсэн бичигтэй боловч оршин суудаггүй, хорооноос ирсэн нэрэнд нэг айл дээр гаднаас 1-2 хүүхэд нэмж бүртгэсэн, тухайн айлд бүртгэлтэй гэж хорооноос ирсэн нэрийг оршин суугч өөрөө мэдэхгүй, зөвшөөрөхгүй байх гэх мэт олон тооны зөрчлүүд байна.
Ц.Лын бүрдүүлж ирсэн материал нь Нийслэлийн Боловсролын газрын даргын “Элсэлт зохион байгуулах тухай” А/45 тоот тушаал, 1 дүгээр сургуулийн “Элсэлтийн журам”-ын дагуу 2019-2020 оны хичээлийн жилд I ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийн шаардлага хангахгүй байгааг харуулбал:
1. Сургуулийн элсэлтийн журмын 3.2-т зааснаар: Сүхбаатар дүүргийн 1-р хорооны байнгын оршин суугч болохыг орон сууц эзэмшигчийн гэрчилгээ, хүн амын өрхийн бүртгэл, хорооны засаг дарга болон улсын бүртгэлийн ажилтны баталгаажсан судалгаат нэрс, бусад баримтыг үндэслэл болгоно гэсэн байдаг. Гэтэл Ц.Л нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо 33-73 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. Харин түрээслэгч гэсэн гэрээг анх бүртгүүлэх гэж ирэхдээ авч ирсэн ба уг гэрээг 2019 оны 5-р сард байгуулсан байсан тул журам ёсоор 1-ээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суугаагүй учир бүртгэх боломжгүй байсан.
2. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/45 дугаар тушаалын 2-р хавсралтад зааснаар: Эцэг эх болон хүүхэд нь хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байна. Сургуулийн элсэлтийн журамд зааснаар: Хамран сургах тойргийн нэгж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо байна гэсэн байдаг. Гэтэл Ц.Лын охин Л.Индра нь манай сургуулийн 8е ангид сурдаг ба журналын бүртгэлд гэрийн хаяг нь Сүхбаатар дүүрэг 4-р хороо 19-23 тоот гэсэн бүртгэлтэй байна. Ангийн багш И.Д-ээс хаанаас явдгийг лавлахад Л.И нь Баянгол дүүрэг буюу төмөр замаас явдаг. Манай сургуулийн Ч багштай хамт ирж очдог гэж хариулсан. Мөн охин Л.А нь тус сургуулийн Зд ангид сурдаг ба журналын бүртгэлд Баянгол дүүрэг 4-р хороо, Орчлонгийн 19-23 тоот гэсэн бүртгэлтэй байна. Ангийн багш Оюунбилэгээс Л.А хаанаас явдгийг лавлахад мөн л Баянгол дүүрэг буюу төмөр замаас явдаг. Манай сургуулийн Чагцал багштай хамт ирж очдог гэж хариулсан.
3. Сургуулийн элсэлтийн журмын 3.4-т зааснаар “Сургуулийн элсэлтийн ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 1-р хорооноос ирүүлсэн 6 настай хүүхдийн бүртгэлийг нягтлан үзэж, түүгээр тогтоогдсон зөрчлийг нягтлан хэлэлцэж шийдвэрлэнэ. Шаардлагатай бол холбогдох байгууллагад хандаж, зөрчилтэй эсэхийг хууль ёсны дагуу тогтоолгосны дараа шийдвэрлэнэ. Шийдвэр гартал тухайн хүүхдийн орон тоог хадгална” гэсэн байдаг. Ц.Л нь бүртгэлийн зөрчилтэй тул Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хэлэлцсэний дагуу хамтран миний бие Д.Ц, Сүхбаатар дүүргийн Мэргэжпийн хяналтын хэлтсийн дарга Наранбаатарын хамт хуваарь ёсоор 2019.05.25-ны өдөр тус хаягаар нягтлан шалгахаар очиход Бишрэлт гэдэг эмэгтэй амьдарч байсан. “Л.ыхамьдардаг уу” гэхэд “Аа тийм, тийм. Түрээслэн амьдарч байгаа. Би зүгээр сантехникээ засуулж өгөх гээд л түр ирчихээд байж байгаа юм” гэсэн боловч гэрийнхээ хувцас, шаахайтай зогсож байсан. Иймд элсэлтийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд, бүртгэх боломжгүй гэж үзсэн. Ц.Л удаа дараа өрөөнд ирж, “та нар авилга авах зорилготой байна, чам шиг юм яаж энэ суудалд ирсэн юм, чамайг шүүхэд өгнө, би зарцуулсан мөнгөө олж авна” гэж хэл амаар доромжилсон. Миний бие “Та юунд ямар мөнгө зарцуулсан юм бэ?” гэхэд хариулалгүй булзааруулж, өөр зүйл ярьдаг байсан. 2019.06.25-ны захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирсэн нэхэмжпэлийн дагуу миний бие сургалтын менежер А.Алтангэрэлийн хамт 2019.06.25-ны өдрийн 18:40 цагийн үөд Сүхбаатар дүүргийн 1-р хороо 33-73 тоотод дахин очсон. Хаалга нүдэж байх зуур 72 тоотоос 20 орчим насны эмэгтэй гарч ирсэн ба А.Алтангэрэл менежер 1-р сургуулиас бүртгэлээр яваагаа тайлбарлан, 73 тоотод ямар насны хүмүүс амьдардаг талаар асуухад хижээл насны эмэгтэй охинтойгоо амьдардаг гэж хэлсэн. Удалгүй 73 тоот хаалгаа онгойлгосон ба урьдын адилаар оршин суугч Бишрэлт өөрөө гарч ирсэн. Биднийг таньж байсан тул “Ц.Л, түүний хүүхдүүд байна уу?” гэхэд түгдэрч, “лагерт байгаа” гэхэд нь “Бид 2 дахь удаагаа ирлээ. Та яг сарын өмнө намайг ирэхэд “Би энд амьдардаггүй, түр ирчихээд байна” гэж байсан. Гэтэл таныг энд байнга амьдардгийг хөрш чинь ч хэлж байна. Ийм болохоор Ц.Лыг энд амьдардаг гэж үзэх үндэслэл алга байна. Гэтэл Ц.Л биднийг шүүхэд өгсөн. Иймд та бидэнд үнэн бодитой мэдээлэл өгвөл сайн байна” гэхэд Бишрэлт “Юун шүүх цагдаа вэ? Яршиг төвөг” гээд бидний 2019.5.25-ны өдрийн тэмдэглэл дэх тайлбар хэсэгт “Оршин суугч өөрөө байсан. Түрээслэгч байгаагүй” гэж, мөн 2019.6.25-нд “33-73 тоотод Ц.Л байдаггүй, иргэн Бишрэлт өөрөө амьдардаг” гэсэн 2 хэсгийг хүлээн зөвшөөрч тус тус гарын үсэг зурсан” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/44 дүгээр тушаалд манай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тодорхой хэдэн орон сууцыг зааж өгсөн байгаа. Мөн өдрийн “Элсэлт зохион байгуулах тухай” А/45 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжийн элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 1-д “Эцэг эх болон хүүхэд нь хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байна”, 2-т “Эцэг эх, асран хамгаалагч болох хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ”, 4-т “Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж, 1-ээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна”, 5-д “Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна” гэж тус тус заасан. Уг удирдамжийн хариуцлагын 3-т “Иргэд, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн бол хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ”, 4-т “Бүртгэлийн үед ажлын хэсгийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасны дагуу цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
Мөн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалын дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн 1 дүгээр ангийн элсэлтийн ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг бүрэлдэхүүнд миний бие орсон байгаа. Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах журмын 3.3-т “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны хамран сургах харьяаллын дагуу байнгын оршин суугч болохыг орон сууц эзэмшигчийн гэрчилгээ, хүн амын өрхийн бүртгэл, хорооны Засаг дарга болон улсын бүртгэлийн ажилтны баталгаажсан судалгаат нэрс, бусад баримтыг үндэслэл болгоно”, 3.4-т “1-ээс дээш жил түр оршин суугч байвал үндсэн шалтгааныг нарийвчлан тодруулж, 2-оос дээш нотлох баримтуудаар баталгаажуулж, түр хугацаагаар гэрээ хийж бүртгэнэ”, 3.5-д “Сургуулийн элсэлтийн ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооноос ирүүлсэн 6 настай хүүхдийн бүртгэлийг нягтлан үзэж, түүгээр тогтоогдсон зөрчил, зөрүүг нягтлан шалгаж, сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Шаардлагатай бол холбогдох байгууллагад хандаж, зөрчилтэй эсэхийг хууль ёсны дагуу тогтоолгосны дараа шийдвэрлэнэ. Шийдвэр гартал тухайн хүүхдийн орон тоог хадгална” гэж тус тус заасныг үндэслээд Л.Тыг бүртгэхээс татгалзсан.
Нэхэмжлэгч Ц.Л нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Том 2 хүүхдийн хувьд харьяа дүүргийн бус байдлаар манай сургуульд сурдаг. Эцэг эхчүүд “ах, эгч, дүү нь сурдаг” гэх мэтчилэн байдлаар хандсаар манай сургуулийн ачаалал 3 дахин их байгаа. Манай бага сургуулийн байр 320 хүүхдийн хүчин чадалтай боловч өнөөдөр 1700 хүүхэд сурдаг. Анги дүүргэлт 70 хүүхэдтэй байгаа. Энэ жилийн хувьд сургуулийн хойд байр буюу өргөтгөлийг буулгасантай холбоотойгоор маш их хүндрэл үүсэж байгаа. Сургуульд хандах хүмүүсийн тоо маш их байгаа. Одоо дахиад ямар нэгэн байдлаар зөрчилтэй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн 70, 80 хүүхдийн нэр байгаа. Манай сургууль дотроо зөвлөлдөөд Л.Тыг бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч Ц.Л нь дахин бидэнд хүсэлт гаргаж, хэл амаар доромжилсон тул бид дүүргийн элсэлтийн ажлын хэсэгт хандсан. Үүний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч н.Наранбаатар бид 2 томилогдож нэхэмжлэгч Ц.Лын оршин сууж буй гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 33 дугаар байрны 73 тоотод нийтдээ 5 удаа очиход 3 удаа эзэнгүй, 2 удаа хүнтэй байсан. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч н.Наранбаатарын хамт нэг удаа очиход оршин суугч н.Бишрэлт байсан. Бид ямар ажлаар явж байгаагаа танилцуулж, Ц.Лыг үнэхээр энэ хаягт амьдран суудаг талаар судалж явж байгаагаа хэлэхэд оршин суугч н.Бишрэлт сандран “Ц.Лынх нүүж ирнэ гэсэн. Манайд сангийн засварын жоохон ажил байгаа үүнийгээ засах гээд түр ирсэн” гэж хэлсэн. Оршин суугч н.Бишрэлт нь тухайн үед гэрийн хувцастайгаа хоолоо идэж байсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ц.Лын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч сургуулийнхаа сургалтын менежер буюу элсэлтийн ажлыг гардаж хийсэн хүнээ дагуулаад Ц.Лын оршин суудаг гэх байранд очсон. Тэгэхэд дахиад иргэн н.Бишрэлт байж байсан. Бид 2 удаа ирэхэд Ц.Л байсангүй. Энэ хаягт оршин суудаггүй гэдэг нь нотлогдож байна гэдэг талаар хэлэхэд тэднийх лагер явсан гэж хэлсэн. Бид ийм нөхцөл байдалтай байгаа талаараа шүүхэд танилцуулна гэж хэлэхэд н.Б нь юун шүүх, цагдаа гэхээр нь Ц.Л биднийг шүүхэд өгсөн учраас бид дахин нягталж шалгаж байна гэхэд “тийм зүйл байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би та үнэхээр энэ хаягт Ц.Л амьдардаггүй бол үүнийгээ хүлээн зөвшөөрөө гэхэд хяналт шалгалт хийж явсан хуудас дээр гарын үсгээ зурсан бөгөөд тэр материалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
Нэхэмжлэгч Ц.Лын охин Л.Агни манай сургуулийн 3д ангид. Ангийн багшийн журнал дээр Л.А-ийн гэрийн хаяг нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо гэсэн байх ба ангийн багшаас хаанаас хичээлдээ явдаг талаар асуухад Төмөр замаас манай сургуулийн Ч.Чагцал багштай хамт ирж очдог гэж хэлсэн. Тэгээд эгч нь манай сургуулийн 8е ангид сурдаг гэж хэлсэн. Ийнхүү 8е ангийн багш И.Дорждэрэмээс Л.Индрагийн гэрийн хаягийг асуухад Ч.Чагцал багштай хамт явдаг гэж хэлсэн. Тэгээд Ч.Чагцал багшийн хаягийн бүртгэлийг сургуулийн багш нарийн хаягийн дэлгэрэнгүй бүртгэлээс лавлаж харахад мөн таарч байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хүүхэд Л.Тын нэр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооноос өгсөн оршин суугчдын нэрс дунд нэр нь ирсэн. Үүнийг бид баталгаатай зүйл гэж үзэхээ больсон. Яагаад гэвэл энэ нэрс дээр маш их зөрчил гарч байгаа. Хүн амын мэдээллийн сангаас ирүүлсэн мэдээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо манай сургуулийн хамран сургах тойрогт 109 хүүхэд амьдардаг гэсэн байна. Иргэдийн бүртгэл мэдээллийн төвөөс 50 хүүхэд нэмэгдэж 159 хүүхэд болсон. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооноос 39 хүүхэд нэмэгдэж 198 хүүхдийн нэр ирсэн. Гэтэл манай сургууль 176 хүүхэд бүртгэх боломжтой. Нийт ирсэн 198 хүүхдийг бүртгэхээр маш их зөрчил гарч байгаа. Үүний нэг нь нэхэмжлэгч Ц.Л юм. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн 1-ээс дээш жил оршин суусан байх шаардлагыг хангаагүй, мөн манай сургуулийн журманд заасны дагуу бүртгэх боломжгүй байгаа юм.
Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, зөрчилтэй хүүхдийн жагсаалтыг гаргахад 49 хүүхэд байсан. Манай сургуульд бүртгүүлэхийн тулд зарим нь үнэхээр байр худалдаж авдаг. Зарим нь хуурамч бичиг баримт бүрдүүлдэг. Бүгдийг нь нотолж чадаагүй ч заримыг нь баримтаар нотолсон байгаа. Жишээлбэл нэг байр 20 тоотоор дуусч байхад 22, 23 тоот гэсэн ордер авч ирдэг. Бид өөрсдөө явж шалгаж үзэхэд үнэхээр 22, 23 тоот гэсэн айлууд байгаагүй. Ингээд бүртгэхгүй гэсэн хариу өгсний дараа намайг дүүрэг дээр дуудаад энэ хүүхдийг бүртгэчих гэж хэлсэн. Би даргаа энэ хүүхдийг бүртгэх боломжгүй гэхэд ордер, хурууны хээгээр авсан тодорхойлолт байхад хуурамч байх боломжгүй гэж хэлсэн. Бид шалгаж үзэхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон гэхэд та арай хатуудуулж байна гэсэн. Иргэдийн бүртгэл мэдээллийн газрын дарга өөрийн эрхээр бүртгэл рүү орж нөгөө хуурамч ордерыг шалгаж үзэхэд бүртгэлд орсон байсан. Мэргэжилтэн нь даргаа 21,22 тоот гээд шалгаад үзэхэд бүртгэлгүй байвал 23 тоотыг зохиомлоор оруулсан гэсэн үг гэж хэлсэн. Тэгээд шалгаад үзэхэд үнэхээр 21, 22 тоотын бүртгэл байхгүй байсан. Гэх мэтчилэн зохиомлоор бүртгэлд оруулдаг болохыг мэдсэн. Хорооноос ирсэн 198 хүүхдийн нэрс дотор энэ байранд огт байхгүй тоотын 19 хүүхдийн нэрс байсан. Бид тоогоор нь нарийвчлан судалгаа гаргасан байгаа. Цагдаад өгөх гэж байгаа. Нэхэмжлэгч Ц.Л шиг тухайн орон сууц нь өөр хүний нэр дээр эсвэл түрээслэн амьдарсан 1 жил хүрээгүй 10 хүүхэд байгаа. Мөн нэхэмжлэгч Ц.Лт энэ хаягт оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт байдаг. Жилийн жилд ийм асуудал байнга гардаг. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол бидний ажил урагшлахгүй байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар хавсралтаар баталсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжид заасан элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 4-т “...1-ээс жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна...” гэж заасныг хангахгүй байгаа бөгөөд тухайн хаяг дээрээ 1 сар ч амьдраагүй байж бидний ажлыг алдагдуулж байна.
1 жилээс дээш оршин сууж байсан бол хамран сурах тойрогт бүртгэх боломжтой. Гэхдээ үнэхээр 1 жилээс дээш хугацаанд амьдарсан эсэхийг шалгаж гэрээ байгуулж бүртгэнэ. Тэрнээс биш сургуулийн бүртгэл 05 дугаар сард эхэлж байхад 05 дугаар сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж сургуульд бүртгүүлэх гэж нэхэмжлэгч нь маргаж байгаа. Ийм асуудлаас болж манай сургуулийн ачаалал 3 дахин их байгаа. Анги дүүргэлт 70 хүүхэд болсон байхад хүүхдүүдийн эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Ийм учраас бид энэ асуудлыг таслан зогсоохоор ажиллаж байна. Бид энэ жилийн хувьд үнэхээр манай хороонд амьдардаг хамран сургах тойрогт хамаарч буй хүүхдүүдээ авна.
1 ангид стандартын дагуу 35 хүүхэд сурах ёстой. Сургуулийн анги стандарт хэмжээтэй. Одоо хүүхдүүд самбартай бараг наалдаж сууж байгаа. Эрүүл ахуйн шаардлага огт хангахгүй байгаа. Хуулиараа 1 ангид 44 хүүхэд авах ёстой. Багшийн хөгжлийн тухай хуулиар анги дүүргэлт 44 хүүхдээс дээш бол туслах багш авах ёстой. Туслах багш авах гэхээр төсөвт мөнгө суугаагүй учраас 1 ангид 44 хүүхэд авах боломжтой. Нийт нэгдүгээр ангид 4 бүлэгт 176 хүүхэд авах ёстой.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л нь хүү Л.Тыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуульд 2019-2020 оны хичээлийн жилийн 1 дүгээр ангид элсэн суралцуулахаар бүртгүүлэхээр 2019 оны 5 дугаар сард тус сургуулийн элсэлтийн комисст хандахад бүртгэхээс татгалзсан үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн Боловсролын хэлтэст болон тус сургуулийн захиргаанд бичгээр өргөдөл гаргаж, уг өргөдлүүд дээр “Ц.Лын гэрийн хаяг нь тус сургуулийн хамран сургах тойрогт харьяалалгүй, тус хороонд 1 –ээс дээш жил амьдран суугаагүй тул бүртгэх боломжгүй” гэх хариуг 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бичиж өргөдлийг буцаажээ.
Нэхэмжлэгч нь “сургуульд бүртгэж аваагүй үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, хүүхдийн эрхийг хамгаалахыг даалгах” шаардлага Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захиралд холбогдуулан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “сургуульд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” агуулгаар тодорхойлсон байна.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо, эрэлт хэрэгцээг сургуулиудын анги танхим, багшлах боловсон хүчний орон тоо, төсөвтэй уялдуулан зохицуулах зайлшгүй шаардлагаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан байх бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.6-д заасан тус байгууллагын бүрэн эрхэд хамаарахын дээр мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах” боловсролын үндсэн зарчимд зөрчилдөхөөргүй байна.
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Элсэлт зохион байгуулах тухай” А/45 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамжийн элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 1-д “Эцэг эх болон хүүхэд нь хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байна”, 2-т “Эцэг эх, асран хамгаалагч болох хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ”, 3-т “эцэг, эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.”, 4-т “Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж, 1-ээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна”, 5-д “Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна” гэж журамлажээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар тус сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах журмыг баталж, журмын 3.3-т “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны хамран сургах харьяаллын дагуу байнгын оршин суугч болохыг орон сууц эзэмшигчийн гэрчилгээ, хүн амын өрхийн бүртгэл, хорооны Засаг дарга болон улсын бүртгэлийн ажилтны баталгаажсан судалгаат нэрс, бусад баримтыг үндэслэл болгоно”, 3.4-т “1-ээс дээш жил түр оршин суугч байвал үндсэн шалтгааныг нарийвчлан тодруулж, 2-оос дээш нотлох баримтуудаар баталгаажуулж, түр хугацаагаар гэрээ хийж бүртгэнэ” гэж заажээ.
Ийнхүү Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар батлагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэхэмжлэлд дурдагдсан 33 дугаар байр хамаарч байгаа хэдий ч нэхэмжлэгч Ц.Л, түүний гэр бүл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 33 дугаар байранд 1 жилээс дээш хугацаагаар амьдран суусан байх шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний бүртгэл, хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас ирүүлсэн тус хорооны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Ачит гар” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийгдэж, мөн өдөр нотариатаар гэрчлэгдсэн орон сууц хөлслөх гэрээ, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 3д, 8е ангийн 2018-2019 оны хичээлийн жилийн анги удирдсан багшийн дэвтрийн хуулбараас тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Ц.Л болон түүний гэр бүл Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 23 тоотод 2009 оноос оршин сууж амьдарч байгаад 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 33 дугаар байрны 73 тоотод шилжин бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуульд хүү Л.Тыг элсэн суралцуулахаар бүртгүүлэхээр хандсан хугацаанаас тооцоход 1 жилээс дээш хугацаанд тус сургуулийн хамран сургах тойрогт амьдран сууж байгаагүй, нэхэмжлэгч ийнхүү тус сургуулийн хамран сургах тойрогт 1 жилээс дээш хугацаагаар амьдран суусан байх бүртгүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар болон уг шаардлагыг журамласан элсэлт зохион байгуулах удирдамж, журмын заалттай маргаагүй болно.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооноос ирүүлсэн 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр сургуульд хамрагдах хүүхдийн судалгааны 106 дугаарт нэхэмжлэгчийн хүү Л.Т бичигдсэн байх хэдий ч энэ судалгаа нь дангаараа элсэгчийг бүртгэх үндэслэл болохгүй, дээрх удирдамж, журамд зааснаар 1 жилээс дээш хугацаагаар оршин суусан болохыг нотлох баримт биш юм.
Хариуцагчийн тайлбараас тус сургуульд элсэн суралцахаар хүсэлт гаргасан, хамран сургах тойрогт бүртгэгдсэн хүүхдийн тоо, тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэлт авах 4 бүлэгт суралцуулах хүүхдийн тооноос их, анги дүүргэлтийг байх ёстой хэмжээнээс хэтрүүлснээс хүүхдийн сурах орчин эрүүл ахуйн шаардлага хангахгүй, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлууд байх тул Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/45 дугаар тушаалаар батлагдсан элсэлт зохион байгуулах удирдамжийн элсэгчдийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын 4-т заасан “1-ээс дээш жил хамран сургах тойргийн хаяг дээрээ оршин суусан байх” шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч Ц.Лын хүү Л.Тыг 1 ангид элсэн суралцуулахаар бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдэл Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах” боловсролын үндсэн зарчмыг болон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах, сурч боловсрох хүүхдийн эрхийг хууль бусаар зөрчөөгүй байна.
Иймд “сургуульд бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Тыг 1 дүгээр ангид элсэн суралцуулахаар бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281 дугаар зүйлийн 281.1.6 дахь заалтыг баримтлан “Л.Тыг 1 дүгээр ангид суралцуулахаар бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Тыг 1 дүгээр ангид элсэн суралцуулахаар бүртгэхийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах” тухай нэхэмжлэгч Ц.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА