Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0018

 

Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Зүүн бүсийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалт өөрчлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан 627 сая төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдооНийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянуулахаар энэхүү гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гаргаж байна. Үүнд: Уг шийдвэрт "...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/827 дугаар захирамжаар Ботаникийн хүрээлэнд 34.6 га газрыг ботаникийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийн Ботаникийн хүрээлэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ нь хууль зөрчсөн, давхцуулан эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна." гэж дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэн бодитоор үнэлээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/530 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдох бөгөөд энэ хугацаанд тус маргаан бүхий газар газар олгож байсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/839 дугаар захирамж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/994 дүгээр захирамж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/108 дугаар захирамж нь тус тус Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчиж олгосон нь маш тодорхой байх бөгөөд шүүх энэхүү үйл баримтыг бодитоор авч үзэлгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн төрийн бус байгууллагад газар эзэмших эрхийн зөрчил үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 493 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдох бөгөөд энэ хугацаанд маргаан бүхий газарт газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/839, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/994, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/108 дугаар захирамжууд нь тус тус Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчиж олгосон нь тодорхой байх бөгөөд шүүх энэхүү үйл баримтыг бодитоор авч үзэлгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна болон 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус хуульчилснаас үзвэл эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр газар эзэмших эрх нь үүссэн тохиолдолд тухайн газрын эзэмшлийг хууль ёсных гэж үзэхээр байх бөгөөд шинээр газар эзэмшихээр хүсэлт гаргах тохиолдолд хүсэлт гаргасан газар нь бусдын бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байхыг шаардсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар захирамжаар[1] Ботаникийн хүрээлэн-д анх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах 34.7 га газрыг эзэмших эрх үүссэн улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар тогтоолоор[2] Ботаникийн хүрээлэн-д олгосон 34.9 га газрын талбайн хэмжээг 22.9 га газар багасгаж өөрчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 346 дугаар тогтоолоор[3] Эмнэлгийн барилга барих газрыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эзэмшилд шилжүүлэхийг Нийслэл Засаг дарга-д үүрэг болгосны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний А/994[4] дүгээр захирамжаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд Ботаникийн цэцэрлэгийн баруун болон баруун хойд хэсэгт 8 га газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Ботаникийн хүрээлэн-д эзэмшүүлсэн газартай давхцаагүй байна.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/134 дүгээр тушаалаар[5] Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэсэн нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гэж өөрчилсөнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108[6] дугаар захирамжаар өмнө нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн 8 га газар эзэмших эрхийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гэж, эмнэлэг гэсэн зориулалтыг эмнэлэг, сургалт гэж зөвхөн нэр, зориулалтыг өөрчилсөн байна.

Дээрх үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 захирамжаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль-д шинээр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй буюу өмнө эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалтыг өөрчилсөн, түүнчлэн бусдын эзэмшил газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд маргаан бүхий актаар газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хавтаст хэрэгт Ботаникийн хүрээлэн-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дахь эзэмшил газрын талбайн хэмжээг 34.9 га байсныг 22.9 га болгож өөрчлөхөөр тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар тогтоол, 3 дахь заалтаараа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд эмнэлэг, сургалтын цогцолбор барих зориулалтаар 8 га газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрсөн талаар дүгнэсэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 80/41 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагджээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон нийслэл дэх хот байгуулалттай холбоотой ерөнхий төлөвлөлт хариуцсан эрх бүхий байгууллагаас эмнэлэг сургалтын цогцолбор барихаар зөвшөөрч баталсан дээрх тогтоол, дүгнэлтийн үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга нь эмнэлгийн зориулалтаар 8 га газрыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургуульд эзэмшүүлж улмаар тус сургуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн маргаан бүхий А/108 дугаар захирамжаар газар эзэмшигчийн нэр, зориулалтыг өөрчилж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Зүүн бүсийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн төрийн бус байгууллагыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Зүүн бүсийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн төрийн бус байгууллагын тэргүүн Л.Зэс-Эрдэнэ нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн тоглоомын паркийн эд хөрөнгийг хүлээн авсан талаарх баримт[7]-ыг шүүхэд гаргаж ирүүлсэн, түүнчлэн шүүхийн үзлэгээр тус талбайг засаж тохижуулсан, тоглоом байрладаг болох нь тогтоогдсон[8], Зүүн бүсийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн төрийн бус байгууллагын дүрэмд[9] Зүүн бүсийн соёл амралт цэцэрлэгт хүрээлэнгийн эко ногоон байгууламжийг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн экологийн боловсролыг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан гэж заасан байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэнийг буруутгах үндэсгүй байна.

Нэхэмжлэгч Зүүн бүсийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн төрийн бус байгууллага нь тухайн тоглоом байрлах газрын хууль ёсны эзэмшигч этгээд биш байх бөгөөд бусад газар эзэмшигч этгээдийн нэрийн өмнөөс газрыг давхцуулан эзэмшүүлсэн гэх зэргээр маргаагүй, түүнчлэн гуравдагч этгээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд шинээр газар эзэмшүүлээгүй, өмнө эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр, зориулалтыг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/108 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Зүүн бүсийн соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн төрийн бус байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ