Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн,

улсын яллагч Г.Хатанцэцэг

хохирогч Т.Батсуурь

шинжээч эмч Ө.Сарангэрэл

шүүгдэгч Г.Амгаланбатын өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг

шүүгдэгч Г.Ариунболд түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 18-нд Хэнтий аймагт  төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Овоот Хөх уул харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  16 дугаар хороо, 21 дүгээр байрны 37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:СЕ94061813/ Боржигин овогт Ганбаатарын Амгаланбат.

 

2.Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 28-нд Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Овоот Хөх уул харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын
хамт Төв аймгийн  Зуунмод сумын  6 дугаар баг, баруун Зуунмод 12 дугаар гудамж 6
тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 59 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УД93012816/ Боржигон овогт Ганчөдөрийн Ариунболд нарт холбогдох 201526021948 дугаартай эрүүгийн  хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г.Амгаланбат, Г.Ариунболд нар бүлэглэн 2015 оны 10 дугаар
сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
44f байрны орцонд хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн зүй бус ажиллагааны
улмаас маргалдан иргэн Т.Батсуурийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл
санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

шүүгдэгч Г.Амгаланбат шүүхийн хэлэлцүүлэгт: Би Овоот Хөх уул харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг байсан. Би 44f байрыг граашийнх нь хамт хамгаалдаг юм. Тухайн өдөр ажлын байран дээрээ байж байгаад камераар харахад 44f байрны орц руу согтуу хүн орсон. Тэгэхээр нь би араас нь орж  тэр хүнийг орцонд шээчихлээ гэж бодсон чинь 13 давхарт шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь би “ ах та чанга ярьж болохгүй шүү” гэсэн чинь Батсуурь ах “чамаар би ярихаа заалгахгүй” гээд миний өөдөөс нулимаад миний хоолойг боосон.  Тэгэхээр нь би амь тэмцэхдээ резинен бороохойгоор Батсуурь ахын баруун мөрөнд нь, бас зүүн мөрөнд нь цахилгаан бороохойгоор цохисон.  Тэгээд Ариунболдыг нэмэлтээр дуудсан юм гэв.

 

шүүгдэгч Г.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт: Би Овоот Хөх уул харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг байсан.  2015 оны 10 дугаар сарын 29-нд Амгаланбат намайг нэмэлтээр дуудаад, намайг очиход 44f байрны 12 давхрын шалан дээр  Батсуурь сууж байсан. Гэрийг нь асуухад орцны цонх руу гараараа заахаар нь хажуу талын байр юм байна гэж ойлгоод “орцондоо очиж суу” гээд буулгах гэсэн чинь Батсуурь нь Амгаланбат руу алгадсан. Тэгэхээр нь би Батсуурийн гэдэс рүү цахилгаан бороохойгоор цохиулсан.  Амгаланбат, Батсуурь бид 3 хамт лифт рүү ороогүй, Батсуурийг хувцсаа тайл гэж шаардаагүй, бороохой дамжуулж Батсуурийг бороохойдсон зүйл байхгүй. Хохирогчид 200000 төгрөг төлсөн гэв.

 

хохирогч Т.Батсуурь шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр би нилээн халамцуу эхнэрийнхээ дүүгээр хүргүүлээд гэртээ очиход гэрт хүн байхгүй байсан. Тэгээд эхнэр хүүхдээ ирэхийг хүлээгээд гэрийнхээ үүдний шатан дээр сууж байтал Амгаланбат, Ариунболд нар намайг “орцноос гар” гэхээр нь “би гэртээ орно” гэснээс болж маргалдсан. Тэгтэл намайг Амгаланбат, Ариунболд нар лифт рүү оруулж хувцас тайлуулаад хоёулаа намайг бороохойдсон. Тэгэхээр нь би зугатаад 7 давхарт айлын хаалга цохисон чинь үүдээ нээхээр нь би шууд гэрт нь гүйгээд ортол нэг өвөө, 4-5 дугаар ангийн бололтой нэг охинтой байсан.  Би тэр айлаас “цагдаа дуудаж өгөөч” гэж хэлтэл Ариунболд, Амгаланбат нар араас орж ирээд “наадах чинь согтуу агсамнаад байгаа юм” гэж хэлээд тэр айлаас намайг чирч гаргасан. Тэгэхээр нь би дахин Ариунболд, Амгаланбат нараас 13 давхар руу зугатаад гэрийнхээ үүдийг цохиход эхнэр хүүхэд гэртээ ирээгүй байсан. Тэгтэл Ариунболд, Амгаланбат нар чирч унагаад 12 давхар руу чирсэн. Энэ үед миний шүд гэмтсэн байх гэж би бодож байна.

Би согтуу байсан буруутай ч, орцонд шээгээгүй, Амгаланбатын өөдөөс нулимаагүй, хоолой амыг нь боогоогүй. Амгаланбат худлаа ярьж байна. Миний биед Ариунболд, Амгаланбат нар ээлжлэн бороохойдож цахилгаан бороохойгоор гэмтэл учруулсан тул энэ хоёрт би гомдолтой байна. Шүдний гэмтлийн хувьд шүдний эмч “унасных нь дараа өөр шүд хийнэ” гэсэн. Одоогоор шүд хийлгэхэд шууд тодорхойлсон үнийн дүн болон баримт байхгүй ч судалж үзэхэд 2500000 төгрөг орчим болох юм байна лээ. шаардагдах төлбөрийг Г.Амгаланбат, Г.Ариунболд нараас гаргуулмаар байна  гэв.

 

шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт: Дүгнэлтийг Батсуурийн биед үзлэг хийж гаргасан. Шүдний ганхалт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чихний дэлбэн дангараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Резинэн болон цахилгаан бороохой бол гадаргуугийнх нь үйлчлэл нь мохоо учир цус хуралт үүсгэнэ. Цахилгаан бороохойгоор цохиулахад ямар нэг түлэгдэлт ч юм уу үүсгэхгүй. Батсуурийн биед учирсан мөр, хэвлий, гуяан дээрх цус хуралтууд нь хамрах талбай бага гадаргуу нь хүрэлцэхгүй тул дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин мөр, хэвлий, гуя нь хүний биеийн дээд, доод мөчдөд хамаарах бөгөөд эдгээрт үүссэн цус хуралтууд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Г.Амгаланбатын ял шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, ажил орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 51/,

гэрчээр Ж.Одцэцэгийн:..”манай хүү Амгаланбат нь зан байдлын хувьд хүнтэй нийтэч тусархаг, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Гэр орноосоо гараад байдаггүй энэ ажилдаа 2015 оны 9 дүгээр сараас анх орж одоог хүртэл ажиллаж байгаа. Түүнээс өмнө барилга дээр хувиараа заслын ажил хийдэг байсан. 10-н жилийн сургуулиа 2012 онд Улаанбаатар хотын 53 дугаар сургуульд сурч төгсөж байсан. Сургууль төгссөнөөсөө хойш хувиараа ажил төрөл хийгээд мөнгө олж амьдрал ахуйд тус нэмэр болж байгаа. /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг,

 

Г.Ариунболдын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, ял шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, ажил орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 52/,

гэрчээр Г.Ариунбатын:..”манай дүү айлын бага хүүхэд зан байдлын хувьд ойр дотныхоо хүмүүстэй нээлттэй чөлөөтэй харьцдагч танихгүй хүмүүсийн дунд дуугүй байдаг. Хүнд тусархаг сайхан сэтгэлтэй сайн хүүхэд байгаа юм. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Манай дүү 2010 онд Төв аймгийн хүмүүн цогцолбор 1 дүгээр сургуулийг төгсөж, Улаанбаатар хотод ирээд ШУТИС-ын ЭХИС-д элсэн орж 1 жил хагас сураад сургуулиасаа жилийн чөлөө авч ажил хийж ар гэртээ тусалж байгаа. /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Амгаланбат, Г.Ариунболд нар бүлэглэн 2015 оны 10 дугаар
сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
44f байрны орцонд “орцноос гар” гэснээс үүдэлтэйгээр  маргалдан хохирогч Т.Батсуурийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Батсуурийн:...”2015 оны 10 дугаар сарын 29-ний
өдөр найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэж гадуур явж байгаад согтсон тул орой
18-19 цагийн үед гэртээ хүргүүлсэн. Б.Батсүх намайг орц руу оруулж өгчихөөд
буцаад явсан. Би орцоор ороод лифт дуудаад хүлээж байхад манай байрны
орцонд үйл ажиллагаа явуулдаг Хөх уул хамгаалалтын албаны 2 ажилтан
подвалын давхараас дээш 1 давхар руу гарч ирээд надад хандан “согтуу байна
хаачих гэж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “гэртээ орох гэж байна” гэж өөдөөс нь хэлсэн. Тухайн 2 залуугийн нэг нь болох хамгаалалтын хувцастай туранхай шар
царайтай залуу нь “согтуу байж яасан том үгтэй юм бэ” гэх мэтээр намайг хэл амаар
өдөж эхэлсэн тэр үед нь би согтуу байсан мөн гэртээ орох гэж байсан болохоор
харилцан хирэлдэж эхэлсэн.  Тэгтэл хамгаалагч хувцастай 2 залуугийн нэг нь цахилгаан бороохой өөрөөсөө гаргаж ирээд миний гэдэс болон хөл, гар руу цохиулж эхэлсэн. Тэр үед нь би тухайн 2 залуугаас уучлалт гуйж ах нь гэртээ ормоод байна, 2
жаахан хүүхэд хүлээж байгаа гэж хэлэхэд тэр хамгаалалтын хувцастай 2 залуу
чамайг оруулахгүй, хувцасаа тайл гэж шаардаад байхаар нь би лифтэн дотор байх
үедээ гадуур хувцасаа тайлж 2 хамгаалагчид өгөөд 5 давхарт гараад
лифтнээс буусан ч намайг цахилгаан бороохойгоор цохиулаад байсан тул би
сүүлдээ газар сөхөрч унасан.  Намайг унасан байх үед цахилгаан бороохойгоор
цохиулаад л байсан, тэгээд босч зугтаад 7 давхар руу гарч нэг айлын хаалга нүдэж
цагдаа дуудаж өгөөч гэж гуйсан. Араас нөгөө 2 хамгаалагч ирээд наадах чинь
худлаа ярьж байгаа юм, агсам тавиад байхаар нь бид нар гаргах гэж байна гэж
хэлээд айлаас чирч гаргаад дахиад цахилгаан бороохойгоор энэ
тэндээс цохиулсан. Тэр үед би дээшээ шатаар зугатааж 13 давхар руу гараад
гэрийнхээ хаалгыг нүдсэн боловч гэрт хүн байхгүй хаалга тайлж өгөөгүй, тэгээд 13
давхраас чирч 12 давхар руу буулгаад дахин цахилгаан бороохойгоороо
цохиулж байх үед нэг давхарт амьдардаг манай хамаатны дүү Амаржаргал гарч
ирээд намайг тухайн 2 хамгаалагчаас салгасан, тэр үед 2 хамгаалагч энэ
хүн чинь өөрөө бид нарыг өдөж зодоон эхлүүлсэн, агсам тавьсан гээд худал хэлж
байгаад доошоо буугаад явсан...надад шаардлага тавих үед нь согтуу байсан
болохоор хэрэлдэж маргалдсан нь буруу байж магадгүй.

...миний биед учирсан гэмтлийг хамгаалагч 2 залуу хоёулаа нийлж
учруулсан. Амгаланбат, Ариунболд 2 татаж чирээд доошоо шатаар буух үедээ
намайг түлхэн газар унагасан тэр үед миний үүдэн шүд хөдөлсөн. Харин чихний
дэлбэн, баруун гарны мөрний хэсэг болон гэдэс зүүн гарын мөрний хэсэгт 2
хамгаалагч цахилгаан бороохойгоор ээлжлэн цохиулж байсан. Тэр 2 дундаа нэг
цахилгаан бороохойтой байсан мөн нэг нь резинэн бороохой барьсан байсан,
тэрүүгээрээ цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Мөн намайг цахилгаан бороохойгоор
цохиулж байх үедээ Амгаланбат гэх залуу миний гадуур хувцасыг тайл гэж хэлээд
тайлуулсан. Тэр зодооны үед учирсан гэмтлээс болж би 3 удаа /1 удаа 5000/ төгрөгөөр бариачаар бариулсан өөр бодитой эмчилгээ хийлгээгүй байгаа. Миний баруун талын чих дээд хэсгээрээ гэмтсэн байгаа тэр чихээ эмнэлэгт үзүүлээгүй байгаа яваандаа үзүүлнэ гэж бодож байгаа. Мөн үүдэн шүдээ янзлуулахад надад мөнгө хэрэг болж байгаа. Хоёр хамгаалагч л намайг нийлж цохиж зодсон тэрнээс бол энгийн хувцастай хүн бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. /хх-ийн 8-9, 65-66/ гэсэн,

 

гэрчээр Б.Амаржаргалын: Манайх Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 44f байрны 6 тоотод амьдардаг...мөн байрны 73 тоотод манай үеэл Баярмаа нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой би 18-19 цагийн үед ахынхаараа орчихоод гаръя гэж бодоод лифтээр 12 давхарт буугаад 13 давхар руу шатаар гарахад резинэн бороохой барьсан жижиг биетэй залуу зогсож байхаар нь би тэр залуугаас “юу хийж байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр залуу цаана чинь нэг ах байгаа гэхээр нь хартал хүн байхгүй байхаар нь Батсуурь ахын гэр болох 73 тоотыг тогштол нээж өгөхгүй болохоор нь утсаараа Батсуурь ахын 80994774 гэсэн дугаарын утас руу нь залгахад утас нь хамгаалагч
залуугийн наана газар унасан дуугарч байсан. Тэгэхээр нь би очоод утсыг нь аваад “манай ах эгч 2 яасан юм бэ“ гэж асуутал 73 тоотод амьдардаг юм уу гэхээр нь “амьдардаг ш дээ” гэж хэлчихээд 13 давхараас доош шатаар буугаад 12 давхарт ирэхэд Батсуурь ах лифтээр 12 давхарт гарч ирсэн, тэр үедээ дээгүүрээ нүцгэн уйлчихсан байсан ба хамгаалагч залууг хараад барьцалдаж аваад зодолдох гэхээр нь би ”та хүн цохьж болохгүй шүү” гэхэд манай ах бачуурсандаа айлын хаалгыг гараараа цохиж авсан. Тэгээд би хамгаалагч залуугаас “яагаад Батсуурь ахыг ингэж байгаа юм бэ” гэхэд “танай ах чинь 11 давхарын бункерт шээсэн” гэж хэлсэн ... шээсэн гэх газар нь очиж үзэхэд ямар нэг шээсэн байдал байгаагүй, тэгээд 2 цагдаа орж ирсэн. Цагдаатай хамт нэг хамгаалагч залуу орж ирсэн. Тэр үед Батсуурь ах энэ 2 хоёулаа намайг зодсон гээд уйлаад байсан. Намайг харж байхад 11 давхарт гартаа резинэн бороохойтой байсан залуутай харилцан зууралдаад, яг ч бие биенийгээ цохиж зодсон зүйл байгаагүй би өөрөө дундуур нь ороод салгасан. Харин намайг гарч
ирэхээс өмнө тэр 2 хамгаалагч манай ахыг цохиж зодсон юм шиг байсан. Батсуурь
ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийгөө удирдан
жолоодох чадвартай байсан” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

гэрчээр З.Баярмаагийн:..”2015 оны 10 дугаар сарын 29-ний өглөө...13 давхар руу өгсөх гэтэл доор 10-11 давхрын ойролцоо манай нөхрийн болон манай эмэгтэй дүү Амаржаргалын дуу гараад байхаар нь би доошоо бууж очтол манай нөхөр дээгүүрээ цээж нүцгэн хувцасгүй хамаг хувцсыг нь тайлчихсан хажууд нь хоёр хамгаалагч хувцастай залуу зогсож байсан. Манай нөхөр хэлэхдээ тухайн хоёр залууг өөрийгөө зодсон гэж хэлж байсан. Тэгээд нөхрөө гэртээ аваад орсон үед манай нөхрийн нуруу болон гуя цээж хэсэгт нь мөн баруун чих нь хавдчихсан байдалтай байсан. /хх-ийн 14/ гэсэн,

 

гэрчээр Б.Лхагвасүрэнгийн:..” 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд гадаа бүрэнхий болсон байх үед орцонд согтуу хүн танхайраадбайна гэж хамгаалагчаас дуудлага өглөө гэсний дагуу очиж шалгахад 44f байрны 7 дугаар давхарт тухайн байранд оршин суудаг гэх Батсуурь гэх иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой дээгүүрээ цээж нүцгэн гэдэсний хэсэгт хэсэг газраа улайсан байдалтай байсан...дуудлага өгсөн хамгаалагч залуугаас юу болсон талаар асуухад энэ согтуу хүн орцонд шээгээд байхаар нь би дороос гарч ирээд шаардлага тавихад эсэргүүцэж надтай хэрэлдээд миний шанааруу цохисон гэж хэлсэн. Харин нөгөө согтуу залуу нь Амгаланбат гэх
хамгаалагч руу хандаж чи намайг цахилгаан бороохойгоор цохиулсан биз дээ гэх
мэтээр 2 биедээ гомдолтой байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж
өгөөрэй гэж хэлсэн. Дуудлага өгсөн хамгаалагч залуу гартаа резинэн бороохой
барьсан байсан, нөгөө хамгаалагч залуу нь гар хоосон байсан, очихоос өмнө өөр
тусгай хэргсэлтэй байсан эсэх талаар мэдэхгүй байна. 7 давхарт шээсэн гэх зүйл
байгаагүй, бусад давхарт хүн шээсэн талаар мэдэх боломжгүй байсан /хх-ийн 63-64/ гэсэн,

 

гэрчээр Л.Больхүүгийн:..”2015 оны 10 дугаар сарын 29-ний орой
хэдэн цаг гэдгийг санахгүй байна, манай байрны орцонд согтуу хүн орилоод байх
шиг чимээ сонсогдохоор нь би гэрийнхээ хаалгыг онгойлгож хартал бор царайтай
махлагдуу согтуу хүн манай гэрийн хаалгаар гүйгээд ороод ирсэн, орж ирээд
үүдний хэсэгт суухаар нь “юу болж байгаа юм” гэж асуутал тэр хүн надад юм
хэлэхгүй байсан, тэр хүний араас хөх өнгийн дүрэмт хувцастай жижиг шар
царайтай залуу орж ирээд үүдэнд хэсэг зогсож байгаад гараад явсан. Тэр дүрэмт
хувцастай хүн гарсны дараа нөгөө хүн манай гэрээс өөрөө гараад явсан” /хх-ийн 68/ гэсэн,

 

гэрчээр З.Батсүхийн:..”байрны гадаа ирж зогсоод хүргэн ахыг авч
лифтээр 12 давхарт гарч 13 давхар руу шатаар гарч очиход гэрт нь хүн байхгүй,
манай төрсөн эгч Баярмаа хүүхдээ цэцэрлэгээс авахаар явсан байсан, тэр үед
Батсуурь ах “гарч тамхи татангаа эгчийг чинь хүлээе” гээд байхаар нь би
“гэрийнхээ үүдэнд хүлээж бай” гэж хэлээд гэрийнх нь гадаа үлдээгээд өөрөө
лифтээр бууж машиндаа суугаад харьсан. Эгчтэйгээ ярихад удахгүй очлоо гэж
хэлсэн. Батсуурь ах бид 2 хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй” /хх-ийн
122-123/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүх шинжилгээний үндэсний 15770 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Т.Батсуурийн биед 1 шүдний ганхалт, чихний дэлбэн, дээд доод мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой ба дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-16/ гэсэн дүгнэлт болон нэг бүрийн тусгай хэрэгсэл мэх хэрэглэх аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 71/, хохиролд 200.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримт /хх-ийн 78/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115-116/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар гэмт хэрэг гарахад хохирогчийн  зүй бус харьцаа нөлөөлсөн байх бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Амгаланбат, Г.Ариунболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Боржигин овогт Ганбаатарын Амгаланбат, Боржигон овогт Ганчөдөрийн Ариунболд нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Амгаланбат, Г.Ариунболд нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал  зэргийг харгалзан  тэдгээрт албадан ажил хийлгэх ял оногдуулж, ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Батсуурь..”.тухайн үед миний шүд гэмтсэн,  шүдний эмч унасных нь дараа өөр шүд хийнэ” гэсэн. Одоогоор шүд хийлгэхэд шууд тодорхойлсон үнийн дүн болон баримт байхгүй ч судалж үзэхэд 2500000 төгрөг орчим болох юм байна лээ, шаардагдах төлбөрийг Г.Амгаланбат, Г.Ариунболд нараас гаргуулмаар байна” гэж мэдүүллээ.

 

Энэ шүүх хуралдаанаар хохирогчид учирсан шүдний төлбөрийн асуудлыг баримтгүй учир шийдвэрлэх боломжгүй бөгөөд Т.Батсуурь шүдний хохиролтой холбогдох зардлаа гэм буруутай Г.Амгаланбат, Г.Ариунболд нараас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                   

   ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Ганбаатарын Амгаланбат, Боржигон овогт Ганчөдөрийн Ариунболд нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Г.Амгаланбатыг 300 /гурван зуун/ цаг, Г.Ариунболдыг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Г.Амгаланбат, Г.Ариунболд нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар баривчлах ялаар сольж болох учрыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Т.Батсуурь шүдний хохиролтой холбогдох зардлаа гэм буруутай Г.Амгаланбат, Г.Ариунболд нараас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Г.Амгаланбат, Г.Ариунболд нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ