Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Б.Батцэцэг

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн 2022000000123 тоот  хэргийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ... сарын .....-ны өдөр .........аймгийн .......... суманд төрсөн, ..... настай, ........., ........... боловсролтой, ........., ам бүл-........, ......... Дундговь ...............оршин суудаг, ........, .........., Б овгийн Гын С /РД:........./

 

Шүүгдэгч Г.С нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн цэцэрлэгийн хашааны үүдэнд хохирогч Б.Быг “ухсан жорлонгийн нүхээ булсангүй, тугалаа 2 удаа татаж гаргалаа” гэх шалтгаанаар толгой хэсэг рүү нь гараараа цохих, толгойн ар дагз хэсэг рүү чулуугаар цохих, баруун, зүүн шанаа руу гараараа цохих, баруун гуя руу хөлөөрөө өшиглөх, чулуугаар гар, толгой руу цохих, цохисон чулуугаа хөл рүү нь шидэх зэргээр түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

- Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд цэцэрлэгийн гадаа Этэй хамт машинд нь сууж байхад манай хажуу хашааны залуу Б явж байгаа харагдсан. Би Бд хандаж чи хашааны гадаа ухсан нүхээ бөглөөдөх наад нүхэнд чинь манай тугал унаад байна гэж хэлсэн. Тэгэхэд Б би тэр нүхийг бөглөх шаардлагагүй гэсэн. Тэгээд миний хажууд сууж байсан Э ахтай машины цонхоор уулзаад юм ярьж байхаар нь би Быг зүүн гарынхаа ард талаар зүүн талын шанаанд нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Б уурлаад чи намайг зүгээр байхад цохидог хэн бэ гараад ир гэх мэтээр өөдөөс хашхираад эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад Бтай барилцаж аваад Быг ахин нэг удаа баруун гараараа зүүн талынх нь хацарт нэг удаа цохисон. Тэгээд би машиндаа буцаад суусан. Б машинтайгаа хажууд хүрч ирээд хоёулаа холхон гарч байгаад үзчих үү гэсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад очсон. Б бас эхнэртэйгээ машинаасаа буугаад миний өөдөөс чи сумын төвд малтай байх ёстой юм уу гэх мэтээр дайраад эхэлсэн. Тэр үед Э ах машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгаад намайг аваад явахад би Быг нэг удаа өшиглөсөн. Тэгээд газраас чулуу аваад Б руу шидсэн тэр чулуу Бы хөл, гуя орчимд нь онох шиг болсон. Би Быг гараараа нүүр толгой хэсэгт 2 удаа цохисон. Мөн нэг удаа өшиглөсөн. Газраас чулуу аваад шидэхэд хөл гуя хэсэгт нь оносон байх. Б миний цээж хэсэг рүү цохисон. Өөдөөс сарвалзаад байсан. Миний биед гэмтэл бэртэл үүсээгүй. Би тэр өдөр 2,5 литрийн Сэнгүр пиво 3-ийг хоёр найзтайгаа уусан байсан. Бид хоёрын хажууд Э, Бы эхнэр Э, Г, мөн манай ээж Н, мөн цэцэрлэгийн хүүхдээ авах гэж байсан хүмүүс нэлээн байсан тэр болгоныг санахгүй байна. Бд эмчилгээний төлбөр төлөөгүй байгаа. Сумын эмнэлэгт үзүүлсэн дусал, өвчин намдаах эмийн 6000 төгрөгийн төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-39-40/

- Хохирогч Б.Бы: ‘’...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд цэцэрлэгээс хүүхдээ аваад гарч байхад Манай сумын Эийн машинаас Г.С нь намайг дуудсан. Би яваад очиход С нэлээн согтуу миний өөдөөс саахалт хүний санаа нэг шүү гэсэн. Тэгэхээр нь би яасан бэ юу болсныг асуухад үгийн зөрүүгүй миний зүүн талын шанаа руу цохисон. Аль гараараа цохисныг нь санахгүй байна. Тэгээд би арагшаа алхаад чи яаж байгаа юм бэ гэхэд С машинаас буугаад би чиний ухсан нойлын нүхнээс чинь хоёр удаа тугалаа татаж гаргалаа гэсэн. Тэгэхэд нь би тэр нүхийг чинь бөглөх юм надад олдохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл С би чамд бүтэн сар хэлж байна чи бөглөхгүй байна гэж хэлээд намайг толгой руу нэг удаа цохисон, бас нэг удаа миний баруун талын гуя руу өшиглөсөн. Тэгэхэд нь би Сг өөрөөсөө түлхэж холдуулсан. Би эрүүлдээ чи наад асуудлаа хэлчхэж болдоггүй юм уу гэхэд тэр өөдөөс “чамд Луус суманд алхах газар байхгүй шүү, гаднын муусайн юмнууд, би Аварга байна” гээд амных нь 2 завжнаас хөөс гараад над руу дайрч давшилсан. Тэр үед Сгийн ээж Н цэцэрлэгээс ачаа аваад гараад ирсэн. Сг ээж нь чи боль гэж хэлэхэд С миний өөдөөс дайраад байсан. Стэй хамт явсан Э нь машинаас бууж Сг хориход С газраас чулуу шүүрч аваад миний толгойн ард дагз хэсэгт нэг удаа цохисон. Би тэр үед гараараа толгойгоо хамгаалсан. Тэр чулуугаараа миний гар болон толгойг хамт цохисон. Би арагшаа алхтал барьж байсан чулуугаа над руу шидсэн. Тэр чулуу нь миний зүүн талын гуяны гадна талд оносон. Эийн хажуу талаар нь С нь намайг өшиглөж цохисон. Миний баруун, зүүн шанаанд нэг нэг удаа цохисон. Би тэрэнд цохиулаад эргэтэл миний толгой ард тал дагз хэсэгт ахин нэг удаа гараараа цохисон. Бид хоёр зууралдаад зогсож байтал манай эхнэр Э ирж бид хоёрыг салгасан. Сгийн ээж нь ирээд түүнийг машинд нь суулгасан. Би бас машиндаа суугаад явсан. Би эргэж ирээд Стэй хоёулаа зодолдох уу? гэхэд С хөдөө гараад зодолдъё гэсэн. Би машинаа авах гэтэл эхнэр уурлаад машин өгөөгүй. Тэгээд би эхнэртээ уурлаад алхаж байх замд манай эхнэр цагдаагийн хэсгийн гадаа ирсэн байсан. Би хэсгийн төлөөлөгч дээр очоод болсон асуудлын талаар хэлж өргөдөл гаргасан. Миний толгой хэсэгт гараараа 6-7 удаа цохисон. Чулуугаар ард дагз хэсэгт нэг удаа цохисон. Зүүн болон баруун гуянд 3 удаа өшиглөсөн. Зүүн талын гуяны гадна талд чулуугаар шидэж оносон. Миний толгойн ард дагз хэсэгт хавдаж, тархи хөдөлсөн байна. Зүүн гарын бугуй хэсэг хавдаж хөндүүр байна. Мөн зүүн гуяны гадна хэсэг хөхөрч зөөлөн эдийн гэмтэл авсан. Миний дотор муухайрч толгой өвдөж байгаа. Нүд бүрэлзэх, чих шуугих зэрэг зовуурьтай байна. Алхаж гишгэхэд хүндрэлтэй байна. Би Сг цохиогүй өөрийгөө хамгаалах гээд холдуулж түлхсэн. С согтуу байсан, амнаас нь нил архи, пиво үнэртэж байсан. Бид хоёрын хажууд Э, Г манай эхнэр Э, Сгийн ээж Н, сургуулийн үйлчлэгч Байгаль эгч нар байсан. Манай нойл дүүрээд би хашааны гадна талд нойлын нүх ухуулсан юм. Тэр нүхэнд Сгийн тугал нь ойчсон гэсэн тэр асуудлаас болоод хэрүүл маргаан үүссэн. Гэмтлийн эмчид үзүүлэхэд тархи хөдөлсөн, битүү доргилттой байна, хэвтрийн дэглэм сахиж хэвтэн эмчлүүл гэсэн. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал мөнгө одоогийн байдлаар 500,000 төгрөг болсон тэр мөнгийг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар эмчилгээний төлбөр мөнгө өгсөн зүйл байхгүй байгаа...’’ гэх мэдүүлэг /хх-5-6/

- Гэрч С.Эгийн: “...Би нөхөртэйгөө 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад цэцэрлэгээс хүүхдээ аваад машиндаа суутал С нь ногоон өнгийн машинаас манай нөхрийг дуудсан юм. Тэгэхэд нь манай нөхөр очоод Стэй уулзсан. Би машиндаа хүүхдээ аваад байж байтал тэр хоёр хоорондоо чанга чанга дуугаар хашхиралдаад байсан. Би гайхаад яваад очтол Э ах манай нөхрийг тэвэрчихсэн С манай нөхрийн толгой руу нь хэд хэдэн удаа цохиж байсан. Би гүйж очоод тэр хоёрын голоор ороод хорьтол С манай нөхрийг өшиглөхөд манай нөхрийн хөл хавьд нь оносон. Тэгээд газраас чулуу аваад манай нөхрийн толгой руу нь чулуутай гараараа нэг удаа цохисон. Манай нөхөр цохиулаад арагшаа алхтал тэрээр гартаа байсан чулуугаа манай нөхөр рүү шидсэн. Тэр чулуу нь манай нөхрийн зүүн талын гуянд нь оносон. Би нөхрөө Сгээс салгаа эргэтэл араас манай нөхрийн толгой руу нь ахин 2-3 удаа цохисон. Тэр үед Э ахин голоор орж ирэн тэр хоёрыг салгасан. Тэгээд би нөхрөө аваад машиндаа суусан. Манай нөхөр машин барьж урагшаа явж байгаад эргээд цэцэрлэг дээр очоод Стэй маргалдсан. Тэгэхээр нь би нөхрөө аваад явсан. С манай нөхрийн толгой руу нь чулуугаар нэг удаа цохисон. Мөн гараараа 6-7 удаа толгой болон нүүр хэсэгт цохисон. Нэг удаа биеийнх нь хөл хэсэгт нь өшиглөсөн. С болон Э нар нь хоёулаа согтуу байсан. Манай нөхөр архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй юм. Б Сг цохиогүй. Тэнд Э байсан өөр хүн байсан эсэхийг би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-11-12/

- Гэрч Б.Гийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би ажлаа хийгээд айлд цахилгаан дуудлагаар явж байтал С, Э нар над руу утсаар залгаад Эийн тоолуурын шитнээс кабелийн утас салгаад өгөөч гэж гуйсан юм. Би кабелийн утсыг нь салгаж өгсөн. Тэр хоёр халамцуухан байсан. С, Э нар нь хүүхдээ цэцэрлэгээс авах ажилтай гээд цэцэрлэгийн гадаа очсон. Тэнд сургуулийн биеийн тамирын багш Б явж байсан. С Быг дуудсан. Тэр хоёр хоорондоо жорлонгийн нүхний талаар маргалдаад эхэлсэн. Б хашааныхаа гадна талд жорлонгийн нүх ухсан юм шиг байна лээ тэр нүхэнд нь Сгийн тугалууд унасан талаар хоорондоо маргалдсан. С машины урд талын суудал дээр сууж байсан. Б багш машины цонхоор уулзаж байхад С Быг нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Б чи яаж байгаа юм бэ зүгээр байсан хүнийг зодоод гэсэн. Тэгэхэд С машинаас буугаад машины ард талд энэ хоёр хоорондоо маргалдаад байсан тэгэхээр нь би Эд хандаж “чи гарч энэ хоёрыг салгаа албан байгууллагын гадаа согтуу зодоон хийгээд” гэж хэлсэн. Тэгээд Э машинаас буугаад тэр хоёрыг салгаж байгаа харагдсан. Энэ хоёр машины ард талд маргалдаад тоос босоод байсан тэр асуудлыг нь би хараагүй. Э Сг аваад машинд суулгах гэтэл С эргэж хараад Быг нэг удаа хий өшиглөсөн. Мөн нүүрэн хэсэгт нь хоёр удаа алгадсан. Тэгээд Б багш машиндаа суугаад яваад өгсөн. Хэсэг байж байгаад Б эргээд хүрээд ирсэн. Ирэхдээ их ууртай хоёулаа зодолдох уу гээд Сг өдөөд эхэлсэн. Тэгэхэд С машинаас буугаад энэ хоёр ахин машины ард талд муудалцаад байгаа бололтой байсан. Эийн машины ард талын цонх нь хагархай түүнийгээ даавуугаар хаасан байсан болохоор надад юм харагдаагүй. С Быг машин дотор сууж байхдаа нэг удаа нүүр рүү нь цохисон. Машины гадаа ямар ч байсан хоёр удаа алгадаж байгаа харагдсан. Нэг удаа хий өшиглөсөн. Мөн газраас нэг чулуу аваад шидэж байсан. Тэр чулуу нь оносон эсэхийг нь би хараагүй. Бы нүүрэнд нь цохиж байхыг нь харсан. Толгой хэсэгт нь цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна машины ард талд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Э С хоёр халамцуу байсан. Машинд нь пивоны хоосон сав байсан. Б эрүүл саруул байсан. Тэнд Э, Бы эхнэр Э, Сгийн ээж Н, миний бие байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/

- Гэрч Ч.Эийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Стэй таараад бид хоёр 2,5 литрийн пиво нэгийг хувааж уусан юм. Манай машинд манай сумын Г хамт явсан. Хүүхэд цэцэрлэгээс авах цаг болох гэж байсан учраас бид гурав миний машинтай цэцэрлэг дээр очсон. Цэцэрлэгийн гадаа манай сумын сургуулийн биеийн тамирын багш Б.Б явж байсан. С Быг дуудаад тэр хоёр хоорондоо уулзаж байсан. С Бд “ухсан нүхэнд чинь манай тугал ойчоод байна би 2,3-н удаа татаж гаргалаа гэж” хэлж байсан. Тэгээд С Быг зүүн гарынхаа ард талаар зүүн талын шанаа руу нь алгадсан. Б “чи зүгээр байж байгаа хүнийг яагаад цохиж байгаа юм бэ” гэж уурлахад С машинаас буугаад явсан. Би араас нь гараад тэр хоёрыг салгасан. Намайг машин тойроод очих хооронд юу болсныг би хараагүй. Би очоод тэр хоёрыг салгасан. Намайг салгахад С Быг нэг удаа хий өшиглөж байсан. Тэр нь Быг оноогүй. Нэг удаа толгой руу нь цохисон. Тэгээд би Сг салгаад машинд суулгасан. Б мөн эхнэр хүүхдүүдтэйгээ машиндаа суугаад явсан. Төд удалгүй Б машинтайгаа эргэж ирээд хажууд зогссоноо Сг “гараад ир хоёулаа хөдөө гараад үзчих үү” гэсэн. Тэгэхэд С машинаас буусан. Манай машинд хамт байсан Г надад чи буугаад наад хоёроо салга С газраас чулуу авчихлаа гэсэн. Тэгэхээр нь би буугаад Сгээс барьж байсан чулууг нь булааж авч хаясан. Тэр үед Сгийн ээж цэцэрлэгээс гарч ирээд Сг машинд суулгаад би гэрт нь хүргэж өгсөн. С Быг машинд сууж байхдаа нэг удаа цохисон. Машинаас буугаад би тэр хоёрыг салгах гэж байхад нэг удаа толгой руу нь цохисон. Мөн нэг удаа хий өшиглөсөн. Бусад зүйлийг нь сайн харж амжаагүй. С бид хоёр 2,5 литрийн пиво нэгийг хувааж уусан. Надаас өмнө уусан эсэхийг нь би мэдэхгүй. Тэнд би Бы эхнэр Э, машинд Г, мөн Сгийн ээж Н, мөн цэцэрлэгийн хүүхдээ авах гэж байсан хүмүүс нэлээн байсан тэр болгоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-15-16/

- Гэрч Д.Б: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би зээ хүүгээ цэцэрлэгээс авахаар цэцэрлэг рүү явж байхад цэцэрлэгийн үүдэнд манай сургуулийн биеийн тамирын багш Б, мөн сумын малчин С нар нь хоорондоо маргалдаж байсан. С нэлээн согтуу Б багшийг зодож байгаа харагдсан. Намайг харж байхад С Бы толгой хэсэгт нь 3-4 удаа гараараа цохиж байсан. Мөн нэг удаа өшиглөж байсан. С их том биетэй учраас Быг тэвэрч аваад шидэж унагаад дээрээс нь дэвсэх гэтэл Э ирээд Сг хорьсон. Тэгээд би цэцэрлэг рүү хүүхдээ авах гээд орсон. Гарч ирэхэд тэд нар явцгаасан байсан. С цэцэрлэгийн хашааны үүдэнд Быг гараараа толгойн ард дагз хэсэгт нь 3-4 удаа цохисон. Б 2 гараараа толгойгоо хамгаалаад тонгойсон байдалтай байсан. С мөн нэг удаа Бы өгзгөнд нь өшиглөсөн. Сг харахад нэлээн согтуу байсан. Б архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй юм. Б багш Сг цохиж байхыг би хараагүй. Тэнд Э, Бы эхнэр Э, Машин дотор Г байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 223 дугаартай: “Б.Бы биед тархи доргилт, чамархайд зөөлөн эдийн няцрал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-20-21/

- Шүүгдэгч Г.Сгийн 2020.10.27-ны өдрийн “Дундговь аймгийн Луус сумын Г.С миний бие нь Г.Быг зодож биед нь гэмтэл учруулсан. Г.Бы эмчилгээний зардалд 144.000 төгрөгийн хонь өгч хохирол, гомдолгүй болгосон. Г.С миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдвэрлэж өгнө үү” гэх бичгийн хүсэлт /хх-ийн-45/

- Хохирогч Б.Бы 2020.10.27-ны өдрийн “Дундговь аймгийн Луус сумын иргэн Б.Б миний бие Иргэн Г.Сд гомдол гаргаж өргөдөл өгсөн. Г.С нь миний эмчилгээний зардал болох эм тариа дуслын үнэ 62.000 төгрөг, бариа засал тан хэрэглэсэн үнэ 62.000 төгрөг нийт 144.000 төгрөг эмчилгээний зардлыг нийт үнийн дүнгээр тооцон нөхөн төлбөрт 1 хонь өгч бүрэн барагдуулсан тул хэргийг хааж өгнө үү” гэх бичгийн хүсэлт /хх-ийн-46/

- Багийн засаг даргын тодорхойлолт /хх-26/

- Мал тооллогын баримт /хх-27-28/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 сарын 06-ны өдөр хохирогч Б.Быг зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Б нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь тархи доргилт, чамархайд зөөлөн эдийн няцрал, гуянд цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 223 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.С нь 144.000 төгрөгийн хохиролд дүйцүүлэн 1 хонь өгч хохирогч Б.Баас санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болсон тул түүнийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, энэ нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм.

 

Шүүгдэгч Г.С нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Сд Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.С шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Гын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН