Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/98

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Ц

Улсын  яллагч М.Оюунбат

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Бт холбогдох эрүүгийн 2022002350121 тоот  хэргийг 2020 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...оны .....дугаар сарын ...ны өдөр ......төрсөн, ....настай ....й, ..., жолооч мэргэжилтэй, .....жилтай, ам ... ......... суух, урьд 1 урьд нэг ., Д овгийн Лын Б /РД:......../

 

Шүүгдэгч Л.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг, Хөх худаг гэх газарт иргэн Г.Гыг ямар ч шалтгаангүйгээр хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2020.09.05-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд Майхан гэх газарт найранд ирсэн. Найранд ирээд 06-ны өдөр нь Г гэдэг айлд очоод архи уугаад согтсон байсан. Тэгээд хүн хутгалчихлаа гээд хэлэхээр нь гэнэт ухаан ороод сэрсэн. Тэгсэн Г.Г гэдэг хүнийг хутгалсан байсан...” гэв.

- Яллагдагч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020.09.05-ны өдөр Улаанбаатар хотоос эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн      Баян-Өнжүүл сумын бүрд гэх газар эхнэрийн дүүгийн охин айлын бэр болоод найранд нь очсон. Тэгээд тэндээ хоночхоод маргааш нь буюу 2020.09.06-ны өдөр өглөө би найр болсон айлаас зайдуу гарч машиндаа унтчихаад орой 17 цагийн үед эхнэрийн дүү болох Г.Гийнд очсон. Тэнд очоод айраг уусан. Тэгээд сүүлдээ болсон асуудлыг санахгүй байна, би согтсон байсан. Маргааш өглөө нь юу болсон талаар мэдсэн. Би согтсон ч гэсэн эрүүл хүн шиг яваад байдаг болсон асуудлыг мэддэггүй юм...” гэх мэдүүлэг /хх-39-40/

- Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020.09.05-ны өдөр манай нэг дүүгийн охин айлын бэр болсон. Тэгээд бид нар бөөнөөрөө айлын найранд очсон. Тэгээд найрын маргааш буюу 09 сарын 06-ны өдөр 15 цагийн үед дүү Г.Гийнд бөөндөө ирээд байж байсан. Г.Гийнд ирээд байж байтал Л.Б согтуу машинтайгаа давхиад ирсэн. Ирчхээд гадуур хашхичаад яваад байсан. Тэгээд намайг гэрт хэвтэж байхад орж ирээд миний толгойд 3 удаа цохиод авсан. Тэгээд намайг гараад ир гээд байсан. Б өөрөө гэрийн үүдэнд намайг дуудаад байсан. Тэгэхээр нь би босоод үүд рүү явтал гэрт байсан А гэх хүн Быг хутгатай байна гэж хэлсэн. Тэгтэл Б миний зүүн сүвээнд хутгаараа шууд дүрчихсэн, тэгээд дахиад гэдэс рүү бас дүрсэн. Тэгээд яаж байгаа юм бэ гээд гэрээс гарсан. Гадаа нөгөө гэрийн үүдэнд манай охин малын гэдэс арилгаж байсан. Тэгээд аавыг алчихлаа ш дээ гээд гүйгээд ирсэн. Тэгээд эргэж гэр рүү ороод гэдсээ даавуугаар ороогоод охин хүргэн хоёртойгоо шууд сумын төв рүү явж сумын эмнэлэгт очиж үзүүлээд аймгийн төв рүү орсон...” гэх мэдүүлэг /хх-14-15/

- Гэрч Б.Бын “...Би 2020.09.06-ны өдөр аавынхаа дүү болох Г.Гийнд найраас ирчхээд гэрийнх нь баруун хойд талд машин дотор унтаж байсан. Тэгээд би 17 цаг өнгөрөөгөөд сэрээд Гийн гэрт ороод хоол идээд байж байтал Г ах болон Б ах 2 хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд Б ах болохоор орж гараад хэрүүл хийгээд байсан, Г ах гэр дотор суугаад байсан. Б ах гэрийн гаднаас Г ахыг дуудаад гарч байгаад учраа олъё гэсэн. Тэгээд Г ах үүд рүү очсон. Тэгтэл гэнэт гэрийн үүдэнд тачигнаад явчихсан. Тэгээд юу болов гээд хартал Б ах хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би Г ахыг татаж аваад урдуур нь ороод зогссон. Тэгээд Сүхээ ах Бын хутгыг нь салгаж авсан. Тэгтэл Г ахын гэдэснээс нь цус гарч байсан. Гыг ахыг гэдсээр нь даавуугаар боогоод охин хүргэн хоёр нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/

- Гэрч Н.Агийн: “...2020.09.05-ны өдөр ах дүүгийн хамт найранд суучхаад маргааш нь буюу 2020.09.06-ны өдөр 15 цагийн үед Гийнд ирсэн. Ирсэн хүмүүсийн зарим нь унтаад, зарим нь айраг уугаад байж байсан. Л.Б найр болсон айлаас бид нараас түрүүлээд явсан. Бид нарыг Гийнд очиход Л.Б хүрээд ирсэн. Г гэрт хэвтэж байсан чинь Б орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Би хүүтэйгээ хоол идээд байж байтал Б орж ирээд Гыг гараад ир гэхэд Г өөдөөс нь явсан. Тэгэхээр нь би үүд рүү харахад Бын гарт хутга байсан, хөөе гэж хэлэхийн хооронд Г гэрийн үүдэнд яваад очсон. Тэгээд манай хүү Гын араас татаж автал Б цаашаа гарсан. Тэгээд Л Бын хутгыг Г араас нь очоод булааж авсан. Тэгээд Г.Гын гэдэснээс цус гараад байсан. Тэгээд гэдсийг нь алчуураар боож аваад охин хүргэн хоёр нь сум руу явсан...” гэх мэдүүлэг /хх22-23/

- Гэрч Г.Гийн: “...2020.09.05.-ны өдөр манай ах дүү нар айлын найранд очоод маргааш нь буюу 2020.09.06-ны өдөр 15 цагийн үед манайд ирцгээгээд зарим нь унтаж байсан. Би том гэрт унтаж байсан чинь гэнэт хүмүүс хашхиралдаад байхаар нь сэрсэн чинь Л.Б хутга барьчихсан гэрийн үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би босож очоод хутгатай гар луу нь цохисон чинь хутга нь газар унасан. Тэгээд би хутгыг нь аваад цаашаа тавьсан. Тэгсэн чинь манай ах Гын гэдсэнд 2 хутгалчихсан байсан. Тэгээд гэдсээр нь даавуугаар ороогоод сумын эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 197 дугаартай “...Г.Гын биед хэвлийд хатгагдсан шарх, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатгагдсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-27-28/

- Хохирогч Г.Гын “Дэлгэрцогт сумын 2-р багийн иргэн Г.Г миний бие иргэн Бт ямар нэгэн санал, гомдол байхгүй ээ. Энэ хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, отроор нүүж яваа” гэх бичгийн хүсэлт /хх-ийн-65/

- Шүүгдэгч Л.Бын 2020.10.29-ны өдрийн “Л.Б миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчдоо эмчилгээний зардал гарвал төлж эмчлүүлнэ. Тийм учраас энэ хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү” гэх бичгийн хүсэлт /хх-ийн-66/

- Хохиролд нийт 720.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн-53-54/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх8-11/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар /хх-48, 52, 59-61/

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Г.Г нь 2020 оны 6 сарын 6-нд бусдад хутгалуулсан, үүний улмаас

хохирогчийн биед “хэвлийд хатгагдсан шарх, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл” учирсан байсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч Г.Гын биед учирсан дээрх гэмтлүүдийг 2020 оны 09 сарын 06-нд шүүгдэгч Л.Б учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 197 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Бын үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Бт Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь хохиролд нийт 720.000 төгрөг төлсөн, хохирогчоос хэрэгт нэмж нэхэмжлэл гаргаагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 65-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см, бариул хэсэг нь 12 см нийт 22 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.       

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Шүүгдэгч Д овгийн Лын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Шүүгдэгч Л.Бт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол нийт 720.000 төгрөг төлсөн, хохирогч Г.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН