Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

                    

 

 

 

 

 

 

 

                   

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

Улсын яллагч: М.Оюунбат

Иргэний нэхэмжлэгч Н.Т

Шүүгдэгч: Б.Б, Б.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Б.Х холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Х нарт холбогдох 2022000770111 тоот хэргийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ны өдөр ............ суманд төрсөн, ..настай, ........... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Б овогт Бын Б /....../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, ........... боловсролтой, ........... ажилгүй, ............ суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Х овогт Б Х /РД:....../

 

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай, Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож улмаар зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Б биед хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай, Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

А. Зам тээврийн осол гаргаж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн талаар:

 

-  Шүүгдэгч Б.Б нь шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2020.02.05-ны орой Х гэдэг хүн манай уурхай дээр хүмүүс ирээд дээрэлхээд байна та нараас нэг хүн очоод туслаад өгөөч гэсэн. Тэгээд маргааш өглөө нь бас ирээд гуйгаад байхаар нь би хөгшин хүн гуйгаад байхад гэж бодоод яваад ийм осол болсон...” гэв.

-  Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020.02.04-ний өдөр Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт харуулын ажил гүйцэтгэж байхад Х гэх хүн ирээд ...манай уурхайн хариуцагч намайг манаачаар үлдээгээд ирэхгүй болчихлоо, сум руу яваад ирэх хэрэг байна... машин бариад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй. Маргааш өглөө нь Х гэх хүн дахиад машин унаад ажил дээр ирээд сумын төв яваад өгөөч гэсэн тул Булган гэх харуулын хамт би машиныг нь бариад сумын төв рүү явж байтал дохио ажиллаад байна гэж Булган хэлсэн. Тэгэхээр нь дохио унтраах гээд оролдож байгаад замын ховилд цохиулсан. Тэгтэл хамт явж байсан Булган, Х хоёр замаас гарчихлаа, нөгөө тийш нь дар, нааш нь дар гэж намайг сандаргаад тэгээд онхолдчихсон. Тэгээд цагдаа ирээд эмнэлэг рүү аваад явсан. Зам ямар нэгэн халтиргаа, гулгаа байгаагүй, бид 3 архи уугаагүй эрүүл байсан. Х гэдэг хүн миний найзын машин байгаа юм би өөрөө мэдээд авч явж байгаа юм гээд байсан. Би огт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, тэр талаараа Хд хэлсэн. Та өөрөө эрхтэй юм уу гэхэд, би жолооны үнэмлэхгүй, сумын төв дөхөөд би машин барьчихна гэж хэлсэн. Тэгээд сум  явсан... гэх мэдүүлэг /хх-83/

- Иргэний нэхэмжлэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хоёр хүн яаж нэгнээ таньж мэдэж явсан юм бол гэгийг гайхаж байна. 2020.02.02-ны өдөр Гийг уурхай дээр үлдээсэн. Тэгэхэд Х гэх хүн хажууд хамт явж байсан. Тухайн үед энэ хүнийг яах гэж байгаа талаар танилцуулаагүй. Би Улаанбаатар хот руу буцсан. Г надад Улаанбаатар явлаа гэж хэлээгүй, тэгсэн ийм үйл явдал болсон байсан. 2 сарын 6-ны өдөр Г машиныг чинь хулгайд алдчихлаа гэж надад анх мэдээ өгсөн. Тэгээд би тэр асуудлынх нь дагуу цагдаад мэдэгдсэн. Компанийн зүгээс үнэлгээгээр гарсан 15.985.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хамгийн гол нь хохирлоо төлөөд барагдуулаад өгчихвөл гомдол санал, нэмээд нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэв.     

- Хохирогч Д.Б: “...Баянжаргалан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Хуучин-Андууд ХХК-ны нүүрсний уурхайд Б, Энхтүвшин 3 хамгаалагчаар ажилладаг. 2020.02.06-ны өдөр би ээлжээс буугаад Энхтүвшин ээлжид гарсан өглөө 09 цагийн үед баруун уурхайн манаач Х гэх өвгөн 70-22 ДУА улсын дугаартай цагаан өнгийн машинтай манай уурхай дээр ганцаараа ирсэн. Ирээд харуулын ахлах Бийг хамт сум яваад өгөөч гэж гуйсан. Б намайг хамт яваад ирэх үү хурдан ирнэ гэхээр нь би зөвшөөрөөд бид 3 хамт явсан. Б тэр машиныг унаад, Х хажууд нь суугаад, би арын суудалд суугаад явсан. Уурхайгаас хөдлөөд 10 гаруй километр явж байхад би машины чинь дохио ажиллаад байна гэж хэлсэн чинь дохиогоо янзалчхаад цаашаа явж байгаад Б тонгойх шиг болсон машин нь замын хажуу тал руу гарахаар нь би сандраад хөөе замаас гарлаа гэж хэлтэл Б зүүн гар тал руугаа огцом дарж замын нөгөө тал руу гараад сандраад ахиад нөгөө тийш нь дараад машинтайгаа унасан. Онхолдсоны дараа бид 3 машинаас гарч ирээд, би буцаад уурхай руу явган алхаад нөгөө 2 машин дээр үлдсэн. Манайг алхаад 13 цагийн үед уурхай дээр ирэхэд тэр хоёр замын машинд суугаад ирчихсэн байсан. Х нь согтуу байсан, Б архи үнэртүүлчихсэн байсан. 16 цагийн үед Г ирээд тэр 2-ыг аваад сум явсан. Миний хөл шагайгаараа хавдаж шилбэний хавчаар яс хугарсан. Х уурхайн машиныг зөвшөөрөлгүй унаад явж байна гэж мэдээгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй.” гэх мэдүүлэг /хх-17-18/

- Иргэний нэхэмжлэгч Н.Тын “...Тэр машин нь Ган-Илч ХХК-ийн машин байгаа юм. Уурхайн үйл ажиллагаа зогссон байгаа учир манаач унаж ус авах гэх мэт ойр зуурын хэрэгцээнд унах зориулалтаар авч ирсэн машин. Уурхайгаас гадагш явах тохиолдолд миний зөвшөөрлөөр унах ёстой. Тухайн үед Гт унах эрх байсан боловч эзгүй хойгуур нь авч ирсэн хүн нь унаад онхолдуулсан гэсэн надад мэдэгдсэн зүйл огт байхгүй. Г тэр хүндээ машин унаж явах зөвшөөрөл өгсөн үгүйг би мэдэхгүй. Харагдах талаасаа кабин нь эвдэрсэн байна. Бусад эд зүйлийг нь сайн мэдэхгүй байна тог байхгүй, кобуд нь онгохгүй байгаа. Үнэлгээний байгууллагаас үнэлгээ нь гарах байх. Уурхай дээр байхдаа хэвийн ажиллагаатай байсан машин, Мөнх хада ХХК-д үйлчилгээнд цаг тухай бүртээ орж байдаг юм. Зүгээр байсан машиныг унаж онхолдуулсан хүмүүсээс хохирлоо гаргуулж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-22-23/   

          -   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13/

          -  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/

          - 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 63 дугаартай шинжээчийн “...Д.Б биед зүүн шилбэ ясны гадна хавчаар ясны далд хугарал, зүүн шилбэ, өсгий, хөлийн хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2020.02.06-ны өдөр зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамааран...” гэх дүгнэлт /хх-36/

          - Дундговь аймгийн Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн хошууч Т.Гын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай “...Ланд 77 маркийн 20-77 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 3.2.а/-д замын хөдөлгөөний тухай Венын конвенцэд нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Ланд 77 маркийн 20-77 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-48/

          -  Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай 15,985,000 төгрөгийн хохирлын үнэлгээ /хх-53-54/

          - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй лавлагаа /хх-ийн 118/

- Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-85, 89/ зэрэг бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Б. Тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн талаар:

 

            - Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

          - Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр зөвшөөрөлгүйгээр автомашин авч явсан нь үнэн. Тэгэхдээ би өөрөө барьж яваагүй, хүнээр бариулж явсан. Тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-77/

           - Иргэний нэхэмжлэгч Н.Тын “...Тухайн үед уурхай дээр түр сахиул хийж байсан О.Г гэх хүн над руу утсаар ярихдаа компанийн машиныг хулгайд алдчихлаа гэж мэдэгдсэн. Тэрний дагуу би Баянжаргал сумын цагдаатай холбогдож хэлчхээд Улаанбаатар хотоос гарсан. Баянжаргалан суман дээр ирээд Гтой уулзахад машин сумаас баруун урагш зам дээр онхолдсон байсныг сая оллоо. Цагдаагийн хүмүүс хэргийн газрын үзлэг хийсэн гэж хэлсэн. Тэгтэл машин хулгайд алдагдаагүй Г уурхай руу очихдоо өөрийн найз гэх хүнийг дагуулж уурхайд үлдээгээд ажлын байраа орхиод Улаанбаатар хот руу явсан хойгуур нь нөгөө хүн нь дур мэдэж хөшөөн дотор байсан машиныг унаад гарч яваад онхолдуулангуутаа Гт энэ хашаан дотор байсан машин алга болчихлоо гэж хэлээд, Г над руу тар байдлаар танилцуулж, би цагдаа руу бас тэгж гомдол гаргасан юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, хамгийн түрүүнд хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

            - Гэрч П.Эий “...Баруун уурхайн манаач өглөө 09 цагийн үед машинтайгаа ирээд Б, Булган хоёрыг аваад сум яваад ирье гээд явцгаасан. Өдөр 12 цаг 30 минутын үед Б манаач 2 ирээд араас нь Булган ирсэн. Булган ирээд машинаасаа унагаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-31/

            Гэрч О.Гийн “...Би Ган-Илч ХХК-ны Баянжаргалан сумын нүүрсний уурхайгаа хариуцаж хараад байж байна. Х гэдэг хүн манай найз байгаа юм. Би энд ажиллуулах санаатай хэд хоног харъя гээд авч ирсэн юм. Тэгээд уурхай дээр орхиод 2 хоног Улаанбаатар хот яваад ирсэн чинь уурхайд хүн байгаагүй. Тэгээд шалгасан чинь уурхайн арын албаны машин байхгүй байсан. Хажуу талын уурхай дээр очсон чинь Х хажуу талын уурхайн харуулын ахлагчтай хамт согтуу байсан. Юу болов гээд асуусан чинь үүрээр 04 цагийн үед хүмүүс манай машиныг хулгай хийгээд аваад явсан гэхээр нь би тэр 2-ыг аваад суманд ирж цагдаад мэдэгдсэн. Наашаа явахад энэ хавьд нэг цагаан машин унасан байсан гэж шаланзны жолооч хэлсэн тэр машиныг очиж үзэх үү гээд, энэ хавьд гэсэн гээд заагаад очсон чинь манай машин мөн байсан. Би Хаас чи унаж яваад энд унагасан байна гэсэн чинь би унаагүй гэхээр нь шууд цагдаагийн хэсэг дээр ирсэн. Энэ машин манай компанийн эзэмшлийн 70-22 дуа улсын дугаартай Ландкруйзер-78 /лонг/ маркийн хуучин машин байгаа. Уг нь би ойр зуурт унах ёстой машин байгаа юм. Түлхүүр нь надад байсан би асаах гээд үзтэл асахгүй байхаар нь түлхүүрийг нь зоолттой орхиод явсан. Тэгсэн манай найз намайг эзгүй хойгуур дур мэдээд асуугаад явсан юм шиг байна. Машины кузов бол ямар ч эргээд ашиглах боломжгүй болсон, бүх шил нь хагарсан. Хохирлоо барагдуулж авна...” гэх мэдүүлэг /хх-33/

            - Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-86, 115, 119/

          -  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.03-ны өдрийн 1247 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 112-113/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          В. Шүүгдэгч нарын гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай, Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож улмаар зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Б биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 70-22 ДУА улсын дугаартай, Ландкруйзер-70 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Б, Б.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгч Б.Б нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 3.2.а/-д замын хөдөлгөөний тухай Венын конвенцэд нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч “Ган Илч” ХХК-д 15.985.000 төгрөгийн хохирол учирчээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг, шүүгдэгч Б.Хыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Г. Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч “Ган Илч” ХХК-д 15.985.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч Д.Баас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн хохирогч Д.Бд төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгч Б.Боос  15.985.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Ган Илч” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Хын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь зам тээврийн осол гарахад шалтгаант холбоогүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Д. Бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Х овогт Б Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б овгийн Бын Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х овогт Б Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 /гурван зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч Б.Хд мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Д.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 15.985.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ган-Илч ХХК-д олгосугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                         З.ШҮРЭНЧУЛУУН