Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Э.М

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 2022000000117 тоот  хэргийг 2020 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......төрсөн, ......., эмэгтэй, ............ боловсролтой, ............. ажилтай, ам бүл-............ суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн БТ /.........../

 

Шүүгдэгч Б.Т нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор газ” ХХК-ний хийн түлш түгээгүүрийн байранд Э.Мгийн биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед манай нөхөр бид 2 гэр бүлийн маргаантай байсан. Тэр үед манай нөхөр хотоос манай ажлын байран дээр ирээд түгээгч Э.Мтай ярилцаж байхыг ажлын камераар харсан. Э.М нь манай нөхрийг буруу зүйлд татан яриад сууж байсан. Тэр яриаг нь би сонсоод уурандаа очиж түгээгчдээ гар хүрсэн нь миний буруу. Тухайн үед ярьсан яриа нь надад бичлэг болоод үлдсэн байгаа. Э.М манай нөхөрт найз хүүхнийхээ талаар ярьж байсан. Тиймээс гар хүрсэн...” гэв.

2. Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Эрхлэгч Б.Тийн нөхөр П.Э ажил дээр ирж дайвар тараадаг. Тэр үед манай хүүхэд найзын хүүхэдтэй цуг байсан, найз эзгүй байсан юм. Би нэгжгүй болоод хүүхэд рүүгээ Б.Тийн нөхрийн утсаар залгасан. Тэгээд Тийн нөхрийг манай найз ирсэн байна уу? үзээд өгөөч гээд гэр рүү явуулсан юм. Тэрийг нь эрхлэгч дагаж явж харсан юм байна лээ. Тэгээд удалгүй нөхөр нь машин алга гээд ирсэн. Тэгтэл эрхлэгч ажлын утас руу залгаж нөхрөө сурахаар нь байна гэж хэлээд нөхөртэй нь яриулсан. Тэгсэн эрхлэгч удалгүй орж ирээд толгой руу цохиж, зодсон. Миний хувьд ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Яг хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. ..” гэв.

3. Яллагдагч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2020 оны 09-р сарын 18-ны өдөр 21:18 цагт утсаараа ажлынхаа камерыг шалгасан юм. Тухайн үед манай нөхөр П.Э манай ажил дээр очсон байсан бөгөөд манай ажилтан Э.Мтай ярилцаж байсан. Манай ажлын камер дуу, дүрс бичдэг юм, Тэгээд би яриаг нь сонссон чинь Э.М манай нөхрийг найз хүүхэнтэйгээ уулзуулах гээд фейсбүүк хаягийг нь өгсөн, утасны дугаарыг нь өгсөн, гэрийг нь зааж өгсөн, гэр лүү нь явуулсан. Тэгээд манай нөхөр тэр эмэгтэйн гэр лүү нь явахаар нь би нөхрийнхөө араас сэм дагасан. Тэгээд тэр хүүхэн нь гэртээ байгаагүй болохоор манай нөхөр буцаад манай ажил дээр яваад очсон. Тэгээд би ажил руугаа очиход Э.М, П.Э хоёр юм яриад сууж байсан. Би ажил руугаа ороод та хоёр намайг яаж дээрэлхээд байгаа юм гэж хэлээд  Э.Мгийн нуруун дундуур нь цохисон, хөл рүү нь өшиглөсөн. Нөхрийгөө нэг удаа алгадаж авсан. Би тухайн үед хайч барихын хувьд барьсан, гэхдээ би Э.Мг хайчаар цохиж зодсон юм болоогүй. Э.М манай нөхрийг найзтайгаа уулзуулж учруулах гэж байсан болохоор би зодсон юм. Би тухайн үед эрүүл байсан. Э.М манай клонкод түгээгчээр ажилладаг. Бид 2 хоорондоо энгийн л харилцаатай хүмүүс. Бид 2-ын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Сая л ийм сонин асуудал боллоо. Э.М ер нь намайг хэнтэй уулзаж, ямар хүнтэй харьцаж байгаа талаар манай нөхрийг хот руу явсан байхад нь утасдаж хэлдэг байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-22-23/    

4. Хохирогч Э.Мгийн ‘’...2020 оны 09-р сарын 18-ны өдөр би Гор-газ дээр ажил үүргээ гүйцэтгээд байж байтал 22:40 цагийн орчимд манай эрхлэгч Б.Тийн нөхөр П.Э ирсэн юм. П.Э хот, аймгийн хооронд явдаг, хүмүүсийн дайвраа ажил дээр тараадаг юм. Тэгээд ажил дээр ирээд хоол идээд сууж байсан юм. Тухайн үед би нэгжгүй байсан болохоор П.Эын утсаар найз Оюунгэрэл рүү залгуултал утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би П.Эыг манай найзын гэр лүү нь очоод гэртээ байна уу үзээд өг гэсэн. Тэгээд П.Э явчхаад буцаж ирээд алга байна гэсэн. Удалгүй манай эрхлэгч Б.Т ажлын утас руу залгаад нөхрийгөө асуусан, нөхөр нь болохоор байхгүй байна гэж хэл гээд байсан. Тэр хоёр маргаантай байсан юм байна лээ, би тухайн үедээ мэдээгүй. Тэгээд би ажлын утсыг П.Эод өгөөд тэр хоёр хоорондоо ярьж байх шиг байсан. Тэгтэл удалгүй эрхлэгч Б.Т орж ирсэн, намайг юм бичээд сууж байхад үг дуугүй миний шилэн хүзүү рүү цохисон. Тэгээд хонго, нуруу, шилбэ рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би яаж байгаа юм гэсэн чинь чи найзыгаа худалдах гэлээ, манай нөхөртэй найзыгаа уулзуулах гэлээ гээд хардсан. Манай ажил чагнах төхөөрөмжтэй болохоор Б.Т чагнаад байж байсан юм байна лээ. Тэгээд Б.Т хайч бариад намайг хана руу шахахаар нь би хажуугаар нь гараад гадагшаа гарсан. Тэгээд би хэсэг гадаа байж байгаад одоо тайвширсан болов уу гээд эргээд ортол Б.Т толгой руу 2-3 удаа цохиж аваад хөл рүү өшиглөсөн. Тэгээд нөхөртэйгөө хамт гараад явахдаа намайг өшиглөчхөөд гарч явсан. П.Э тухайн үед байсан, юу ч хийхгүй суугаад байсан. Миний толгой өвдөөд байсан эмнэлэгт үзүүлэхэд тархи хөдөлсөн байна гэж байсан. Доошоо юм гараад байгаа. Тэр нь доргилтоос болсон байна гэж байсан. Нуруу бас өвдөж байна. Би тухайн үед нь гайгүй байх гэж бодож байсан юм. Тэгтэл бие өвдөөд байсан болохоор би 3 хоногийн дараа гомдлоо гаргасан юм. Надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Аймгийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...” гэх мэдүүлэг /хх-09-10/

5. Гэрч П.Эын: ‘’...2020 оны 09-р сарын 18-ны өдөр би эхнэртэйгээ ам мурийчихсан байсан. Тэгээд эхнэрийнхээ ажил дээр нь сууж байсан бөгөөд би түгээгч Э.Мтай түүний найз эмэгтэйн талаар яриад сууж байсан юм. Манай эхнэрийн ажлынх нь камер дуу бичдэг болохоор манай эхнэр буруу ойлгоод хүрч ирээд түгээгч Э.Мтай муудалцаад Э.Мг ганц нэг алгадаад өшиглөж авсан. Ийм л асуудал болсон. Э.Мтай би найз эмэгтэйн талаар ярилцаж байсан юм. Э.М намайг найзын гэрт оччихоод ирээч гэхээр нь би найзынх нь гэрт оччихоод буцаад ирсэн байсан. Удалгүй манай эхнэр Б.Т орж ирээд Э.М руу уурлаад дайраад намайг нэг алгадаж авсан. Э.М тухайн үед манай найзын утас холбогдохгүй байна гээд миний утсаар найз руугаа залгасан. Э.Мгийн биед ямар гэмтэл шарх учирсан эсэхийг мэдэхгүй. Б.Т эрүүл байсан. Т намайг алгадсан, тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би аймгийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...’’ гэх мэдүүлэг /хх-11/

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 218 дугаартай “Э.Мгийн биед тархи доргилт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тархи доргилт гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цус хурсан гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-13-14/

7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26-27/

 8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-3/

 9.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон CD-г шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 09 сарын 18-ны өдөр хохирогч Э.М нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гор газ шатахуун түгээгүүрийн газарт буюу ажлын байран дээрээ бусдад зодуулсан үйл явдал болсон болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Э.Мг 2020 оны 09 сарын 18-ны өдөр зодсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч “би хохирогчийн толгой хэсэгт нь цохиогүй, шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үйл явдал болсон газар буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гор газ шатахуун түгээгүүрийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийн тэмдэглэл үйлдэж, бичлэгийг хуулбарлан хэрэгт хавсарган ирүүлжээ.

Уг камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх хуралдааны шатанд судалж үзэхэд шүүгдэгч Б.Т нь хохирогч Э.Мгийн  бие махбодод 7 удаагийн үйлдлээр халдсан, үүнээс хохирогчийн толгой орчимд цохих, алгадах зэргээр 2 удаа халдсан болох нь тогтоогдож байна.  

Тухайн үйл явдлын улмаас хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд тархи доргилт, гуянд цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь Дундговь аймаг дахь Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т нь “би хохирогчийн толгой хэсэгт нь цохиогүй, шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна”  гэсэн мэдүүлгийг өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт шинжлэн судалсны дараа өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн ба түүний хохирогч Э.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон гэж үзлээ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнээд  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон шүүгдэгчид оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Э.М нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан 44.370 төгрөгийн зардлын баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч нь энэхүү хохирлыг хохирогчид нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.М нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гаргах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ гэсэн боловч хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, өөрт учирсан хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг гарахаас өмнөх байдал буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаарх бичлэг өөрийнх нь утсан дээр хадгалагдаж байгаа гэсэн мэдүүлгийг шүүхийн шатанд өгсөн боловч энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогчид 44.370 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий CD-г хураан ирүүлсэн байх тул Б.Тт холбогдох эрүүгийн 2022000000117 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овгийн БТийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн БТт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Мд 44.370 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Мгийн “ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Таас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD-г Б.Тт холбогдох эрүүгийн 2022000000117 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Г.МӨНХБАТ