Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/104

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Б.Батцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн 2022000000128 тоот  хэргийг 2020 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ...... эрэгтэй, ......., мэргэжилгүй, малчин, ........оршин суух албан ёсны хаягтай ......., хэрэг хариуцах чадвартай, С овгийн Зын Б /РД:........../

 

Шүүгдэгч З.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” караокед ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч О.Ж биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Ү.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 10 сарын 29-ний өдөр Жгийнд хөдөө явж байгаад очсон. Тэнд 2 пиво уугаад, Гурвансайхан сум орж 2 пиво уугаад 3, 4 цагийн үед аймагт ирсэн. Орой нь Энхжин бар орсон. Тэгээд тэнд хутгалсан байсан...” гэв.

2.Яллагдагч З.Б: “...2020.10.29-ний өглөө найз О.Ж гэрт нь очсон юм. Тэдний гэрт өөр хэн нэгэн хүн байгаагүй, бид 2 гэрт нь 2.5 л нийслэл нэртэй пиво 2-ыг хувааж уугаад гэрээс нь хамт гараад машинтай Гурвансайхан сум орсон. Суман дээрээс ахиад 2 ширхэг 2.5 л Сэрүүн нэртэй пиво худалдаж аваад нэг айлд очиж уусан юм. Аймагт ирээд бид 2 Цын хашаанд машинаа тавиад Ц болон түүний найз У нартай Энхжин караокед ороод нэг өрөө аваад суусан юм. Гэтэл О.Ж согтоод Цын өөдөөс агсраад байгаа харагдсан. Би юм хэлтэл намайг ална шүү гээд л айлгаад байсан юм. Удалгүй Угтахбаяр гэх залуу яваад өгсөн. Ц, Ж бид 3 үлдсэн. Тэгээд би уурлаад баруун талынхаа гутлын түрүүнд байсан шар өнгийн эвэр иштэй хутгийг гаргаж ирээд Жгийн зүүн талын мөрний доод харьтан хэсэгт нь нэг удаа хутгалсан. Тэгээд шууд хутгаа ширээн дээр нь хаяад зугтаасан юм. Тухайн үед би согтуу байсан. Бид 2 хоорондоо маргалдсан, муудалцсан зүйл байхгүй. Тэр хутга миний гутлын түрүүнд явсан юм. Би хутгалчхаад ком ороод таксинд суугаад аавын гэрт очоод амарсан юм...” гэх мэдүүлэг /хх-41-44/

3.Хохирогч О.Ж: “...2020.10.29-ний өглөө намайг Өлзийт сумын 2-р багийн нутаг “Шилүүстэй” гэх нэртэй газар хөдөө гэртээ ганцаараа байхад манай гэрт З.Б 06 цагийн үед машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд манай гэрт 2.5 л пиво 2-ыг хувааж уусан. Би аймаг явна гэж хэлтэл З.Б хамт явна гэсэн. Тэгээд бид 2 аймаг явахаасаа өмнө Гурвансайхан сумаар ороод 2 пиво нэмж аваад нэгийг нь айлд уугаад нөгөө нь замдаа З.Бтэй хамт уусан. Дундговь аймагт өдөр 15 цагийн үед ирсэн. Тэгээд би аймагт байх гэрээрээ ортол манай эхнэр гэртээ байгаагүй. Тэгэхээр нь эгчийнхээр нь ортол бас байгаагүй. Тэгж байтал орой болсон. Би Бтэй хамт Ц буюу Баагий гэх айлд очсон. Тэр айлын хүнийг би танихгүй Б таньдаг гэсэн. Тэдний гадаа машинаа тавиад нэг залуугийн машинд суугаад 4-лээ хамтдаа Энхжин нэртэй караокены газар ирсэн юм. Тэнд нэг өрөө аваад архи, пиво уугаад сууж байтал О.Э гэх хүн гаднаас орж ирсэн. Би жаахан согтсон байсан учир хэнтэй маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Удахгүй Угтахбаяр гараад явсан. Ц, Б бид 3 үлдсэн. Тэгж байтал юунаас болсон юм бүү мэд, З.Б гэнэт миний зүүн гарын мөрний доод хэсэгт хутгалчихсан. Би хутгийг нь хараагүй, тэгээд Б гараад зугтаасан. Гараас цус гоожихоор нь би гараараа дараад цусыг тогтоосон. Цыг эхнэр нь гээд хүн ирээд авсан. Би Энхжингийн гадаа үүдэнд ганцаараа зогсож байтал цагдаа нар ирсэн юм. Найздаа эхлээд жаахан гомдсон. Харин одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хутгатай явсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/

4. Гэрч Б.Цын “...2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр намайг Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 10-11 тоотод гэртээ байхад манай гэрт 19 цагийн үед Ж, Б хоёр согтуу ирсэн. Тэгэхээр нь би Жг машинаа орхи гэж хэлээд байж байтал У манай гэрт бас ирсэн. Тэгээд бид нар Уын машинаар хамтдаа Өндөр ээжийн гадаа очсон. Тэнд Б Ж хоёрыг буулгаад би Утай хамт гадуур гарсан, нөгөө хоёр Өндөр ээжийн тэнд караокед орно гээд үлдсэн. Гэтэл Б утсаар яриад энд өрөө алга байна гэхээр нь би эргэж очиж тэр хоёрыг аваад бид нар 4-үүлээ төвд Энхжин караокед очсон юм. Тэгээд тэндээ авсан байсан архи пиво хоёрыг хувааж уусан юм. Тэгээд би Жг ахын дүү гээд хэлчихсэн чинь чи намайг дүү болголоо гээд надад уурлаад байсан, мөн Батыг боль гэхээр нь ална шүү гээд л ерөөсөө л үг сөрөөд агсраад байсан. Гэтэл гаднаас О.Э гээд нэг залуу орж ирсэн, тэгээд байж байтал Б Ээг цагдаа байснаа болчихсон юм уу гээд ярьж байгаа бололтой байсан, хоорондоо маргалдаагүй. Тэгээд У ажилтай гээд түрүүлээд явсан. О.Э гэх залуу бас ажилтай гээд явсан. Тэнд Ж, Б бид гурав үлдсэн юм. Тэгээд л байж байтал Ж босоод зогсож байхад нь З.Б Жг нэг зүүн мөр хавьд нь цохих шиг болсон, гэтэл Жг хутгалсан юм билээ. Гартаа байсан шар өнгийн иштэй хутгаа ширээн дээр хаячихаад өрөөнөөс гараад зугтаасан, би ширээн дээр тавьсан хутгийг нь аваад түрүүндээ хийгээд Ж харин зүүн гараараа дараад цусаа тогтоож байтал манай эхнэр гаднаас ороод ирсэн. Тэгээд намайг аваад гарсан. Ж гарч ирээд надтай маргалдах гээд байхаар нь манай эхнэр цагдаагаа дууд гэж хэлээд намайг чирээд аваад явсан юм. Ж Энхжингийн гадаа үлдсэн. Дахиж Жтай уулзаагүй, би эхнэрээрээ Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 16-1 тоотод Угтахбаяр гэх айлд хүргүүлсэн юм.Тэнд манай найзын төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд би тэр айлд байхдаа тэр айлын хашааны баруун талд хашааны хажууд байх модон доогуур нөгөө З.Бгийн Жг хутгалсан шар өнгийн иштэй эвхдэггүй хутгийг хийсэн юм. Тэгээд дээгүүр нь мод тавьсан юм.Тэр хутга одоо тэр газартаа байгаа. Сүүлд нь ямар нэгэн асуудал болбол эд мөрийн баримт байх гэж бодсон юм. Би тэр айлд шөнө 02 цаг хүртэл сууж байгаад харьсан юм. Тэр хутга нь эвхдэггүй. Эврээр хийсэн гэмээр шар өнгийн иштэй, том балиус гэмээр хутга байсан юм...” гэх мэдүүлэг /хх-17-19/

5. Гэрч С.Уийн: “...2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр би Сайнцагаан сумын 9-р баг Мандлын 10-12 тоотод гэртээ байж байтал манай нөхөр Б.Ц орой 20 цагийн үед утсаар яриад “Энхжин” нэртэй караокены газарт З.Б бас нэг залуутай хамт байна гэсэн. Тэгээд би жаахан байж байгаад эргээд залгатал утсаа авахгүй болохоор нь за за 21 цаг болох гэж байна очоод авъя гээд “Энхжин” нэртэй газарт машинтай очсон юм. Би “Энхжин” дотор ороод караокены өрөөнд нь ортол өрөөний урд талд ширээний ар талд нэг залуу зүүн гараа гараараа дарсан байсан, би нөхрөө загнаад чирээд өрөөнөөс нь гаргасан. Гэтэл нөгөө залуу хамт Энхжиний гадаа гараад ирсэн, тэр залуу согтуу манай нөхөртэй маргалдах гээд байгаа бололтой байсан. Би цагдаа дуудлаа шүү гэхэд цагдаа дууд гээд хашхираад байгаа бололтой байсан, би нөхрөө чирээд машинд суулгаад тэгээд аваад явсан юм. Замдаа манай нөхөр нэг шар өнгийн иштэй хутга гаргаад ирсэн, юун хутга юм гэхэд энэ хутгаар З.Б хүн хутгалсан гэж байсан. Тэгээд бид хоёр Мандлын 16-1 тоот хашаанд байх айлд очсон юм.Тэр хашаанд манай нөхөр нөгөө хутгаа модон доогуур хийсэн гэж байсан юм. Тэгээд тэнд айлд байж байгаад шөнө манай нөхөр харьсан юм. Би З.Бг хүн хутгалахыг нь хараагүй, тэр зүүн гараа дараад байсан залуу хутгалуулсан юм шиг байна лээ. Өөр надад мэдэх зүйл алга....” гэх мэдүүлэг /хх-27/

6. Гэрч Э.Оийн: “...2020 оны 10-р сарын 29-ний өдөр байсан юм. Би тэр үед Энхжин пабд баарменаар ажилладаг байсан, одоо болохоор ажлаасаа гарчихсан юм. Тэр өдөр би ажилтай байсан бөгөөд 20 цагийн орчимд манай пабын VIР 2 дугаарын өрөөнд 4-5 эрэгтэй хүмүүс орж үйлчлүүлсэн юм. Тэгээд 1 цаг орчим болоод гадаа гарсан. Тэгээд тэр хүмүүс тооцоогоо төлөөгүй болохоор нь би хойноос нь гарсан чинь 40 орчим насны махлаг өндөр биетэй ах “ах нь хутгалуулчихлаа хамт явж байсан найзтайгаа маргалдаад намайг хутгалчихлаа8 ах нь тооцоог нь төлнө" гээд нэг утасны дугаар үлдээсэн. Тэр утасны дугаарыг нь тухайн үед хамт ажиллаж байсан Сайхантуяа гээд манай найз тэмдэглэж авч байсан. Тэрнээс өрөөн дотор яг ямар асуудал болсон юм мэдэхгүй байна. Би тэдгээр хүмүүсийг сайн анзаарч хараагүй, олон хүн үйлчлүүлдэг болохоор тэр болгон тогтоож чаддаггүй юм. Хаана хутгалуулсан талаар нь мэдэхгүй байна. Тэр ах болохоор манай паб дотор өрөөнд байхдаа хутгалуулсан гэж ярьж байсан. Тэр өрөөнд хутга бол байгаагүй. Би шархыг нь харсан. Тэр ах хутгалуулчихлаа гээд буцаад манай паб руу орж ирээд хувцсаа тайлаад шархаа харуулахад зүүн гарынхаа бугалга орчимд хутгалуулсан байсан. Тэндээс нь цус гараад тэр ах өөрөө салфеткаар дарчихсан байсан. Хувцсанд нь цус шингэчихсэн байх шиг байсан. Манай пабын өрөөнд бол цус болсон зүйл байгаагүй. Манай пабын \/IР өрөөнүүд хяналтын камертай, хяналтын төхөөрөмж нь захирлын өрөөнд байдаг юм. Хүмүүсийн маргалдах чимээ сонсогдоогүй, сонсогдох ч боломж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-23/

7.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.11.05-ны өдрийн №243 дугаартай “ О.Ж биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2020.10.29-нд үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирлыг тогтоох боломжгүй. Дээрх шарх нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт /хх31-33/

8. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

9. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-22/

10. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тайлбар, прокурорын тогтоол /хх-4-5/

11. Хутганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/

12. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/

13. Хаягийн тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх49/

14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

11.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч О.Ж нь 2020 оны 10 дугаар 29-ний өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах Энхжин караоке, пабд  зүүн гарын мөрний доод хэсэгтээ бусдад хутгалуулсан гэмтэл авсан үйл явдал болсон болох нь нотлогдож байна.

Хохирогч О.Ж эрүүл мэндэд бусдад хутгалуулсны улмаас зүүн гарын бугалганд шарх гэмтэл үүссэн, хохирогч О.Жд учирсан уг гэмтлийг шүүгдэгч  З.Б нь хутгалж учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, хохирогч О.Жд учирсан уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020.11.05-ны өдрийн №243 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, тус тус тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.Бд холбогдуулан Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч З.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч З.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгчид  торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч О.Ж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга- /шар алаг өнгийн иштэй, ажлын хэсэг 17 см, бариул 12 см/ -г эд мөрийн баримтаар хураан авч хэргийн хамт шүүхэд ирүүлсэн тул уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч С овгийн Зын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Зын Бд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр дурдсугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч З.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч О.Ж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга /шар алаг өнгийн иштэй, ажлын хэсэг 17 см, бариул 12 см/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй. 

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ