Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

Улсын яллагч: Б.Батцэцэг

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бт холбогдох ........ тоот хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......р төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........... газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:З......../ Б овогт Бы Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд иргэн М.Огийн нүүрэн тус газарт цохиж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

          - “2020.07.15-ны шөнө Луус сумын Эрүүл мэндийн төвд зодуулсан хүн ирлээ” гэх мэдээллийг 2020 оны 7 сарын 15-ны өдрийн 01 цаг 57 минутанд хүлээн авсан тэмдэглэл /хх-3/

          - Хохирогч М.Огийн: ...Б ирээд бид хоёр гэртээ хүргүүлсэн. Д ажлаасаа буухдаа 2.5 литрийн пиво 2-ыг авсан байсан. Тэр пивийг Дийн гэрийн гадаа бид 3 хувааж уусан. Нэгийг нь ууж дуусах үед Д “одоо амарцгаая нэг пивоо маргааш ууя, би ядраад байна” гэсэн. Би үлдсэн пивийг нь уух санаатай байсан юм. Б, Д хоёр намайг машинаас буу гэж уурлаад эхэлсэн. Д намайг одоо буу гээд машин дотор нэг удаа алгадсан. Тэгээд машинаас буугаад ард талын хаалгыг нь онгойлгоод намайг татаад буулгасан. Намайг машинаас буухад Б машинаас буугаад миний баруун талын нүд рүү нэг удаа цохьсон. Тэгээд би нүдээ дараад суусан. Миний хөмсөгнөөс цус гараад эхэлсэн. Намайг нүдээ дараад сууж байхад Д босгоод гэр рүү дөхүүлсэн. Би гэртээ ороод ээждээ “Б намайг зодчихлоо” гэж хэлсэн. Миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан учраас сумын эмнэлэг рүү явж баруун талын хөмсгөндөө хоёр ширхэг оёдол тавиулсан. Б гараараа миний баруун талын хөмсгөнд нэг удаа цохьсон. Миний баруун талын хөмсөг урагдсан. Баруун талын хөмсгөндөө 2 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх-7-8/

          - Гэрч Б.Дийн: 2020.07.15-ны шөнө 01 цагийн үед би ажлаасаа буугаад Луус сумын Б гэх залуутай утсаар яриад Б ирж бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Надад 2.5 литрийн 2 пиво Огийн гэрийн гадаа очоод нэгийг нь уусан. Тэгээд Ог гэртээ орж амар гэсэн. Гэтэл О орж унтахгүй согтчихсон. Би уурлаад Ог гэртээ ор л доо гэж хэлээд гарынхаа ар талаар баруун талын шанаанд нь нэг удаа цохисон. Тэгсэн Б машинаас бууж ирээд Ог нэг удаа цохьсон. Яг хаана нь цохисон гэдгийг хараагүй, гадаа харанхуй байсан. Бт цохиулаад нүүрээ дараад газарт суусан гэх мэдүүлэг /хх-13-14/

          - Шинжээчийн 2020.07.17-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтэд: М.Огийн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үзлэгээр хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цус хуралт зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй  гэсэн /хх-17-18/ баримтууд хамаарч байна.

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийнхөө машин дотор Б.Д, М.О нарын хамт архидан согтуурч, улмаар М.Ог гэрт нь хүргэж өгөхдөө “машинаас буу” гэх шаардлагыг нь биелүүлээгүйд уурлан М.Ог машинаас татаж буулган нүүрэн тус газарт нь цохьсоны улмаас хохирогч М.Огийн баруун хөмсөгний гадна дээд хэсэгт 1,6 см шарх, баруун нүдний дээд зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хурсан гэмтэл учруулсан,  хөмсөгт үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг /хх26-27/, хохирогч М.О, гэрч Б.Д нарын мэдүүлэг /хх13-14/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 175 дугаартай дүгнэлт /хх17-18/ зэрэг баримтаар нотлогдож байна.

          Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба М.О нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Миний баруун талын хөмсөг урагдсан. Баруун талын хөмсгөндөө 2 оёдол тавиулсан. Миний эмчилгээнд гарсан зардлыг төлөөд өгвөл надад гомдол санал байхгүй. Эмчилгээнд нийтдээ 250000 орчим төгрөг зарцуулсан тэр мөнгөө нэхэмжилж байна” гэсэн /хх-07-08/ боловч эмчилгээтэй холбогдон гарсан зардлын баримтаа гаргаж өгөөгүй, хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэжээ /хх-44/ Мөн шүүхээс хохирогч М.Од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдэн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хуульд зааснаар хохирогч М.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох Б.Бээс шаардах эрхэй ба шүүгдэгч Б.Б нь өөрийн санаатай үйлдлийн улмаас учирсан гэм хорыг хуульд заасан арга хэрэгслээр арилгах үүрэгтэй байна.

Иймд хохирогч М.О нь 250000 төгрөг төлөхийг Б.Бээс шаардсан боловч тухайн нэхэмжлэлийг нотлох баримт гаргаж өгөөгүйн улмаас тодорхой тооцоог хийх боломжгүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч М.О нь шаардлагатай гэж үзвэл өөрт учирсан хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Бээс нэхэмжлэх эрхтэй гэдгийг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх-42/ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Б.Б нь Луус сумын Соёлын төвд соёлын өв хариуцсан ажилтнаар ажилд ороод 2 долоо хонож байгаа, сарын 670000 төгрөгийн цалин авдаг гэж мэдүүлсэн нь болон түүний орлого баримтаар нотлогдохгүй байна. Харин түүний нэр дээр Сайнцагаан сум 9-р баг Мандалын 15 гудамжны 36Б тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.08.26-ны өдрийн 4/618 тоот албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар тус тус тогтоогдож байгаа нь түүнийг торгох ял биелүүлэх боломжтойд тооцох үндэслэл болж байна. /хх-34, 35/

          Дээрх нөхцөл байдал болон хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон прокурорын санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 38.1, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч Б овогт Бы Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогтой Бы Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.О нь санал, хүсэлтгүй гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Огийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсны төлбөрт 250.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.О нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Бээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.  

 

          5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Б.Бт тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ