| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2018/0450/Э |
| Дугаар | 812 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 812
Б.Б, Ж.Б, С.Г нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Уранчимэг,
шүүгдэгч Б.Б, С.Г,
шүүгдэгч С.Г, Ж.Б нарын өмгөөлөгч Б.Мандхай,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Ж.Б, С.Г нарт холбогдох 1711006560147 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Тал овгийн Б.Б, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Есөн-Эрдэнэ” хоолны газарт тогоочоор ажилладаг гэх, ам бүл 4; эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18-703 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЯ................/;
2. Алаг адуун овгийн Ж.Б, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 1968 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; нөхрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-14 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43а байрны 11-86 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ИЮ............../;
3. Боржгин овгийн С.Г, Завхан аймгийн Түдэвтэй суманд 1977 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр анги 1-71 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НФ................./;
Б.Б нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace Tower” төвд үйл ажиллагаа явуулдаг “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилан авсан,
Ж.Б нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace Tower” төвд үйл ажиллагаа явуулдаг “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,
С.Г нь 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace Tower” төвд үйл ажиллагаа явуулдаг “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн” ББСБ-д нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 3.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Б, Ж.Б, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Ж.Б, С.Г нарыг бичиг баримт хуурамчаар үйлдсэн, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,
Б.Б, Ж.Б, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ээс 2.211.138 төгрөгийн гаргуулж хохирогч Ч.Ууганзулд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба бусдад төлөх төлбөргүй. Миний бие өвчтэй, ажил хийж чадахгүй учир 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан гэх 6.000.000 төгрөгийн үйлдэлд би бичиг баримтыг нь хийж өгсөн. 6.000.000 төгрөгөөс нь аваагүй. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлын үлдэгдэл болох 2.200.000 төгрөгийг төлсөн. Баримтыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөх хүсэлттэй байна. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Г, Ж.Б нарын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Б-ын гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг солих хууль зүйн үндэслэлгүй. Учир нь торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар солихгүй гэж Эрүүгийн хуульд заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б, Ж.Б, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2017 оны 8 дугаар сард Б.Б нь Ж.Б, С.Г нарын нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж тус бүрээс 500,000 төгрөг авсан, Ж.Б, С.Г нар дээрх хуурамч нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичгүүдийг ашиглан “ажил эрхэлдэг, тогтмол орлоготой” мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-аас тус бүр 3.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан залилан авсан болох нь хохирогчийн төлөөлөгч Ч.Ууганзул /хх-19, 20-21/, гэрч Д.Бат-Эрдэнэ /хх-24-25/, Ц.Амарбаясгалан /хх-35/, М.Шинэжил /хх 36/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Г, Ж.Б, Б.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Ж.Б, С.Г нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь хуурамч болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №826 дугаар дүгнэлт /хх-39/, “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүд, зээл авахдаа бүрдүүлж өгсөн баримт бичгүүд /хх 91-108/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.
Анхан шатны шүүх С.Г, Ж.Б нарыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй” гэж заасан байх тул “... биеийн эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй учраас торгох ялаар сольж өгнө үү ...” гэсэн шүүгдэгч Ж.Б-ын давж заалдах гомдол, “... ялыг торгох ялаар сольж өгнө үү ...” гэсэн шүүгдэгч С.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г-ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 8 дугаар сарын дундуур Болороо гэдэг хүүхэнтэй танилцсан... “найдвартай хүү багатай зээл гаргаж чадна, бичиг баримтаа 500.000 төгрөгтэй өгчих, бичиг баримтыг чинь бүрдүүлээд өгье” гэхэд нь би 350.000 төгрөг, бичиг баримтаа өгөөд явуулсан. Удалгүй үлдэгдэл мөнгийг нь өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Болороо “бичиг баримт бэлэн болсон, одоо “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн” ББСБ руу очоод зээл ав” гэсэн... анх Болороо нийгмийн даатгалын төлөлт дээр хуурамч бичилт хийлгэнэ” гэж хэлж байсан...” /хх-28, 61/, шүүгдэгч Ж.Б-ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өгсөн “... нийгмийн даатгалын дэвтэр дээр чинь төлөлтийг чинь даруулаад өгье гэсэн... удалгүй нийгмийн даатгалын дэвтэр дээр хууль, дүрмийн дагуу бичилт хийж өгч болно 500.000 төгрөг өгчих гэж хэлсэн... бичиг баримтыг авч явсан. Дараа нь бичиг баримтыг чинь бүрдүүлсэн, зээлээ ав гэсэн. Тэгээд “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн” ББСБ-аас зээл авсан... тухайн үед Б гэж эмэгтэйд 500.000 төгрөг өгсөн...” /хх-30, 140/, шүүгдэгч Б.Б-ы “... 2017 оны 8 дугаар сарын орчим Ж.Б, С.Г нар “зээл авах гэсийн, арга байна уу” гэсэн. Би бичиг баримтыг нь хуурамчаар бүрдүүлэн зээл авахад нь тусалж, тус бүр 500.000 төгрөг авсан... ТҮЦ машинаас өөрийнхөө нэр дээр лавлагаа гаргуулж аваад хэрэггүй бичвэрүүдийг нь хусаж арилгаад, С.Г, Ж.Б нарын нийгмийн даатгал төлсөн баримтыг компьютерт хийж, хэвлэж гаргасан... нийгмийн даатгалын газар очиж нэг дэвтэрийг 1000 төгрөгөөр худалдаж аваад гараараа бичилт хийсэн. Дам хүн гуйж дэвтэр дээр тамга даруулсан” /хх-32, 60/ гэсэн мэдүүлгүүд болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий 4 хуудас ТҮЦ машины лавлагаа гэх зүйлийн цаас нь үнэт цаасны зориулалтай, уг үнэт цаас дээрх бичвэрүүдийг ердийн лазерын хэвлэх төхөөрөмжөөр, мөн сери, дугаарыг шингэн хортой ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 826 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан гэмт хэрэгт хамтран оролцоогүй, харин баримт бичгийг хуурамчаар үйлдэж С.Г, Ж.Б нарт өгч ашиглуулсан байна.
Нийгмийн даатгалын дэвтэр дээр худал бичилт хийх, төрийн байгууллагын албан ёсны лавлагаа, тодорхойлолтыг засварлаж өөр хүний нэрээр хэвлэж гаргасан нь хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч С.Г давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүхийн тогтоолд заасан 2.211.40 төгрөгийг хохирогч “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-д төлж барагдуулсан байх тул энэ талаар магадлалд дурьдахыг зэрэгцээ анхан шатны шүүх хохирлын мөнгийг хохирогч байгуулагын төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ч.Ууганзулд олгосныг хохирогч “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК болгон зөвтгөн өөрчилж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолд:
А. “Прокуророос Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Баас 1.000.000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж,
Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Быг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, худалдсан, шүүгдэгч Ж.Б, С.Г нарыг бусыд эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.Г нарыг тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... хохирогч Ч.Ууганзул ...” гэснийг “... хохирогч “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК ...” гэж тус тус өөрчлилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч С.Г нь “ЭЙ АР И СИ Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-д 2.211.140 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
М.ПҮРЭВСҮРЭН