Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 479

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М-У” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: Ж.О

                               О.Т

                                 Т.П

                                 Б.А

                                 “Ю ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дахь “М-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ж.О, Б.А, О.Т, Т.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Мөнхболд, гуравдагч этгээд “Ю ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “М-У ХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2009 оны 242 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуучлалын зориулалттай 1.0 га газрыг 5 жилийн хугацаатай 2012/33 тоот газар ашиглах гэрчилгээ авсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, М-У ХХК-ийн хооронд 2012 оны 05 сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулсан. М-У ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж буй газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй гэдэг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 398 болон 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн албан тоот бичгээр тус тус нотлогддог юм. Манай компани нь уг газартаа хашаа барин ашиглах үйл ажиллагаа явуулж байтал 2015 оны 09 сарын 08-нд Ж.Онарын 28 иргэнээс тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагадаа “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын шийдвэрээр манай компанид олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, М-У ХХК-ийн 2012/33 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гарган 2015 оны 09 сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсэн өнөөдрийг болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Энэ өдрөөс хойш манай компани нь тухайн газрыг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болж бүх үйл ажиллагаа зогссон. Газрын төлбөр төлөх болон бусад үйл ажиллагаа явуулах гэхээр маргаантай байгаа тул маргааныг эцэслэн шийдвэрлэгдэхээр болно гэсэн хариу авсаар өнөөдрийг хүрч байна. Тухайн хэрэгт хариуцагчаар татагдсан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “М-У” ХХК-д газар ашиглуулах шийдвэр нь хуулийн дагуу үндэслэлтэй юм" гэж тайлбарласан атлаа Сайдын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан шалтгаанаар манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. “М-У” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлж ирсэн ба Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас 2015 онд газрын төлбөрөө төлөх гэтэл танай газар маргаантай байгаа тул маргааныг шийдвэрлэгдэж дууссаны дараа төлбөрийг төл гэсэн хариу өгч төлүүлээгүй юм. Энэ нь манай компаниас шалтгаалахгүй эрх бүхий этгээд өөрөө хүссэн гэж үзсэн тул төлөх боломж байгаагүй. Иймд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэстэй. Хэрэв газрын төлбөрийг төлөөд яваад байж болно гэвэл одоог хүртэл төлсөөр байх байсан.

Сайдын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” гэсэн байтлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. “М-У” ХХК-д эрх бүхий газраас энэ талаар мэдэгдээгүй ба газар ашиглах гэрчилгээ хүчингүй болсныг 2018 оны 06 сарын 19-нд мэдсэн болно. Иймд “Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дугаарт заасан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2015 оноос эхлэн шүүхэд манай газар Ж.О-ын газартай давхцсан тухай хэрэг маргааныг шийдвэрлэж байхад “М-У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

“М-У” ХХК-ийн газар эзэмших эрх, гурвалсан гэрээг 2007 оноос 2012 он хүртэлх хугацаанд байгуулсан тул тус хугацаанд хүчин төгөлдөр байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга 2012 оноос хойш гурвалсан гэрээг сунгуулахад гарын үсэг зураагүй. Иймд би Ж.Ганхуяг Засаг даргыг ажлаа хүлээлгэн өгөх хүртэл нь гарын үсэг зуруулахаар гуйсан боловч чадаагүй. Хан-Уул дүүргийн Газрын алба гэрээ хийгээгүй тул төлбөр төлөх шаардлагагүй хэмээн хариу өгч байсан. Газрын төлбөрийг 2012 оноос өмнө Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн Газрын алба хуваан авдаг байсан. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газарт төлсөн баримтууд байхгүй байгаа тул зөвхөн Хан-Уул дүүргийн Газрын албанд төлсөн баримтууд хэрэгт авагдсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга н.Отгонбаатарт газрын төлбөрөө төлөхийг хүсэж удаа дараа хандахад албан тоот хариу ирсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан. 2016 онд төлсөн 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн тухайд газрын төлбөрийг төлөх нь үнэн тул хэзээ төлсөн ч ялгаагүй гэж бодож төлсөн. Гэтэл мэргэжилтэн нь нэгэнт төлсөн тул хүлээн авлаа цаашдаа төлөх шаардлагагүй гэсэн. Мөн манай компани үйл ажиллагаа эрхэлж, орлого олох зорилгоор 2007 оноос 2012 он хүртэл газрын төлбөрөө төлсөн.

Тэрхүү хугацаанд уг газрыг ашиглаагүй шалтгаан нь хүмүүс бидний газар хэмээн эсэргүүцэл үзүүлж чөлөөлж өгөөгүй тул зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Үйл ажиллагаа эрхэлж бүтээн байгуулалт хийхээр очиход янз бүрийн хөгшин хүмүүсийн дайралтад орж, машины зам дээр хэвтээд оруулдаггүй. Товч тайлбарлавал эдгээр хүмүүс хүчээр 2 жилийн хугацаанд газар ашиглуулахгүй, төлбөр төлүүлэхгүй байлгаж газар ашиглах эрхийг минь булаан авч байна. 2008 оноос эхлэн хашаа барих хүсэлт гаргаж, 2008, 2012, 2015 онуудад хашаагаа барихаар газар дээрээ очиход урд талд байрлах 2 давхар цагаан байшингаас олон хүмүүс гарч ирээд болиулдаг байсан. Тухайн газар 2008 онд эдгээр хүмүүс амьдарсан зүйл байгаагүй. Харин зуны улиралд зусландаа гарах байдлаар зусдаг байсан гэсэн. 2012 оноос эхлэн уг газарт хэсэг хүмүүс бодитоор суурьшиж эхэлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хашаагаа барьсны дараагаар зөвшөөрлөө ав гэдэг байсан. Гэтэл энэ хүмүүс хашаа бариулаагүй. Газар ашиглах эрх сунгуулах хүсэлт гаргахад шүүхийн шатанд байгаа тул хэрэг маргаан бүрэн шийдвэрлэгдэх хүртэл сунгахгүй гэсэн.

А/121 тоот тушаалын талаарх мэдэгдлийг би хүлээж аваагүй. Ямар хаягаар хэнд хүргэсэн болохыг мэдэхгүй байна.

             Аялал жуулчлалын зориулалттай тул дугуйн зам зэрэг төрөл бүрийн юм хийхээр ярьж л байсан. Газраа чөлөөлж аваагүй тул бодитой хийсэн зүйл байхгүй.” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч “М-У” ХХК нь газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй болох нь Нийслэлийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны 01-09/2405 дугаар албан бичиг, түүний хавсралтын 26-д зааснаар 2016 оноос хойш төлбөрийн тооцоо хийгээгүй гэх баримт, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 455 дугаар албан бичгийн жагсаалтын хавсралтын 24-т зааснаар 2016 оноос хойш газрын төлбөр төлөөгүй гэх баримт зэргээр нотлогддог.

Нэхэмжлэгчийн 1.0 га газрыг анх 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311  дүгээр тушаалаар иргэн Ч.Пд газар ашиглах эрх олгогдсон. “М-У” ХХК- ийн захирал Ч.П 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичгээр хүсэлт гарган өөрийн “М-У” ХХК-ийн нэр дээр газраа шилжүүлэн авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын Тав. Хориглох үйл ажиллагаа 5.2 Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно гэж заасныг зөрчин "М-У” ХХК-ийн захирал Ч.П нь компаниа 2015 онд С.Ч-т шилжүүлэн, дамжуулсан нь дээрх заалтуудтай зөрчилдөж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан байдаг.

Яам нь төрийн захиргааны дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дээд шатны захиргааны байгууллага гэж байдаггүй тул нэхэмжлэгч шууд шүүхэд хандах ёстой байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоотоор мэдэгдсэн болно. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “3ахиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.” гэж заасан байдаг тул нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 21-ний дотор багтаж хандах ёстой байтал 2019 оны 08 дугаар сарын 15-нд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “М-У” ХХК нь Т.Пүрэвдаваагаас С.Чхудалдан борлуулах замаар буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжсэн тул мэдэгдэх хуудас С.Чхаягт хүргэгдээгүй байна. Хэрэв С.Чзөвшөөрөл авч эрх шилжүүлэн авсан бол тус компанийн хаяг С.Чхаягт бүртгэлтэй байх ёстой. Гэтэл одоо тус “М-У” ХХК-ийн хаяг Т.Пэсхүл өөр яг хэний хаягт бүртгэлтэй байгааг мэдэхгүй байна. “М-У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард байх хаягаар шуудангаар хүргүүлсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх хэсгүүдэд заасан үндэслэлүүд шүүх хуралдааны үе шатуудад болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрх зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж бусдад эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, бүртгэлгүйгээр хуулийн этгээдийн удирдах эрхийг шилжүүлсэн үйлдэл илэрч байна.

Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухайд гэрчилгээг 2012 оны 05 дугаар сард 5 жилийн хугацаатай авсан. Бас гурвалсан гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан тул эдгээр хугацаа 2017 оны 05 дугаар сард дуусах ёстой. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, гэрчилгээний хугацааг сунгуулаагүй тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 тоот тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 445 дугаар саналыг тус тус үндэслэн гаргасан байдаг.” гэв.

Гуравдагч этгээд Ж.О, Б.А, О.Т, Т.Пнарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь анх 2007 онд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 501 дүгээр гэрчилгээгээр газар ашиглах эрхтэй болсон ба маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзжээ. Газар ашиглагч Ч.Пурэвдаваа, “М-У” ХХК нь анх газар ашиглах эрхтэй болсон цагаасаа эхлэн ердөө 4 удаагийн төлөлтөөр 5.868.750 төгрөгийг газрын төлбөрт төлж, үлдсэн төлбөрийг огт төлөлгүй өдийг хүрчээ. Улмаар гурвалсан гэрээгээр тогтоогдсон төлбөрөө бүрэн, хугацаандаа төлөөгүй байна. Мөн 2007 онд газар ашиглах эрхтэй болсон цагаасаа хойш иргэн Ч.П, “М-У” ХХК нь газраа огт ашиглаж байгаагүй, хашааны ганц ч шон хатгаж байгаагүй билээ. Иймээс Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй “М-У" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал үндэслэлтэй, ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй байна.

Иргэн Ч.П, “М-У” ХХК нь газар ашиглах эрхээ одоогийн захирал С.Чхудалдаж, шилжүүлсэн байдаг. Ингэхдээ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчид өөрчлөлт оруулах байдлаар зохицуулсан байна. Энэ нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 5 дугаар зүйлд “Хориглох үйл ажиллагаа”, 5.2-т “Ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх түрээслүүлэх. дамжуулан ашиглуулах” гэж заасан бөгөөд газар ашиглах эрхийг хэн нэг иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр шилжүүлж. худалдах боломжгүй юм Гэтэл М-У ХХК-ийн хуучин захирал Ч.П компаниа зарах хэлбэрээр газар ашиглах эрхийг зарсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Тус захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй А.Баттөмөр нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд "М-У' ХХК-ийн захирал С.Чтайлбар хэлэхдээ “иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж “М-У” ХХК-ийг /үнэн хэрэгтээ маргаан бүхий газрыг/ худалдаж авахдаа өгсөн төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаа талаар эрхийн доголдолтой газар зарсан гэдэг асуудлаар маргаж байгаа” гэж дурдаж байсан. Үүнээс дүгнэхэд өөр бусад байдлаар ч нэхэмжлэгч нь Газрын тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөөр иржээ. Маргаан бүхий газар ашиглах эрх сэргэх эсэхээс шалтгаалж, хууль ёсоор Ж.О, О.Т, Т.П, Б.Абидэнд олгосон газарт давхцал үүсэх бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ихээхэн хөндөгдөж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.О, Б.А, О.Т, Т.Пнарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай газар 1958 оноос эхлэн төрийн шийдвэрээр эмнэлгийн ажилчид амьдарч суурьшсан. Тухайн маргаан бүхий нийтийн эзэмшлийн газар инженерийн шугам сүлжээ байхгүй тул бид зун зуслангийн байдалтайгаар ашиглаж ирсэн. С.Чнь 2008 он биш 2015 онд ирсэн. Мөн бид эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй байтал тухайн газрыг ашиглаагүй шалтгаан нь бид нар хэмээн тайлбарлаж буй нь худал юм.

Газрын төлбөрт 2007 оноос 2012 онд нийт 20 сая төгрөг төлөхөөс 6 сая төгрөг төлсөн байсан. Харин 2012 оноос 2017 он хүртэл 65 /жаран тав/ сая төгрөг төлөх ёстой байтал 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг төлсөн байна.

Би 1960 онд төрсөн цагаас хойш энэ газар амьдарч ирсэн. Бидний амьдардаг 2 давхар байшин нь бохир зайлуулах шугам сүлжээгүй. Хэрэв энэ нийтийн эзэмшлийн газар байхгүй болвол 160 айлын 450 гаруй иргэн хаана бохироо зайлуулах асуудлаа шийдэх вэ?” гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болохуйц байгаа тухайд тайлбарлая. Ж.Онь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 тоот тушаалаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингарав 1 дүгээр тоотод 500.74 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу 06 дугаар сарын 30-ны өдрийн 2016/278 тоот гэрчилгээг авсан байдаг. Мөн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/56 дугаар тушаалаар Б.А473.3 м.кв, Т.П562.33 м.кв, О.Т315.26 м.кв газруудыг “Бичил эко аялал жуулчлал” гэх зориулалтаар газар ашиглах эрх авсан. Нэхэмжлэгчийн шаардлагаас хамаараад эдгээр хүмүүс уг газруудыг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл газар давхцах зэрэг асуудал тулгарч гуравдагч этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Т.П-д 2007 онд уг газрыг ашиглах эрх үүссэн. Удалгүй Т.Пнь өөрийн “М-У” ХХК-ийн нэр дээр ашиглах эрхийг шилжүүлсэн байна. Энэхүү компанийн захирлууд, хувьцаа эзэмшигчид олон удаа солигддог. Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх хориотой боловч тухайн хуулийн этгээдийн удирдлагыг солих аргаар тус газрыг зардаг нь илт болсон. С.Чнь өмнөх худалдсан тус компанийн захирлын хамтаар залилан мэхлэх гэмт хэрэгт буюу эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тухай иргэдийн нэхэмжлэлтэй “М-У” ХХК-д холбогдох захиргааны хэрэгт яригдсан.

Мөн нэхэмжлэгч тус газрыг 2 жилээс илүү хугацаанд ашиглаагүй буюу ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, тус газрын эргэлтийн цэг, дөрвөн өнцөг хаана байгааг мэдэхгүй нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад анзаарагдсан. Гуравдагч этгээдүүд эсэргүүцэн эрх ашгийг минь хөндөж, үйл ажиллагаа явуулаагүй хэмээн тайлбарладаг боловч тэр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй.

Газрын төлбөрийн тухайд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Газрын албанаас Ч.Пгийн нэрд шилжсэн 2007 оноос хойш дутуу төлөгдсөн төлбөрүүдийн нэгтгэж бодсон тул зөрүүтэй үнийн дүнг хэрэгт ирүүлсэн байна. Харин “М-У” ХХК-д шилжсэн 2012 оноос хойш зөвхөн 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг төлөгдсөн нь эргэлзээгүй юм.

2007 онд Т.Пүрэвдаваагийн нэр дээр газар ашиглах эрх үүсэх үед нэг жилд 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөг төлөгдөхөөр гурвалсан гэрээ байгуулагдсан байдаг. Үүний дараагаар хуулийн этгээдийн нэр дээр шилжсэнээс хойш буюу 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “М-У” ХХК –ийн хооронд газрын төлбөрийн хэмжээг нэг жилд 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг төлөхөөр тохирч гурвалсан гэрээг байгуулсан байна. Иймд С.Чтайлбарласнаар гурвалсан гэрээ байгуулаагүй тул төрийн захиргааны байгууллагаас төлөх төлбөрийг тодорхойлж чадаагүй гэх хариу өгсөн гэдэг нь байх боломжгүй бөгөөд энэхүү тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

“М-У” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2017 онд дууссан бөгөөд сунгуулаагүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэл байхад газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах эрх үүсдэг. Гэтэл “М-У” ХХК-ийн хувьд энэхүү хоёр үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах тухайд шаардлага гаргаагүй байна. Шүүхээс энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэвэл одоо байгаа гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн хамтаар давхцал үүсэхийг анхаарч үзнэ үү.

Маргаан бүхий газар Сүрьегийн эмнэлэг байгуулагдаж хүмүүс суурьшиж эхэлсэн 1958 оноос хойш саяхныг хүртэл нийтийн модон жорлон байрлаж, ашиглагдаж ирсэн. Иймд 2016 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 77 сая төгрөгөөр газарт бохир шингэдэггүй, сордог ажиллагаатай нийтийн бие засах газар, бохирны цооног болгон засан сайжруулалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, тус хорооны Засаг дарга нараас уг асуудлыг харгалзан үзнэ үү хэмээн шүүхэд хандсан. Хэдийгээр гуравдагч этгээдээр 4 хүн, 1 хуулийн этгээд байгаа боловч “М-У” ХХК-ийн эрх ашиг нь тухайн газар амьдардаг 156 айлын 450 гаруй иргэдийн эрх ашгийг шууд хөндөхөөр байна. Иймд бусад төрийн байгууллагуудын хүсэлтүүдийг хүлээж авна уу.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” хэмээн төрөөс баримтлах зарчмыг заасан байдаг. Эдгээр иргэд зарим нь төрсөн цагаас эхлэн он удаан жил амьдарсан тул уг газрыг эзэмших эрх авахаар зохих байгууллагад удаа дараа хандаж байсан нь хэрэгт авагдсан. Иймд шүүхээс иргэдийн он удаан жил амьдарсан газраа эзэмших эрхтэй нь холбоотой маргаанд шударга ёс, тэгш байдлын үүднээс хандана уу.

Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, мөн тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” зэрэг газар ашиглагчид хориглох үйлдлүүдийг заасан. Үүнээс ашиглаж байгаа газрыг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглосон заалтыг нэхэмжлэгч нь зөрчсөн байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл бохирын цооног, нийтийн бие засах газар байхгүй болно. Гэтэл эдгээр хүмүүс холбогдох хууль тогтоомжуудаар хөрс, байгалийг бохирдуулах хориотой байтал хаана яаж бие засаж, бие физиологийн асуудлыг шийдэх вэ?

Эцэст нь нэхэмжлэгч залилан мэхлэх гэмт хэрэгт эрүүгийн хэргээр шалгуулж байгаа талаар өмнөх хэргийн шүүх хуралдаанд би өөрийн биеэр сонсож байсан.

Иймд хариуцагчийн акт эрх зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэв.  

Гуравдагч этгээд “Ю ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газар ашиглах гэрээний 1 дэх хэсгийн 7-д тус тус заасны дагуу газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн Газрын албанд улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч “М-У” ХХК нь өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү үйлдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг цуцлах хангалттай үндэслэл бүрдсэн болохыг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус зөрчиж 2009 оноос хойш 2018 оны 05 дугаар сарын хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд байрлах 1.0 га газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглалгүй хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Ю ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа: “Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн “М-У” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан. “М-У” ХХК нь 2007 оноос жилд 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөг, 2012 оноос жилд 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг төлөхөөр гурвалсан гэрээг байгуулсны дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөх ёстой байсан. Иймд төлбөр төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулахаар Хан-Уул дүүргийн Газрын албанд удаа дараа хандсан. Гэтэл газрын төлбөр төлөөгүй үйлдэлд нэхэмжлэгч тал маргахгүй болохыг нэхэмжлэгчийн тайлбараас ойлголоо. Хавтас хэргийн 12 дахь талд авагдсан гурвалсан гэрээ нь нэхэмжлэгчийн гурвалсан гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх нь тодорхойгүй байсан гэх тайлбарыг үгүйсгэж байгаа учир хариуцагчийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч тал гуравдагч этгээдүүд газар ашиглуулаагүй гэж тайлбарласан боловч энэ тухай ямарч нотлох баримт байхгүй. Мөн ямар нэгэн тодорхой бүтээн байгуулалт хийгдээгүй, өөрийн ашиглах эрх бүхий газрын хэмжээ, хязгаарыг мэдэхгүй байсан зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна. 2012 онд шилжүүлсэн, 2015 онд иргэдийн нэхэмжлэлтэй маргаан үүссэн гэж үзвэл төлбөр төлөөгүй 2 жилийн хугацаа өмнө нь дуусгавар болсон байна. Ийнхүү газар цуцлах 2 үндэслэл хангалттай бүрдсэн байна гэж үзэж байна.

Хариуцагчийн тайлбарласнаар тусгай хамгаалалттай газар нутгийн эзэмших, ашиглах эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг дэмжиж байна. Учир нь “М-У” ХХК нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд тухайн үүсгэн байгуулагч нар өөрчлөгдөх аргаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглах эрхийг шилжүүлдэг болох нь тогтоогдоно гэж үзэж байна. Монголын баялаг, газар шороог зардаг энэ мэт хууль бус үйлдлүүдийг сүүлийн үед хуулийн шинэчлэлийн дагуу болиулж байгаа. Үүний нэг илрэл нь хууль бусаар хувьцаа эзэмшигчийг сольж газар ашиглах эрх шилжүүлсэн болохыг уг шүүх хуралдаанаар тогтооно байх.

Эцэст нь нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд хуульд заасан хугацаа болох мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргах ёстой. Гэтэл уг хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч гурвалсан гэрээ байгуулаагүй тул газрын төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2016 онд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг төлсөн нь төлөх үүрэгтэй болохоо мэдэж байсныг нотлож байна. Мөн 13 сая төгрөг төлөөгүй байгаа нь тогтоогдож байна.

Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тухайд 2012 онд С.Чшилжсэнээс хойш нэг шон ч болов хатгаагүй гэсэн. Мөн ямар ч цаасан дээр үйлдэгдсэн ерөнхий төлөвлөгөөний үнэлгээ, зураг төсөл зэрэг бичгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй байна. 2012, 2015 онд очиход иргэд эсэргүүцсэн тул бид нар үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан. Гэтэл тухайн иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор эрх бүхий байгууллагад хандсан нотлох баримт байхгүй тул тогтоогдохгүй байна. Иймд газрын төлбөрийг төлөөгүй, зохих ёсоор ашиглаагүй байх тул хариуцагчийн акт эрх зүйн үндэслэлтэй байна.

Мөн нотлох баримт шинжлэн судлах үед шинээр тогтоогдсон зүйл нь 2012 онд байгуулсан гэрээнд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч газар сунгуулах хүсэлтээ 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааснаар хугацаа дуусахаас өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэгч “М-У” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М-У ХХК нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр тушаалаар иргэн Ч.Пд Богдхан уулын дархан цаазат газрын нутагт Зайсангийн ам нэртэй газарт 1 га газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 501 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ  олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай иргэн Ч.П 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэл 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулсан, улмаар Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар Ч.Пгаас М-У ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлж, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2012/33 дугаартай газар ашиглах гэрчилгээг М-У ХХК-д олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Мухар Улиаст ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулсан[1] байдаг.

Мухар Улиаст ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан[2] боловч газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгсөн баримтгүй байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 455 тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 79 иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хүргүүлсэн, үүний 24-т М-У ХХК Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /газрын төлбөр төлөөгүй/, 40.1.6 /газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй/ -д заасан үндэслэлээр багтсан[3] байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дээрх саналыг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хавсралтаар дуусгавар болгосон ба тушаалын хавсралтын 26-д нэхэмжлэгч “М-У” ХХК-ийн 1 га газрын ашиглах эрх хамаарчээ.[4]

Маргаан бүхий актад баримталсан хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан дурдвал Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох” бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол”, мөн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасны дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ... дуусгавар болгоно” гэж заажээ. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол”, 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор газар эзэмших эрх мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар дуусгавар болохоор, энэ нь тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхэд мөн хамаарч зохицуулагдахаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заажээ.

Тухайн газрыг анхны ашиглагчтай 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээгээр газар ашиглагч Ч.П нь газрын төлбөрт жил бүр 3.960.000 төгрөг, үүнээс 2.772.000 төгрөгийг Хан-уул дүүргийн Газрын албанд, 1.188.000 төгрөгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төлөхөөр, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээгээр газар ашиглагч нэхэмжлэгч М-У ХХК нь газрын төлбөрт жил бүр 13.200.000 төгрөг Хан-уул дүүргийн Газрын албанд төлөхөөр тус тус заасан байх ба газар ашиглагч Ч.П нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 688.000 төгрөг, Хан-Уул дүүргийн Газрын албанд 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2.310.000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3.978.750 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 990.000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөг, 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 290.000 төгрөг, “М-У” ХХК нь Хан-Уул дүүргийн Газрын албанд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг л төлсөн[5], өөрөөр газрын төлбөр төлсөн баримтгүй[6], мөн үүнээс гадна төлбөр төлсөн гэж маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл 2012 онд газар ашиглах эрхийг авсан “М-У” ХХК нь нь 2012 оноос хойш жил тутамд газрын төлбөрт 13.200.000 төлөх ёстойгоос 2016 онд нэг удаа 200.000 төгрөг төлсөн үүнээс өөрөөр төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг дуусгавар  болгох үндэслэл бүрдсэн байна.

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүйгээс төлбөрийг төлөх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй байна. Хэдийгээр гурвалсан гэрээний нэг тал гарын үсэг зураагүй байх хэдий ч ийнхүү гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийн талаар гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, нөгөөтэйгүүр гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, хаана, хэдийд төлөх талаар тодорхой заасан байх тул газрын төлбөрийг төлөх боломжгүй байсан гэх байдал, төлбөрийг хүлээн авахгүй гэсэн захиргааны байгууллагын үйлдэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2012 онд газар ашиглах эрхийг шилжүүлэн авснаас хойш тухайн газарт гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтаар ямарваа үйл ажиллагаа явуулаагүйн дээр тухайн газарт хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны техникийн нөхцөл, зураг төсөл батлуулах зэргээр газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж байсан гэх баримт ч үгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “тухайн газарт үйл ажиллагаа явуулах гэхээр иргэд эсэргүүцэн саад учруулдаг, шүүхэд маргаан үүсгэсэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж тайлбарладаг авч, ийнхүү иргэд хууль бусаар саад учруулсан талаар эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргаж байсан баримтгүй, Ж.Онарын 14 иргэний гаргасан “Мухар Улиаст ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сард захиргааны хэргийн шүүх хүлээн авч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Тодруулбал 2012 оны 5 сард газар ашиглах эрх шилжүүлснээс хойш 2015 оны 9 сард иргэд тухайн газрын талаар маргах хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэдийн 3 жил болсон, ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар дуусгавар болгох үндэслэл бүрдсэн байжээ.      

Иймд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дахь “М-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

“М-У” ХХК ашиглах эрхтэй байсан, маргаан бүхий тушаалаар ашиглах эрхийг дуусгавар болгосон газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/56 дугаар тушаалаар иргэн Б.Ат 473.3 м.кв, Т.Пд 562.33 м.кв, О.Тд 315.26 м.кв газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын  зориулалтаар, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/186 дугаар тушаалаар иргэн Ж.От 500.7 м.кв газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын  зориулалтаар, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Ю  ХХК-д 0.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх тус тус олгосон[7], эдгээр газрууд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газартай байршлын хувьд хэсэгчлэн давхцалтай[8] байх тул тэдгээрийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба нэхэмжлэгч “газар ашиглах эрхийг ийнхүү давхцуулан олгосон” талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх энэ талаар нарийвчлан дүгнэхгүй.

Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчаас ирүүлсэн тус яамны веб сайтаар газар ашиглах эрх нь дуусгавар болох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн гэх зарын мэдээлэлд нэхэмжлэгч компанийн нэр байхгүй[9],  мөн сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоотоор “М-У” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн[10] гэх боловч уг мэдэгдлийг ямар хаягаар хэрхэн хүргүүлсэн талаарх баримтгүй, харин тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Ж.Онарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт “М-У” ХХК нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалтай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр танилцсан гэх тул энэ хугацаанаас тооцож 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасныг[11] нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.      

Мөн нэхэмжлэгчийг тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг зөвшөөрөлгүйгээр дамжуулан ашиглуулсан гэх хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлгүй байна. Тухайн газрыг анх ашиглах эрх авсан иргэн Ч.Пгаас түүний үүсгэн байгуулсан “М-У” ХХК-д газар ашиглах эрхийг 2012 онд шилжүүлснээс хойш тус компанийн үүсгэн байгуулагч солигдсон[12] байх хэдий ч энэ нь хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн тайлбарт дурдсанчлан тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг зөвшөөрөлгүйгээр дамжуулан ашиглуулсан гэж үзэх үндэслэл болохгүй, эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгосон, тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага хэн байхаас үл хамааран газар ашиглах эрх хадгалагдана.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “М-У” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтын 26 дахь “М-У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА


[1] Хэргийн 2 дугаар хавтсын 84-86, 1 дүгээр хавтсын 52-55, 79, 5-8, 48-51,

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 98 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 45-46 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 71-71, 74 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 14, 61, 62, 128, 173, 174, 200-205 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 140, 155, 157, 198  дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 95-109 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 217-218 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 85-96 дугаар хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтсын 87 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 23, 27 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 211-215 дугаар хуудас