Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

   “Ш ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

 

Нэхэмжлэгч: “Ш ш” ХХК /РД:/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.М, А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.М, А.Б нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0658 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э

Хариуцагч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэргийн индекс: 128/2023/0148/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш ш” ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.М, А.Б нарт холбогдуулан “татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0658 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан “Ш ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Хариуцагч нар Татварын ерөнхий хуулийн 35.10, 41.4, Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 6.8-д заасны дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06/3420 дугаар албан бичгээр 210200545 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй татвар төлөгчид эрсдэлийн үнэлгээг тооцож, эрсдэл бүхий татвар төлөгч гэж тодорхойлсон гэдэг. Харин анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06/3420 дугаар албан бичгийн дагуу татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь татварын алба эрсдэлд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгах Татварын ерөнхий хуулийн 41.1, 41.2, 41.4, 41.11.1-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.2. Хариуцагч нарын хяналт шалгалт хийхдээ үндэслэл болгосон Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам нь гадагш чиглэсэн, тухайн байгууллагаас гадна үйлчлэлтэй, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, нийтээр заавал дагаж мөрдүүлэх шинжийг агуулж байх боловч захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь хэм хэмжээний актаар гадагш үйлчлэлээр ашиглаж болохгүй бөгөөд хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй.

3.3. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/41 дүгээр тушаалаар хийсэн эрсдэлийн үнэлгээг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ж.Э нар хяналт шалгалт хийсэн. Хэрэв Татварын ерөнхий хуулийн 41.4-т зааснаар эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг дахин хийх бол тус журмын 6.4.2-т зааснаар эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөнд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар тодотгол хийж, ЭУ-02 маягтаар өөрчлөлт оруулсны үндсэн дээр дахин хяналт шалгалт хийх байжээ.

3.4. Анхан шатны шүүхээс талуудын маргаж буй бүхий л үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй бол яагаад дүгнэх шаардлагагүй талаар шийдвэртэй үндэслэл бүхий байдлаар тусгах үүрэгтэй. Хариуцагч нар нь маргаан бүхий актын хавсралт хэсэгт нийт 12 төрлийн зөрчлийг нэхэмжлэгч компанид хамаатуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн мэтээр дүгнэсэн байхад анхан шатны шүүх энэ талаар бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

3.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7.2.4 дэх заалтыг үндэслэн татвар ногдуулах урьдчилсан нөхцөл нь 1/ манай компани нь дээр дурдсан этгээдүүдэд өр төлбөртэй байх, 2/ өр төлбөрөө барагдуулахын тулд дээрх этгээдүүдэд бараа борлуулсан эсвэл ажил гүйцэтгэсэн байх, 3/ 1 болон 2 дахь нөхцөл хангагдсан нөхцөлд өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан гэх нөхцөл хангагдана. Гэтэл өр төлбөр үүсээгүй, өр төлбөрөө хаахаар дээр дурдсан этгээдүүдэд манай компаниас бараа шилжүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байхад нотлох баримтгүйгээр, хуулийн үндэслэлгүйгээр татвар ногдуулсан нь буруу юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үндэслэлд бодитой хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж, актыг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан.

3.6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ““Ш” ХХК болон нэхэмжлэгч компанийн ажилтны дансаар орсон орлого нь тухайн этгээдүүдэд хамааралтай орлого бус нэхэмжлэгч “Ш ш” ХХК-ийн данс битүүмжлэгдсэн байсны улмаас хүлээн авах ёстой орлогыг дамжуулан авсан болох нь нотлогджээ” гэх зэргээр дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт биш бөгөөд зөвхөн хариуцагч нарын тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээ бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 107 дугаар зүйлийн 107.4-т заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтад бодитой дүгнэлт өгөөгүй нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шүүхийн алдаа жижиг гэж тооцогдохгүйгээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болдог.

3.7. Хариуцагч нараас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Ч.О-т олгосон итгэмжлэлд гарын үсгээ зурсан боловч тамга, тэмдгээ дараагүй, эх хувиараа биш хэвлэмэл байдлаар хэрэгт хавсаргасан байхад хууль бус баримтыг үндэслэн анхан шатын шүүгч нь шүүх хуралдаанд төлөөлөгчийг оруулсан. Итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 4.15-д заасныг зөрчсөн байгааг шүүх авч хэлэлцэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

3.8. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0658 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ш ш” ХХК-иас “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.М, А.Б нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг нэр бүхий татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан.

3. Монгол Улсын Засгийн газар, “Х м з” ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх /BT/ концессийн гэрээ байгуулж, уг  авто  замын ажилд “Ш ш” ХХК нь туслан гүйцэтгэгч /“Х м з" ХХК-тай “Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөл” дээр туслан гүйцэтгэгчээр ажиллах 62.000.000 долларын санхүүжилтийн, 1.818.225,00 долларын магадалшгүй ажлын хөлсийг төлөх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр гэрээ/-ээр ажиллаж, “Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хэсэг”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/15/18 дугаар дүгнэлтээр 83.3 км авто замыг, 2019 оны 12 дугар сарын 27-ны өдрийн 10/18/19 дүгээр дүгнэлтээр 52.2 км авто замыг ашиглалтад оруулсан байна. 0

4. Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.М, А.Б нар нь “Ш ш” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 24,083,911,206.3 төгрөгийн Концессийн гэрээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд маргаан бүхий 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,408,391,120.64 төгрөгийн нөхөн татвар, 920,709,785.49 төгрөгийн торгууль, 481,678,232.15 төгрөгийн алданги, нийт 3,810,779,138.28 төгрөгийн төлбөр ногдуулсан.

5. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоол гаргаж, маргаан бүхий НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.

6. Нэхэмжлэгч нь ... татварын хууль тогтоомжид зааснаас өөрөөр, хууль хяналтын байгууллагын хүсэлтээр шалгалт хийхдээ бусад этгээд хооронд хийсэн гүйлгээг манайд хамаатуулан нотлох баримтгүйгээр татвар тогтоосон, өөр иргэн компанийн хооронд хийсэн ажил үйлчилгээг хянаж шалгаад, манай орлого гэж хариуцлага ногдуулсан, бусдад өртэй гэдгийг нотлох баримтаар тогтоолгүйгээр акт тогтоосон зэрэг нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан 2018-2020 оны зарим орлогыг татварын хугацаанд нь тайлагнах боломжгүй байсан, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олоогүй, өөрийн хөрөнгө болон зээлээр ажлаа гүйцэтгэсэн гэх үндэслэлээр маргаж, дээрх нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шаардсан байна.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,

7.1. 2018 онд 2,170,909,090.91 төгрөг, 2019 онд 445,681,818.18 төгрөг, нийт 2,616,590,909.09 төгрөгийг “Ш” ХХК-ийн дансаар дамжуулан хүлээн авсан болох нь тус хуулийн этгээдийн бэлэн мөнгөний тооцоо, банкны дансны хуулга, цахим гүйлгээний баримт, төлбөрийн даалгавраар, 

7.2. “М о” ХХК-иас 2018 онд 1,413,803,548.69 төгрөг, 2019 онд 40,418,181.82 төгрөг, нийт 1,454,221,727.51 төгрөгийг гэрээний орлогоос суутган тооцуулах буюу бараа материал солилцох хэлбэрээр шатахуун хүлээн авсан нь тус хуулийн этгээдээс шатахуун олгосон тооцоо, “Ш ш” ХХК-иас авах борлуулалтын авлагын журнал зэргээр,

7.3. 2019 онд 64,591,818.18 төгрөгийн орлогыг компанийн ажилтны дансаар болон Гадаадын иргэн харьяатын газар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төлбөрт, 2020 онд 45,454,545.45 төгрөг болон 90,909,090.91 төгрөгийн орлогыг компанийн хувьцаа эзэмшигч “С В С К” ХХК-ийн дансаар тус тус хүлээн авсан нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар болон төлбөр төлсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар,

7.4. 2019 онд авто замын аспальтны механизмын түрээсийн төлбөрт 72,727,272.73 төгрөг, харуул, ажилчдын төлбөрт 56,534,545.45 төгрөг, нийт 129,261,818.18 төгрөгийг хүсэлт гарган хүлээн авсан нь Төрийн банкин дахь “Ш ш” ХХК-ийн 340004146973 тоот харилцах дансны хуулгаар,

7.5. 2020 онд “Х м з” ХХК-иас авах гэрээний орлогоос 1,501,063,112.16 төгрөгийг “Ш ш” ХХК-ийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт, Мөрөн ,Тариалан чиглэлийн 120 км авто замын хяналтын зөвлөх компанийн зам хяналтын төлбөрийг төлсөн нь 2020 оны 8 дугаар сарын 26, 27-ны өдрийн төлбөрийн даалгавраар,

7.6. 2020 онд “Ш ш” ХХК болон “Х м з” ХХК-ийн хооронд “Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажил төсөл” дээр туслан гүйцэтгэгчээр ажилласан гэрээний орлого 18,181,818,181.62 төгрөгийг Төрийн банкин дахь “Ш ш” ХХК-ийн 340004259890 тоот харилцах дансаар хүлээн авсан нь тус банкны харилцах дансны хуулга зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд эдгээр орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байна.

8. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

9. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөө заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох гурван тохиолдлыг нэрлэн заасны дотор Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд энэ төрлийн татварыг ногдуулах тохиолдол нь орлогыг ямар хэлбэр, журмаар хүлээн авснаас үл хамааран “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан”-аар тухайн бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдож, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эрх зүйн үр дагавар үүснэ.

10. Мөн хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулбал зохих гэрээний орлогоос суутган тооцуулах буюу бараа материал солилцох хэлбэрээр шатахуун хүлээн авсан нь тус хуулийн 7 дугаар зүйлийн зүйлийн 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна”, 7.2.4-д “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах” гэж заасанд хамаарна.

11. Өөрөөр хэлбэл, “Ш ш” ХХК болон “Х м з” ХХК-ийн хооронд “Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажил төсөл” дээр туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, ажил гүйцэтгэсэн орлогоос 1,599,643,903.56 төгрөгийг шатахуунаар, 24,892,658,426.88 төгрөгийг харилцах дансаар хүлээн авсан гэх үйл баримт дээрх байдлаар тогтоогдох ба зам барих ажлын хүлээн авсан нийт орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж, 24,083,911,206.30 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олсон гэж үзэн татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,408,391,120.64 төгрөгийн нөхөн татвар, 920,709,785.49 төгрөгийг торгууль, 481,678,232.15 төгрөгийн алданги, нийт 3,810,779,138.28 төгрөгийг төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Тодорхойлох хэсгийн 3.4-3.6, энэ хэсгийн 6-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

12. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”, Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 6.8-д “Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно” гэж тус тус заасан байна.

13. “Ш ш” ХХК-ийн 2017-2020 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн нэр бүхий татварын улсын байцаагч хахууль авсан гэх үйлдэлд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 06/3420 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт тухайн хуулийн этгээдийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан хяналт шалгалтын үндэслэлийг хянуулах агуулга бүхий хүсэлт (мэдээлэл) хүргүүлсэн.

14. Улмаар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3622300605 дугаар удирамжийн дагуу тус газрын татварын улсын байцаагч А.М, А.Б нар уг иж бүрэн хяналт шалгалтыг явуулж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

15. Авлигатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах үүрэгтэй болохыг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан бөгөөд энэ нөхцөлд татварын байгууллага нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн эрсдэл бүхий нөхцөл гэж тодорхойлж, зохион байгуулсан татварын иж бүрэн хяналт шалгалтыг татварын хууль тогтоомж, холбогдох журмын зорилгод нийцсэн үйл ажиллагаа гэж үзэх ба энэ нь татварын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилгод нийцүүлэн явуулсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул Тодорхойлох хэсгийн 3.1-3.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-т олгосон итгэмжлэлд татварын улсын байцаагчийн тэмдэг дарагдаагүй, шүүхэд хуулбар хувийг ирүүлсэн байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасан итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага (албан тушаалтан)-ыг төлөөлөх харилцаанд хамаарахгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох зэргээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.М, А.Б нар хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон энэ тохиолдолд Тодорхойлох хэсгийн 3.7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй.  

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ