| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/96 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Батцэцэг
Хохирогч П.Г
Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дид холбогдох эрүүгийн 2022000000086 тоот хэргийг 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон орон судлаач, орчуулагч мэргэжилтэй, Япон хэлний сургалтын төв ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 28б байранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Мы Д /РД:ЗЮ94053013/
Шүүгдэгч М.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Анужин” үйлчилгээний төвийн хашааны гадна талд иргэн П.Г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би тухайн өдөр Б.Г найзтайгаа сургалтын төв ажиллуулж эхэлснээ тэмдэглэн пиво уусан. Тэгээд би хог асгаад ирэх үед Б.Г 2 хүнтэй муудалцаж байсан. Би салгах бодолтой очтол Э.М, П.Г нар Б.Г рүү дайрч байсан. Би мөрөөрөө хааж П.Г хашсан маягтай зогсож байгаад Б.Гийг гараараа цохих гэхээр нь би гараараа хаатал миний нүүр рүү эхэлж цохисон. Тэгээд өшиглөх гэхээр нь би тулж очоод нүүр рүү нь нэг цохисон. Тэгээд хамраас нь цус гарч, цагдаа дуудсан...” гэв.
2. Шүүгдэгч М.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 сарын 17-ны өдөр би хог асгачхаад Б.Г дээр ирэхэд Б.Гтэй П.Г, Э.М хоёр маргалдаж байсан. Би тухайн үедээ яг юунаас болсныг мэдээгүй. Муу бацаан минь чи ингэх болоогүй гээд байсан. Тэгээд би болиулаад явах гэтэл П.Г нь та хоёрыг маргааш амьтан болгоно гээд байсан. Тэгэхээр нь би одоо уулзчих гэсэн чинь Анужингийн хашаанаас гараад явсан. Тэгээд Э.М Б.Г хоёр барьцалдаж аваад нэг нэгнийгээ түлхээд байсан. Тухайн үед П.Г нь Б.Гийг цохичих гээд л байсан. Тэгээд Б.Гийг цохих үйлдэл хийхэд нь би П.Г мөрөөрөө түлхсэн чинь намайг цохисон. Гэхдээ тийм хүчтэй цохиогүй. Тэгээд би түлхсэн чинь намайг өшиглөсөн, би ойрхон зогсож байсан болохоор өшиглөлт нь ч гэсэн хүчтэй тусаагүй. Тэгэхээр нь би П.Г нэг удаа цохисон. Би тухайн үед П.Г нэг удаа цохисон бөгөөд дахиж цохиогүй, гэмтээнэ гэж бодоогүй. Тэрнээс яг П.Г надтай маргалдаад бид 2 барьцалдаж авсан зүйл байхгүй. Б.Г рүү л дайраад байсан. Би хориглох байдалтай л зогсож байсан бөгөөд найзыгаа өмгөөлж П.Г цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-159-160/
3. Хохирогч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр орой Э.М бид 2 ажил дээр сууж байтал гэнэт тог тасалсан. Яагаад тог тасрав гээд гарч иртэл хэдэн согтуу хүмүүсийг явуулах гээд тог тасалсан гэж хэлсэн. Тэгээд гараад очтол Б.Г байсан. Тэр үед 7, 8 хүн байж байгаад явцгаасан. Б.Гийг гэр рүүгээ харь гэж маргаад явах гэж байтал М.Д ирээд өөдөөс маргаад, явах гэсэн өмнүүр гарч ирээд З руу духаа өгөөд байсан. Би холдуулах гээд түлхсэн, өөдөөс цохисон тэгээд цагдаа дуудсан. Цаашид хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ...” гэв.
4. Хохирогч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ерөнхийдөө тухайн үед бид нар тийм их муудалцаж сүйд болоогүй юм. Би тухайн үед Б.Гийг таньдаг болохоороо аятайхан ууж, идэж чадахгүй, гэртээ харь гээд үг сөргөлдсөн. Тэгээд дараа нь тэр М.Д гэдэг залуу нь ирсэн байсан. Миний хувьд М.Дтой нь маргалдсан зүйл байхгүй. Сүүлд ирснийхээ дараа харихаа та нараар заалгах юм уу гээд ганц хоёр үг хэлж байх шиг байсан. Тухайн үед би Б.Гийг гэртээ харь гээд зөөлхөн бөгс рүү нь хөлөөрөө нэг удаа амбаардсан. Намайг Б.Гийг амбаардах үед Д нь байгаагүй шиг санагдаж байна. Холоос харсан байж магадгүй гэж бодож байна. Хацар, хамраа өмнө байсан хэвд нь ортол эмчилгээ хийлгүүлэхийг хүсэж байна. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ, хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна… гэх мэдүүлэг /хх-157/,
5. Гэрч Э.Мын мөрдөн байцаалтын явцад болон 2020 оны 07 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны шатанд өгсөн “...2020 оны 05 сарын 17-ны өдөр 22 цагийн орчимд ажил дээрээ П.Г хамт сууж байхад тог тасарсан. Тэгээд юу болов гээд доошоо буутал жижүүр Г эгч зориудаар тог тасалчихсан, Г эгчийн охин уйлчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад сүүлд Анужин төвийн нэг давхарт орж ирсэн залуучууд архи уугаад 00-н өрөөнд бөөлжөөд, цэвэрлэ гэсэн чинь загнасан гээд байж байсан. Тэгээд тэдгээр залуусыг явуулах гээд Г эгч тог тасалсан гэсэн. Тэгээд П.Г бид хоёр өрөөгөө цоожилчхоод гараад иртэл гадаа нөгөө жижиг биетэй залуу /Г/ нь хашхичаад байхаар нь аятайхан ууж, идэхэд яадаг юм гэсэн чинь над руу дайраад байсан. Тэгээд би та нар жоохон хүүхэд байж яах гээд байгаа юм, харь гэж хэлсэн чинь надаас салахгүй хэрүүл хийгээд яваад байсан. Тэгээд тэр намхан залууд П.Г чи манай хамаатны хүүхэд биз дээ гээд хэдэн үг хэлэх шиг болсон. Тэгтэл нөгөө залуу нь ойлгохгүй ахархах гэлээ гээд агсраад байсан. Тэгээд би тэр жижиг биетэй залууг нь өөртөө ойртуулахгүй гээд гараараа тулчхаад байж байтал том биетэй залуу /Д/ нь над руу дайраад намайг цохих гэсэн боловч оноогүй. Тэгтэл П.Г тэр залууг түлхсэн. Тэрэн дээр юм бодсон уу яасан нөгөө том биетэй залуу /М.Д/ нь П.Г нүүр рүү цохичихсон. Тэгээд П.Г хамраас нь цус гараад П.Г өөрөө шууд цагдаад дуудлага өгсөн ... П.Г, Б.Гийг амбаардах цохих үйлдэл хийгээгүй. Б.Г, М.Д гэдэг хоёр хүнтэй энэ асуудал болсны маргааш эрүүлжүүлэхээс гарсны дараа уулзахад уучлаарай ах, юу ч санахгүй байна гэж хэлж байсан. М.Д нь над руу юм хэлээгүй. П.Г л чи бол биш шүү чи ахархахгүй шүү гээд хэлж байсан. Тухайн үед М.Д нь нэг цүнх үүрчихсэн байсан бөгөөд цүнхээ тайлаад үзчих үү л гээд байсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн15-16, 140-141, 166/ 6.Гэрч Б.Гийн 2020 оны 05 сарын 18-ны өдөр өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 17-ний өдөр 17 цагийн орчимд би өөрийн ажил болох Анужин төвийн 1-р давхарт байрлах сургалтын төвд зурагт тогтоохоор ирсэн юм. Тэгээд ажлаа амжуулаад англи хэл заадаг Дашням япон хэл заадаг Д, 2 давхарт байрладаг ярианы клуб ажиллуулдаг Лхагваа гээд охины хамтаар ярьж суугаад 2.5 литрийн савлагаатай хоёр том пиво хувааж уусан....Гэрэл унтраахаар нь бид нар Анужин төвийн үүдэнд гарсан. Гараад би салхинд цохиулаад ерөнхий болсон үйл явцыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
7. Гэрч Б.Гийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 5 сарын 17-ны өдөр “Анужин” төвд манай найз М.Д бас Лхагваа гээд нэг найз маань бид хэд сууж байсан. Бид нар 2 пиво хувааж уусан. Тэгээд байж байгаад “Анужин” төвөөс гарсан. Тэр үед “Анужин” төвийн хашаан дотор П.Г, Э.М нартай үл ойлголцоод хашааны гадна муудалцсан. Э.М бид хоёр хоорондоо ойрхон шүргэлцээд байж байсан чинь намайг П.Г өшиглөсөн. Тэр үед М.Д миний хажууд байсан. М.Дийг П.Г нэг өшиглөөд цохих шиг болсон. Тэгээд л П.Г газар унаад цагдаа дуудсан. Би өмнө нь сандраад мэдүүлэг өгөхдөө санахгүй байна гэж хэлсэн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн/
8. Гэрч Б.Гийн 2020 оны 8 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгээд үүдэнд П.Гтэй дайралдсан бөгөөд П.Г муу бацаанууд та нараас болоод тог тасаллаа гээд байсан. Тэгэхээр нь бид нараас болж ийм асуудал болоогүй гээд маргалдсан. Тухайн үед П.Гтэй хамт Э.М байсан бөгөөд маргааш амьтан болгоно гэх мэтчилэн маргаан болсон. Тухайн үед би ганцаараа Анужингийн үүдэнд байж байхад М.Д хог асгачхаад буцаад ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс ч гараад явсан. Анужингийн үүдэнд М.Д, Э.М, П.Г бид 4 үлдсэн. Тэгээд би Э.Мтой муудалцаж байхад П.Г муу бацаан гээд өшиглөөд намайг чи яасан овоо бацаан бэ гээд гар далайсан юм. Тэгэхэд нь М.Д П.Г нэг цохисон юм... Би тухайн үед эрүүлжүүлэх байранд хоночихсон шоконд орсон байсан, тэгээд тухайн үед бас зарим зүйлийг санахгүй байсан. Дараа нь үйл явдлыг нухацтай бодоод байсан чинь тухайн үед болсон процесс толгойд орж ирсэн юм. Тэгээд би болсон үйл явдлын талаар мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-рт/
9. Гэрч Ц.Гийн: “...2020 оны 05 сарын 17-ны өдөр би Номуун зоогт ээлжтэй байсан. Манай охин Золзаяа Анужин төвийг хариуцаад ажиллаж байсан бөгөөд над руу 21 цаг 40 минутын орчимд утасдаад манай Анужин төвд ороод удаагүй байгаа сургалтын төвийн залуучууд архи уугаад явахгүй байна гэхээр нь би очтол 2 залуу 2 эмэгтэй байх шиг байсан. Та нар одоо явцгаа гэсэн чинь үгэнд орохгүй байхаар нь би тогийг нь тасалчихсан юм. Тэгтэл дээд давхарт манай Анужин төвд удаан хугацаагаар түрээсэлдэг З /М/ хамт суудаг залуу Г хамт бууж ирээд аниа яагаад тог тасалчихваа гэхээр нь би ...энэ хэсэг залуучууд архи уугаад явахгүй байна... гэж хэлсэн. Тэгээд тэд нар бөөнөөрөө Анужин төвөөс гараад явсан. Тэгээд би Анужин төвийн үүдийг хашааны хаалгатай нь түгжчихээд ажил руу явсан. Сүүлд манай охин хэлэхдээ тэд нарыг цагдаагийн машин ирээд аваад явсан гэж байсан...’’ гэх мэдүүлэг /хх-17/
. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 сарын 20-ны өдрийн 127 дугаартай “...П.Г биед хамар ясны хугарал, зүүн хацарт шарх, доод баруун 1, доод зүүн 1, 2-р шүдний сулрал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Хамар ясны хугарал, хацрын шарх, гурван шүдний сулрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-20-21/
11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 сарын 04-ний өдрийн 12 дугаартай “...нэмэлтээр ирүүлсэн материалаар П.Г биед зүүн хоншоорын хөндийн дотор-дээд булан, ухархай ясны доод ханын урд-дотор, хамрын хянга ясны болон зүүн хажуу ханын нийлмэл хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2020.05.17-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-29-30/
12. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 14 дугаартай “..П.Г биед зүүн хоншоорын хөндийн дотор-дээд булан, ухархай ясны доод ханын урд-дотор, хамрын хянга яс болон зүүн хажуу ханын нийлмэл хугарал гэмтэл тогтоогдлоо. Нэмэлтээр ирүүлсэн материалаар 2020.06.04-ний өдөр гарсан дүгнэлтэд тусгагдаагүй шинэ гэмтэл тогтоогдсонгүй, гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь ул мөргүй алга болохгүй ба ясны хугарсан гэмтэл бороо үүсгэн эдгэрнэ...” гэх дүгнэлт /хх-103-105/
13. Аймгийн нэгдсэн эмнэлгийн №987 дугаар бүхий яаралтай тусламжийн хуудас /хх-23-26/ 14. Согтуурал шалгасан магадалгаа /хх-39/ 15. Эрүүлжүүлэгдсэн хүний 173 дугаартай бүртгэл, тэмдэглэл 16. Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-64-65/ 17.М.Д, Б.Г, П.Г, Э.М нарт оногдуулсан шийтгэлийн хуудас /хх-60-63/ 18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/ 19. Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-45/ 20. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч П.Г нь 2020 оны 05 сарын 17-ны шөнө бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь шинжээчийн 12, 14 дугаартай дүгнэлтүүдээр, шүүгдэгч М.Д нь 2020 оны 05 сарын 17-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Анужин төвийн хашааны гадна талд хохирогч П.Г нүүрэн тус газар нь нэг удаа цохисон болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан хохирогч болон гэрч Э.М нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон, шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М.Д нь хохирогч П.Г нүүрэн тус газар нь нэг удаа цохисон боловч энэ нь санаатай үйлдэл биш бөгөөд өөрийгөө болон найз Б.Гийг бусдын хууль бус довтолгооноос хамгаалахын тулд хийсэн аргагүй хамгаалалт юм гэсэн тайлбарыг гаргаж байна.
Тухайн үйл явдал болоход шүүгдэгч М.Д болон түүний найз Б.Г, хохирогч П.Г болон түүний найз Э.М нарын 4 хүн байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар маргаангүй нотлогдож байна.
Шүүгдэгч М.Д, гэрч Б.Г нар “хохирогч П.Г нь шүүгдэгч болон гэрч Б.Гийг цохих үйлдэл хийсний улмаас хамгаалах зорилгоор шүүгдэгч М.Д хохирогч П.Г нэг удаа цохисон” гэж, хохирогч болон гэрч Э.М нар “шүүгдэгч М.Д гэрч Э.Мыг цохих гэхээр нь хохирогч П.Г шүүгдэгчийг түлхсэний улмаас хохирогчийг шүүгдэгч М.Д цохисон” гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.
Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийн сэдэлтийг тогтоох зорилгоор хэргийг нэг удаа прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч М.Д хохирогч П.Г нүүрэн тус газарт нь нэг удаа цохих үйлдэл хийх үед байсан гэрч Б.Г, Э.М нар нь зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд гэрч нараас шүүх хуралдааны шатанд 1 удаа, мөрдөн байцаалтын шатанд 2 удаа буюу нийт 3 удаа гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрч Э.Мын өгсөн 3 удаагийн мэдүүлэг нь тогтвортой, гэрч Б.Гийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 8 сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлгүүд нь анх удаа буюу 2020 оны 05 сарын 18-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл гэрч Б.Г нь үйл явдал болсноос хойш 1 хоногийн дараа анх удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө урьд өдрийн болсон асуудлыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гадаа гарч салхинд цохиулсан-/согтсон/-ы улмаас санахгүй байна гэж мэдүүлсэн боловч 2020 оны 07 сарын 23-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед болон түүнээс хойш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “шоконд орсон байсан, дараа нь үйл явдлыг нухацтай бодоод байсан чинь тухайн үед болсон процесс толгойд орж ирсэн юм” гэж болсон гэх үйлдлийн талаар мэдүүлжээ.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Гийн мэдүүлэг нь тогтворгүй, эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Харин гэрч Э.М нь болсон үйл явдлын талаар 3 удаа тогтвортой мэдүүлсэн, уг мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байна.
Шүүгдэгч М.Дийн “аргагүй хамгаалалт хийж хохирогч П.Г нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй, хохирогч П.Г, гэрч Э.Мын нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч М.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Т овгийн Мы Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Улсын яллагч шүүх хуралдаанд “хавтаст хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийн талаарх баримт байхгүй, мөн өөрийн гэм буруугаа хүлээхгүй байгаа зэрэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Дийг арилжааны банкнуудад данстай эсэхийг тодруулсан боловч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа үүнийг шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал болгон ашиглах боломжгүй юм. Мөн шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх үүрэггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч арилжааны банкны лавлагаа болон шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг тухай гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн торгох ял сонгож оногдуулсан болно.
Шүүгдэгч нь хохирогч П.Г эмчилгээтэй холбогдон гарсан 1.690.000 төгрөгийн зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь хохирогч П.Гд хохирол 1.690.000 төгрөг төлсөн болох нь хэргийн 89, 133-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Хохирогч П.Г цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай тул зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талаас өөрийн эрүүл мэндтэй холбоотой 2 ширхэг CD-г нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд прокурорын 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хэрэгт хавсаргажээ. Үүний дараа хэрэгт хавсаргасан баримтыг мөрдөгч болон прокурорын шийдвэргүйгээр буцаан өгөх, буцаан авах /хэзээ хэнд хүлээлгэн өгсөн, авсан талаар баримт хэрэгт хавсаргагдаагүй/ ажиллагаа явуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл боловч энэ нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээнд нөлөөлөхгүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган ирүүлсэн ба хохирогч уг CD-г хувилж авсан тул буцаан авах шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Иймд хэрэгт хавсаргасан 2 ширхэг CD-г шүүгдэгч М.Дид холбогдох эрүүгийн 2022000000086 дугаартай хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Мы Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Мы Дид 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоо зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.690.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Г нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Доос нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD 2 ширхгийг шүүгдэгч М.Дид холбогдох эрүүгийн 2022000000086 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ