| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0023/Э/218/2021/0006 |
| Дугаар | 2021/ШЦТ/23 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Үрэлцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/23
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Үрэлцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нэд холбогдох 2022000000152 тоот хэргийг 2021 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............төрсөн, ............ боловсролтой, худгийн моторчин мэргэжилтэй, ............... ажилтай, .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .............. байсан, Б овогт П Н гэв. РД:/................../
Шүүгдэгч П.Н нь нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг “Хажуу улаан” гэх газарт байрлах худгаас М.Ээзэмшлийн 1х1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” гэх газар нутаглах Х.Н эзэмшлийн малын хороон дээр байсан 1х1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “9 сарын 25-нд Ц гэдэг хүний машины хаалгыг засаж янзлахаар суман дээр авчирсан байсан. Янзалчхаад аймаг орж сэлбэг авахаар явж байгаад Хажуу улаан бууцны хажууд дугуй хагараад буцах болсон. Урьд нь тэрүүгээр явж байхад хуучин кольцо байдаг байсан. Тэгээд нэг кольцо байхаар нь нийтийн эзэмшлийн бохирын худагт ашиглах зорилгоор авсан. Тэгээд буцаж явтал бууцнаас зүүн өмнө эвдэрч гэмтсэн 2 кольцо байхаар нь нэгийг нь аваад 2 кольцо болгож суман дээр хашааны гадаа бохирын худагт тавиад, нэг заваараа хийнэ гэж бодож байтал цагдаа ирээд хулгайн хэрэг байлгаж бай гээд явсан” гэв.
- Шүүгдэгч П.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2020.09.25-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед Гурвансайхан сумаас гараад аймар руу танил болох Цгийн Бонго пронтер маркийн 75-53 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явж байтал 30-аад км-т Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” гэх газарт байх худгийн урд талын овоон дээр дугуй хагараад зогссон юм. Тэгээд дугуйгаа сольчхоод машинаа доогуур дээгүүр нь нэг өнгийж харчхаад дугуй муу тул цааш явах гэснээ болиод сум руу буцъя гэж бодсон. Гэтэл худгийн урдхан талд нэг хуучин эвдэрхий бетонон кольцо байсан. Тэр кольцо бол ер нь байж л байдаг байсан. Би тэр кольцог эзэнгүй хаягдал юм байна гэж бодоод хашааныхаа ард байх нийтийн эзэмшлийн бохирын худагт ашиглавал зүгээр юм байна гэж бодоод машинтай явж байгаа дээрээ дөхүүлээд тавьчихъя гэж бодоод машин дээрээ тавих гэтэл дийлээгүй. Тэгээд машинаа ойртуулж байгаад хойд хойд хоёр дугуйг нь шороо ухаж суулгаад машин дээрээ ачсан юм. Тэгээд шороон замаар буцаад явж байтал зүүн хойд талд байх эзэнгүй хорооны урдхан бас нэг хуучин эвдэрхий бетонон кольцо байхыг харсан. Тэгээд хичнээн жилийн өмнөөс л хэрэггүй кольцонууд байдаг байсан болохоор нийтийн эзэмшлийн бохирын худагт хийе гэж бодоод бууцны зүүн урд талд байсан 1х1 хэмжээтэй 1 ширхэг кольцог өмнөхтэй адил аргаар машин дээр ачаад Гурвансайхан сумын 5-р баг Өнөрийн 4-404 тоотод байх хашааныхаа хойд талд байх бохирын худгийн зүүн талд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-97-98/
- Хохирогч М.Э “...Би Гурвансайхан сумын нутагт төрж өсөөд, 2-р багийн “Хажуу алаан гэх газарт 1983 оноос хойш өдий болтол мал маллаж амьдарч байгаа. Би Гурвансайхан сумын 2-р багийн “Хажуу улаан” гэх газрын ойр орчмоор жилийн 4 улирал мал маллаж амьдардаг. Би 2020 оны 09 сарын 25-ны өдөр “Хажуу улаан” гэх газарт байх хаваржаан дээрээ байсан. Тэр өдөр өглөө аймаг руу яваад ойр зуурын юм авчхаад орой ирсэн. Тэгээд маргааш нь “Хажуу улаан” нэртэй худаг дээр очиж үзэхэд кольцо алга болсон байсан. Калоцо байсан газрын зүүнхэн хойд талд нь газар хонхойлгоод ачаад явчихсан байсан тэр машины мөр нь давхар дугуйтай машины мөр байсан юм. Миний мэдэхийн тэр худгийн дотор тал нь чулуу хүрээтэй байсан. Худаг дотор ямар нэгэн колоцо байгаагүй алдсан тэр кольцог би бууцан дээрээс өнхрүүлж авчирсан юм. Би 1996 онд санагдаж байна Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” гэх газарт байх өвөлжөөн дээрээсээ өнхрүүлж аваачсан юм. Намайг бага байхад тэр худаг байдаг л байсан хэзээ, хэн гаргасан талаар сайн мэдэхгүй ээ. Одоо тэр худаг хэн нэгний өмч биш би 1986 оноос хойш тэр худгийн ойр орчмоор нутаглаж амьдарч байгаа болохоор худгийг арчилж тордож гадна талаар нь блокоор байшин барьсан. Тэр худаг дээр байсан нэг ширхэг кольцог би 1996 онд худгийн урд талд байх бууцан дээрээсээ эхнэрийн хамт өнхрүүлж аваачсан юм. Хувьчлалын үед би Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” нэртэй газарт байх хороо хашаа, 3 ширхэг кольцог тухайн үед нийт 18000 төгрөгөөр худалдаж авч байсан юм, одоо магадгүй гэхдээ Гурвансайхан сумын тамгын газар тэр чигтээ шатсан оныг нь санахгүй байна тэр баримт одоо байхгүй байх. Тэр үед хороотой хамт худалдаж авч байсан кольцоны нэг нь худаг дээр байсан. Гурвансайхан сумын 2-р багт “Хажуу улаан”нэртэй худгаас зүүн тийш 1 км орчим газарт байх хороо манай худ Н эзэмшлийнх байгаа юм. Нх тэнд ирээд 10-аад жил болж байгаа юм. Н тухайн үед хороон дээр байсан юмнуудтайн цуг худалдаж авч байсан. Тэр хороон дээр байсан нэг ширхэг кольцо Н эзэмшлийнх юм. Би анх мэдүүлэг өгөхдөө Н хороон дээрээсээ алдсан кольцог хамт нь хэлж байгаа 2 кольцо алдсан гэж хэлсэн. Н бид 2 худ ураг бас Н ганцаараа мал малладаг болохоор хоорондоо ярилцаж байгаад 2 уулаа нааш цаашаа явж байснаас нэг хөөцөлдөж явъя гээд намайг хохирогчоор орсон нь дээр байна гэж ярилцаад би хохирогчоор орсон юм. Бусдаар бол би “Хажуу улаан” нэртэй худаг дээрээ өөрийн нэг ширхэг кольцог алдсан юм. Надад ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-80-82/
- Хохирогч Х.Н “...Манай охин М Э хүү М суусан юм. М.Ээтэй худ ургийн холбоотой. 2020 оны 9-р сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Манай хорооны баруун талд байх худаг дээр мал усалж байхад хороо уугаа дурандаад хартал манай хорооны зүүн урдхан талд байх 2 кольцо алга болсон байсан. Тухайн үед хэн авсан, юу болсон талаар мэдэхгүй. Дараа нь худ М.Э манай худаг дээр байсан кольцог авсан хүнийг олсон байна. Цагдаа шалгаж байгаа юм байна. Хохирогчоор оролцох хэрэгтэй гэсэн. Тэгээд би М.Эөөрийн кольцоны эзэн гээд хамтад нь хөөцөлдүүлье гэж бодоод М.Эявуулсан. Би ганцаараа малаа малладаг бие муутай болохоор явж сууж чадахгүй гээд М.Эхамтад нь шалгуулах гэсэн юм. М.Э бид 2 чинь худ ураг болохоор болох байх гэж бодсон. Босгож тавьсан төмөр нь 2 талаасаа эвдэрсэн бетонон кольцо нь мөн байна. Манай хорооны урдхан байсан юм. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Манайх 2020 оны 06 сараас 11 хүртэл одоо байгаа бууцныхаа баруун хойд дээр нутагладаг байсан. Тэндээс манай энэ хороо харагддаггүй. Манайх Гурвансайхан сум 2-баг “Хажуу улаан” гэх газар байх нутгийн зүүн талын хороо миний эзэмшлийнх. Би энэ хороог 10 гаран жилийн өмнөөс нутгийн хүнээс 1 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед л тэр алдагдсан кольцо энэ хороон дээр байсан. Хамтад нь худалдаж авсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-86-87/
- Иргэний нэхэмжлэгч Д.Цгийн “...Би П.Н гэх хүнтэй бол П.Н гэх хүний эхнэр болох Ц.Нямсүрэнтэй холын хамаатан байгаа юм. Энэ хүн манайхны хүргэн хүн байгаа юм. Би өөрийн эзэмшлийн 75-53 ДУА Улсын дугаартай BONGO PRONTER маркийн тээврийн хэрэгсэл 2020 оны 08 сард жолоочийн эсрэг талын хаалгыг засаж янзлуулаад 2020 оны 09 сарын сүүлээр авчирч өгсөн. П.Н миний тээврийн хэрэгслийг засаж янзалж авчирч өгсөн, өөр зүйл надад ярьсан хэлсэн зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгслээр юу ачиж тээвэрлэсэн мөн бетон кольцоны талаар ярьсан зүйл байхгүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл 1999 онд үйлдвэрлэсэн, би анх хүнээс 2013 онд 3,500,000 төгрөгөөр авч байсан. 7-н жил өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байна. Одоо Гурвансайхан сум 1-р баг “Өвөр зээг” гэх газар нутаглаж Ц.Рхөдөө гэрээ нүүлгэнэ гээд авсан, одоо хөдөө эвдрээд айлын хороон дээр байгаа гэж хэлсэн очиж авч чадахгүй байгаа юм. Учир нь манай гэрээс 40 гаруй км газарт байгаа байх очиж үзээгүй байна. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ 700,000 төгрөгөөс 1,000,000 сая төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн тээврийн хэрэгсэл 75-53 ДУА Улсын дугаартай BONGO PRONTER маркийн тээврийн хэрэгслээ П.Нээс авмаар байна. Энэ хүн өөрөө буруу хэрэг хийсэн болохоор өөрөө хариуцах ёстой...” гэх мэдүүлэг /хх-26-27/
- Гэрч Н.Д: “...Би Дундговь Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт 2-р багийн засаг даргын ажилтай 9 дахь жилдээ ажиллаж байна. “Хажуу улаан”-ны худаг бол дээр үеийн худаг намайг жоохон байхын тэнд худаг байдаг байсан. Миний мэдэж байгаагаар энгийн гар худаг, худгийн дотор тал нь чулуугаар хүрээлэгдсэн, тэр худаг гадна талаараа задгай байсныг нэлээн хэдэн жилийн өмнө тус багийн Э гэдэг малчин байшин барьж тохижуулсан. Тэр худгийн хажууд цементэн кольцо байдаг байсан хэн, хэзээ тэр кольцог тавьсан талаар мэдэхгүй. Тэр худаг цементэн кольцотой худаг биш чулуун дотортой худаг байгаа. Тэр кольцо хэний эзэмшлийнх болох талаар мэдэхгүй байна. Тэр худаг нэг хүний хувийн эзэмшлийнх биш ээ тэр хавийн малчид бүгд хэрэглэдэг худаг байгаа юм. Гурвансайхан сумын засаг даргын тамгын газрын байр 2020 онд галд өртөж тэрнээс болоод архивын бичиг баримт шатсан тэгэхээр 2000 оны өмнөх бичиг баримтууд шатаж устсан яагаад гэхээр манай багийн иргэд тэтгэвэр тэтгэмжид орох гээд 2000 оноос өмнөх баримт бичгийн лавлагаа байхгүй учраас Гурвансайхан сумын засаг даргын газрын галд шатсан талаарх албан тоот хийж өгч аймгийн холбогдох байгууллагууд руу явуулдаг...” гэх мэдүүлэг /хх-89-90/
- Гэрч Р.Ц: “...2020.09.25-ны өглөө нөхөр М.Э бид 2 аймгийн төв ороод үдээс хойш иртэл зүүн хойно талд байх худгийн урд талд байх бетонон кольцо, мөн манайхаас зүүн хойно 1 км байх Х.Н гэх хүний бууцан дээр байсан нэг кольцог хамтад нь аваад явсан байсан. Тэгээд Н гуатай уулзахад худаг дээр нэг машин зогсоод байсан тэр авсан байх гэж байсан. Тэгээд Э бид 2 цагдаад мэдэгдсэн...’’ гэх мэдүүлэг /хх-93/
- Гэрч Д.Мөнхтайвангийн: “...Би П.Н гэх хүнийг манай урд талын хашааны хүн гэдгээр нь сайн танина өөр харилцаа байхгүй. Миний мэдэж байгаагаар 9 сарын 25-26-ний үед П.Нийн хашаа буюу Өнөрийн 4-3 тоотын хашааны ар талд 1х1 харьцаатай 3 ширхэг бетонон кольцо байж байсан ба хажуу талд нь хөх өнгийн пронтер маркийн машины улсын дугаарыг нь анзаараагүй юм. Саяхан хэд хоногийн өмнө намайг харахад 1х1 харьцаатай 3 ширхэг бетонон кольцо П.Нийн хашааны ар талд байж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-10-12/
- Дундговь аймаг Сайнцагаан сумын засаг даргын дэргэдэх үнэлгээний комисс 2020 оны 10-р сарын 18-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт: “75-53 ДУА улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ 700,000 төгрөг” гэжээ /хх-ийн-38-39/
- Дундговь аймаг Сайнцагаан сумын засаг даргын дэргэдэх үнэлгээний комисс 2020 оны 10-р сарын 18-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт: “1х1 хэмжээтэй худгийн 2 ширхэг кольцоны эд зүйлийн үнэлгээ тус бүр нь 80,000 төгрөг, нийт 160,000 төгрөг” гэжээ /хх-ийн-32-33/
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн-106/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн-107-108/
- Мэдүүлгийн шазар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх109-113/
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /114-116/
- Мөрдөгчийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох тухай 2021.02.11-ний өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн-129/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн “Хажуу улаан” гэх газарт байрлах худгаас иргэн М.Ээзэмшлийн 1х1 хэмжээтэй нэг ширхэг кольцог, мөн өдөр худгаас 1 орчим км-ын цаана байх иргэн Х.Н малын хороон дээр байсан 1х1 хэмжээтэй нэг ширхэг кольцог Бонго пронтер маркийн 75-53 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авчиж авч явсан үйл явдал болсон болох нь нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ээд 80,000 төгрөгийн, Х.Нд 80,000 төгрөгийн хохирол учирч, нийт 160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Үнэлгээний комиссын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн П.Нийн авч явсан гэх 2 кольцо нь ямар нэгэн агуулах саванд хадгалагдаагүй Гурвансайхан сумаас Дундговь аймаг орох зам дагуу 10 гаран жил ашиглагдаагүй, ил задгай газарт хараа хяналтгүй байсан болох нь хохирогч М.Э“1996 онд өмч хувьчлалын үед Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” нэртэй газарт байх хороо хашааг 3 ширхэг кальцоны хамт нийт 18000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг, хохирогч Х.Н “10 гаран жилийн өмнө нутгийн хүнээс “Хажуу улаан” гэх газарт байх хороог 1 сая төгрөгөөр худалдан авахад хороон дээр байсан кольцо байгаа юм” гэх мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Тухайн 2 кольцог П.Н нь ямар нэгэн байдлаар ашиглаагүй бөгөөд кольцонуудыг биет байдлын доголдолгүй, бүрэн бүтэн хохирогч нарт буцаан өгсөн гэдэгт шүүхийн хэлэлцүүлэгт талууд маргаагүй, мөн хэрэгт хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй мэдүүлэг авагдсан байна.
Шүүгдэгч мэдүүлэгтээ 2 кольцог авсан шалтгаанаа “Гурвансайхан сумаас Дундговь аймаг орох зам дагуу олон жил хараа хяналтгүй хэвтэж байдаг байсан, би 2 кольцог эзэнгүй юм байна гэж бодоод сумынхаа бохирын хоолойг засварлахад ашиглахаар авсан” гэж тайлбарладаг бөгөөд түүний энэ мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй болно.
Мөн Үнэлгээний комиссын дүгнэлтээр 2 ширхэг кольцог 180,000 төгрөгөөр үнэлсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-ын хэмжээнд хүрэхгүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгч 2 кольцог эзэнгүй гэж бодож, Гурвансайхан сумын нийт иргэдийн ашиг тусын тулд бохирын хоолойг засварлах зорилгоор авсан гэдэг тул шүүгдэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр, хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна.
Шүүхээс шүүгдэгч П.Нийн үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтад заасан шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хулгайд алдсан эд зүйлээ биетээр хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Цгээс битүүмжилсэн 75-53 ДУА маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 5, 6, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нэд холбогдох эрүүгийн 202200000152 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Паламын Нийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Цгээс битүүмжилсэн 75-53 ДУА маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосон болохыг тус тус дурдсугай.
3. Шүүгдэгч П.Нэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ШҮРЭНЧУЛУУН