| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа
Улсын яллагч Б.Батцэцэг
Хохирогч С.О
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн тоот 2022002250130 хэргийг 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...................төрсөн, ................... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ......................оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э овгийн С Н /РД:.................../
Шүүгдэгч С.Н нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн “Цагаан толгой” гэх газарт иргэн С.Оийг “намайг хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 7 сарын 12-ны өдөр 17 цагийн үед ах С.Нгэрийн хажуугаар давхиж яваад буугаад бэр эгч С.Отэй намайг яагаад хулгайч гээд байгаа юм гэж хэрэлдэж байгаад ийм юм болсон. Намайг араас зуураад самардаад байхаар нь санаандгүй гараараа цохичихсон юм...” гэв.
- Шүүгдэгч С.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны зун миний төрсөн ах Н намайг хэдэн мал борлуулалцаад өгөөч гэж хэлээд Дундговь аймгийн төв рүү мал авч ирэхэд нь хамт ирсэн. Тэгээд буцаад гэртээ хариад байж байсан чинь Н ахын эхнэр манай бэр эгч О ах дүү нараараа нийлж хулгай хийлээ, ах дүү нартайгаа хулгай хийсэн хулгайч нар, янхны хүүхэд нар гэх зэргээр доромжилж нутаг усны хүмүүст яриад байсан. Тэгээд манайх Адаацаг сум руу өвөлжөөд хавар нь Төв аймгийн Өнжүүл сумаар байж байгаад наадам болохын өмнө Эрдэнэдалай сумын 4-р баг Рашаан гэх газар нүүж ирсэн. 2020 оны 07 сарын 12-ны өдөрт манайх хурга хяргаж байгаад, наадмын өдөр гээд мал хяргаж байсан хүмүүст нэг шил 0,75 литрийн архи 2,500 грамм пиво гаргаж өгөөд хувааж ууцгаасан. Хурга хяргаж дуусгачихад ноосоо хумьчхаад Б найзтайгаа Х гуайн гэрт очъё гээд Н ахын хажуугаар явж байхад гаднаа байж байхаар нь гэр лүү нь очсон. Тэгсэн чинь бэр эгч О хялалзаад цэхэлзээд байхаар нь би өөдөөс нь “та яагаад янз бүрээр хулгайч зээлгээч гээд хэлээд байгаа юм” гэсэн чинь өөдөөс угаасаа янхан биз дээ, үнэн юм чинь яадаг юм гэхээр нь” би ядарсан эхээ чам шиг пиздад доромжлуулахгүй шүү” гэсэн чинь хүү нь болох А“чи юу гээд хуцаад байгаа юм” гээд өөдөөс явсан. Тэгэхээр нь би “чи муу хүртэл юу гээд байгаа юм” гэсэн чинь О эгч ард талаас миний дотоожийг ураад өмд шувтлах гээд байхаар нь өмднөөсөө бариад зууралдаж байтал А2, 3 удаа баруун шанаа хэсэг рүү цохиулаад авсан. Тэгэхээр нь би баруун гараа дээш өргөөд О эгчийг салгах гээд савчихсан чинь эгч ойчсон. Миний араас зуураад тавихгүй байсан юм. Тэгээд Н ах ирээд юу болсон талаар асуусан, жоохон зуурын хугацаанд л болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-66-67/
- Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 7 сарын 12-ны өдөр гэрээ нүүлгээд зогсож байтал С.Н машинтай давхиж ирсэн. Халамцуу бууж ирээд “чи намайг хулгайч гэж хэллээ” гэхээр нь “би бүх юмыг үнэнээр нь хэлсэн. Эхнээс нь юу болсныг чи өөрөө мэдэж байгаа биз дээ” гэж хэлэнгүүт намайг цохисон. Цохингуут нь би үсрээд оочсон. Намайг оочиход манай хүүхэд “та яагаад манай ээжийг цохиж байгаа юм бэ” гээд цаанаас ирэхээр нь хүүхдийг маань бас зодчих вий гээд би С.Нгийн өмднөөс нь зуураад татсан ийм л зүйл болсон. Өмнө нь С.Н 2019 оны 10 сард нэг удаа намайг зодож байсан. 2020 оны 7 сарын 12-нд 2 дахь удаагаа зодсон. Энэ хүнд зодуулснаас болж миний хараа муудаж нүдний хагалгаанд орсон. 6 шүд мэдээ муутай эмчлүүлэх шаардлагатай байгаа. Хамар мурийлттай хугарсан. Нүүрний яс хугаралттай. 2020 оны 8 сарын 3-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хагалгаанд орсон. Түүнээс хойш 2 удаа сувилалд хэвтэж эмчлүүлсэн...” гэв.
- Хохирогч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 сарын 12-ний орой 17:00 цагийн үед нөхөр хүүхдийн хамт өвөлжөөн дээрээ гэрээ буулгаж байсан чинь гэнэт саарал өнгийн жижиг тэрэг ирж зогссон дотроос нь С.Н согтуу гарч ирсэн. “Чи намайг хулгайч гэдэг хэн бэ” гээд шууд миний зүүн мөр лүү цохиход нь манай хүү Н.Абид хоёрын дундуур орсон чинь С.Н дахин миний зүүн хацар луу цохиход би газар ойчсон. Тэгээд босож ирээд хацраа дарж үзсэн чинь зарим газар нь овойсон, хонхойсон байдалтай байхаар нь хүүдээ ээжийнх нь нүүр цөмөрсөн байна цагдаад хэлье гэж хэлсэн чинь хүү намайг авч явж гэртээ авчирсан юм. Удалгүй манай нөхөр хүрч ирээд намайг Адаацаг сум руу авч явж хүн эмнэлэг дээр очиж өвчин намдаах тариа хийлгэсэн. Маргааш нь аймгийн төв орж эмнэлэг дээр очиж жижүүр эмчид нь үзүүлээд, зураг авхуулж аймагт 2 хоног гэртээ ирчхээд 2020.07.15-нд хот явж 07 сарын 27-нд гэмтлийн эмнэлэгт хэвтэж эрүү нүүрний мэс засалж орсон. Бид хоёрын хооронд урьд өмнө нь өр авлагын болон өс хонзонгийн шинжтэй асуудал огт байхгүй. С.Н миний биеийн өөр хэсэгт цохисон талаар сайн мэдэхгүй байна. 2019 онд манай нөхөр Н дүү Нгийн хамт надаас нууж 33 тооны хонь зарж мөнгийг нь С.Нгийн дансанд хийсэн байсан талаар сүүлд хүнээс дуулаад нөхөртөө та нар ах дүүсээрээ хулгай хийсэн гэж хэлсэн, тэр үгийг С.Н сонсоод намайг зодсон байна лээ. Би гомдолтой байна эмчилгээний зардлын баримтаа дараа нь гаргаж өгнө бие махбодоороо хохирсон. Тухайн үеийн үйл явдал болох үед Н бид хоёр бие биеийнхээ өөдөөс хараад зогсоцгоож байсан юм. Би Н гэх хүнд зодуулсны улмаас зүүн шанааны яс хугарал, хамар зүүн талаасаа мурийлттай, нүд хялайж хараа муудсан, 6 шүд доргисон гэх гэмтэл учирсан. Би эдгээр гэмтлүүдээс шанааны ясны хугаралд эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээнд 5,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Бусад гэмтэлд эмчилгээ хийлгээгүй байгаа. Учир нь би 2020.08.03-ны өдөр “Гэмтэл согог үндэсний төвд” нүүр шанааны яс хадах, сойх хагалгаанд орсон. Энэ хагалгаанаас 6 сарын дараа бусад гэмтэлд эмчилгээ хийнэ гэж эмч хэлсэн. Шанааны ясны хагалгаанд орсноос хойш 6 сар гэдэг нь 2021 оны 02 сард болж байгаа юм. Би өөрт учирсан гэмтлүүдээ бүгдэд нь эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний зардлыг С.Нгээр төлүүлнэ…” гэх мэдүүлэг /хх-21-24, 25-29/,
- Гэрч Ю.Б: “...2020 оны 07 сарын 12-ны өдөр би 13:00 цагийн үед би халамцуу очсон чинь хонио хяргаж байсан. Тэгээд би тэдэнд тусалчхаад явах гэсэн чинь байж бай хоол идчихээд яв гэхээр нь гэрт орж хоол идээд байж байсан чинь С.Н 0,5 л 2 шил архи гаргахаар нь хувааж уучхаад байж байсан. Удалгүй түүний төрсөн ах болох Ё.Ннь мөн 0,5л 1 шил архи өгөхөөр нь түүнийг хувааж уучхаад би ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин дотор унтсан бололтой сэрсэн чинь хүмүүс хашхирах шиг болохоор нь машинаас буусан чинь С.Н О эгчийг өөдөөс харчихсан хашхираад зогсож байсан. Тэгэхээр нь би С.Нгийн гараас бариад яагаад байгаа юм бэ гэж хэлээд, О эгчийн зүүн хацрыг харсан чинь цөмөрсөн байсан. Тэр үед О эгчийг хүүхэд нь мотоциклд суулгаад авч явсан. Тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 33-35/
- Гэрч Н.А: “...2020 оны 07 сарын 12-ны орой 17 цагийн үед намайг аав, ээжийн хамт өвөлжөөний гадаа гэрээ хураагаад байж байсан чинь гэнэт аавын төрсөн дүү болох С..Н жижиг машинтай хүрч ирээд машинаас халамцуу бууж ирсэн. “Намайг хулгайч гэж хэлдэг чи юу юм бэ” гээд агсарч шууд ээжийн баруун талын мөр лүү цохихоор нь би тэр хоёрын дундуур орж салгах гэсэн чинь дахиад ээжийн нүүрэн тус газар цохисон. Тэр үед ээж газар унасан чинь С.Н ахтай цуг явж байсан Б дундуур орж Н ахыг салгаад холдуулсан. Ээж зүүн талын хацар эвгүй боллоо гэж хэлэхээр нь би ээжийг мотоциклд суулгаж гэртээ авчирсан. Тэгээд удалгүй аав Адаацаг сум руу аваад явсан, ээжийн зүүн хацар хонхойчихсон, дээд яс гэмээр зүйл нь товойсон байсан. 2019 оны намар намайг байхгүй байхад С.Н ах ээжид агсам тавьж түлхэж унагааж байсан гэсэн. Тэр хоёрын хооронд өс хонзон өр авлагын асуудал байхгүй байх гэж бодож байна. Манай аав С.Н ах хоёр 2019 оны намар ээжээс нууцаар 20 тооны хонь зарж мөнгийг нь Н ахын дансанд хийсэн талаар ээж сүүлд мэдэж хэрүүл гарсан гэсэн. Тэгээд ээжийг С.Н ах зодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/
- Гэрч С.Т: “...2020 оны 07 сарын 29-ний өдөр манай дүү О хүнд зодуулаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна гэж надад утсаар хэлсэн. Би удаагүй гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь дүү хагалгаанд орно гээд эрүү, нүүрний мэс заслын тасагт хэвтэж байсан. Тухайн үед дээд уруул нь хавдсан, хүзүү хавдсан, хацрын яс нь хугарсан гэж надад зовуурьтай хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/ - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 сарын 11 өдөр 8961 дугаартай “...С.Оийн биед зүүн талын хацар ясны нум болон сэртэн, зүүн хоншоорын хөндийн урд болон гадна ханын халд хугарал, мэс заслын дараах байдал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-49-51/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар нэмэлтээр хийсэн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 1107 дугаартай “...С.Оийн биед учирсан зүүн талын хацар ясны нум болон сэртэн, зүүн хоншоорын хөндийн урд болон гадна ханын далд хугарал, мэс заслын дараах байдал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх учирсан зүүн талын хацар ясны нум болон сэртэн, зүүн хоншоорын хөндийн урд болон гадна ханын далд хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн хүндэвтэр зэрэгт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн хүндэвтэр зэрэгт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-54-57/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-5 дахь тал/
- Мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-95-101 дэх тал/ - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/ - Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч С.О нь 2020 оны 07 сарын 12-ны орой бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь шинжээчийн 8961, 1107 дугаартай дүгнэлтүүдээр, шүүгдэгч С.Н нь 2020 оны 07 сарын 12-ны орой 17 цагийн үед хохирогч С.Оийн нүүрэн тус газар нь цохиж зодсон болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан хохирогч болон гэрч Н.Амэдүүлгээр тус тус нотлогдсон, мөн шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч С.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Эрээнхүүгийнхэн овгийн С Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Нгээс хохирогчид 1,000,000 төгрөг бэлнээр өгч, 120,000 төгрөгийн эд зүйлс авч өгч, 99,500 төгрөгийн сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч өгч нийт 1,219,500 төгрөгийн хохирол барагдуулсан болохыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хүлээн зөвшөөрч байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.От 5,664,400 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирлын баримтаар тогтоогдож байгаа бөгөөд цаашид мөн 6 шүдний эмчилгээнд 660,000 төгрөгийн зардал шаардлагатай нь хавтаст хэргийн 199 дүгээр хуудсанд авагдсан эмчийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн шүүх 6 шүдний эмчилгээнд шаардлагатай 660,000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй юм.
Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч С.Нгээс 5,104,900 /5,664,400+660,000-1,219500=5,104,900/ төгрөг гаргуулан хохирогч С.От олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч С.О нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э овгийн С Нг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овгийн С Нд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нгээс 5104900 төгрөгийг гаргуулан хохирогч С.От олгосугай.
5. Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.О нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Нгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН