| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2022/0614/З |
| Дугаар | 221/МА2023/0695 |
| Огноо | 2023-11-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0695
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С” ХХК
Хариуцагч Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Ч” ХХК
Хэргийн индекс: 128/2022/0614/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 696 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2.2, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг, Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ч” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай 3/1820 дугаар мэдэгдлийг, мөн Барилга, хот байгуулалтын яам, “Ч” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2022/211 дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ БХБЯ/202202252 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
... Нэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд.
1.1. Шүүхийн 0696 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “... Тендерийн үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэнээр уг тендерт тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй, хариуцагч Үнэлгээний хороо нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгээс давсан байдлаар тендерт оролцогч биш этгээдээс Төрийн өмчийн хороогоор заасан баримт бичгийг шаардах, дутуу гэж үзэх, үнэлэхгүй байх эрхгүй юм..." гэсэн байна.
1.2. Шүүхийн энэ дүгнэлтээс үзэхэд Үнэлгээний хороо тендерийн үнэлгээ хийхээс өмнө манай “С” ХХК-ийн тендер татгалзагдах нөхцөл бүрдсэн байсан гэж ойлгогдож байна. Бид шүүх хуралдааны явцад Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар шинжлэн судалсан юм. Тэмдэглэлд тендерт оролцсон гурван хуулийн этгээдийн материалыг бүгдийг нь хамтад нь хянаж зохих үнэлгээг хийсэн болох нь дэлгэрэнгүй харагддаг. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийгдэхээс өмнө “С” ХХК-ийн тендерээс татгалзагдах нөхцөл байдал үүссэн байсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Шүүх бүрэлдэхүүн чухам хаанаас, ямар нотлох баримтыг үндэслэн ийм хийсвэр дүгнэлт хийсэн нь бидэнд ойлгомжгүй байна.
1.3. Шүүх “... тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй…” гэжээ. Энэ хэсгийг ойлгоход үнэхээр бэрхшээлтэй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх биднийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14/-д заасан Монгол Улсын иргэн “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ... эрхтэй...” гэсэн үндсэн эрхээ эдлэх боломжгүй гэж үзэж байгаа юм байна.
1.4. Мөн “гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар маргана” гэсэн нь яг юу гэсэн утга агуулга илэрхийлж байгааг ч ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүхээс яг энэ дүгнэлтийн хэсгийн тайллыг магадлалд тусгаж өгөхийг хүсэж байна.
1.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6. дах хэсэгт “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно:
5.1.6.а дангаараа тендер ирүүлсэн этгээд;”-ийг хэлнэ гэж хуульчлан тайлбарласан байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “…Тендерт оролцогч нь … гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж, мөн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Гомдлыг энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, аливаа хуулийн этгээд тендерт оролцоод захиалагчид тендерээ хүргүүлсэн л бол “тендерийн оролцогч” гэсэн эрх зүйн байдалтай болох бөгөөд түүний гомдол, нэхэмжлэл гаргаж маргах эрхийг ямар ч хуулиар хязгаарлаагүй болохыг анхан шатны шүүх ойшоосонгүйгээр үл барам ямар ч хуульд байдаггүй дүгнэлтийг өөрсдөө зохиож шийдвэртээ тусгажээ.
1.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Үнэлгээний хороо хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тул хууль зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Бид Үнэлгээний хорооны бүрэн эрхийн талаар огт маргаагүй тул энэ дүгнэлт илүүц, хэргийн үйл баримтад огт хамаагүй юм. Бид харин Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ хууль болон холбогдох журмыг зөрчиж ялагчийг тодруулсан байна гэсэн агуулгаар гомдол гаргасан болохыг зориуд тэмдэглэж байна.
1.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д “…157 сая төгрөгөөр бага байгаа гэх маргаанд Үнэлгээний хорооны гишүүд Тендерийн тухай хуулийн /ийм нартай хууль байдаггүй Л.Н./ 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, ... 47.2.2 зааснаар захиалагч өөрчлөх, хүлээн авахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ. Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн ч байсан гэсэн хэн ч өөрчлөх боломжгүй гэсэн утга агуулга бүхий дүгнэлт юм байна гэж ойлгогдож байна. Үнэхээр Үнэлгээний хорооны шийдвэрийн дээр хөх тэнгэр байдаг юм бол түүнийг яах гэж Сангийн яам хянадаг вэ? Яах гэж тендерийн оролцогчид шүүхэд гомдол гаргадаг юм бэ? Үнэлгээний хорооны гишүүд нийлж хуйвалдаад хууль зөрчсөн шийдвэр гаргахаар “Энэ бол бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хамтын шийдвэр байна” гээд л өнгөрөх хэрэг үү? Анхан шатны шүүх бүрэлдэхүүн захиргааны шүүхийн зорилго, чиг үүргээ огт мэддэггүй юм шиг санагдсан тул зориуд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэснийг дахин сийрүүлж байна.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэлгүй орхисон тухайд
2.1. Бидний нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл бол тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-ийн 3-д тендерт оролцогч нь БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт хийх тусгай зөвшөөрлийг шаардсан байдаг. Энэ БА-3.5 кодтой тусгай зөвшөөрөл бол Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-д тавигддаг “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрөл юм.
2.2. Харин энэ тендерт ялагчаар шалгаруулсан “Ч” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Т” ХХК-иас “Ч” ХХК-ийн тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-д “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах”, гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм.
2.3. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр заалтын 1.1-д “Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх) олгох, бүртгэх, хугацааг сунгах, нэмэлт ажлын төрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино” гэж заасан байна. Тодруулбал, зөвхөн Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулжээ. Тендерийн захиалагч болон Сангийн яам санаатай, эсвэл санаандгүй байдлаар байхгүй байгаа тусгай зөвшөөрлийг байгаа мэтээр дүгнэлт хийж шалгаруулсан гэсэн бидний гаргаж тавьсан үндэслэл бүхий маргааныг шүүх шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5 10.6-д “Ч” ХХК-ийн түншлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын тусгай зөвшөөрлүүдийг түүж бичээд хуулийн шаардлага хангаж байна гээд дүгнэж шийдвэрлэжээ. Хоёр өөр хуулиар, хоёр өөр журмын өөр заалтаар, хоёр өөр субъектээс олгогддог, технологийн нарийн шийдлээр ялгаатай зөвшөөрлийн талаар шүүх бүрэлдэхүүн дахиад л дүгнээгүй орхилоо. “Дахиад” гэдэг нь өмнө нь энэ хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд бид давж заалдах гомдол гаргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0116 дугаартай магадлалын хянавал хэсгийн 2.6, мөн 2.7-д “тусгай зөвшөөрөл шаардагдах ажлыг хийж гүйцэтгэх боломжтой эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрд дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.7-д тус тус заасантай нийцэхгүй байна” гэсэн байна. “Т” ХХК нь Төрийн өмчийн хороогоор шаардсан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт”-ын ажил гүйцэтгэх БА-3.5 кодтой зөвшөөрөлгүй байх тул тендерт оролцогч “Ч” ХХК тендерийн шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна гэж үзэж байгаа бөгөөд ялагчаар шалгаруулсан “Ч” ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй байна гэж үзнэ. Анхан шатны шүүх бидний нэхэмжлэлийн энэ үндэслэл, шаардлагыг дүгнэлгүй орхисноор давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тендерийн баримт бичгээр шаардсан тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр нарийн, өндөр төвөгшилтэй ажил гүйцэтгүүлээд алсдаа аваар, осол гарч хүний алтан амь нас хохирсноос авхуулаад төсвийн их хэмжээний хөрөнгө устгагдаж сүйрэхэд хууль зөрчсөн байдлыг хамгаалаад үлдсэн хариуцлагыг шүүх хамт хүлээх үү?
Гурав. Туслан гүйцэтгэгчийн тухайд.
3.1. Тендерт оролцогч түншлэлийн нэг гишүүн “Ч” ХХК нь туслан гүйцэтгэгч “К” ХХК-тай тодорхой төрлийн ажил хийлгүүлэх, мөн эзэмшдэг тусгай зөвшөөрлүүдийг нь тендерийн шаардлагад нийцүүлэн ашиглах гэж гэрээ байгуулсан байдаг. Тендерийн шаардлагад нийцүүлэхийн тулд өөр бусад тусгай зөвшөөрлүүд шаардлагатай байсан тул туслан гүйцэтгэгч “К” ХХК өөрөө “А” ХХК-тай гэрээ байгуулсан болохыг шүүх дүгнэлтдээ тусгажээ. Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгч нь “туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч”-тэй гэрээ байгуулж, хууль тусгай зөвшөөрлийг тендерийн оролцогч ашиглах байдлаар тендерт оролцсоныг шүүх болон зааварчилгаагаар хориглоогүй мэтээр дүгнэжээ. “Хориглоогүй бол зөвшөөрнө” гэсэн зарчим хувийн эрх зүйд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл “К” ХХК болон “А” ХХК нар хоорондоо иргэний эрх зүйн хүрээнд, нэг нэгэндээ тодорхой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байгаа бол бидний маргаанд хамаарахгүй. Гэтэл энэ “К” ХХК, “А” ХХК нарын байгуулсан гэрээний зорилго бол тендерт оролцогч гэрээ байгуулснаар төрийн захиргааны байгууллагаас зарлагдсан төсвөөс санхүүжих тендерт оролцож буй “Ч” ХХК болон “В” ХХК нарын ТҮНШЛЭЛ-д ажил гүйцэтгэж өгөхөөс гадна өөрийн тусгай зөвшөөрлийг ашиглуулах явдал байгаа юм. Энэ харилцаа нь асуудлыг хувийн эрх зүйн харилцаанаас гаргаж нийтийн эрх зүйн харилцааны талбарт авчирч байна. Магадгүй “Ч” ХХК болон “В” ХХК нарын ТҮНШЛЭЛ” нь “Т” ХХК-тай шууд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байсан бол “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглах боломжтой байсан байж болох юм. Харин нийтийн эрх зүйн харилцааны зарчим бол “Зөвшөөрөөгүй бол хориглоно” гэж томьёологдоно. Нөгөөтээгүүр, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд “Тендерийн оролцогч туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна” гэж заасан байгаа болохоос тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгч “туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч”-тэй гэрээ байгуулах тухай эрх зүйн зохицуулалт, ойлголт байхгүй байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөөгүй байгаа тул хориглоно гэсэн зарчим ажиллана гэсэн үг юм. Тендерт оролцогч гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгчийнхаа туслан гүйцэтгэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг тендертээ ашиглах тухай ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд алсдаа өндөр төвөгшилтэй гүйцэтгэсэн ажлын хариуцлагыг хэн хүлээх, эс хүлээх эсэх нь тодорхойгүй гэх мэт эрх зүйн, санхүүгийн, хор уршгийн шууд үр дагавар гарч болзошгүй болохыг зориуд тэмдэглэж байна.
Дөрөв. Нотлох баримтыг үнэлэх тухайд
4.1. “Туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч” болох “А” ХХК-д тендерийн сонгон шалгаруулалт явагдаж байх үед буюу 2022 оны 03 дугаар сард “А” ХХК-д Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.1.6-д шаардсан тусгай зөвшөөрлүүдээс Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар батлагдсан “ЗТ-1 Дунд төвөгшилтэй төрөл бүрийн зориулалттай барилгын архитектур, барилга бүтээцийн зураг төсөл”, мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан “ЗТ-3.1 Архитектур, барилга бутээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл”, “ЗТ-3.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг” зэрэг тусгай зөвшөөрлүүд байгаагүй байна. Харин сонгон шалгаруулалт явагдсанаас хойш 6 сарын дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 198 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар олгосон талаар Монголын барилгын үндэсний ассоциациас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн байна. “Туслан гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгч” болох “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл дутуу, тендерийн шаардлагад нийцээгүй байхад нийцэж байгаа мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дах хэсэгт заасныг илтэд зөрчсөн гэж үзнэ.
Тав. Тендерийн ялагчаар шалгаруулсан “Ч” ХХК-ийн борлуулалтын орлогын дундаж 157 сая төгрөгөөр бага байхад илтэд хууль зөрчин шалгаруулсан байдлыг шүүх зөвтгөж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
5.1. Тендерийн оролцогчийн санхүүгийн шаардлагыг хангасан байх талаар Тендерт оролцогчийн зааварчилгааны 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “ТШЗ-ны 17 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд тендерт оролцогч нь санхүүгийн, техникийн чадавхын болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байх”-ыг хянан үзнэ гэж заасан байна.
5.2. Хэрэв тендерт оролцогчид Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлнэ гэж байгаа бол түүнийг тендерийн баримт бичиг боловсруулахдаа оруулах ёстой болохоос биш тендерийн сонгон шалгаруулалтын үед дүгнэхдээ ашиглаж болохгүй. Учир нь, Ковидын үе урд жил нь болсон болохоос биш тендер зарласны дараа Ковидын цар тахал болоогүй юм. Тэгээд тендерийн энэ шаардлагыг хараад олон компаниуд тендерт оролцохоос татгалзсан байдаг. Хэрэв борлуулалтын орлогыг ингээд “харж үзээд” шалгаруулчхаж болдог гэж мэдсэн бол тэд компаниуд тендерт оролцох л байсан гэдэг. Энэ хуулийн зөрчлийг анхан шатны шүүх зөвтгөхдөө “… үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Хуулийн энэ ноцтой зөрчлийг Үнэлгээний хороо үл хайрхан ялагчийг тодруулж буй шударга бус, хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хүлээж аваагүйгээр манай “С” ХХК-ийн 20 сая төгрөгийг улсын орлогод авч үлдсэн юм. Шударга ёс, хууль ёсны төлөө хуульд заасан эрхээ эдэлж гомдол гаргасныхаа төлөө 20 сая төгрөгөөр хохирч байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж хэрхэвч болохгүй.
6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “Энэ хуулийн 113.2-т заасан гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан хугацаа дууссан, мөн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжтой байх тул шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй бөгөөд харин түүний өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан өөр шүүхийн шүүх хуралдаан нь тус өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон нь энэхүү хэргийн шүүх хуралдаантай давхацсан гэж үзэхгүй, хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч О нь шүүгчийн туслахтай утсаар холбогдсоноос үзвэл “хүндэтгэн үзэх шалтгаан”-аар оролцох боломжгүй гэж үзэхээргүй байх тул түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байна.
2. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “С” ХХК-аас “Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж, Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ч” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай 3/1820 дугаар мэдэгдэл, мөн Барилга, хот байгуулалтын яам, “Ч” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2022/211 дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ БХБЯ/202202252 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ЕШ2023/0818 дугаар захирамжаар томилогдсон шүүгч Г. нь “эрүүл мэндийн чөлөөтэй” гэсэн үндэслэлээр өөрчлөгдөж, Ерөнхий шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ЕШ2023/0868 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д., Т. нарыг, даргалагчаар шүүгч У.г албажуулсан (3 хавтас, 69-р хуудас) байна.
4.1. Уг шүүх бүрэлдэхүүнээр 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хийж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан (шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол 3 хавтас, 139-145-р хуудас) байх бөгөөд үүнээс хойш шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр буюу Ерөнхий шүүгчийн албажуулсан захирамж байхгүй байна.
4.2. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хийж шүүгч У. даргалж, шүүгч Д., Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан хэлэлцэж, 696 дугаар шийдвэрийг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж заасныг зөрчжээ.
5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” зөрчил гарсан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
6. Тухайн хэрэг нь тусгай журмаар шийдвэрлэх тендерийн маргаан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2 дахь удаагаа ийнхүү хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэгдэж байх тул урьд шийдвэрлэсэн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлын үндэслэлд дурдсаныг болон нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий акт тус бүрийн улмаас нэхэмжлэгч нь ямар эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, хэрхэн сэргээлгэх талаар тодруулж, үндэслэл тус бүрт дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ