Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар  2021/ШЦТ/22

 

 

 

 

 

  2021        12         28                                      2021/ШЦТ/22

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Уянга, шүүгдэгч П.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гд холбогдох эрүүгийн “2111 00000 1369” дугаартай, 186/2022/0014/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нүүр хувиргагч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 11-3 тоотод байнга оршин суугаа хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-131 тоотод оршин суух түр хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.Гантуяа,  

        Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

        Шүүгдэгч П.Г 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 2-131 тоотод иргэн М.Цолмонтой маргалдаж, улмаар түүний биеийн зүүн бугалга хэсэгт хутгаар нэг удаа хутгалж “зүүн бугалганд шарх” бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

11

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Цолмонгийн:..би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 2-132 тоот буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч П.Ггийн хамтаар унтах гээд байж байх үед Гантуяагийн найз болох Ариунзаяа гэх эмэгтэй Гантуяагийн утасруу нь залгаад манай гэрт хүрээд ир, хамт юм ярьж сууя гээд дуудсан.  Би тухайн үед Гантуяаг битгий яв, гэртээ үлд, хоёулаа унтаж амаръя гэтэл Гантуяа би найз дээрээ очлоо гээд бид хоёр хоорондоо маргалдсан, надтай Гантуяа нь маргалдаж байгаад уурлаад гэрээс гараад явахаар нь би араас нь гараад өөрийн машинаа асаагаад машиндаа суулгаад найзынх нь гэрт хүргэж өгсөн. Би Гантуяаг найзынх нь гадаа буулгаж өгчихөөд гэрлүүгээ явсан ба өөрийн гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай “Сэнгүр” гэх нэртэй пиво худалдаж аваад гэрлүүгээ орсон. Би гэртээ орж ирээд дэлгүүрээс худалдаж авсан 2,5 литрийн савлаагаатай “Сэнгүр" гэх нэртэй пиво задлаад ганцаараа уугаад дуусах үед шөнийн 01 цагийн үед П.Г гаднаас орж ирсэн. П.Г гэртээ орж ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, бага зэргийн согтуу орж ирсэн. Тухайн үед П.Г найзынхаа гэрлүү уурлаад гэрээс гарч явсандаа надаас уучлалт гуйгаад эвлэрэх гээд байхаар нь би эвлэрэх хүсэлгүй байгаагаа илэрхийлээд би гэрээс явлаа гэж хэлтэл П.Г нь уурлаад  чи хаачих гэж байгаа юм бэ, чи яагаад миний уучлалт гуйж байгааг ойлгохгүй байгаа юм бэ, чи ер нь одоо гэрээс зайл гэж хэлээд надруу аяга аваад шидсэн, тухайн шидсэн аяга нь намайг оноогүй. П.Г нь гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй хутга барьж аваад чи одоо гэрээс зайл гээд надруу хутгатай гараараа далайсан. Би П.Гг надруу хутга бариад далайхаар нь айгаад зүүн гараа дээш өргөтөл зүүн бугалга хэсгээрээ хутганд нь оногдоод миний зүүн гараас цус гарсан. П.Г сандраад түргэн тусламж дуудаад, цагдаагийн тусгай 102 дугаарт дуудлага өгсөн. Шархандаа нэг оёдол тавиулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдүүлэг. /хх 9-12/,

        2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр П.Ггийн:..2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-132 тоот гэртээ найз Заяагаараа хүргүүлж 01 цаг болж байхад ирсэн. Гэртээ орж ирэхэд манай нөхөр Цолмон нь гэртээ ганцаараа том савалгаатай пиво уугаад бараг дуусч байсан. Би юм хэлээгүй хоол халааж идчихээд байж байтал Цолмон надад хандаж миний найзуудын талаар  найзуудыг минь надаас салгах гэж,  бид хоёр өмнөх зүйлүүдээ ярьж байгаад маргалдсан. Цолмон надад хандаж би бүх цаг хугацаанд чамтай хамт байсан, бүх зүйлээ чамд зориулсандаа харамсаж байна гэхэд нь би юу ч хэлээгүй, гэрийнхээ хоол хийдэг хар иштэй хутгыг аваад Цолмонруу далайхад  оноод ёо ёо гээд газар унаад цус гараад эхлэхээр нь би 103 түргэн тусламж дуудаад, 102 цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-19/,

        2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч П.Ггийн:... 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2-132 тоот гэртээ найз Заяагаараа хүргүүлж 01 цаг болж байхад ирсэн. Гэртээ орж ирэхэд манай нөхөр Цолмон нь гэртээ ганцаараа том савалгаатай пиво уугаад бараг дуусч байсан. Би юм хэлээгүй хоол халааж идчихээд байж байтал Цолмон надад хандаж миний найзуудын талаар  найзуудыг минь надаас салгах гэж. Бид хоёр өмнөх зүйлүүдээ ярьж байгаад маргалдсан. Цолмон надад хандаж би бүх цаг хугацаанд чамтай хамт байсан, бүх зүйлээ чамд зориулсандаа харамсаж байна гэхэд нь би юу ч хэлээгүй. гэрийнхээ хоол хийдэг хар иштэй хутгыг аваад Цолмонруу далайхад  оноод ёо ёо гээд газар унаад цус гараад эхлэхээр нь би 103 түргэн тусламж дуудаад, 102 цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх 52-54/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11659 дугаартай.

1.2. М.Цолмонгийн биед бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

 

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Сэргэлэн гэсэн дүгнэлт. /хх 21-22/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас       /хх-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11дүгээр сарын 25-ны өдрийн 11659 дугаартай дүгнэлт /хх 21-22/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 2-131 тоотод иргэн М.Цолмонтой маргалдаж, улмаар түүний биеийн зүүн бугалга хэсэгт хутгаар нэг удаа хутгалж “зүүн бугалганд шарх” бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Цолмонгийн:..би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ...би П.Гг надруу хутга бариад далайхаар нь айгаад зүүн гараа дээш өргөтөл зүүн бугалга хэсгээрээ хутганд нь оногдоод миний зүүн гараас цус гарсан. П.Г сандраад түргэн тусламж дуудаад, цагдаагийн тусгай 102 дугаарт дуудлага өгсөн. Шархандаа нэг оёдол тавиулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдүүлэг. /хх 9-12/,

        - Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр П.Ггийн өгсөн:..2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө....бид хоёр өмнөх зүйлүүдээ ярьж байгаад маргалдсан. Цолмон надад хандаж би бүх цаг хугацаанд чамтай хамт байсан, бүх зүйлээ чамд зориулсандаа харамсаж байна гэхэд нь би юу ч хэлээгүй, гэрийнхээ хоол хийдэг хар иштэй хутгыг аваад Цолмонруу далайхад  оноод ёо ёо гээд газар унаад цус гараад эхлэхээр нь би 103 түргэн тусламж дуудаад, 102 цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-19/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11659 дугаартай М.Цолмонгийн биед бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн  дүгнэлт /хх 21-22/,  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Цолмонтой урьдын харилцаагаа ярьж шалтаглан улмаар хэрүүл маргаан үүсгэж хутгаар түүний гарыг зүсэж биед  хөнгөн гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна гэж  шүүх  дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Цолмон нь шүүгдэгч П.Гтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

                                                           

Шүүхээс шүүгдэгч П.Гг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.           

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.       

 

Хэрэгт эд мөрийн  баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол  хүчинтөгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  урт 26.5 см, ажлын  хэсгийн урт 14.7 см, ажлын хэсгийн өргөн 3.6 см хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ