| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2022-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
2021 12 31 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч С.Солонго, шүүгдэгч Э.Д /өмгөөлөгчөөсөө татгалзаж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн “2111 000000 0761” дугаартай, 186/2022/0031/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг,эх, дүү нарын хамт Сонгинохарйхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 14-07 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ТС-15 журмын хашаанд хохирогч П.Ханхүүгийн толгойн тус газар чулуугаар цохиж, хөлөөрөө өшиглөж улмаар түүний биед зүүн зулай, дээд уруулын дотор салстад шарх, толгойн оройн хэсгийн хуйх, хамрын нуруу, баруун тохой зүүн суга, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Ханхүүгийн:..2021 оны 08 дугаар сарын 11-нээс 2021 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим өөрийн найз Өлзийбаяртай Андуудын орчим уулзсан. Тэгээд бид 2 хамт нэг танил дүү болох Мөөгийг Дэнжийн 1000-аас очиж аваад хорооллын эцэс рүү гурвуулаа явж Өлзийбаярын дүү нартай нь уулзсан. Тэндээсээ Баянбүрд рүү бөөнөөрөө буюу 8-9-үүлээ явцгаасан бөгөөд нэг ачлагын хашаанд 2-3 шил архи ууцгаасан. Тэмүүжин гэх залуу надруу гэнэт “чи ер нь хэн юм бэ П минь...” гэж хэлээд архины шил хагалаад надруу дүрэх гэж оролдсон бөгөөд чадаагүй. Би түүнээс арай гэж салаад хашаанаас гарсан. Гараад ганцаараа хэсэг байж байгаад буцаж ороод найзыгаа авах гэтэл дүү нар нь гэх хэсэг нөхдүүд бүгд намайг өдөөд дайраад эхэлсэн. Нэг нь миний толгой руу ямар нэгэн юмаар цохиод гэмтээсэн ба би газарт уначихаад босч ирээд зугтаахад араас дагаж хөөгөөд зодох гээд байсан гэх мэдүүлэг. /хх-8/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Мөнх-Эрдэнийн:...Ханхүү нь Тэмүүжин рүү дайраад түүнийг боогоод газарт зууралдаад хэвтсэн бөгөөд тухайн үед Тэмүүжин нь нилээн согтуу байдалтай байсан. Ханхүү нь дээр нь гарчихаад зууралдаад тавихгүй байсан...тэгээд миний бие Ханхүүг босгох үед Ханхүү нь гүйгээд явсан ба араас нь Өлзий ахын найз нь гэх залуу хөөгөөд хашааны зүг явцгаасан ба би тухайн үед Тэмүүжинг босгох үед хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэмүүжинг босгочихоод хашааны ойролцоо бас зодолдоод байхаар нь очоод хартал Ханхүү гэх залуу доошоо хараад хэвтчихсэн, толгойноос нь цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-12/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7363 дугаартай:..
1.П.Ханхүүгийн биед зүүн зулай, дээд уруулын дотор салстад шарх, толгойн оройн хэсгийн хуйх, хамрын нуруу, баруун тохой, зүүн суга, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч О.Нансалмаа гэх дүгнэлт. /хх 20-19/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/, төрсний гэрчилгээний лавлагаа /хх-30/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн134 дугаар тогтоол /хх-55/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх47-18/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ТС-15 журмын хашаанд хохирогч П.Ханхүүгийн толгойн тус газар чулуугаар цохиж, хөлөөрөө өшиглөж улмаар түүний биед зүүн зулай, дээд уруулын дотор салстад шарх, толгойн оройн хэсгийн хуйх, хамрын нуруу, баруун тохой зүүн суга, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Ханхүүгийн:..2021 оны 08 дугаар сарын 11-нээс 2021 оны 08 дугаар сарын 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим…Тэмүүжин гэх залуу надруу гэнэт “чи ер нь хэн юм бэ П минь...” гэж хэлээд архины шил хагалаад надруу дүрэх гэж оролдсон бөгөөд чадаагүй. Би түүнээс арай гэж салаад хашаанаас гарсан. Гараад ганцаараа хэсэг байж байгаад буцаж ороод найзыгаа авах гэтэл дүү нар нь гэх хэсэг нөхдүүд бүгд намайг өдөөд дайраад эхэлсэн. Нэг нь миний толгой руу ямар нэгэн юмаар цохиод гэмтээсэн ба би газарт уначихаад босч ирээд зугтаахад араас дагаж хөөгөөд зодох гээд байсан гэх мэдүүлэг. /хх-8/, гэрч С.Мөнх-Эрдэнийн:...Ханхүү нь Тэмүүжин рүү дайраад түүнийг боогоод газарт зууралдаад хэвтсэн бөгөөд тухайн үед Тэмүүжин нь нилээн согтуу байдалтай байсан. Ханхүү нь дээр нь гарчихаад зууралдаад тавихгүй байсан...тэгээд миний бие Ханхүүг босгох үед Ханхүү нь гүйгээд явсан ба араас нь Өлзий ахын найз нь гэх залуу хөөгөөд хашааны зүг явцгаасан ба би тухайн үед Тэмүүжинг босгох үед хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэмүүжинг босгочихоод хашааны ойролцоо бас зодолдоод байхаар нь очоод хартал Ханхүү гэх залуу доошоо хараад хэвтчихсэн, толгойноос нь цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7363 дугаартай П.Ханхүүгийн биед зүүн зулай, дээд уруулын дотор салстад шарх, толгойн оройн хэсгийн хуйх, хамрын нуруу, баруун тохой, зүүн суга, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогч П.Ханхүү нь шүүгдэгч Э.Дтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүхээс шүүгдэгч Э.Дийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ