МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Оюунбат
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Г холбогдох эрүүгийн 2022000000106 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сард өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 06 дугаар 27-ны өдөр хадмийндаа юм хийгээд байж байтал ангийн найз Магнайбаяр ирсэн. Бид хоёр Магнайбаярын гэрт очиж 1 шил архи, Төр гэх залуутай хувааж уусан би дахин Хараа гэх нэртэй 0,75 гр архи авсан гаднаас манай сумын Баатарсүрэн, Будгарав нар ирсэн. Бид байшингийн сүүдэрт нилээн олон шил архи хувааж уугаад ихэнх хүмүүс явцгаагаад Будгарав Магнайбаяр, Будгарав, Баатарсүрэн бид нар үлдсэн... Нэг ухаан ортол би Будгаравтай зодолдсон Будгарав миний дээр гарчихсан намайг цохиж байсан. Тэгээд би сэргээд Будгаравт чи яаж байнаа гэж асуухад Будгарав “та миний шүд рүү цохиод шүд унагачихлаа гэсэн. Тэгэхэд миний хамраас цус гарчихсан байсан. Хэн нь юм мэдэхгүй нэг хүн ирээд Будгаравийг салгаад аваад явсан. Би гар нүүрээ угаагаад Магнайбаярын гэрт нь ороод унтаад өгсөн. Нэг сэртэл Магнайбаяр гэрт эхнэртэйгээ байсан. Цаг нэлээн аажуухан шөнийн 23 цаг болж байсан байх. Тэгээд би Магнайбаяраар хадмындаа хүргүүлсэн. Маргааш өдөр нь Магнайбаяр ирсэн. Бид хоёр Будгаравтай очиж уулъя өчигдөр юу болсон талаар мэдье гээд Будгарав дээр очтол Будгарав та архи ууж сууж байгаад гэнэт миний шүд рүү цохичихсон гэж хэлсэн... би Будгаравт эмчилгээний зардалд зориулж 180,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
- Хохирогч Г.Будгаравын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баатарсүрэнтэй уулзах гээд Магнайбаяр ахын гэрт нь очсон. Магнайбаярын гэрт Г, Магнайбаяр бас манай сумын ганц нэг хүмүүс архи уугаад байж байсан. Тэнд очоод би хамт архи ууцгаасан. Архи ууж байсан хүмүүс ганц нэгээрээ явцгаагаад Магнайбаяр, Баатарсүрэн, Г бид дөрөв үлдсэн. Мөн тэнд манай сумын Соронзонболд ах байсан. Тэр ах архи уугаагүй эрүүл саруул байсан. Би нэг шил 0,75 граммын хараа архи авсан. Бид нар нэлээд хэдэн шил архи уусан. Тэгээд согтоод эхэлсэн. Архи уугаад сууж байхад Г ах намайг хоёулаа ийшээгээ гараад уулзаадхий гээд бид хоёр босоод явсан. Бид хоёр юм яриад зогсож байтал Г ах миний шүд рүү нэг удаа цохисон. Тэгэхэд миний амнаас цус гараад эхэлсэн. Шүлсээ хаятал шүд хамт гараад ирсэн. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд түлхсэн. Тэгтэл ахиад миний шүд рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг зодох гээд дайраад байхаар нь би түлхэж унагаад дээрээс нь дарж байгаад Гийн нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд Г ахын хамраас нь цус гараад эхэлсэн. Би Г ахын дээр гараад Магнай ахыг дуудсан. Магнай ах ирээд бид хоёрыг салгасан... миний унасан шүдийг хийлгэж өгнө гэсэн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
- Гэрч Б.Магнайбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэртээ найз Төр гэж найзтайгаа нэг шил архи уучихаад би ангийн найз Ц.Гийг дуудсан ... гаднаас Баатарсүрэн манай сумын 2 залуугийн хамтаар орж ирсэн... архиа ууцгааж байгаад би нилээн согтоод нэг ухаан сэргэтэл Г Будгарав нар хоорондоо муудалцаад зодолдож байсан би Будгаравыг хэзээ нь ирсэнг мэдэхгүй би тэр 2-ыг салгахад Будгаравын амнаас цус гарсан байсан... шүдийг нь хартал үүдэн доод талынх нь 1 шүд ойчсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
- Гэрч Р.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ангийн найз Магнайбаярынд иртэл Магнайбаяр, Г, Будгарав, Баатарсүрэн нар архи ууж байсан... би архи уугаагүй эрүүл машинаа янзлаад байж байтал Г, Будгарав нар машиндаа орж сууж байгаа харагдсан удалгүй муудалцсан бололтой хэрэлдээд буугаад ирсэн, тэгээд зодолдоод эхэлсэн намайг очиж салгахад Будгаравын 1 шүд ойчоод амнаас нь цус гарчихсан байсан... би юунаас болж муудалсаныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
- Гэрч Б.Баатарсүрэнгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г, Магнайбаяр, Будгарав, нарын хамт архи ууж байгаад архи дуусахаар нь архинд явсан эргээд иртэл Г ахын хамарнаас цус гарчихсан Будгаравын амнаас цус гарчихсан байдалтай гэрийн гадаа сууж байсан. Би юу болсон юм бэ гэтэл энэ 2 хоорондоо зодолдсон гэж хэлсэн. Маргааш нь будгаравын шүд ойчсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
А. Г.Будгаравын биед үүдэн 1 шүдний уналт, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
Б. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
В. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
Д. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ШЭГҮТЖийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар 5 хувиар бууруулна.
Е. 1 шүдний уналт, 2 шүдний сулрал гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Будгаравын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Будгарав “ ... унасан шүдний эмчилгээ болон шинээр хийлгэх 180,000 /зуун наян мянган/ төгрөг Ц.Г 2020.07.10-ны өдөр бэлнээр төлж барагдуулсан иймд одоо гомдол саналгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-ийн 24-р хуудас/ гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэх хүсэлт гаргасан /хх-ийн 38-р хуудас/, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Булгачууд овогт Ц.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Гт мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид 180,000 /нэг зуун наян мянган/ төгрөг төлсөн болохыг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН