Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/88

 

                    

 

 

 

 

 

 

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат

Улсын яллагч: Х.Мөнхбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ренчиндорж

Гэрч: Ч.Маруся

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганбат

Шүүгдэгч: Х.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гт холбогдох 1722001040036 тоот хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Шүүгдэгч Х.Г нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн О.Цыг шүргэж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хэрэг гарахад би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой ороод ачаа буулгаад буцаж явсан. Орой 17 цагийн үед төвөөс шатахуун авчхаад хурд сааруулагч дээгүүр гараад зөөлөн явж байхад ертөнцийн зүгээр баруун гар талаас зам руу 4 хүүхэд явж байгаа харагдсан. Тухайн үед зам дээр ямар нэгэн саад бэрхшээл байгаагүй, би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад нөгөө хүүхдүүд замд дөхөөд ирсэн байсан. Тэр хүүхдүүд зогсож байсан. Би замаа хараад эргэх хөдөлгөөн хийгээд буруу талынхаа толинд хартал нэг хүүхэд нь уначихсан байсан. Энэ үйл явдал 2-3 секундэд болсон асуудал. Тэгээд “...сая зогсож байсан хүүхэд яагаад уначихдаг байна гэж бодоод”... бууж шалгая гэж бодоод зам чөлөөлөөд зогссон. Тэгээд буугаад иртэл хүүхдүүд орилоод дайрчихлаа болоод явчихсан. Тэгээд би тухайн үед хараагүй болохоор дайрсан юм байх даа л гэж бодоод цагдаа, эмнэлэг дуудъя гээд дуудсан. Тухайн үед тийм л асуудал болсон. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байсан эгнээ байраа эзэлсэн, хурд хэтрүүлээгүй, харагдах орчин бол зүгээр, нартай байсан...” гэв. 

           - Шүүгдэгч Х.Г сэжигтнээр өгсөн: “...Би Говь-Сүмбэр аймагт 2017.10.28-ны өдөр ачаанд ороод Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу түлш хүргэж өгөхөөр 18 цагийн үед хөлдөөд шөнөжин яваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгой гэх газарт Инержи-Рессурс ХХК-нд очиж ачаагаа буулгаад тэгээд өдөр нь 11-12 цагийн үед эргээд Говь-Сүмбэр аймаг орохоор машинтай чиргүүлээ чирээд явсан юм. Би Дундговь аймгийн төвд 17 цаг гээд орж ирсэн юм. Тэгээд би төвд байх Петровисоос замын түлшээ аваад явж байхдаа 3 хурд сааруулагч дээгүүр гараад хамгийн сүүлийн хурд сааруулагч нь МТ колонкийн хойд талын хурд сааруулагч дээгүүр гараад цаашаа замаар явж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас нэг туслах засмал зам орж ирсэн ертөнцийн зүгээр зүүн талаас дугуй засварын тэндээс 4 хүүхэд баруун тийшээ явж байхад би чигээрээ засмал замаар яваад нөгөө хэдэн хүүхдийг өнгөрөөд явж байхдаа толиндоо харсан чинь нөгөө 4 хүүхэд замын хажууд шороон дээр зогсож байсан юм. Дахиад би хойшоо яваад эргэх хөдөлгөөн хийхээсээ өмнө толиндоо дахиад хартал нөгөө 4 хүүхдийн нэг нь газар уначихсан 3 хүүхэд нь хажууд нь зогсож байхаар нь би замаа чөлөөлөөд торомз гишгээд зогссон юм. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө хүүхдүүд дээр очтол тэр хүүхэд дуутай янцаглаад байсан тэр хүүхэд засмал замын зүүн талд шороо хэсэгт нь эвхэрсэн байдалтай хөл нь жоохон атийсан хажуу талаараа харсан хэвтэж байхад нь хүрэн өнгийн куртиктэй хүүхэд тэр хүүхдийг толгойг нь дээш нь харуулаад тэвэрч аваад сэгсрээд байсан. Би цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн, тэнд байсан нэг таксины эгч түргэн дуудсан байсан. Би тэр түргэн дуудсан эгчийг огт танихгүй. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Нөгөө замын хажууд байсан хүүхдийг түргэн тусламжийн эмч үзээд нас барсан гэж хэлсэн... Би машины толиндоо харахад хүүхэд шүргэж байхыг хараагүй, 20км цагийн хурдтай л явсан байх... Миний унаж явсан машин манай Ник петровис ХХК-ний тээврийн хэрэгсэл байгаа юм...Талийгаач гэх хүүхэд замын зүүн талд шороон дээр толгой нь хажуу тийшээ харчихсан зогсож байсан. Нөгөө хамт явсан хүүхдүүд нь хажууд нь зогсож байсан юм... 3амын осол гарсны дараа хэргийн газар дээр нэг ах ирээд наад хүүхдүүд чинь өөрсдөө орчихлоо ш дээ гэж хэлж байсан тэр хүнийг олж мэдүүлэг авмаар байна. Та харснаа гэрчилж өгнө шүү гэж хэлэхэд тэгнэ гэж байсан юм. Тэр хүнийг танихгүй нэрийг нь мэдэхгүй саарал малгайтай цамцтай, хар өмдтэй гэмээр хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-151-154/

            - Шүүгдэгч Х.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би энэ сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад болсон хэргийн талаар ярих зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Энэ тогтоол үндэслэлгүй мөн нотлох баримт байхгүй, намайг ямар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн талаар тогтоолд алга байна би ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй болно. Учир нь би Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж бодохгүй байна ямар нэгэн хурд хэтрүүлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-158-160, 165-167/

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр 10 дугаар сарын 26-ны өдөр байсан. 15 цагийн үед гадаа хүүхэд дуудаж байна гэж хэлээд гараад удалгүй орж ирээд гадаа сэрүүхэн байна гээд куртик өмсөөд гарсан. Тэрнээс хойш удаагүй 20-30 минут л болсон байх, утас дуугараад эмээ нь аваад хүүхэд машинд дайруулсан байна гээд гараад гүйсэн. Би бас юу болоод байгаа талаар сайн мэдэхгүй гараад явж байтал манай айлын Хишигтогтох машинтайгаа ирж намайг аваад очиход зам дээр осолдсон байсан. Тэгээд тэнд үзлэг шалгалт хийгээд орой нь эмнэлгийн байшинд хийсэн. Тэгээд яах вэ ажил явдал болоод, лам энэ тэр болоод Улаанбаатар хотоос хүртэл дараа нь 2 лам авч ирсэн. Би энэ хүнийг танихгүй. Надтай нэг уулзсан би бас ном уншуулж байгаа гэж хэлсэн. 1 жил болж байж хэрэг шийдэх гээд дуудсан. Өмнө нь анхан шатны шүүх хурал болоод шийдэж чадахгүй явсаар байгаа манай өмгөөлөгч Улаанбаатар хот руу шилжсэн. Хэрэг шийдэгдээгүй 3 жил болж байгаа энэ хугацаанд хөгшин бид 2-т үнэхээр хэцүү байна. Бид хоёрын гар дээр өссөн хүүхэд шүү дээ. Энэ хүн эрүүл байсан гэж байгаа, сигнал дохио зэргээ өгсөн талаар бид мэдэхгүй. Энэ хүнд хуулийн талаах авах арга хэмжээ авдаг бол авах байх. Нөхөн олговор гэж 8.000.000 төгрөг өгсөн. Нөхөн олговор 10-20 сая байдаг гэсэн ядаж 15.000.000 болгоод өгвөл сайн байна. Одоо сэтгэл санааны хохиролд 7.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв. 

           - Хууль ёсны төлөөлөгч Д.Ренчиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай ач хүү О.Ц нь гэрээсээ 16 цаг өнгөрч байхад ганцаараа гарсан. Тэгээд надад хэлэхдээ удахгүй гэртээ ирнэ гэж хэлээд гарсан юм. Ямар ажилтай хаашаа гарсан талаараа надад хэлээгүй найз нартайгаа уулзах гэж л гарсан байх. Тэгээд би гэртээ байж байтал утсаар над руу нэг хүн залгаад танай хүүхэд Боржигон мандал өрхийн эмнэлгийн зүүн талд машинд дайруулсан байна гэж хэлсэн, би өөдөөс нь амьд юм уу гэж асуух гэхэд утас тасарсан юм. Тэгээд би тэр осолд орсон газар нь очсон юм. Миний хүү Боржигон мандал өрхийн эмнэлгийн зүүн талын засмал зам дээр машинд шүргүүлж нас барсан байсан юм... Миний ач хүү бол Оюунцэцэгийн Цэрэнбат гэдэг одоо 15 настай хүүхэд байсан юм. Хар багаасаа хөгшин бид хоёр дээр өссөн хүүхэд байгаа юм. Оюунцэцэг болохоор миний төрсөн охин байгаа юм. Тэгээд би хохирогчоор энэ хэрэгт орж байна...Миний зүгээс гомдолтой байна. Оршуулгын зардал мөнгөө бүрэн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-71-73/

  • Гэрч Ч.Маруся шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дундговь аймагт таксины жолооч хийдэг. Тухайн үед 2 хүнийг унаанд нь хүргэх гээд сэлбэгийн дэлгүүр орно гээд Боржгины 10-1 ороод буцаж байтал зүүн зүгээс миний явж байгаа зүг рүү хүүхдүүд явж байсан нэг урт машин бараг өнгөрч яваа харагдсан. Тэрхэн зуур нэг харахад чиргүүлийн зүүн ард талд зам дээр хүүхэд ойчсон байсан... Хүүхэд мөргөсөн үү, машин мөргөсөн үү би мэдэхгүй, Хүүхдүүд их л анхааралгүй явж байсан...” гэв.

 

  • Гэрч Ч.Марусяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн сайн өдөр үхрээ үзэх санаатай машинтай найз хүүхэнтэйгээ хамт явж байтал замд хоёр хүн гар өргөхөөр нь суулгаад тэр хоёр хүн замаараа сэлбэгийн дэлгүүрээр намайг дагуулж явсан юм. Тэгээд би Цогоо гэх сэлбэгийн дэлгүүрээр ороод тэгээд машинтай хөдлөөд баруун тийшээ зам руу орох гээд явж байтал засмал зам дээр нэг том тэрэг урдаасаа хойшоо чиглэлтэй замаар явж байсан юм. Тэр машин зам дээр гэнэт зогссон чинь ар талд нь зам дээр нэг хүүхэд ойчсон. Тэр хүүхдийг зам дээр байхад нь хоёр хүүхэд очоод толгойг нь хойшоо харуулаад, дээшээ харуулаад замын зүүн талд гаргаад тавьсан. Би машинаасаа буухаасаа өмнө шууд түргэн тусламж дуудсан юм. Тэгээд тэр машинд шүргүүлсэн хүүхэд дээр очоод хартал царай нь цагаан болчихсон, дээшээ харчихсан газар хэвтэж байсан юм. Надтай хамт явсан хоёр хүнийг би танихгүй хотоос ирсэн машины сэлбэг эрж яваа гэсэн, тэр хоёр хүн нэр усаа надад огт хэлээгүй, такси л барьсан хүн байсан юм. Харин надтай хамт явсан хүүхэн бол Наранцэцэг гэдэг хүн байсан юм. Тэр хүн одоо хотод ажил гараад явчихсан байгаа юм. Тэр хүн харсан үгүйг мэдэхгүй л байна.... Тэр газар хоёр гурван хүүхэд байсан өөр хүн харагдаагүй.Сүүлд нь хүмүүс их ирсэн байхаа...” гэх мэдүүлэг /1-р хх-89-90/

 

            - Насанд хүрээгүй гэрч М.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.10.29-ний өдөр би найз нартайгаа гандан орох санаатай явж байсан юм. Түрүүлээд Базараа, Цоожоо хоёр зам хөндлөн гараад явчихсан. Би болохоор Мөнхбат, Шаарийбуу, Цэрэнбат нартай зам хөндлөн гарах санаатай явж байсан юм. Эхлээд Цэрэнбат түрүүлээд алхаад зам руу орох гээд замын наана явж байхад урд талаас гэнэт нэг Норд бенз маркийн машин нилээн хурдтай орж ирээд Цэрэнбатыг шүргээд Цэрэнбатын өмсөж явсан куртик нь тэр машины чиргүүлийн хажуу талд нь байсан дөрвөлжин улаан өнгийн хайрцагт нь тээглээд тэгээд тэр машин хэсэг газар чирч яваад Цэрэнбат тэр машины чиргүүл доогуур нь орсон тэр машины дугуй манай найзын нуруун дээгүүр нь гараад машин цаашаа нэлээн явж байгаад зогссон юм. Бид нар болохоор зам руу ороогүй замын зүүн талд явж байсан юм...Тэр машин нэлээн ширүүн явсан хэдэн миль цагийн хурдтай явсныг нь мэдэхгүй л байна... Тэр машин торомз гишгээгүй шүргээд л шууд цаашаа хөдлөөд явсан нэлээн явж байгаад зогссон. Би тэр машины марк болон дугаарыг нь харж амжаагүй... Бид нар тэр замын зүүн талаас нь зуун тийшээ хөндлөн гарах гэж явсан юм. Тэр газар явган хүний тэмдэглэгээ байгаагүй. Тэр осол гарсан газраас ертөнцийн зүгээр урагш ойролцоогоор 300-400 метрт зам дээр хурд сааруулагч байсан юм...Замтай талийгаач ойрхон байсан. Гэхдээ асфальтан зам дээр биш замаас 1 алхам ч юм уу, хагас алхмын зайтай зогсож байсан. Талийгаач өөрөө машин руу алхаж, өөрөө ороод машины чиргүүл нь хамаад явсан зүйл байхгүй. Би талийгаачийн хойд талд алхаж хүрч ирээд нуруун дээр гараараа дарах гэж байх агшинд хамаад аваад явчихсан... Би замтай ойрхон мөн зогсож байсан талийгаачийг машин аваад өнгөрсөн. Тэгэхэд нь хойноос нь харахад машины чиргүүл өндөлзсөн. Би дайраад гарчихлаа гэж бодсон. Тиймээс өмнөх мэдүүлэгтээ би найзын дээгүүр машины дугуй гарсан гэж мэдүүлсэн... ” гэх мэдүүлэг /1-р хх-75-76, 3-р хх-63-64/

 

            - Насанд хүрээгүй гэрч Б.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би 17 цагийн үед би Цогоогийн засвар дээр Базардарийн дугуйг янзлуулаад тэгээд би найз нартайгаа гандан орох санаатай явж байсан юм.Түрүүлээд Базараа, Цоожоо хоёр засмал замыг унадаг дугуйтай зам хөндлөн гараад явчихсан. Би болохоор араас нь Мөнхбат, Баянмөнх, Цэрэнбат нартай хамт зам хөндлөн гарах санаатай явж байсан юм. Эхлээд Цэрэнбат түрүүлээд алхаад зам руу орох гээд замын зүүн талд явж байхад гэнэт урд талаас нэг Норд бенз маркийн машин гарч ирээд манай найз Цэрэнбатыг шүргээд Цэрэнбатын өмсөж явсан куртик нь тэр машины чиргүүлийн хажуу талд нь байсан дөрвөлжин улаан өнгийн хайрцагт нь тээглээд тэгээд тэр машин хэсэг газар Цэрэнбатыг чирч явтал хувцас нь мултраад Цэрэнбат тэр машины чиргүүлийн арын дугуйн доор орчихсон юм. Манай найзын нуруун дээгүүр нь чиргүүлийн дугуй нь гараад машин цаашаа жаахан явж байгаад зогссон юм. Түргэн тусламжийн машин ирээд үзсэн тэгээд манай найзыг нас барсан байна гэсэн... Манай найз болохоор тэр засмал замын зүүн талд нь яг тэр засмал замын хашлаганы зүүн талд ухагдсан газар нь зогсож байгаад машинд чирэгдсэн юм. Зам дээр явж байгаагүй... Тэр машин ойролцоогоор 40-50 миль цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Тийм хурдан яваагүй...Тэр машин тоормос гишгээгүй шүргээд л шууд цаашаа хөдлөөд явсан нэлээн явж байгаад зогссон... Тэр осол гарсан газраас ертөнцийн зүгээр урагш ойролцоогоор 300-400 метрт зам дээр хурд сааруулагч харагдаж байсан юм...Машинд дайруулах үедээ талийгаач засмал асфальтан замын зүүн талд зам руу хараад засмалын шороон хэсэгт зогсож байсан... Талийгаач замын ирмэгээс 1 гаран алхмын зайтай, талийгаачийн зогсож байсан газраас 4-5 алхмын зайтай би явж байхад талийгаач чирэгдчихсэн... Талийгаач бол алхаж байгаад зогсчихсон байхад нь машин хажуугаар нь өнгөрөхдөө хамаад аваад явчихсан... Ойрхон байсан учир машин тулаад яваад өнгөрсөн. Өнгөрөх үед чиргүүл нь дээшээ овгос гээд доошоо болсон. Тэгсэн талийгаач замын хэсэг дээр уначихсан байсан. Би чиргүүл нь талийгаачийн дээгүүр гарчихлаа гэж бодсон. Тэрнээс биш яг талийгаачийн бие дээгүүр гарахыг хараагүй юм... ” гэх мэдүүлэг /1-р хх-79-81, 3-р хх-61-62/

 

            - Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.10.29-ний өдөр би 17 цагийн үед найз нартайгаа хамт Цогоогийн засвар дээр очоод тэнд Базардарийн унадаг дугуйг янзлуулсан юм. Тэгээд тэндээсээ баруун тийшээ  гандан орж хүүхэдтэй уулзах гээд явцгаасан юм. Эхлээд Базардарь Цоожоо 2 түрүүлээд зам хөндлөн гараад явчихсан юм. Бид нар болохоор араас нь явж байсан юм. Бид нарын эхэнд О.Ц явж байгаад замын зүүн талд байх замын хашлаганы хажууд зогссон. Хажууд нь Баянмөнх, Шаарийбуу бид хэд ирээд байж байтал урдаас нэг том машин гарч ирээд Цэрэнбатын куртикнээс нь татаад чирээд аваад явчихсан. Намайг нэг харахад Цэрэнбат машины чиргүүлийн арын дугуйн доогуур орчихсон юм. Тэр машин зогсохгүй цаашаа явж байгаад зам дээр зогссон юм. Тэр машин тоормос гишгээгүй... Цэрэнбат болохоор тэр машины чиргүүлийн улаан өнгийн хайрцагт нь куртик нь татагдаад татагдаад чирэгдсэн юм. Тэр машин их ойрхон хажуугаар нь зөрсөн юм. Цэрэнбат тэрнээс засмал зам дээр явж байгаагүй замын хашлаганы зүүн талд нь зогсож байсан юм...Тэр машины чиргүүлийн баруун гар талын дугуй нь засмал замын зорчих хэсэг дээр биш, замын зүүн шороон дээр явж байгаад Цэрэнбатыг шүргэчихсэн юм... Бидний хэн ч талийгаачийг түлхээгүй, араас нь туулгаагүй, талийгаач Цэрэнбат нь хэн нэгний араас хөөж туулгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-83-85, 86/

 

            - Гэрч Ц.Бүрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн сайн өдөр 17 цагийн үед би Цогоогийн сэлбэгийн дэлгүүр гадаа зогсож байтал баруун талын засмал замын зүүн талд нэг хүүхэд шороон дээр нь зогсож байсан юм. Гэтэл урд талаас хойшоо чиглэлтэй нэг том машин гарч ирээд нөгөө хүүхдийн хажуугаар нь гартал чиргүүл нь тэр хүүхдийн куртикнээс гогодсон тэгээд нөгөө хүүхэд чиргүүлд нь чирэгдэж яваад зам дээр толгой нь хойшоо харсан байдалтай газар ойчсон юм.Тэр машин цаашаа жаахан яваад зогссон юм. Би харахдаа тэр хүүхдийг тэр том машин шүргэчихлээ гэж харсан юм. Чиргүүлийн буруу талын хойд дугуйны урд талд нь байх улаан өнгийн төмөр хайрцгийн хавьд нь юманд гогодох шиг болсон юм. Би тэрийг сайн харсан юм. Тэр хүүхдийг би огт танихгүй тэр хүүхэд тэр засмал замын зүүн талд нь шороон дээр зогсож байсан юм. Тэр засмал замын эсрэг баруун талд нь 2 хүүхэд түрүүлээд гарчихсан байсан. Тэгээд түргэн тусламж ирээд нэг их эмч гэх эмэгтэй ирж үзээд нас барсан байна гэж байсан. Би тэр осол гарсан газар байсан юм. Тэгээд би цагдаа нар ирэхээр нь яваад өгсөн юм... Тэр хүүхэд чиргүүлд чирэгдэж яваад замдаа засмал дээр ойчсон юм. Чиргүүлийн дугуй нь дээгүүр нь гараагүй. Тэр хүүхдийг чиргүүл нь шүргээд л ойролцоогоор 2-3 метр чирэгдээд л газар ойчсон юм...гэх мэдүүлэг /1-р хх-91-92/

 

            -Гэрч И.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би жолооч Х.Гтай хамт өдөр 17 цагийн үед Дундговь аймгийн төвд орж ирсэн юм. Би машиндаа арын орон дээр унтаж явсан юм. Дундговь аймгийн төвд ирээд нэг хурд сааруулагч дээр ирээд би сэрсэн юм. Тэгээд жаахан цаашаа явтал жолооч Х.Г хүүхэд чиргүүл рүү орчоогүй байгаа даа гэж хэлээд машинаасаа буусан юм. Тухайн үед би машины арын орон дээр хэвтэж байсан болохоор машины чиргүүл хүүхэд шүргэхийг нь хараагүй юм. Би хувцсаа өмсөөд машинаас гартал машины чиргүүлийн ар талд замын зүүн талд нь нэг хүүхэд газар хэвтэж байсан юм. Тэр хүүхдийг хажууд нь байсан хүүхдүүд тэвэрчихсэн дээш нь харуулчихсан байсан юм... Би аймгийн төвийн Алтанговь зочид буудлын урд талд байх зам дээр байдаг огцом эргэлттэй газар байх хурд сааруулагч дээр нь сэрсэн юм.Тэгээд сэрүүн хэвтэж байсан юм. Зам ажиглах боломжгүй орон дээр хэвтэж байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-93/

            - Шинжээч эмч М.Баттүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017.10.30-ний өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Лхагважавын шинжээчийн тогтоолыг хүлээж аваад 2017.11.10-ний өдөр №170100066 дугаартай дүгнэлтийг гаргасан билээ. Дүгнэлтээр: Амь хохирогч О.Цын цогцост шинжилгээгээр онош хэсэгт гол судасны тасарсан шарх, баруун уушгины уг хэсгийн хөндий үүсгэсэн шарх, шархны түвшин дэх эдийн няцрал, өрцний урагдсан шарх, дэлүүний урагдсан шарх, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, чээжний хөндийдөх сул цус 210 ммл гэж бичигдсэн, мөн ташаан толгой, хэвлий, гуянд зулгаралт, ташаан толгойн сэлтэрсэн хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн гол судас тасарсны улмаас цээжний хөндийд дотуур хурц хэлбэрийн цус алдсаны улмаас нас барсан. О.Цын цусанд спиртийн агууламж илрээгүй. Гол судасны тасарсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх ба амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтэл нь зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Шинжилгээгээр амь хохирогчийн дээгүүр чиргүүлийн дугуй гарсан гэх үйлдэл тогтоогдсонгүй, амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байна гэсэн дүгнэлтийг гаргасан... Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүний хүчнээс давсан хүчээр үүсгэгдэнэ... Тухайн гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд шүргэгдэх болон машины аль нэг хэсэгт татагдсанаас болж үүссэн байх боломжтой. Шинжилгээгээр дайрагдсан ул мөр тогтоогдоогүй... Амь хохирогч тээврийн хэрэгсэлд чирэгдсэн гэх ул мөр шинжилгээгээр тогтоогдоогүй, дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, амь хохирогчийн аль хэсэгт хүч үйлчилснийг  тогтоох боломжгүй... Тухайн О.Цын гол судасны гэмтэл нь хүний хүчнээс давсан нэг удаагийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой өөрөөр хэлбэл ямар нэгэн хүчтэй зүйлд татагдах, дугтрагдах үйлдлээс болж үүснэ... Гол судас нь уян харимхай шинж чанартай байдаг энэ нь бага зэргийн таталт, болон хөдөлгөөнд агшиж сунаж байдаг. Амь хохирогч О.Цын хувьд биеийн дээд хэсэг буюу цээж орчмоос нэг удаагийн хүчтэй үйлчлэл үзүүлсний улмаас гол судас нь тасарсан байх боломжтой юм...гэх мэдүүлэг /1-р хх-105-107, 108-109/

 

          -  Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.11.10-ны өдрийн 170100066 тоот дүгнэлтэд: О.Цын цогцост шинжилгээгээр онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтгогдлоо. Гол судас тасарсны улмаас цээжний хөндийн дотуур хурц хэлбэрийн цус алдсаны улмаас нас баржээ. Шинжилгээгээр О.Цын цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Гол судасны тасарсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх ба амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаад үүссэн шинэ гэмтэл байна. Зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Шинжилгээгээр талийгаачийн дээгүүр чиргүүлийн дугуй гарсан гэх үйлдэл нь тогтоогдсонгүй…” гэжээ. /1-р хх-114-115/

 

               - Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.” гэсэн байх тул Эрүүгийн 1722001040036 дугаартай хэрэгт гарсан тус аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Нэмэхбаярын гаргасан №25, Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №11, Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №469 тоот дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. 4310 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйл, 9.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хоёр дугаар асуултын хариултаар хариулагдана. Явган зорчигч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тухайн зам тээврийн осол нь 4310 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйл, 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна. Шинжээчид тавьсан асуултаас гадна дүгнэлт гаргах явцад шинэ нөхцөл байдал илрээгүй болно” гэжээ. /3-р хх-2-4/

 

          -  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-38-47/

          -  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-48-51/

          -  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-54-55/

          -  Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-24-43/

          -  Мөрдөн шалгах туршилт баримтжуулсан бичлэг 2 ширхэг CD

          -  Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          А. Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ. 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.11.10-ны өдрийн 170100066 тоот дүгнэлтээр хохирогч О.Цын үхлийн шалтгааныг “Гол судас тасарсны улмаас цээжний хөндийн дотуур хурц хэлбэрийн цус алдсаны улмаас нас баржээ” гэж, мөн шинжээч эмч М.Баттүвшингээс хууль сануулж авсан мэдүүлэгт “О.Цын гол судасны гэмтэл нь хүний хүчнээс давсан нэг удаагийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой өөрөөр хэлбэл ямар нэгэн хүчтэй зүйлд татагдах, дугтрагдах үйлдлээс болж үүснэ” гэжээ.

Насанд хүрээгүй гэрч М.Баянмөнх, Б.Шаарийбуу, Б.Мөнхбат нараас “хохирогч О.Ц нь зам хөндлөн гарахаар замын шороон зурвас хэсэгт зогсож байхад Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар нь өнгөрөх үйлдлийг хийхдээ чиргүүлд бэхлэгдсэн улаан өнгийн хайрцаг хохирогчийн куртик хэсэгт гогодогдон татагдсан, мөн жолооч тухайн үед тоормос гишгэж тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүйн улмаас хохирогчийг чирэх үйлдлийг хийсэн” талаар хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн байна.

Эдгээр гэрчүүд тухайн хэрэг гарах үед хохирогчийн хажууд байж, хэргийн нөхцөл байдлыг хамгийн ойроос, үнэн бодитоор харсан, мөн тэдний мэдүүлэг гэрч Ц.Бүрэнтогтохын мэдүүлэгтэй тохирч байх тул хэргийг шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн зүгээс Замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй, өөрийгөө гэм буруугүй гэж маргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн тухайд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэм буруутай этгээд хохирол, хор уршгийг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршигт хүргэсэн үйлдлийг хамруулж үздэг.

Шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн “...ертөнцийн зүгээр зүүн талаас дугуй засварын тэндээс 4 хүүхэд баруун тийшээ явж байхад би чигээрээ засмал замаар яваад нөгөө хэдэн хүүхдийг өнгөрөөд явж байхдаа толиндоо харсан чинь нөгөө 4 хүүхэд замын хажууд шороон дээр зогсож байсан юм. Дахиад би хойшоо яваад эргэх хөдөлгөөн хийхээсээ өмнө толиндоо дахиад хартал нөгөө 4 хүүхдийн нэг нь газар уначихсан 3 хүүхэд нь хажууд нь зогсож байсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Х.Г тухай үед эргэх хөдөлгөөн хийхийн өмнө 4 хүүхэд тээврийн хэрэгслийн хажууд ойрхон ирчихсэн зогсож байсныг толиндоо харж, аюул саад тулгарахыг мэдсэн байна.

 Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургаар хэрэг гарах үед шүүгдэгчийн сонгон явсан зам дугуйрсан байдалтай, шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл чиргүүлийн хамт урт нь 21.8 метрийн урттай байсан нь мөрдөн шалгах туршилтаар ойрхон зогсож байсан хохирогчийн хажуугаар өнгөрөх үед аюул учруулах боломжтой байсан болох нь тогтоогдож байна.

Жолооч тээврийн хэрэгслийг жолоодох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, аюул саад бий болсон үед түүнд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм.

 

Хэрэгт Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Нэмэхбаярын гаргасан 2018.05.08-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн 3 удаа дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.  

Гэвч Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018.06.12-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018.08.13-ны өдрийн 496 дугаартай дүгнэлтийг гаргуулахдаа дахин шинжээч томилох эрхгүй этгээд буюу мөрдөгч Б.Лхагважав тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол  шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг зөрчсөн тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй.

Харин Дундговь аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Х.Мөнхбаатарын дахин шинжилгээ хийлгэх тогтоолоор томилсон Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр шүүгдэгч  Х.Гыг “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйл, 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүгдэгч Х.Гыг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын асфальтан зам дээр 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйл, 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн О.Цыг шүргэж амь насыг хохироосон гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хууль ёсны төлөөлөгч Д.Ренчиндоржид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл гэмт хэргийн шинж, нөхцөл байдалтай тохирсон байна.

Шүүгдэгч Х.Гийн хувийн байдал болон прокурор, шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасаж, хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Б. Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ренчиндоржоос оршуулгын зардалд 5.342.257 төгрөг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.000.000 төгрөг төлсөн болох нь 2-р хавтаст хэргийн 196-р хуудсанд авагдсан Хаан банкны баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохиролд шүүгдэгчээс 7.000.000 нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

             

            В. Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар өнгийн куртик 1 ширхгийг хурааж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус тус дурдав.  

            Шүүхэд хэргийн хамт шүүгдэгч Х.Гаас “ВС” ангиллын №385283 дугаартай жолоочийн үнэмлэхийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт шүүгдэгч Х.Гийн №385283 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Махсад овгийн Хүрэлбаатарын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

 

2. Шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

 

 

 

 3. Эрүүгийн  хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 8.000.000 төгрөг төлж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ренчиндоржийг шүүхээс хэлэлцээгүй орхисон хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Гаас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Х.Гын “ВС” ангиллын №385283 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тогтоолыг гардан авсан буюу эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          З.ШҮРЭНЧУЛУУН