Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/89

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж,

Прокурор: Б.Батцэцэг

Хохирогч: Ө.М

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Дашцэрэн 

Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Цоодол

Яллагдагч: Ж.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Цт холбогдох эрүүгийн 2022001620099 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ө.Мтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар ташуурыг зэвсгийн чанартай хэрэглэн биед халдаж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн шинжлэн судлав. Үүнд:

-  Хохирогч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 4 сарын 08-ны өдөр хонио харж байгаад дүү Цынд очсон. Үүд нь цоожтой байхаар нь яагаад цоожлоод явсан юм гэсэн чинь мөнгөтэй юм чинь, ноолууртай юм чинь цоожлохгүй яах юм гэсэн /хэд хоногийн өмнө цоожлохгүй гээд загнаж байсан болохоор нь тэгж асуусан байсан/. Тэгээд гэрт нь орсон чинь зодсон. Эхлээд гараараа зодоод, дараа нь сандлаар толгойн дундуур зодсон. Мөрөн дундуур ташуураараа зодсон, тэгээд чирээд гарсан. Миний гар эвгүй болж Гурвансайхан сумын түргэн дээр очиж хоносон. Маргааш өглөө нь Гурвансайханы төлөөлөгчид хэлж, төлөөлөгч Цыг суманд авчруулсан. Намайг эмч аймаг явж үзүүл гээд би аймаг явсан. Гарандаа эмчилгээ хийлгэмээр байна. Өнгөрсөн 5 сарын хугацаанд хойшоо, урагшаа явсан бензиний мөнгөө гаргуулмаар байна. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн. Гараа эмчлүүлж хохирлоо барагдуулмаар байна. Цаашид хагалгаа хийлгэхэд 7.000.000-гоос 8.000.000 төгрөг шаардлагатай.” гэв.

 

  • Хохирогч Ө.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Удалгүй Ц, Угтахбаяр нар мотоциклтой хүрээд ирсэн. Ирэхээр нь би дүү охин Угтахбаярт хандан үхсэнээ хийж гэрээ цоожилсон юм гэхэд Ц ноолуур мөнгөтэй юм чинь цоожлохгүй яадаг юм гэж хэрүүл эхэлсэн юм. Ц гэрээ онгойлгоод бид 3 гэр лүү ороход Ц надад хандан манайхаас гар зайл гэхээр нь би чи өөрөө гар зайл гэж хэлээд баруун орон дээр сууж байтал чамайг гар зайл гэж байна гээд босож ирээд нүүр, шанаа руу цохиж, зодож байгаад гэрээс зүүн урагш чирч гаргасан юм. Тэгэхээр нь би буцаж мөлхөөд орж иртэл чи муу пиздаа зайлахгүй юу гээд дахиад зодож эхэлсэн, хажууд нь байсан пивор сандлаар толгой дундуур цохиод, дахиад чирч гаргаж хаясан. Тэгэхээр нь би явахгүй чи өөрөө зайл энэ чинь миний гэр гэж хэлээд ортол хананд өлгөөтэй байсан хулсан ташуураар харьт, бөгсөн дундуур цохиж зодож байгаад гэрээ цоожлоод Ц, Угтахбаяр 2 мотоциклтой сундлаад яваад өгсөн...Тэгээд Цын гэрийг зааж өгөөд хэсгийн төлөөлөгчтэй хамт гэрт нь очиж Цыг Гурвансайхан сумын хэсэг дээр авчирсан...Тухайн үед эмчилгээний зардал бүгдийг нь гаргана уучлаарай гээд гуйгаад байхаар нь гомдолгүй гэсэн бичиг бичиж өгсөн...Би тухайн өдөр 11 цагийн үед эхнэрийн дүү Отгонсүрэнтэй 0,5 л Хараа архи хувааж уусан байсан...2020.05.21-ний өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт MRI 307.000 төгрөгөөр хийлгэсэн, мөн өдөр тус эмнэлэгт 25.000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн, Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгох үзлэгийн төлбөрт 8.000 төгрөг, Улаанбаатар Сонгдо эмчийн үзлэгийн төлбөрт 25.000 төгрөг, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт 38.000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн, 23.210 төгрөгөөр эм авсан, 2020.05.10-нд 90.000 төгрөгийн бензин авсан, 2020.05.02-нд MT колокоос 20.000 төгрөгний бензин авсан, 2020.05.17-нд 20.000 төгрөгний бензин хийсэн, 2020.04.25-нд 20.000 төгрөгний бензин хийсэн, 2020.05.10-нд 6.900 төгрөгөөр эм авсан, 2020.05 сарын 10, 19-ний өдрүүдэд тус бүр 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг, 2020.04.30-нд 20.000, 2020.05.23-нд 30.000, 2020.05.10-нд 50.000, 2020.05.10-нд 30.000, 2020.05.21-нд 30.000, 2020.05.18-нд 20.000, 2020.05.21-нд 10.000 төгрөгний бензин авсан тооцоод үзэхээр нийт 813.110 төгрөгийг Цаас нэхэмжилж байна.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-18-р хуудас/    

 

  • Шүүгдэгч Ж.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Намайг Ө.Мын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр Ө.М өөрөө ирж агсам тавьчихаад өөрөө эхэлж намайг цохисон. Одоо болтол миний мөр хөндүүртэй байгаа тухайн үед ах төрөл садангын хүн гээд аймгийн шинжилгээний албанд үзүүлээгүй. Би Ө.Мыг цохиж зодсон асуудал байгаа гэхдээ мөр далны орчимд огт хүрээгүй. Ө.М өөрөө мотоциклиос унасан асуудлаа надруу чихэж байна. Мотоциклиос унасан талаар манай эхнэр Угтахбаяр, Цэвээнравдан, Мын бэр Оюунаа нар мэдэж байх ёстой... Би Ө.Мын нүүр лүү нь 2 удаа цохиж аваад хуванцар сандлаар толгойруу 1 удаа цохиж аваад 2 суганаас нь бариад гэрээс гаргасан. Тэгтэл эргэж орж ирээд хэрүүл хийхээр нь гэрт байсан ташуураар зүүн шилбэ хэсэгт суртай хэсгээр 2 удаа цохисон... Өөрөө мотоциклоос уначихсан гар өдөөд байна гээд яриад явж байсан гэж би эхнэр Угтахбаяр, ах Цэвээнравдан, Оюунаа нараас сонссон... Би хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

 

  • Гэрч Д.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө.М Цт хандан манайхаас зайл гуйлгачин минь гэтэл Ц буцаагаад чи өөрөө зайл гээд хэрэлдсэн Ө.М галын хайч аваад Ж.Цын зүүн мөр лүү цохисон. Ц галын хайчийг гараас нь салгаж аваад аргалын сав руу шидээд ор луу түлхээд цохиж байгаа харагдсан хаана цохисон нь анзаараагүй, галын хайч гадаа нуучхаад ороод иртэл Ц жижиг хуванцар сандлаар толгой руу нь 1 цохисон, тэгээд чирээд гаргатал өөрөө эргэж мөлхөж орж ирээд манайхаас зайл гээд хэрүүл хийгээд байсан. Манай нөхөр өлгүүрт байсан хазаар чөдөр, ташуураа хумиж аваад гарах гэж байснаа уурандаа ташуураараа хөл хавьцаа 2 удаа цохисон...М ахаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...М ах манай нөхөр Цтай муудалцахаасаа өмнө ойролцоогоор 3-4 хоногийн өмнө үдээс хойш манай гэрт ирсэн юм. Тухайн үед М ах манай хэдэн адуу үзэгдсэн үү гэж асууж байсан. Тэгээд би М ахад цай хийж өгөхөд яаая гэхээр нь би яаав гэхэд би мотоциклоос уначихсан чинь гар хөдөлж чадахгүй болчихлоо гэж байсан. Тэгээд надаас өвчин намдаах эм байна уу гэж асуусан...Цын хувьд М ахын мөрөнд огт хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/

 

  • Гэрч Д.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020-04-08-ны өдөр 11 цагийн үед Ө.М ах манайд ирсэн бид 2 нийлээд 0,5 л Хараа нэртэй архи уусан архиа уучихаад үдээс хойш Ө.М ах мотоциклоо унаад яваад өгсөн... манайд ирэхдээ мотоциклоос унасан болон бусдад зодуулсан шинж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

 

  • Гэрч Б.Өнөрболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ө.М надад өргөдөл, гомдол гаргасан юм байхгүй. Ж.Ц гэх хүн надтай маргалдаж, муудалцсан энэ хүнийг айлгаад өгөөч бид хоёрын дунд эд хөрөнгийн асуудалаас болж маргадсан юм гэж 2020-04-09-нд ирж уулзсан. Үүний дагуу Ж.Цынт Ө.Мыг дагуулан очиж болсон явдлын талаар асуухад Ж.Ц нь Ө.М манай амьдарч байгаа гэрийг барьж өгсөн юм, тэгээд өдөр болгон ирж дарамтлаад гэрээ авна гээд байх юм, урьд орой ирж агсан тавиж байгаад явсан, бид нарын хооронд ямар нэгэн гомдол, санал байхгүй ах дүү нар байгаа юм гэж ярьж байсан. Ж.Ц, Ө.М нарыг Цагдаагийн хэсэг дээр авчиран гомдол, саналтай эсэхийг асуухад 2-уудаа гомдол, санал байхгүй бид ах, дүү улсууд хоорондоо учраа олчихно гэж хэлсэн... Ө.М гомдол саналгүй гэсэн бичиг надад хүлээлгэн өгчихөөд яваад өгсөн... Бусдад зодуулсан гэх шинжгүй байгаагүй, гар жаахан эвгүй болчихсон мотоциклоос унаад эвгүй болчихсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

 

  • Гэрч Ж.Цэвээнравдангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж дүү чинь Ө.Мтай муудалцаад Гурвансайхан сумын төлөөлөгч ирээд аваад явсан гэж хэлсэн дараа нь Ж.Цтай уулзаад чи чинь хүн амьтан зодчихсон юм уу яасан юм гэж асуухад М гуай өөрөө болохгүй агсан согтуу тавиад, хайчаар цохихоор нь би зөрүүлээд цохисон, одоо надаас эмчилгээний зардал нэхээд байгаа гэж тухай үед ярьж байсан... М гуай манай дүүд зодуулсан гэх өдрөөсөө одоо миний санаж байгаагаар ойролцоогоор 7 хоногоос өмнө болов уу гэж бодож байна. Намайг хониндоо явж байхад М гуай дайралдсан. Тэгээд надад хэлэхдээ золиг гэж мотоциклоос унаад гараа эвгүй болгочихлоо гээд зүүн гараа нугалаад биендээ хаачихсан байдалтай ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 119-р хуудас/

 

  • Гэрч Ц.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020-04-13-ны өдөр М гэдэг хүнд үзлэг хийсэн байна...даваа гарагт манайх ачаалал ихтэй байсан болохоор би энэ хүнийг санахгүй байж магадгүй... гэмтэл согог заслын эмчийн хувьд хэлэхэд энэ хүнд учирсан гэмтэл нь мөрөөрөө харуулдаж унах, эсхүл гараас хүчтэй угзчиж татах үед үүсэх боломжтой гэмтэл байна. Энэ гэмтлийг яаж авснаас шалтгаалж хөхрөлт үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

 

  • Гэрч П.Оюунбайгалийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хадам аав Ө.Мыг Ж.Цт зодуулахаас өмнө мотоциклоос унасан түүнийгээ Цт зодуулснаас болсон гэж худлаа ярьсан гэж яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/

 

  • Гэрч Д.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш өглөө манай нөхөр над руу утсаар яриад би Цт зодуулчхаад хэсгийн төлөөлөгчтэй хамт Цын гэр лүү явлаа гэж хэлсэн... М энэ асуудлаас өмнө мотоциклоос унаж ойчсон асуудал байхгүй. Мотоциклоос уналаа барилаа гэж надад лав янз бүрийн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 120-р хуудас/

 

  • Шинжээч эмч М.Баттүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Ө.Мад 2 удаагийн үзлэг хийсэн. Мөр орчимд үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн буюу унах, цохих, цохигдох, татах зэрэг бүх хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой...Нэмэлтээр ирүүлсэн баримтаас үзэхэд булчингуудын холбоос хатангиршсан өөрчлөлт өгсөн байсан. Үүнээс үзэхэд тухайн оношилгоо хийгдэхээс ойролцоогоор 10-14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой байна. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй учраас бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/

 

  • Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
  • Ө.Мын биед зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл, эмнэлгийн бичиг баримтаар торхи доргилт, зүүн хэнгэргэн хальсны урагдал, зовхи, зүүн бугалгад цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь тус бүртээ хатуу хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
  • Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Мөрний гэмтлийг нэмэлт шинжилгээний аргаар оношлуулах шаардлагатай байна.
  • Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
  • Тархи доргилт, хэнгэргэн хальсны урагдал, мөрний няцрал гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 46-р хуудас/

 

  •  Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /2020-05-15-ны өдрийн 125 дугаартай шинжилгээний нэмэлт /-д :
  1. Нэмэлтээр ирүүлсэн материалаар Ө.Мын биед зүүн далны шонтонгийн дээд холбоос 3-р зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2-р зэргийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  2. Дээрх гэмтэл нь 2020.04.08-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  3. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 56-р хуудас/

 

  • Ө.Мын /ЗИ66031618/ Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 83-88-р хуудас/
  • Хохирлын баримтууд /хх-ийн 92-112 хуудас/
  • Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхийн 2008-06-30-ны өдрийн 47 дугаартай Ж.Цт холбогдох шийтгэх тогтоол /хх-ийн 122-124/
  • Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн УБ сонгодо эмнэлгийн 2020-05-27-ны өдрийн Томографи дүрслэлийн шинжилгээ 2 хуудас, хохирлын баримт 4 хуудас зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн шинжлэн судлахад дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

         А. Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Далдын цагаан бууц” гэх газарт иргэн Ө.Мын толгойн тус газарт гараараа болон хуванцар сандлаар цохиж, түүний биед тархи доргилт, хэнгэргэн хальсны урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ж.Цын “...Тухайн өдөр Ө.М өөрөө ирж агсам тавьчихаад өөрөө эхэлж намайг цохисон... Би Ө.Мын нүүр лүү нь 2 удаа цохиж аваад хуванцар сандлаар толгойруу 1 удаа цохиж аваад 2 суганаас нь бариад гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/, хохирогч Ө.Мын “...чи өөрөө гар зайл гэж хэлээд баруун орон дээр сууж байтал чамайг гар зайл гэж байна гээд босож ирээд нүүр, шанаа руу цохиж, зодож байгаад гэрээс зүүн урагш чирч гаргасан юм. Тэгэхээр нь би буцаж мөлхөөд орж иртэл чи муу пиздаа зайлахгүй юу гээд дахиад зодож эхэлсэн, хажууд нь байсан пивор сандлаар толгой дундуур цохиод, дахиад чирч гаргаж хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/, гэрч Д.Угтахбаярын “...Ө.М галын хайч аваад Ж.Цын зүүн мөр лүү цохисон. Ц галын хайчийг гараас нь салгаж аваад аргалын сав руу шидээд ор луу түлхээд цохиж байгаа харагдсан хаана цохисон нь анзаараагүй, галын хайч гадаа нуучхаад ороод иртэл Ц жижиг хуванцар сандлаар толгой руу нь 1 цохисон, тэгээд чирээд гаргатал өөрөө эргэж мөлхөж орж ирээд манайхаас зайл гээд хэрүүл хийгээд байсан. Манай нөхөр өлгүүрт байсан хазаар чөдөр, ташуураа хумиж аваад гарах гэж байснаа уурандаа ташуураараа хөл хавьцаа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн “...эмнэлэгийн бичиг баримтаар торхи доргилт, зүүн хэнгэргэн хальсны урагдал, зовхи, зүүн бугалгат цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Тархи доргилт, хэнгэргэн хальсны урагдал... гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Харин хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ташуурыг зэвсгийн чанартай хэрэглэн зодсоны улмаас Ө.Мын биед зүүн далны шонтонгийн дээд холбоос 3 дугаар зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2 дугаар зэргийн урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь:

Шүүгдэгч Ж.Цын яллагдагчаар өгсөн “...Намайг Ө.Мын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна... Би Ө.Мыг цохиж зодсон асуудал байгаа гэхдээ мөр далны орчимд огт хүрээгүй. Ө.М өөрөө мотоциклиос унасан асуудлаа надруу чихэж байна. Мотоциклиос унасан талаар манай эхнэр Угтахбаяр, Цэвээнравдан, Мын бэр Оюунаа нар мэдэж байх ёстой... Би Ө.Мын нүүр лүү нь 2 удаа цохиж аваад хуванцар сандлаар толгойруу 1 удаа цохиж аваад 2 суганаас нь бариад гэрээс гаргасан. Тэгтэл эргэж орж ирээд хэрүүл хийхээр нь гэрт байсан ташуураар зүүн шилбэ хэсэгт суртай хэсгээр 2 удаа цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,  гэрч Д.Угтахбаярын “...Манай нөхөр өлгүүрт байсан хазаар чөдөр, ташуураа хумиж аваад гарах гэж байснаа уурандаа ташуураараа хөл хавьцаа 2 удаа цохисон... М ах манай нөхөр Цтай муудалцахаасаа өмнө ойролцоогоор 3-4 хоногийн өмнө үдээс хойш манай гэрт ирсэн юм. Тухайн үед М ах манай хэдэн адуу үзэгдсэн үү гэж асууж байсан. Тэгээд би М ахад цай хийж өгөхөд яаая гэхээр нь би яаав гэхэд би мотоциклоос уначихсан чинь гар хөдөлж чадахгүй болчихлоо гэж байсан. Тэгээд надаас өвчин намдаах эм байна уу гэж асуусан...Цын хувьд М ахын мөрөнд огт хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/, Гэрч Ж.Цэвээнравдангийн “...М гуай манай дүүд зодуулсан гэх өдрөөсөө одоо миний санаж байгаагаар ойролцоогоор 7 хоногоос өмнө болов уу гэж бодож байна. Намайг хониндоо явж байхад М гуай дайралдсан. Тэгээд надад хэлэхдээ золиг гэж мотоциклоос унаад гараа эвгүй болгочихлоо гээд зүүн гараа нугалаад биендээ хаачихсан байдалтай ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119/, гэрч Б.Өнөрболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Ц, Ө.М нарыг Цагдаагийн хэсэг дээр авчиран гомдол, саналтай эсэхийг асуухад 2-уудаа гомдол, санал байхгүй бид ах, дүү улсууд хоорондоо учраа олчихно гэж хэлсэн... Ө.М гомдол саналгүй гэсэн бичиг надад хүлээлгэн өгчөөд яваад өгсөн... Бусдад зодуулсан гэх шинжгүй байгаагүй, гар жаахан эвгүй болчихсон мотоциклоос унаад эвгүй болчихсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Ц.Батбилэгийн “...гэмтэл согог заслын эмчийн хувьд хэлэхэд энэ хүнд учирсан гэмтэл нь мөрөөрөө харуулдаж унах, эсхүл гараас хүчтэй угзчиж татах үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, шинжээч эмч М.Баттүвшингийн “... Мөр орчимд үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн буюу унах, цохих, цохигдох, татах зэрэг бүх хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой... Нэмэлтээр ирүүлсэн баримтаас үзэхэд булчингуудын холбоос хатангиршсан өөрчлөлт өгсөн байсан. Үүнээс үзэхэд тухайн оношилгоо хийгдэхээс ойролцоогоор 10-14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Хавтаст хэрэгт гэрч П.Оюунбайгаль, Д.Ариунаа нарын “Ө.Мын биед зүүн далны шонтонгийн дээд холбоос 3 дугаар зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2 дугаар зэргийн урагдал бүхий гэмтлийг Ж.Ц учруулсан, Ө.М нь мотоциклоос унасан асуудал байхгүй” талаарх мэдүүлэг авагдсан боловч эдгээр гэрчүүд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг болох үед байгаагүй, болсон асуудлыг нүдээр хараагүй тул хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Гэрч Д.Угтахбаяр, Ж.Цэвээнравдан нар нь шүүгдэгчийн эхнэр болон төрсөн ах, харин гэрч П.Оюунбайгаль, Д.Ариунаа нар нь хохирогчийн эхнэр болон бэр болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт оролцогч нартай ямар нэгэн холбоо хамааралгүй, хувийн ашиг сонирхолгүй, хэргийн талаар үнэн зөвөөр гэрчлэх боломжтой гэрч Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч ажилтай Б.Өнөрболдын “гар жаахан эвгүй болчихсон мотоциклоос унаад эвгүй болгочихсон юм гэж ярьж байсан” гэх мэдүүлгийг хэргийг шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой нотлох баримтаар үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хэрэг шийдвэрлэхэд баримталвал зохих зарчмыг хуульчилсан байна.

 

              Хэрэг авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Цыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ташуурыг зэвсгийн чанартай хэрэглэн зодсоны улмаас Ө.Мын биед зүүн далны шонтонгийн дээд холбоос 3 дугаар зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2 дугаар зэргийн урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нотлогдож тогтоогдоогүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна.

 

              Харин шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Далдын цагаан бууц” гэх газарт иргэн Ө.Мын толгойн тус газарт гараараа болон хуванцар сандлаар цохиж, түүний биед тархи доргилт, хэнгэргэн хальсны урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

              Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Цт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Цыг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс Ж.Цын үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Б. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Ө.Маас баримтаар нийт 1,069,110 төгрөг нэхэмжилснээс 656.000 төгрөг бензиний зардал, 413.110 төгрөг эмчилгээтэй холбоотой зардал байна. Мөн цаашид мэс засал хийлгэх эмчилгээнд нийт 7.000.000-аас 8.000.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлээс 413.110 төгрөгийн эмчилгээтэй холбоотой зардлыг, бензины зардлаас 328.000 төгрөгт холбогдох хэсгийг болон цаашид мэс засал хийлгэх эмчилгээний зардал 7.000.000-аас 8.000.000 төгрөгийг Ө.Мын биед зүүн далны шонтонгийн дээд холбоос 3 дугаар зэргийн урагдал, далны хуудасны холбоос 2 дугаар зэргийн урагдал бүхий гэмтэлд хамаарах тул тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжлэлээс бензиний зардлын 50 хувь болох 328.000 төгрөгийг хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцад гаргасан гэмт хэргийн хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

В. Бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус тус дурьдав. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Прокурорын газраас Боржигон овогт Жаргалсайханы Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Цт мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

  1. Хохирогч Ө.Маас хохиролд нийт 1,069,110 /нэг сая жаран есөн мянга нэг зуун арав/ төгрөг нэхэмжилснээс 741,100 /долоон зуун дөчин нэгэн мянга нэг зуун/ төгрөгт холбогдох хэсгийг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 7.000.000 /долоон сая/-аас 8.000.000 /найман сая/ төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.Цаас 328,000 /гурван зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Мад олгосугай.

 

  1. Хохирогч Ө.М нь шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН