Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0404

 

Иргэн Г.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, иргэн Г.Бын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан нэр дэвшигчийг бүртгэх нийтлэг журмын дагуу нэрээ дэвшүүлж, тус хуулийн 157дугаар зүйлд заасны дагуу нэрээ бүртгүүлсэн. Гэвч аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар Нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг үндэслэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн намайг ... сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хүлээн авалт дайллага, цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан ... гээд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан байна. Дархан сумын Засаг даргын Тамгын газраас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг тус байгууллагаас гавьяаны амралтандаа гаргасан өндөр настнуудыг хүлээн авах Дархан сумын Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөөт ажлын хэрэгжилт болох 2016 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан ахмад настнуудыг хүлээн авах ажиллагаанд миний бие Дархан сумын Засаг даргын орлогч албан тушаалынхаа дагуу оролцсонтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооноос хууль бус шийдвэр гаргаж нэрийн жагсаалтаас хасаж Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхийг маань хязгаарласан. Дархан сумын Засаг даргын Тамгын газраас гавьяаны амралтанд гарсан ахмад настнуудыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх ажил нь Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл биш юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын Г.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороо нь иргэн Нямбаярын ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 710.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байна гэж үзэж Г.Б нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг гаргасан байгаа. Нэр дэвшигчийг бүртгэлээс хасахдаа гурван нөхцөлийг шалгах ёстой байтал шалгалгүйгээр нэр дэвшигчийг сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Сонгуулийн жил гэдэгт 2016 оны 01 сар хамаарч байгаа ба Батбаярыг сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан гавьяаны амралтандаа гарсан өндөр настнуудыг хүлээн авах ажиллагаанд оролцсон нь энэ хугацаанд хамаарч байгаа боловч Г.Б нь сумын Засаг даргын орлогчийн албан тушаал хашдагийн хувьд сумын Засаг даргын Тамгын газраас тэтгэвэрт гарсан өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 сонгогч гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг ойлгоно гэж заасан байна. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-нээс эхэлж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна гэж зааснаас үзэхэд сумын Засаг даргын Тамгын Газраас зохион байгуулсан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болоход сонгогчдын нэрийн жагсаалт гараагүй байсан байгаа учир хэнийг нэр дэвшигчийн багт байгааг тодорхойлох боломжгүй. Тухайн байгууллагын жил болгон уламжлал болгон явуулдаг ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх энэхүү үйл ажиллагааг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулсан гэж үзэхгүй. Сумын Засаг даргын Тамгын газрын өндөр настнуудаас Г.Бын нэр дэвшиж байгаа 9 дүгээр багаас хэн нь оролцсоныг тодруулж шалгах ёстой байсан ба сумын Тамгын газраас ахмад настнуудын судалгаанаас үзэхэд 9 дүгээр багаас 1 хүний нэр байсан нь Пэрэнлэй гэж хүн байна. Энэ хүн нь тухайн арга хэмжээнд ирээгүй, багийн Засаг даргаар дамжуулж хэлсэн боловч энэ хүн нь одоогоор Улаанбаатар хотод амьдарч байгаа юм байна лээ. Г.Б нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.1-д заасан хууль болон төлөвлөгөө, журамд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажилласны илрэл болж байна. Иймд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдоогүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэржавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хороо нь Б.Наас ирүүлсэн өргөдлийг хурлаар авч хэлэлцээд нэр дэвшигч Г.Быг Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 710.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байна гэж олонх үзэж нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 159 дүгээр зүйлийн 159.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын Г.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: ... 1.Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүх иргэн Г.Бын гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар шийдвэртээ дараах дүгнэлтийг хийсэн: ... Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2016 оны Цагаан сарын баярын өмнө буюу 01 дүгээр сард Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 21 жилийн турш зохион байгуулж хэвшсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд урилгаар оролцож энэхүү ажиллагаанд Дархан сумын Засаг даргын орлогчийн хувьд мэндчилгээ дэвшүүлж, тухайн жилд хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурдсан нь ... эрхэлж буй ажил үүрэгтэй шууд хамааралтай ... гэж ойлгож, хууль буруу хэрэглэж нотлох баримтыг дүгнэлтийг хийсэн.

а. Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн зорилт бол ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын энэ талаар хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог юм. Уг хуульд зааснаар нийгмийн хамгааллын арга хэмжээ гэдэгт 4 дүгээр зүйлд зааснаар:

4.1.1. нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж;

4.1.2. нийгмийн халамжийн тэтгэвэр;

4.1.3. нийгмийн халамжийн тэтгэмж;

4.1.4. тусламж, хөнгөлөлт;

4.1.5. төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;

4.1.6. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;

4.1.7. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;

4.1.8. эрүүл мэндийн үйлчилгээ;

4.1.9. нийгмийн хөгжлийн үйлчилгээ ордог.

Эндээс үзэхэд ямар нэгэн хүлээн авалт, дайллага цайллагыг нийгмийн хамгааллын арга хэмжээ гэдэгт багтахгүй.

Мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт гэдэг ойлголтонд багтахгүй.

Шүүх Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийг буруу ойлгож хэрэглэсэн. Уг зүйлд ...байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна гэж заасан. Эндээс субьект нь тодорхой болж байна. Тухайн байгууллагад ажиллаж байсан ахмад, тухайн байгууллагын эрх бүхий этгээд гэсэн 2 оролцогч байх нь. Гэтэл Г.Б аль ч оролцогч биш харин ч хөндлөнгийн этгээд юм.

б. Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргын эрх, үүрэг зэргийг тодорхойлсон. Уг хуульд зааснаар сумын Засаг даргад өөр байгууллагын ахмадын арга хэмжээнд оролцох, өөрийн ажлыг сурталчилах, өөрийгөө сурталчилах, бэлэг гардуулах эрх гэх мэт эрх хуулиар олгогдоогүй. Төрийн албан хаагчийн тухайд жирийн иргэнтэй адил хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн зарчим үйлчилдэггүй, гагцхүү зөвшөөрснөөс бусдыг хориглодог зарчимтай, хуульд зааж олгосон эрхийг хэрэгжүүлж ажиллах ёстой байдаг онцлогтой болохыг шүүх анхаарсангүй.

в. Шүүх мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Уг зүйлд Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасан. Зөвхөн илэрвэл гэж заасан байхад заавал тогтоогдсон байхыг шаардсан нь хууль бус болжээ.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: СД бичлэгээр сонгогчдын саналыг татах далд зорилготой хийсэн ажлаа магтаж ярьж байгааг буруу үнэлж сонгогчдын саналыг татах зорилго агуулаагүй байна гэж буруу үнэлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлнө.

Мөн тус Сонгуулийн хороо хуралдаан хийж асуудлаа шийдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тэмдэглэлээ үйлддэг. Гэтэл уг тэмдэглэлийг шүүх хуралдаанд хөтлөгддөг тэмдэглэлтэй адил байх ёстой гэж явцууруулж ойлгон тэмдэглэлийг буруу үнэлсэн.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүний нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Дархан сумын Засаг даргын Тамгын газар нь жил бүр тус байгууллагаас тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг хүлээн авах арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд миний бие тус арга хэмжээнд Дархан сумын Засаг даргын орлогч албан тушаалынхаа дагуу оролцсон, Г.Бын нэр дэвшиж байгаа 9 дүгээр багийн ахмад настан ирээгүй, сонгогчдын саналыг татах зорилгоор явуулаагүй гэж тодорхойлон маргажээ.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь дээрх маргаан бүхий актаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг тус тус баримтлан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Быг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь Дархан сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулах арга хэмжээнд оролцсон нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан хориглосон үйлдэл, үйл ажиллагаанд хамаарахгүй байна. Тодруулбал,

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн ... 70.1...-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ, 70 дугаар зүйлийн 70.1-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглоно, 70.1.1 мөнгө, эд зүйл тараах, 70.1.4 нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэж тус тус заажээ.

Дархан сумын Засаг даргын Тамгын газар нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газраас тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг жил бүрийн сар шинийн баяр, олон улсын ахмадын баяраар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай 54 дүгээр тушаал болон Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эрхэлдэг Дархан сумын Засаг даргын орлогч албан тушаалынхаа дагуу тус арга хэмжээнд оролцсоныг сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тус арга хэмжээ нь Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу 2016 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь Дархан сумын Засаг даргын орлогчийн хувьд оролцсон байна.

Хариуцагчаас Г.Быг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзэж нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн атлаа 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалт буюу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тохиолдлыг зохицуулсан хуулийн заалтыг үндэслэж нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэл болсон иргэн Б.Н, Э.Азжаргал нарын мэдээлэл нь аймгийн Сонгуулийн хорооны Өргөдөл, гомдлын дэвтэр-т албан ёсоор бүртгэгдээгүй, хэн, хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй зөрчилтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын Г.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА