Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 538

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.М

Хариуцагч: ЦЕГ ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/194 дүгээр “Албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халах шийтгэл ногдуулсныг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах болгож өөрчлөлт оруулах”-ыг хүссэн агуулга бүхий шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Б.М миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/379 дугаартай тушаалаар Ө аймаг дахь Цагдаагийн газрын Х сум дахь цагдаагийн тасагт мөрдөн байцаагчаар томилогдсон. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ням гарагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Тухайн үед миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд Х.Б гэх залуу сууж явсан бөгөөд Х.Б нь согтуу байх үедээ машинаас бууж бие засах гэж зам хөндлөн гарч  яваад замаар гарч байсан бусдын тээврийн хэрэгсэлд дайруулж амь насаа алдсан. Иймд намайг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/194 дугаартай тушаалаар Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 1.3.2, 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.4.8, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт зааснаар эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргасан байна. Би зам тээврийн осол гаргаж Х.Б-ын амь насыг хохироогоогүй, мөн урд өмнө нь ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Иймд миний гаргасан зөрчил нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2, 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.4.8, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг дэх заалтуудтай  нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар тушаалыг өөрчилж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би өөрийгөө Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Миний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дугаар тушаалын хавсралтаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж заасан. Миний хувьд өмнө нь сахилгын арга хэмжээ авагдаж байсан зүйл байхгүй. Мөн санаатай гаргасан үйлдэл байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг гэснийг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан арга хэмжээгээр өөрчилж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.М-ийн ЦЕГ т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/194 дүгээр тушаалаар Ө аймаг дахь Цагдаагийн газрын Х сумын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М-ийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цагдаагийн албанаас халсан.

Ө аймгийн Х сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Х сумын “Н” багийн нутагт Б гуанзны урд талын засмал зам дээр хүн машинд дайруулж нас барсан” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад тус хэлтсийн Х сумын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэж, улмаар согтуугаар өөрийн эзэмшлийн “**-** УН*” улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Уг тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Х.Б нь Х сумын “Н” багийн нутагт автомашинаас бууж бие засахаар явсан үедээ эсрэг урсгалд орж автомашинд мөргүүлж амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Уг асуудалд Ө аймаг дахь Цагдаагийн газраас албаны шалгалт явуулахад нэхэмжлэгч Б.М нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй дүрэм”-ийн 2.3.2, 2.4.8 дах заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 2-т “энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж засан бөгөөд мөн зүйлийн 82.1-д цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална” гээд 82.1.1 “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж тус тус заажээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд “ноцтой зөрчил” гэдгийг зааж өгсөн. Энэ нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т ““ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг” хэлнэ гэж заасан. Энэ заалтууд нь таслалаар зааглагдаж байгаа. Мөн уг ёс зүйн дүрмийн 2.3.2-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” гэж заасан. Цагдаагийн байгууллагын албан хаагч прокурорын байгууллагын ажилтантай хамт архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад нөгөө ажилтан нь автомашины осолд орж нас барсан байгаа.

Мөн Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.8-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж заасан зөрчил нь цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд байж болохгүй үйлдэл бөгөөд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.4-д “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж заасан нь маргаан бүхий захиргааны актад тусгагдсан байгаа. Замын хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн албаны тухай хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Замын хөдөлгөөний дүрмээр хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж байгаа. Цагдаагийн албан хаагч битгий хэл энгийн ард иргэдийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж заасан байдаг. Мөн өөрийн тээвэрлэж яваа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаагүй. Хаа дуртай газар нь зогсож эсрэг урсгалд оруулж машинд дайруулж нас барсан нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг гутаасан сахилгын шийтгэл оногдуулах ноцтой зөрчил гаргасан гэж цагдаагийн байгууллагаас үзэж Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар сарын 82.1.1 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн албанаас халсан. Нэхэмжлэгч нь талийгаачтай хамт архи уусан эсэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх талаар албаны шалгалтаар хангалттай нотлогдсон. Албаны шалгалтын материалыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иймд Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/194 дүгээр тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халсныг зөрчлийн шинж байдалд тохироогүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг ноцтой зөрчил гэж үзэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/194 дүгээр “Албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халах шийтгэл ногдуулсныг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах болгож өөрчлөлт оруулах”-ыг хүссэн агуулгаар ЦЕГ т холбогдуулан тодорхойлсон ба түүний хүсэл зориг шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын агуулгад бүрэн тусгагдсан, захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн хуульд заасан төрөлд нийцүүлж өөрөөр тодорхойлох боломжгүй гэж ойлгож энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.   

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах боломжгүй дараах үндэслэл байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/194 тоот тушаалаар Ө аймаг дахь Цагдаагийн газрын Х сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М-ийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргаж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3.2, 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.4.8-д заасныг зөрчсөн гэж үзэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэслэгч цолыг хураажээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангарагаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна”, 82 дугаар зүйлийн 82.1.1-д “Цагдаагийн алба хаагчийг өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд цагдаагийн албанаас хална” гэж тус тус заажээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан байх бөгөөд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-т цагдаагийн алба хаагч нь “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.8-д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” үүрэгтэй бөгөөд мөн дүрмийн 3.2-т “ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр ногдуулна”, 3.4-т “ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж тус тус заажээ.

Цагдаагийн албанаас халах үндэслэл болох “ноцтой зөрчил" гэдгийг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т “Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т зааснаар Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ыг баталсан, энэ журмын 5.2.1-д “ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр албанаас халагдсан тохиолдолд алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж заасан байна.

Ө аймаг дахь Цагдаагийн газрын явуулсан 20190420000004 дугаартай албан шалгалтын материалд авагдсан баримтуудаас үзвэл “Ө аймгийн Х сумын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэж, улмаар согтуугаар өөрийн эзэмшлийн “**-** УН*” улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Уг тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Х.Б нь Х сумын “Н” багийн нутагт автомашинаас бууж бие засахаар явсан үедээ эсрэг урсгалд орж автомашинд мөргүүлж амь насаа алдсан нөхцөл байдал” тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хамт явсан зорчигчийн аюулгүй байдлыг хангуулаагүйгээс зам тээврийн осол гарч, иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэдийгээр зам тээврийн ослын эрүүгийн хэрэгт Б.М-ийг гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлагад татаагүй ч тэрээр цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” гэж 2.3.2-т, “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж 2.4.8-д заасныг зөрчсөн, энэ нь мөн дүрмийн 1.3.2-т тодорхойлсноор “Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон үйлдэл” гэж үзэх ноцтой зөрчил байх тул дүрмийн 3.4-т “ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж зааснаар цагдаагийн албанаас халж, цолыг хураасан шийдвэр хуульд нийцсэн байна.

Цагдаагийн алба хаагч согтууруулах ундаа хэрэглэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хамт яваа зорчигчийн аюулгүй байдлыг хангуулаагүйгээс хүний амь нас хохирсон, өөрөөр хэлбэл хүний амь нас хохирсон зам тээврийн ослын хэрэгт цагдаагийн алба хаагчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамт яваа зорчигчийн аюулгүй байдлыг хангуулаагүй үйлдэл тодорхой шалтгаант холбоотой, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил хүний амь нас хохирсон зам тээврийн ослын хэрэгтэй огт хамааралгүй гэж дүгнэх боломжгүйн дээр цагдаагийн алба хаагчийн ёс зүйн энэ зөрчлөөс үүдэж цагдаагийн байгууллагын нэр хүндэд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон байх тул энэ зөрчлийг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/194 дүгээр “Албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халах шийтгэл ногдуулсныг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах болгож өөрчлөлт оруулах” агуулга бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1, 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ЦЕГ т холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/194 дүгээр “Албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халах шийтгэл ногдуулсныг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах болгож өөрчлөлт оруулах” агуулга бүхий нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.ХАЛИУНА