Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1542

 

 “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01147 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн, хариуцагч С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 69 307 381 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч С.Должинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч С.Должинсүрэн, хариуцагч Ц.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Должинсүрэн нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хас банк” ХХК-тай зээлийн 1080017144 дугаар гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр баталгаат ипотекийн 1080013072-01 дүгээр гэрээнүүдийг тус тус байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар авсан.

Дээрх гэрээнд Ц.Сайнсанаа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Уг зээлийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчтай тохиролцон бизнесийн орлогоос хамааран төлөх боломжийг нь дахин олгож, 1080017144 тоот гэрээнд өөрчлөлт оруулан 1080023227 дугаар зээлийн данстай болсон.

Зээлийн барьцаанд Ү-2202011231 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байр, 24 тоот, 74 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч С.Должинсүрэн нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаас сарын 31-ний өдөр 480 000 төгрөг төлөөд, түүнээс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй байна.

Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүрсэн тул 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцалж байна.

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нарын 1080023227 дугаар гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн зээл 43 159 265 төгрөг, хүүний төлбөр 24 588 586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 548 030 төгрөг, нийт 69 295 881 төгрөг байна.

Иймд 69 295 881 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11 500 төгрөг, нийт 69 307 381 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 50 000 000 төгрөгийн зээлийг Хан-Уул дүүргийн Нархан хотхонд байрлах, "Парис" лоунжийг ажиллуулахаар авсан бөгөөд зээлийг 1 жилийн хугацаанд банктай байгуулсан гэрээний дагуу хэвийн төлж байсан.

Ингээд 2014 оны 5 сард өмнө авсан зээлийн үлдэгдэл 39 472 231.89 төгрөгт нэмж 10 000 000 төгрөгийн зээлийг тухайн лоунжийн тоног төхөөрөмж, жижиг засварын ажил хийх зорилгоор авсан.

Уг зээлийг авч зарцуулж байх үед тус лоунжийн эзэн нь түрээсийн төлбөрийг огцом нэмж, түрээсийн байрнаас биднийг хөөж гаргасан. Миний эрхэлж байсан жижиг бизнесийн ажил ийнхүү зогссон тул 2014 оны 6 сараас эхлэн зээлийн үлдэгдэл хуримтлалаараа зээлийн төлбөрийг төлж байгаад мөн оны 9 сараас эхлэн зээл төлөх чадваргүй болж, зээлийн хугацаа хэтэрсэн.

2014 оны 12 сард “Хас банк” ХХК-иас зээлийн төлөлтөө хийж чадахгүй байгаа бол зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах талаар санал тавьсныг хүлээн авч, зээлийн хүү болох 4 416 137.42 төгрөгийг төлж (энэ нь 2015 оны 9 сараас хойш төлөгдөөгүй зээлийн хүү), хугацааг сунгах нэмэлт өөрчлөлтийг гэрээнд оруулсан. 2015 оноос хуушуурын жижиг контейнер түрээслэн ажиллуулж бага, багаар зээлийг төлж эхэлсэн боловч банкны зээлээ дахин төлж чадахааргүй болсон.

Ингээд “Хас банк” ХХК-иас удаа дараа мэдэгдэл ирж байсан ба тухайн үед бид “Хас банк” ХХК-д бизнесийн нөхцөл байдал хэцүү болсон, ажлын байр түрээслэж байж би зээлийн төлөлт хийх боломжтой талаар хэлсэн. Энэхүү нөхцөл байдлыг “Хас банк” ХХК мэдсээр байж үндсэн зээлийн хүү 24 588 586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 1 548 030 төгрөгийг нэхэмжилсэн.

2015 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Одоо 43 159 265 төгрөгийг үндсэн зээлд төлөх нь үнэн, харин 24 588 586 төгрөгийн хүүнээс багасган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 307 381 төгрөг гаргуулан "Хас банк" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28-24 тоотод байрлах, Ү-2202011231 улсын бүртгэлийн дугаартай, 74 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504 487 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 504 487 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.  

Хариуцагч С.Должинсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулсан ба би өөрийн эрхийг хамгаалах, хэрэгт авагдсан нотлох баримтыг нягтлан судлуулах, хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг хангуулах үүднээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг гаргасан боловч шүүх миний эрхийг хүндэтгэн хамгаалж, өмгөөлөгч авах, өмгөөлөгчийн хамт хуралд оролцох боломжийг олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр миний эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

“Хас банк” ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардаж хууль болон гэрээнд заасны дагуу цуцлах эрхтэй гэж үзнэ хэмээн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байх бөгөөд энэ үндэслэлийг баримтлан шүүх шийдвэр гаргасан боловч “Хас банк” ХХК-ийн зүгээс зээлдэгч талд гэрээг цуцлах талаар урьдчилан бичгээр мэдэгдээгүй, шаардаагүй.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил бүгд эдийн засгийн хямрал, хүндрэлийн талаар ярьж хэлэлцэж байгаа бөгөөд зээлдэгч миний хувьд энэ хямралын нөлөөнд автаж, эрхэлж байсан бизнесийн ажил уналтанд орсон тул энэ нөхцөл байдлыг зээлдэгч “Хас банк” ХХК тодорхой мэдэж байсан.

Гэвч өнөөдөр банк зөвхөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг өөртөө бүрэн гаргуулан авахыг чухалчилж зээлдэгчид учирсан хүндрэл, бэрхшээлийг үл тоон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг өөртөө бүрэн гаргуулан авах шаардлагыг нь шүүх бүхэлд нь хангаж, зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалан, ийнхүү шийдвэрийг гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд хэрэгт авагдсан хүсэлт, нотлох баримт, нөхцөл байдлыг шүүх зохих ёсоор судлан нягтлан үзэж, үнэлж дүгнээгүй, хуульд нийцсэн бодитой шийдвэр гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69 307 381 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч С.Должинсүрэн, нэхэмжлэгч Хас банк ХХК нарын хооронд анх 2013 онд зээлийн гэрээний харилцаа үүсч, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1080017144 тоот зээлийн гэрээ байгуулан 50 сая төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлсэн байх бөгөөд хариуцагч Ц.Сайнсанаа нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар зээлийн гэрээний харилцаанд оролцсон байна.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах зорилгоор зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 28-24 тоотод байрлах Ү-2202011231 улсын бүртгэлийн дугаартай, 74 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч нар дээрх зээлийн гэрээний дагуу авсан зээлээс төлсөн дүн, зээлийн үлдэгдэл, мөн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болохыг зөвшөөрдөг, харин эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалан зээл төлөх боломжгүй болсноо мэдэгдсээр байхад нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн гэж марган, зээлийн хүүг багасгахыг хүсчээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад зохигч талууд 2015 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдөр 1080017144 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн дансны дугаарыг өөрчлөн, 50 000 000 төгрөгийн үлдэгдлийг 44 507 992 төгрөгөөр тооцож, тус гэрээний 2.1 дэх заалтаар уг гэрээнд дурдагдаагүй үндсэн гэрээний бусад заалтууд хуучин хэвээр мөрдөгдөхөөр тохиролцон баталгаажуулж, гарын үсгээ зурж, хэлцэл хийсэн.

Мөн хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 3.2.7 дахь заалтаар зээлийг ашигласаны хариу төлбөр болох хүү, гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээл эргэн төлөх хуваарийг тохиролцсон боловч үүнийгээ зөрчсөн болох нь тэдгээрийн тайлбар, Хас банк ХХК-ийн шаардах болон мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон тул С.Должинсүрэн, Ц.Сайнсанаа нарын гэрээний үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.

Иймээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу буцаан шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үүргийн дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцэж байна. 

            Хариуцагч талын барьцааны бус хөрөнгөөс үүргийг гүйцэтгүүлэх асуудал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой учир шүүхээс хариуцагч нарын бусад эд хөрөнгө орлогоор үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэснийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж, хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч С.Должинсүрэнгийн, энэ талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 504 487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ

 

               ШҮҮГЧИД                         Д.БАЙГАЛМАА

 

                                            Ч.ЦЭНД