МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2022001130065 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р баг, Алтанзагасын 3-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Мг 5 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж цохиж зодон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ ойлгож байна. Иймд надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... 2020-03-03-ны өдөр 15 цаг орчимд тахилын гэрт байж байгаад гэртээ орсон. Тэгээд миний шүд өвдөөд 2, 3 хоног хоол идээгүй байсан юм. Тэгээд би эхнэртээ чи надад хоол хийж өгч болдоггүй юм уу гэж уурласан. Тэгээд би гэрээс гарах гэсэн чинь манай эхнэр намайг бариад авсан. Тэгээд би дахиад гарах гэсэн чинь манай эхнэр тэр чигээрээ зайлаарай гэхээр нь би уурандаа алгадсан. Тэгсэн эгч рүүгээ залгаад дуудлага өгсөн байсан. Тэгээд би эгчтэй нь утсаар ярьсан чинь чамтай ярих зүйл байхгүй гэхээр нь би уурандаа утсаа шидсэн. Тэгээд би гэрээс гарах гэсэн чинь намайг гаргахгүй гарнаас бариад байхаар нь би зүүн гаранд нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд эхнэр хүүхэд аваад явсан... Би эхнэр Т.Мгийн нүүрэнд нь нэг удаа алдагдсан, тэгээд доошоо хараад хэвтэхээр нь би нуруу, дал, бөгсний орчимд хөлөөрөө өшиглөсөн өөр газар цохиж өшиглөсөн зүйл байхгүй... Би өглөө нь пиво уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/
- Хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “2020-03-03-ны өдөр 15 цагийн үед гэртээ угаалгын машинаар хувцас угааж байгаад бууз жигнэх гээд гал дээр ус тавиад байж байтал манай нөхөр Б гаднаас халуун савтай хоол бариад халамцуу орж ирсэн. Тэгээд надаас энэ буузаа хэнд жигнэж байгаа юм гэж асуухаар нь бүгдээрээ иднэ өглөөнөөс хойш хоосон байлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь та нар намайг эзгүй хойгуур дандаа хоол хийж идчихээд надад өгдөггүй юм байна гээд өөрөө барьж ирсэн хоолоо над руу шидсэн. Тэгэхээр нь би юу гэж чамайг ялгаж орхиж байхав дээ бүгдээрээ л иднэ гэж хэлтэл намайг элдвээр харааж зүхээд байхаар нь би жигнэх гэж байсан буузаа охиноороо гадаа гаргуулсан. Тэгсэн намайг манай нөхөр Б өшиглөсөн, тэгээд энэ хүүхдүүд чинь минийх биш наадуулаа аваад эндээс зайл гэсэн. Тэгэхээр нь би хаачдаг юм гэртээ байна гэсэн чинь миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд Б уурлаад босоод ирэхээр нь би айгаад доошоо хараад хэвтсэн чинь толгой нуруу руу дэвсэж өшиглөсөн. Тэгээд би босоод гараад зугтаах гэсэн чинь барьж аваад гэрийн хоймор луу шидсэн. Тэгээд намайг элдвээр хэлээд зодоод байсан... Тэгээд би эгч рүү залгаад ярьсан. Эгчээ ирээд миний хүүхдүүдийг аваад яваачээ энд намайг гэх хүн алга би амиа хорлолоо гэж хэлсэн... Б архи уусан байсан. Өглөө ахындаа нэг хүнтэй хамт гурвуулаа савтай пиво уусан байсан... Манай нөхөр надтай гэр бүл болоод 4 сарын дараа 2015 оны 12 сарын 23-24-ний хавьцаа намайг зодсон. Орон дээрээс авч шидээд өшиглөөд гар, нуруу, нүүр хэсэгт цохисон... 2016 оны 02 сард би нэг сар гарантай жирэмсэн байсан. Тэгсэн намайг гэрийн гадаа байж байхад Б уурлаад мотоциклоороо дайрсан. Тэгэхээр нь би сумын төв рүү зугтсан чинь намайг барьж аваад хөл гар луу өшиглөсөн... бас 04 сард мал төллөж байхад Б манай том охиныг хороон дээрээс шидээд унагачихаар нь би хүүхдээ өмөөрөөд хамтдаа Бд зодуулсан... 2017 оны 01 сард манай хүүхдийг тамхи олж ирсэнгүй гээд зодсон. Тэгэхээр нь би хүүхдээ өмөөрсөн чинь миний нүүр лүү гараараа цохиж миний хамрыг мурийлгасан... 2018 оны 08 сард намайг 6 сартай жирэмсэн байхад үснээс чирээд гэдэс рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/
- Хохирогч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “Нүүрэнд нэг удаа алгадсан, нуруу, дал, хүзүү хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн яг хэдэн удааг сайн санахгүй байна... Би тухайн үед уурандаа манай нөхөр намайг байнга зоддог талаар хэлсэн. Одоо Б бид 2 хүүхдүүдээ бодоод хамтдаа байгаа... Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...Тухайн үеүүдэд бид 2 хэрэлдэж маргалдах үе байсан. Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар зүйлүүд болоогүй... Би тухайн үед шүүхээр орж үзээгүй тэгээд прокурор надаас асуухаар нь би тулгамдаад тэгээд хэлчихсэн бусдаар хавтаст хэрэгт тусгагдаагүй маргалдаж зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 40-41, 141-142-р хуудас/
- Гэрч Б.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020-03-03-ны өдөр хонинд явж ирчхээд Бгийнд ортол М уйлчихсан баруун орон дээр сууж байсан Б гэрийнхээ хойно гутлаа өмсөөд сууж байсан... гэрт нь угаадас асгарсан байдалтай байсан... эхнэр хүүхдээ зодож дарамталдаг талаар мэдэхгүй... хааяа хэрэлдэж маргалдаж л байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/
- Гэрч А.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020-03-03-ны өдөр манай дүү М над руу залгаад манай нөхөр Б намайг зодоод байна би амиа хорлочих уу гэхээр нь би болохгүй чи ганцаараа биш шүү дээ гэж хэлээд юу болсон талаар асуухад би хувцас угааж байгаад хүүхдээ өлсөж байгаа байх гээд бууз оруулж ирээд жигнэж байтал манай нөхөр орж ирээд та хэд намайг өлсөж байхад тансаглах гэлээ гээд зодсон. Тэгээд намайг нуруу руу дэвсээд зодоод байсан гэсэн... яг цохиж зодож байсныг бол нүдээр харж байгаагүй заримдаа аав ээжийнд ирэхдээ нүд нь, гар, хөл нь хөхөрчихсөн ирж байсан яасан талаар асуухлаар тухайн үедээ юм мөргөчихлөө ойччихлоо гэж хэлж байсан ч сүүлд нь нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан... гэр бүлийнхэнтэй уулзуулах дургүй хариад ирий гэхээр уурлаад байдаг гэрээ санаад хэцүү байна гэж ярьж байсан... Б эхнэр хүүхдээ үг хэлээр доромжилдог талаар дүүгээсээ сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
- Гэрч Ж.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Охин Мтай утсаар яриад гэртээ ирэх юм уу гэж асуухаар нөхөр уурлаад байдаг тэгээд тантай ярихлаар ээж чинь юу гэж байна нөхрөөсөө салаад ир гэж байна уу өөр нөхөр авч өгнө гэнэ үү гэх зэргээр дарамтлаад байдаг гэж хэлж байсан залгахаар дараа залгая гээд тасалдаг дараа нь асуухаар нөхрийн хажууд хамаагүй юм ярихлаар дараа нь дарамтлаад байдаг талаар ярьж байсан... охин маань хааяа ирэхдээ хөхөрсөн байдалтай ирдэг сүүлд сонсоход нөхөр нь зодсон талаар дуулддаг өөрөө бол ярьдаггүй нуугаад байдаг... 2020-03-03-ны өдөр нөхөр зодсон гээд замын унаанд суугаад ирсэн байсан... ихэнхдээ эрүүл зоддог юм шиг байна лээ... 2017 онд байхаа нэг удаа хамар мурийсан нүд нь хөхөрсөн байсан... 2018 онд бас зодуулсан талаар хүнээс дуулж байсан 2019 онд идэш хоолоо авах гээд очиход хоорондоо муудалцсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/
- Гэрч О.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрөх нь удамшлын болон гадны хүчин зүйлээс нөлөөлөх боломжтой....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/
- Хохирогч Т.Мгийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4-5-р хуудас/
- Аюулын зэргийн үнэлгээ эрсдэлийн түвшин “Өндөр” гэх дүгнэлт /хх-ийн 17-19- хуудас/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ЦЕГ-ийн мэдээллийн сангаас гаргасан лавлагаа /хх-ийн 67-68-р хуудас/
- Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Мгийн биед тархи доргилт, нуруу, дал, зүүн шилбэ, баруун өгзөгт цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-23-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р баг, Алтанзагасын 3-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Мөнхтуяг 5 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж цохиж зодон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн яллагдагчийн мэдүүлэг, хохирогч Т.М, гэрч Б.Ганхөлөг, А.Мөнхзул, Ж.Амарзаяа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Мгийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулахаар гаргасан өргөдөл болон 2020.03.05-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт “нөхөр Д.Б байнга зодож, дарамталдаг” талаар дурдсан байдаг боловч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ “тухайн үед уурласандаа болоод нөхөр намайг байнга зоддог талаар хэлсэн”, “тухайн үеүдэд бид 2 хэрэлдэж маргалдах үе байсан. Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар зүйлүүд болоогүй”, “тухайн үед шүүхээр орж үзээгүй тэгээд прокурор надаас асуухаар нь би тулгамдаад тэгээд хэлчихсэн” гэх зэргээр өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн байна.
Мөрдөгчөөс хэргийг нотлох ажиллагааг явуулахдаа хохирогчоос өгсөн гэмт хэргийн талаарх анхны мэдээлэл дээр тулгуурлан, мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг нягтлах байдлаар хийгддэг учраас гэмт хэргийг ирлүүлэх, мөрдөн шалгах, нотлох ажиллагааг явуулахад хохирогчийн үнэн зөв, бодитой мэдээлэл чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүрээнд, нууц далд аргаар, ихэвчлэн тодорхой гэрчгүйгээр үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг нотолж, тогтооход хохирогчийн оролцоо чухал үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч өөрийн нөхөр Д.Бд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө зодуулж байсан гэх мэдүүлгээ уурандаа өгсөн мэдүүлэг гэх байдлаар үгүйсгэж байгаа нь Д.Бд холбогдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотолж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Хяналтын прокуророос Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэгт тохирсон байх тул түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцов.
Хэрэгт хохирогч Т.Мгийн өгсөн “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг авагдсан тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага нь нэг талаараа түүнийг цээрлүүлэх, нөгөө талаараа нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Шүүхээс шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Далай-Ээж овогт Дашданзангийн Бг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ялыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг Д.Бд мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
- Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН