Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч М.Оюунбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн 2022001030046 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.А нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Быг труба төмрөөр цохиж, зодон биед хөнгөн хохирол, иргэн Б.Цын толгойн тус газарт болон хэвлий хэсэгт трубагаар цохин биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч О.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болох үед би баруун цагаан дэлгүүрийн халуун усанд хувийн үйл ажиллагаа явуулдаг газартаа ажлаа хийж байтал согтуу хүмүүс орж ирсэн. Би Алтаншагай гэдэг хүнд гарах шаардлага тавьсан. Босохгүй болохоор нь татаж, чангаагаад гаргах гэж байтал Ц, Б нар хажуугаас орж ирээд наад хүн чинь сууж байг чи яах гээд байгаа юм гэсэн зүйл ярьсан. Би үйлчилгээний газар согтуу хүн байж болохгүй, та нар гар гэхэд тэр 2 эсэргүүцсэн. Ц намайг ална гэсэн үгээр дайрч давшсан.Тэгээд Алтаншагайг босох чадваргүй болохоор нь Ц, Б 2-ыг түлхээд гаргасан. Яг гаргахад Ц өөдөөс агсарч байгаад намайг цохисон. Би гаргаад Цыг цохичхоод халуун ус руу ортол араас ална гэж хашхирсан, эргээд хартал хутга бариад над руу дайрч байсан. Би зугтаж байгаад халуун ус руу ороод хаалгаа дотроос нь түгжсэн чинь хаалга балбаад ална гээд хашхираад байсан.Тэгээд явахгүй болохоор нь би Цыг айлгая, хутганаас нь салгая гэж бодоод цохих юм хайгаад труба олоод, гарч ирээд трубагаараа далайтал айхгүй байхаар нь хутгатай гар руу нь цохисон. Тэгээд хутгыг нь авч амжаагүй хажуугаас Б дайраад байсан. Халуун усны өмнө байсан машины ард очоод ухраад явж байтал Ц машины араас хутгаа бариад дайрсан. Тэгээд трубагаар хамгаалж яваад Цыг дайрахын эрхэнд Быг нэг цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөх үед над руу дахиж дайраагүй... би Б, Ц нарын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... Цт 8000, Бд 20000 төгрөг төлсөн... надаас хохирол төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй... Цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд төлнө” гэв.
  • Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02-р сарын 20-ны өдөр би ажлынхаа О.Бтай хамт дэрэн сум руу холбооны шугам янзлахаар явчхаад орой 16 цаг өнгөрөөгөөд Дэрэн сумаас аймагт ирсэн. Тэгээд ирчхээд байж байтал 9-р баг Мандалын 2 гудамд дуудлагаар очиж гэмтэл засчхаад буцаад явж байх замдаа Баруун цагаан дэлгүүрийн хажуу талын халуун усанд ажилладаг О.Бын найз үсчнээр хамт орсон. Тэгээд О.Б үсчин рүү орж уулзаад би халуун усны коридорт зогсож байсан. Тэгээд байж байтал халуун усны коридорт сандал дээр сууж байсан согтуу хүнийг О.А гар гээд хөөгөөд байсан. Тэгээд нөгөө согтуу хүнийг гарахгүй болохоор нь татаад өшиглөсөн. Тэгэхээр нь би наад хүн чинь согтуу байна яах гэж зодоод байгаа юм бэ гэж хэлээд байж байтал О.Б үсчнээс гарч ирээд яасан, яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд бид хэд маргалдаад халуун уснаас гарсан. Тэгээд гарсан чинь О.А та хоёр юу юм бэ гээд намайг цохисон тэгэхэд нь би доошоо суугаад өгсөн. Тэгсэн О.А халуун усруугаа ороод труба барьж гарч ирээд О.Быг эхлээд толгойг нь цохиод, дараа нь намайг цохихоор нь би гараараа хаасан чинь баруун гарын шуунд цохигдсон, мөн миний зүүн талын бөөр сүвээ хавьд бас трубагаар цохисон. Тэгсэн О.Б настай хүн зодоод яаж байгаа юм бэ гэсэн чинь О.Аптангэрэл О.Быг трубагаар дахиад цохисон. Тэгээд над руу эргээд трубагаар цохих гэхээр нь би түрүүнээсээ хутга гаргаад намайг цохиул дэмий шүү гэсэн. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид хэдийг аваад цагдаагийн газар дээр авчирсан... трубагаар цохисноос болж миний баруун гарын шивнүүр яс хугарсан, зүүн сүвээнд хөхөрч няцарсан, мөн толгой хагарсан... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161-р хуудас/
  • Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 02 сарын 20-ны өдөр баруун лагарт айлын интернет засах дуудлагад яваад засчхаад буцаад ажил руу явж байгаад баруун цагаан дэлгүүрийн халуун усанд ажилладаг Нарантуяа гэж найзтайгаа уулзчихаад гарахад үүдэнд халуун усны захирал нь болох О.А согтуу тасарчихсан эрэгтэй хүнийг зодоод байхаар нь би очоод “Та наад согтуу хүнээ зодож байхаар цагдаад дуудлага өгөөд явуулчих” гэж хэлэхэд О.А “Та муу хоёрт ямар хамаа байна гэж хэлээд надтай хамт явж байсан Ц ахыг цохиод унагачихсан" тэгэхээр нь би О.Аийг хөгшин хүн зодлоо чи гээд араас нь очиход О.А халуун ус руу гүйж ороод төмөр труба авч гарч ирээд Ц ах бид ховрыг шууд цохиод зодоод эхэлсэн. Тэгээд О.А ахиад хүн дуудаж намайг зодох гээд байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн... Ад зодуулсны улмаас толгойдоо 5 оёдол, гарын шуунд 1 оёдол тавиулсан миний зүгээс гомдолтой байна 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...“  гэх мэдүүлэг /хх-ийн 164-167-р хуудас/

 

  • Гэрч С.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020-02-20-ны өдөр баруун цагаан дэлгүүрийн урд таньдаг айлд очиж архи уусан тэгээд халуун усны үсчинд орох гээд гарснаа санаж байгаа боловч гарснаа санахгүй байна. Маргааш нь халуун ус ажиллуулдаг А гэх ахтай таараад халуун усанд орж ирж суучхаад гарахгүй байхаар өшиглөөд чирээд гаргасан чинь чамаас болж тэнд байсан 2 хүнтэй муудсан гэж сонссон...зодоон болсон талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна би тухайн үед тасарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

 

  • Гэрч О.Бүрэнбат мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02-р сарын 20-ны өдөр Э.Наранхүүтэй хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 20 цагийн үед жижүүрээс баруун цагааны хажуу талд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирээд халуун усны гадаа яваад очиход халуун усны гадаа 2 хүн байсан нэгнийх нь толгойноос цус гарсан байсан. Нөгөөд нь гар өвдөөд гэж хэлж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад халуун ус ажиллуулдаг хүн трубагаар толгойнд цохисон гэж байсан. Тэгээд халуун усруу орох гэтэл халуун ус ажиллуулдаг хүн өөдөөс гараад ирсэн. Тэгээд би та яагаад трубагаар хүний толгой цохисон юм труба чинь хаана гэж асуухад би трубагаа цаашаа тавьсан гэж хэлсэн. Тэгээд би труба байгаа газрыг нь заалгаад галлагааны өрөөнөөс нь орж авсан. Тэгээд би зодолдсон хүмүүсийг аваад цагдаагийн газар дээр авчирч драгер багаж үлээлгэж тухайн өдрийн жижүүрт хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/

 

  • Гэрч Д.Батсуурь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2020 оны 02-р сарын 20-ны баруун цагаан дэлгүүрийн хажуу талын халуун усруу, усанд орох хүн хүргэж өгсөн. Тэгэхэд халуун усны гадаа 2 согтуу хүн нэг нь эрүүл юм шиг 3 хүн хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэгээд эрүүл хүнээ, 1 нөгөө хоёр согтуу хүний нэг нь цохисон чинь эрүүл хүн нь зөрүүлээд цохисон чинь нөгөө согтуу нь газар унаад өгсөн. Тэгсэн газар унасан хүн нь гутлынхаа түрүүнээс нэг юм гаргах шиг болсон би яг юу гаргасныг нь мэдэхгүй. Тэгсэн чинь нөгөө эрүүл хүн нь зугтаагаад халуун усруу ороод хаалгаа хаачихсан. Тэгсэн нөгөө хоёр согтуу хүн халуун усны хаалгыг очоод хүчтэй балбаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад та хоёр болиоч гэж хэлсэн тэгсэн тэр хоёр миний хэлж байгааг сонсоогүй байх. Тэгсэн нөгөө халуун усруу орсон хүн эргэж гарч ирээд Трубагаар нэг согтуу хүнийг нь цохиод толгойг нь хагалчихсан байсан. Тэгээд би халуун усанд орсон хүнээ суулгаж аваад явсан өөр надад мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155-р хуудас/
  • Гэрч Т.Цолмонцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2020 оны 02-р сарын 20-ны өдөр Баруун цагаан дэлгүүрийн халуун усанд ажиллаж байсан. Тэгэхэд 19 цагийн үед халуун усны коридор 1 хүн сууж байсан. Тэгсэн манай халуун усны эзэн О.А коридор дотроос согтуу хүнийг гар гээд байж байсан чинь үсчний өрөөнөөс хоёр согтуу хүмүүс О.Атэй маргалдаад нэг нь О.Аийг цохиж байгаа харагдсан хүмүүс бүгдээрээ халуун усны гадаа гарсан. Тэгээд нээх удалгүй халуун усны коридорын цонхоор хартал хоёр согтуу хүний нэг нь хутга барьсан О.Аийг туулгаж байгаа харагдсан. Тэгээд О.А зугтаагаад халуун усруу ороод хаалгаа дотроос нь түгжээд байж байсан чинь нөгөө хоёр согтуу хүн хаалга балбаад ална хядна гээд байсан тэгсэн О.А гэх хүн труба бариад халуун уснаас гарсан. Тэгээд би О.А гэх хүний эхнэр лүү нь утсаар залгаад нөхөр чинь гадаа хүмүүстэй муудалцаад байна хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэр хүмүүсийг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157-р хуудас/
  • Гэрч Н.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Баруун цагаан дэлгүүрийн хажуу талын халуун усанд үсчин хийдэг 1 байсан. Тэгсэн 2020 оны 02-р сарын 20-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад манай найз О.Б ажлынхаа Цогоо гэх ахтай хамт ажил дээр орж ирчхээд гарсан. Тэгээд гарч явчхаад О.Б жоохон байж байгаад эргэж орж ирэхдээ толгойноос цус гарсан байсан би тэгээд юу болсон талаар асуухад эргээд гараад явсан. Би тэгэхэд өрөөндөө олон хүнтэй ажил ихтэй байсан болохоор араас нь гарч очоогүй.Тэгээд би маргааш өглөө нь ажилдаа иртэл өчигдөр манай халуун усны гадаа зодоон болсон гэж дуулсан. Өөр бол надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/

 

  • Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Б.Цын биед баруун гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулай, доод уруулд шарх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Гэмтсэн эрхтэнд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй.
  5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гарын чигчий хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, зулай, уруулын шарх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэг, хэвлий цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 17-18-р хуудас/

 

  • Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. О.Бын биед тархи доргилт, зулай, шуунд зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Гэмтсэн эрхтэнд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй.
  5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх тархи доргилт, зулай, шууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-24-р хуудас/
  • Зөрчлийн ЦГ-267 дугаартай О.Ад холбогдох материалын хуулбар /хх-ийн 188-193-р хуудас/ 
  • Шүүгдэгч О.Аийн эрүүгийн хариуцлагын лавлагаа /хх-ийн 56-р хуудас/
  • Шүүгдэгч О.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 62, 65-р хуудас/
  • Хохирогч О.Б, Б.Ц нарын шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-ийн 68-69-р хуудас/
  • Хохирогч О.Бд 20,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 200-р хуудас/
  • Хохирогч Б.Цт 8,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 201 хуудас/
  • Эд мөрийн баримтаар “84 см урт, 3.2 мм-тэй онцлох содон шинж тэмдэггүй, хуучин труба төмөр 1 ширхэг” зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч О.А нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт, Баруунцагаан дэлгүүрийн хажуу талын халуун усны гадаа иргэн О.Быг труба төмрөөр цохиж,зодон биед хөнгөн хохирол, иргэн Б.Цын толгойн тус газарт болон хэвлий хэсэгт трубагаар цохин биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.А нь Б.Цт 8000 төгрөг бэлнээр өгч, хохирогч Б.Ц нь шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх/хх-ийн 201-р хуудас/, хохирогч О.Бд 20000 төгрөг дансаар өгсөн /хх-ийн 200-р хуудас/ баримт хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр бичгээр илэрхийлсэн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд шүүхээс Б.Цын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 550.000 төгрөгөөр торгох, О.Бын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 450.000 төгрөгөөр торгох ял дээрх торгох ялыг нэмж нэгтгэн 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч О.Б нь “миний зүгээс гомдолтой байна 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх ба хэрэгт хохирлын талаарх баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгч О.Аийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч О.Ад Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч О.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 84 см урт, 3.2 мм диаметртэй 1 ширхэг трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 38.20 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Жадамба овогт Отгоны Ад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч О.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 84 см урт, 3.2 мм диаметртэй 1 ширхэг трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Ц, О.Б нар нь хэргийн улмаас хохирсон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ШҮРЭНЧУЛУУН