| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат
Улсын яллагч: Г.Эсэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам
Хохирогч Б.Ш, С.Ж
Шүүгдэгч: У.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох 2022002670141 тоот хэргийг 2021 оны 2 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ төрсөн, ............., боловсролгүй, малчин, ............ 1, 2013 онд тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан, ..................оршин суух, Г овогтой УБ гэв. РД:/................./
Шүүгдэгч У.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 12-31 тоотод иргэн Б.Шийн эзэмшлийн Sonling маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум, 9-р баг, Мандалын 12-13 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч С.Жг группээр авсан мөнгөөр охиндоо гар утас авч өглөө гэх шалтгаанаар маргалдан түүний баруун гарын дунд болон ядам хурууг хоёр тийш татаж түүний биед сарвууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум, 9-р баг, Мандалын 12-13 тоотод 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдийн хооронд нийт 3 удаа өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Жг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан хэлбэрээр байнга зодсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
А. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаар:
- Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
- Шүүгдэгч У.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ш намайг мотоциклыг ав гэхээр нь би шөнө очоод авчихсан юм, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Би авсан талаараа хэлэх гэж байснаа мал харах хүн байхгүй болохоор мал руугаа явчихсан юм. Тэгээд өдөртөө гэртээ ирээд цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн. Би наймаа хийж авсан, 2 ямаа өгөөд тэр мотоциклыг авахаар болсон юм. Тэгээд намайг Ш очоод авчхаарай гэхээр нь 2020.09.27-ны 23 цагийн үед очоод авсан юм. Намайг авах үед хүмүүс хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31/
- Хохирогч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2 мотоциклтой байсан. Шар мотоциклоо Бд 1 ямаагаар өгсөн. Би өөрөө хар мотоциклтой тэр мотоциклыг сонирхоод байхаар нь үнэ тохирвол ав гэсэн. Би 300.000 төгрөг, 2 ямаа өгөөд авбал ав гэж хэлж байсан. Тэгсэн арай үнэтэй байна гээд тохиролцож чадаагүй. Тэгээд шөнө нь мотоциклоо алдсан. Миний мотоциклийн банк цөмөрсөн байсан. Нэхэмжилмээр л байна. 60.000 төгрөг болох байх” гэв.
- Хохирогч Б.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 сарын 21-ний өдөр Сайнцагаан сумын Д Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн мотоцикл 141.000 төгрөгөөр худалдаж авсан. 2020.09.27-ны орой мотоцикл хашаан дотор хамгийн баруун талын гэрийн баруун талд түшүүлээд тавьсан байсан юм. Тэгээд 2020.09.28-ны өглөө үзэхэд алга болсон байсан. Түрээд гараад явсан байхаар нь мөрийг нь хөөгөөд явтал нь зүүн тийшээ Мандалын 12-15 тоот хашаа руу орсон байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Миний мотоцикл улсын дугаар байхгүй, Сонлин гэх нэртэй, 2 тольтой, зүүн талын хавтас нь байхгүй, яндан салаад ойчсон, урд талын ачмаг нь мурийсан, гарын хамгаалалт нь сул, хар өнгийн суудалтай, ард дугуй шинэ буюу арзгар хээтэй, гэрэл дохио бүрэн, түлхүүргүй дэвсэж асдаг хуучин мотоцикл байгаа юм. Би Быг тэр мотоциклыг ав гэж хэлсэн асуудал огт байхгүй. Би мотоциклоо 500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
- Гэрч М.Ц“...Би 2020.09.27-ны өдөр 15 цагийн үед Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 12-13 тоотод байх хашаандаа иртэл араас манай ах Б, Ш 2 ирсэн. Манай ах надад би Шөөс энэ шар өнгийн мотоциклыг малаар авч байгаа юм гэсэн. Тэр хоёр тэгээд хоорондоо наймаа хийж гэж бодсон. Тэгээд тэр хоёр хөдөө мал руугаа явсан. Би гэртээ үлдсэн. Манайх хашаандаа 3-н гэр байдаг юм. Баруун гэрт би эхнэр хүүхдийн хамт байдаг. Зүүн талын гэрт манай дүү Цэрэнпунцаг байдаг. Тэгээд маргааш өглөө нь ээжийн хамт манай гэрийн хойд талын амбаарыг онгойлготол Сайнцагаан сумын Дын унаад яваад байдаг байсан хар өнгийн Сонлин нэртэй мотоцикл байсан. Яагаад тэр мотоциклыг тэнд байгааг би мэдээгүй. 2020.07.27-нд Ш манайд ирэхдээ энэ Сонлин гэх мотоциклыг худалдаж авсан юм. Тэр шөнө манайд Б ах ирж хоносныг би мэдээгүй. Заримдаа ирж хонодог юм. Өөр гаднаас хүн байгаагүй. Манай амбаар байнга цоожтой байдаг, түлхүүр нь ээжид байдаг. Тэр мотоциклыг хийсэн хүн Б ах байж магадгүй. Өөр хүн гаднаас ирээд амбаарыг онгойлгох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
- Гэрч Ц.А“...2020.09.28-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирээд хүү Цын хамт тэр амбаараа онгойлгоод үзтэл хар өнгийн мотоцикл байсан. Би ойрд тэр амбаарыг онгойлгоогүй. Тэр амбаар байнгын цоожтой байдаг түлхүүр нь манай гэрт байдаг. Тэр мотоциклыг хэн амбаарт хийсэн талаар би мэдээгүй. Би тэр өдөр гэртээ 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед манай охин А болон нэг ачийнхаа хамт байж байсан. Намайг гэртээ ирэхэд манай баруун гэрт байх хүү Ц хэсэг хүмүүс пиво уугаад байхаар нь ороод хартал манай хүү Ц, хүү Б, Ш нар пиво ууж байхаар нь загнаад явуулцгаасан. Манайхаар өөр хүн байгаагүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 15/
- Гэрч М.Агийн: “...Би Улаанбаатар хотоос 2020.09.27-ны орой 18-19 цагийн үед ирсэн. Би гэртээ ирээд ээжийндээ очсон юм. Ээжийнд байж байгаад баруун гэр буюу дүү Ц ортол манай ах Б, дүү Ц, Ш нар пиво уугаад байж байхаар нь би эргээд гараад явсан. Тэр хойд талын амбаарт байсан мотоциклын талаар би огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
- Гэрч Ц.Дын. “...Би Ш гэх хүнд Сонлин маркийн мотоциклыг 141.000 төгрөгөөр зарсан. Би мотоциклоо цагдаагийн газрын журмын хашаанд түр саатуулагдсан байхад нь Ш гэдэг хүнийг журмын хашааных нь мөнгийг өгөөд ав гэж хэлээд 141.000 төгрөгөөр өгчихсөн юм. Би уг мотоциклыг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Цагдаагийн газрын журмын хашааны мөнгө өгөх хэрэгтэй болоод 141.000 төгрөгөөр өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээч Б.Саранзаяагийн 2020.10.16-ны өдрийн №120 тоот дүгнэлт /хх-ийн 22-23/
- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 5-8/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-45/
- У.Бын өмгөөлөгч Г.Лхамын 2020.12.18-ны өдрийн “У.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 55/
- Хяналтын прокурор М.Оюунбатын 2020.12.18-ны өдрийн 43 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол /хх-ийн 57-58/
- Хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Б. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн талаар:
- Шүүгдэгч У.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01-р сард анх Жтай танилцаж 2020 оны 5 сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байх хугацаандаа буюу 5 сард нэг асуудлаас болоод Ж бид хоёр маргалдсан юм. Тухайн үед ямар асуудлаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан маргалдаад гарынх нь ядам хуруу, чигчий хуруу, дунд хуруу, долоовор хуруунаас нь бариад дунд болон ядам хурууг нь хоёр тийш нь ангайлган татаад гарынх нь голын арьсыг язалсан юм. Тэгээд тэр даруйд нэгдсэн эмнэлэг авч очиж үзүүлсэн юм. 2020 оны 10-р сар шиг санагдаж байна. Өдрөө сайн мэдэхгүй байна. Би Говьсүмбэр аймгийн Чойр сум руу явчхаад ирсэн юм. Тухайн үед би явахаасаа өмнө Жг дүүгийн хүүхдийг харж бай гэж хэлсэн байсан. Тэгтэл Ж намайг явсны дараа хүүхэд харалгүй өөрөө алга болсон байсан. Тэгээд би Жг хүүхэд харсангүй гэдгээс, мөн хөдөө явах гэж байхад алга болсон болохоор нь цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон юм. 2020 оны 10 бил үү 11 сард Ж бид 2 Өлзийт суманд “Талын ус” гэх газарт Чавга ахын гэрт байж байхад тэр үеэр Жгийн дагавар хүүхэд нь нас бараад өөрөө уг нь явахгүй байсан. Тэгээд мал тууя гэхэд Ж явахгүй явган гүйж бариад маяглаад байхаар нь мотоцикл дээр сундлаад явж байхдаа би арагшаа Жгийн нүүрэн тус газар нь толгойныхоо араар мөргөсөн. Дараа нь харахад нүд нь хөхөрсөн байсан. 2020.12.31-ний өдөр би ээжийн гэр лүү орчхоод буцаад гэрт ороход Ж байхгүй гараад явсан байсан. Тэгээд 2021.01.01-ний өдөр Ж ирээд бид 2 маргалдаад 2 хөл рүү нь ээлжлээд нэг, нэг удаа өшиглөсөн юм. Ж бид 2 албан ёсны баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 165/
- Хохирогч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 5, 9, 10, 2021 оны 1 дүгээр саруудад миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Хэн хэндээ буруу байсан. Миний ч буруу байсан” гэв.
- Хохирогч С.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Уовогтой Бтай 2019 оны 12 дугаар сард эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан юм. Тэрнээс хойш харилцаа дотносож 2020 оны 03-р сараас эхлэн У.Бын гэр болох 9-р баг Мандалын 12-13 тоотод Бтай нэг гэрт амьдрах болсон. Гэтэл Б хамт амьдраад сар болж байхад 2020.04.29-ний өдөр миний хамгийн анхны группийн мөнгө 280.000 төгрөг буусан. Би өөрийн охин болох Сумъяад гар утас авч өгсөн юм. Тэгсэн Б авсан мөнгөө надад зарцуулсангүй гэдэг шалтгаанаар тэдний гэрт байж байхад миний нуруу руу цохисон. Тухайн үед эгчийнх нь охидууд болох А, О гэх хоёр охин байж байсан. Тэгээд Б намайг гаръя гэж дагуулж гараад байшингийнхаа ард авч очоод “чи хамаг мөнгөө охиндоо өгчих юм энэ гэрт юм авъя гэх бодол байна уу” гэж хэлээд баруун гарын дунд болон ядам хурууг хоёр тийш нь ангайлгаад татсан чинь голынх нь арьс язарч цус алдсан. Тэгээд гэрт оролгүйгээр гаднаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг дээр ирээд “тоглож байгаад гараа ханзалчихлаа” гэж худлаа хэлээд 3 оёдол тавиулсан. Тэгээд гэрт буцаад очиход дүү нар нь байгаагүй, ээж нь гаднаас орж ирэхэд болсон зүйлийн талаар үнэн учраа хэлж байсан. Цагдаагийн байгууллагад хандаагүй. Үүний дараа 2020 оны 10 сарын эхээр шиг санаж байна. Б ээж дүү нарынхаа хамт Говьсүмбэр аймаг явсан. Би Бын гэрт дүүгийнх нь эхнэр Х болон түүний хүүхдүүдтэй нь үлдсэн байсан. Манай охин эмээгийндээ очиж хоноё гэхээр нь би ээжийнхээ гэрт очиж 2 хоносон юм. Тэгээд буцаад Бын гэрт нь очоод 2, 3 хонож байхад буцаж ирсэн. Тэгээд “муу гичий гэр орондоо байж байгаад хүүхдийг нь харалцаад байж байхгүй хаагуур дэмий тэнээд байдаг гичий вэ, утсаар ч олигтой ярьж чадахгүй” гэж хэлээд миний цээжин тус газарт гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд цээж их хөндүүр болоод амьсгал авч чадахгүй болоод байхаар нь 2 хоногийн дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Батбилэгт эмчид үзүүлээд нөхөр зодсон гэж үнэнээ хэлсэн. Энэ баримт нь миний өвчний карт дээр нөхөр зодсон гээд бичээстэй байж байгаа. Үүнээс хойш 2020.10.16-ны өдөр миний хүү Д.Снь Дэлгэрцогт суманд автын ослоор нас барсан юм. Тухайн үед Б бид хоёр Өлзийт суманд хамаатных нь айл болох Чавга гэж дуудаад байдаг хүний гэрт байсан. Ингээд хүү нас барсан талаар сонсоод би Дэлгэрцогт сум руу явъя гэтэл Б намайг явуулахгүй гэж уурлаад байсан. Тэгээд хамт хонинд явж байхад хойноос Чавга гэдэг хүн ирээд маргааш хонь хийнэ Жгэдэс арилгуулна гэхээр нь би тэгье гээд буухад Б үгүй Ж суу гээд мотоцикл дээр буцаад суулгасан. Бид хоёр хонио хураахаар явсан. Гэтэл замд явж байхад Б толгойны ар хэсгээрээ миний нүүр лүү арагшаа толгойгоороо савж 3 удаа мөргөсөн. Эхний 2 удаагийн мөргөлт нь миний нүд рүү туссан. 3 дахь удаагийн мөргөлт нь миний зүүн талын шүдийг хугалсан. Тэгээд нүд хавдаад амнаас цус гарсан. Маргааш нь Чхамт аймаг явах гэтэл чи ийм нүүр нүдтэй яаж явах гээд байгаа юм гээд машины хаалга татаж чангаагаад байсан. Би Чхамт аймгийн төв орж ирээд Дэлгэрцогт орох унаанд суугаад 15 цагийн орчимд Дэлгэрцогт суманд ирсэн. Манай охин Сумъяа намайг тосож авсан. Тэгээд охин маань миний нүүрийг харчхаад яасан юм гэхээр нь би үнэнээ хэлсэн. Тэгээд манай охин надад нүдний шил авч ирээд би ажил явдалд оролцсон. Миний нүүр хаван хавдартай байхыг миний төрсөн дүү Г, ээж Сугир нар харсан. Ажил явдал болж байсан болохоор цагдаад хандаагүй. Ингээд сүүлд 2020.12.31-ний өдөр манай дүү Гохин хурим хийгээд би ганцаараа очсон юм. Ингээд би эгч нь мөнгө төгрөггүй байна Б намайг гэрээс гаргахгүй хэцүү байна гэж хэлсэн юм. Тэгтэл Лхагвасүрэн манай гэрт хоноод яв гэхээр нь би тэдний гэрт хоносон. Тухайн үед Б над руу утсаар яриад ирэхгүй юм уу гээд байхаар нь би одоо очлоо гэж хэлээд очоогүй юм. Тэгээд маргааш нь 2020.01.01-ний үдээс хойш 17-18 цаг болж байхад Бын гэрт очиход өөрөө байж байсан. Тэгээд “оноо гэртээ гаргаж болдоггүй юм уу, юу хийгээд тэнээд байдаг юм, муу цаашаа санаатай гичий” гэж хэлээд миний толгойны ар дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, баруун зүүн шилбэний урд хэсэг рүү гуталтай хөлөөрөө ээлжлээд өшиглөөд байсан. Тэгсэн зүүн хөл гишгэж болохгүй болоод хавдаж хөхөрсөн. Тэгээд би давстай хар цайгаар зайлсан. Тухайн үед намайг зодуулж байхыг харсан хүн байхгүй. Маргааш өдөр нь гэрээсээ бас гаргаагүй. Ингээд би 2021.01.04-ний өдөр Бтай хамт тэтгэврээ авна гэж гарсан. Тэгээд группийнхээ тэтгэврийг авчхаад такси бариад манай ээжийн гэрт очсон. Б орохгүй машинд суугаад үлдсэн. Би гэртээ үлдээд Б яваад өгсөн. Ингээд би тэвчээр алдаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Б бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй. Б дандаа эрүүл байхдаа намайг зоддог. Быг засарч хүмүүжээд аятайхан амьдрах болов уу гэж хүлээгээд цагдаад хандаж байгаагүй юм. Би Бд гомдолтой байна. Аймгийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. ... би худал хэлээгүй, тухайн үеийн он сарыг буруу хэлсэн байна. Охиндоо гар утас авч өгсөн гэдэг асуудлаас болж гарандаа оёдол тавиулсан. Гар гэмтэхээс нэлээд хэдэн хоногийн өмнө Б Өмнөговь аймагт өмнөх эхнэртэйгээ маргалдаад баривчилгаанд орсон байх үед нь би жирэмсэн болсон байсан. Б баривчилгаанд орохоосоо өмнө намайг жирэмсэн болсон гэдгийг мэдэж байсан. Би Быг баривчилгаанд орсон байхад нь Улаанбаатар хотод байх үедээ зулбуулдаг эм уугаад хүүхдээ гаргачихсан юм. Тухайн үед би 3 сар гарантай жирэмсэн байсан юм. Би нуруундаа төмөртэй, биеийн байдал дийлэхгүй учраас хүүхдээ авхуулсан юм. Б гарыг минь гэмтээх үедээ хүүхэд авхуулчихсан гээд ярьж байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111, 113/
- Гэрч Б.Ггийн: “...Би Жг Б гэх хүнтэй амьдарч байгааг нь ерөөсөө мэдээгүй юм. 2020 оны намар шиг санагдаж байна хэдэн сарыг сайн санахгүй байна. Ж над руу залгаад “баруун тийш айлд байна хүрч ирээд намайг авчих, намайг зодоод байна” гэсэн. Тэгээд би очиж авсан. Тухайн үед бол Жг зодож цохисон юм уу гэмээр биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би нөгөө залуутай нь хэрүүл маргаан хийгээгүй Жг аваад гарч байсан. Тэр залуу нь бараг өөрийнх нь хүүхэд шиг залуу байх шиг байна лээ. Уг нь Жгийн нөхөр хүүхэд нь Дэлгэрцогт суманд байдаг юм. Өмнө жил Ж нурууны сүрьеэ өвчин тусаад хотод хагалгаанд ороод дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт 60 хоног хэвтэн эмчлүүлсэн юм. Тэгээд эмнэлэгт хэвтэж байхдаа энэ нэг залуутай танилцсан юм шиг байна лээ. Зодож байхыг нь би нүдээрээ харж байгаагүй, зоддог л гэж ярьж байсан. Дэлгэрцогт суманд мотоциклын аваарт ороод 2 жил гаран хэвтэрт байсан хүү нь 2020 оны 10 сард нас барсан юм. Тэгээд Жд хэл дуулгах гэсэн чинь олдохгүй байсан. Тэгсэн том охин нь холбоо барьсан юм байна лээ. Тэгээд надтай өөрөө усаар ярьсан. Б зодоод явуулахгүй байна, намайг ирээд авах арга байна уу гэхээр нь би яаж очиж авах вэ гэсэн чинь маргааш нь өөрөө хүрээд ирсэн. Ирэхдээ хоёр нүд нь хөхөрчихсөн тас хар нүдний шил зүүчихсэн, шүд нь уначихсан гээд хүрч ирсэн. Тийм царай зүстэй ажил явдлаа дуусгасан. Тэгээд нөхөр хүүхэдтэйгээ хамт Дэлгэрцогтод 10 хоносон уу яасан буцаад аймагт хүрээд ирсэн сурагтай байсан. Тэр айл даа очихоороо утсаа унтраачихдаг юм байна лээ. Өөр зодож цохисон эсэхийг нь мэдэхгүй байна, надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/
- Гэрч Д.Х: “...Би Быг ирээд хань болоод өвөлжөөдөх гэсэн чинь 2020 оны 10 сарын 13, 14-ний өдрийн үед манайд ирэхдээ нэг хүүхэнтэй хамт ирсэн. Тэр хүүхнийг Ж гэж байсан. 2020 оны 10 сарын 16-ны хавьд байх намайг аймаг явна гэж байхад Ж хүн нас барсан явна гэж байсан. Тэгсэн тэрнээс болж Б тэр хоёр маргалдсан юм шиг байна лээ. Ж хэлэхдээ миний шүд рүү цохисон. Шүд ойчсон гэж байсан надад үзүүлээгүй. Тэгээд би аймаг явахдаа аваад явсан. Миний дэргэд тэр эмэгтэйг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/
- Насанд хүрээгүй гэрч Д.С: “...Манай ээж Ж хаяа, хаяа утсаар ярьдаг. Ээж надтай утсаар ярихдаа эмээгийнд байна гэж хэлдэг. Манай ээж надад 2020 оны 4-р сард Iphono-6 маркийн гар утас авч өгсөн. Би өдрийг санахгүй байна. Ээж ажил явдалд ирэхдээ нүүр нь хавдсан, хоёр нүд нь хөхөрсөн, шүд нь хугарсан, буйланд нь шүдний ёзоор нь үлдсэн байсан. Мөн гарын бугуй нь хөхөрсөн байдалтай байсан. Ээж надад хэлэхдээ Өлзийт сумын ойролцоо байх хөдөөний айлд Б гэх хүнтэй мал маллах гээд очоод ажил явдал гарчихлаа гэр лүүгээ явъя гэсэн чинь явуулахгүй гээд Б гэх хүн ээжийг зодсон гэж хэлж байсан. Би ээжийг хэзээнээс Б гэх хүнтэй хамтран амьдрах болсныг мэдэхгүй. Ээж надад утас авч өгөхөд нь уулзахад Б гэх хүн миний хурууг хоёр тийш нь татсан гэж хэлж байсан. Сүүлд нь ээж над руу залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход ээж эмнэлэгт үзүүлж байсан. Юу болсон талаар асуухад Б гэх хүн цээж рүү нь цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122/
- Гэрч Ц.Б: “...2020 оны 1 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Намайг яаралтай тусламжийн тасагт хүн үзэж байхад С.Ж гэх хүн ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэх гэсэн юм, хүнд зодуулсан цаг авсан гэж байсан. Тэгэхээр нь би тэр хүний биед үзлэг хийхэд 2 хоногийн өмнө нөхөртөө цээж рүүгээ цохиулсан гэж хэлж байсан. Цээжин дээрээ эмзэглэлтэй цээжээр өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Үзлэг хийхэд цээжний голоор 3/1-т эмзэглэл ихтэй гадна талдаа ир хөхөрсөн шарх үгүй, ясны хугарлын шинж байхгүй байсан. Ингээд би цээжээрээ эмзэглэл ихтэй байсныг үндэслэж цээжний хөндийн өнгөц гэмтэл гэсэн онош тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124/
- Шинжээчийн 2021.01.08-ны өдрийн 18 тоот дүгнэлтэд: “...С.Жгийн биед баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 130-131/
- Шинжээчийн 2021.02.05-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд: “...2021.01.08-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалаар 2020.05.02-ны өдөр сарвуунд шарх, 2020 оны 10 сард цээжинд зөөлөн эдийн няцрал, 2020.10.16-ны өдөр нүүрний зөөлөн эдийн няцрал, шүдний хугарал, 2021.01.01-ний өдөр баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Сарвууны шарх гэмтэл нь хөнгөн, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь учрах үедээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2020.10.16-ны өдөр үүссэн нүүрний зөөлөн эдийн няцрал, шүдний хугарал гэмтэл нь эмнэлгийн бичиг баримт байхгүй тул үнэлэх боломжгүй байна...” гэжээ. /хх-ийн 136-138/
- Хохирогч С.Жгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 0340454, эмчийн тэмдэглэл бүхий амбулаториор үйлчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 142-144/
- Хохирогч С.Жгийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “яаралтай тусламж” авсан тухай баримт /хх-ийн 146/
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 104/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166/
- ЦЕГ-ын хэрэг, зөрчлийн талаарх лавлагаа /хх-ийн 153-156/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
В. Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч У.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 12-31 тоот хашаанд байсан иргэн Б.Шийн эзэмшлийн Sonling маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум 9 дүгээр баг Мандалын 12-13 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч С.Жг группээр авсан мөнгөөрөө охиндоо гар утас авч өглөө гэх шалтгаанаар маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний баруун гарын дунд болон ядам хурууг хоёр тийш нь татаж түүний биед сарвууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум, 9-р баг, Мандалын 12-13 тоотод 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдийн хооронд нийт 3 удаа өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Жг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан хэлбэрээр байнга зодсон үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Бын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч У.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл болон 11.7 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” 2 гэмт хэргийг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч У.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах санал гаргасныг шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдал зэргийг харгалзан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Гэвч шүүхээс шүүгдэгч У.Бд ял оногдуулахдаа түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзлээ.
Хохирогч Б.Ш, С.Ж нараас мөрдөн байцаалтын явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мотоциклын банк цөмөрсөн, уг эвдрэлийг засварлахад 60.000 төгрөгийн зардал гарах байх гэсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул шүүх энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан sonlik маркийн мотоциклыг хохирогч Б.Шөд буцаан олгосон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт УБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч У.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч У.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан sonlik маркийн мотоциклыг хохирогч Б.Шөд буцаан олгосон болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ШҮРЭНЧУЛУУН