Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

                               

 

 

 

 

 

       2021        12          22                                    

     

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Баяндэлгэрийн Мэд холбогдох эрүүгийн 2111 00807 0779 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12-458 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Хиад Боржигон овогтой Баяндэлгэрийн М /РД: /,

 

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Викториа центр”-ийн баруун талын зогсоолд такси үйлчилгээнд явж байсан хохирогч Л.Галсанцэрэнгийн 16-34 УАР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин дотроос түүний эзэмшлийн “Орро А8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 533,377 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжин 721Б тоотод байх гэрээсээ гарч “Натур” ороод 13 дугаар хорооллын ойролцоо найзуудтайгаа уулзаж байгаад тэндээсээ хөдөлж сансарын “Баянцээл” орчмоос такси барихаар зогсож байхад саарал өнгийн “приус 20” маркийн авто тээврийн хэрэгсэл зогсоод би тухайн тээврийн хэрэгсэл дотор сууж “Тэнгис” орьё гэж хэлээд Тэнгис рүү хөдөлсөн бөгөөд замд явж байх хооронд “Орра” маркийн цагаан өнгийн утас жолоочийн талын шалавчны босоо хэсэгт хавчуулаастай байсан бөгөөд тухайн утас үнэтэй утас шиг надад харагдсан. Тухайн үед би мөнгөгүй байсан учир тухайн утсыг аваад зарчих юм бол 200,000 төгрөг хүрэхээр санагдаад би тухайн утсыг авахаар шийдээд машины жолоочтой яриа өрнүүлсэн бөгөөд манай найзууд тэнгис дээр ирнэ тэгээд бид нар “Ар гүнт” рүү зугаалгад явна гэх зэргээр худлаа ярьсан. Ингээд тухайн такси тэнгисийн ойролцоо ирээд таксины ахтай юм ярьж байгаад удахгүй манай найзууд энд ирнэ тэгээд бид нар явна гэж хэлээд таксины мөнгө болох 5000 төгрөгийг тухайн таксины ахад өгөөд байж байхад нийт таксины жолооч ах машинаасаа 3 удаа бууж тамхи татсан бөгөөд 3 дах удаагийнх дээр нь би “орра” маркийн гар утсыг нь авч хармаалаад тухайн ахын утсыг авч гараад таксины ахад би “ТҮЦ” орчхоод ирье гэж хэлээд машинаас нь гарч “KFC”-рүү эргээд цаашаа гүйчихсэн. Ингээд би утсыг нь авч ирээд “Теди” гар утас худалдааны төв дээр ирээд гадаа байсан эмэгтэй ченжид 130,000 төгрөгөөр зарж уг мөнгийг өөрийн 5030672108 дугаарын дансаар аваад уг мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулчихсан...” /хх-ийн 49х/,  

Хохирогч Л.Галсанцэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 16-34 УАР улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар хувиараа таксинд явж байгаад өдрийн 13 цагийн орчимд Сансарын туннелээс 1 залуу авсан. Тэр залуу “Тэнгис” кинотеатрын баруун талын талбай орно, тэндээсээ хүн аваад “Гүнт” явна гэж хэлсэн. Тэнгис дээр ирэхэд 3500 төгрөг гарсан байсан. Тэр залуу бэлнээр тооцоогоо хийгээд дараа нь Гүнт ороод нэмж мөнгө өгнө гэж ярьж байсан. Хэсэг хугацааны дараа тэр залуу миний гар утсыг гуйж аваад нэг хүн рүү залгаснаа холбогдохгүй байна гээд буцаагаад надад өгсөн. Би гар утсаа аваад машины голын хайрцгийн урд талд тавьчихсан. Дараа нь би буугаад тамхи татаад машиныхаа ард зогсож байтал тэр залуу араас бууж ирээд “ахаа би ТҮЦ ороод ундаа аваад хүрээд ирье” гээд явсан. Би тамхиа татаж дуусаад машиндаа ороод утсаа авах гэтэл байхгүй болчихсон байсан. Би тэр залууг Тэнгисийн автобусны буудлын тэр хавиар баахан хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. “...25 орчим насны коршокон малгай өмсөж, цүнх үүрсэн байсан. Бас нүдний шил амны хаалт зүүсэн, цагаан пүүзтэй эрэгтэй хүн байсан...” гэх /хх-ийн 20х/,

Гэрч Ю.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн дүү Отгонбаярын хамт “Теди” төвийн гадаа сууж байсан. Тэгтэл нэг залуу “утас авах уу?” гэж асууж ирсэн. Отгонбаяр тэр утсыг нь үзээд үнэ тохироогүй. Гэтэл манай хуучин эхнэр Шуураагийн Бат-Эрдэнэ тэр залуугийн утсыг үзээд 130,000 төгрөгөөр авсан. “...Тухайн утас зарсан залуу нь коршокон малгай өмссөн 25-30 орчим насны өндөрдүү, амны хаалт зүүсэн, цүнх үүрсэн залуу байсан...” гэх /хх-ийн 25х/,

 Гэрч Д.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ченжийн ажлаа хийгээд “ТҮЦ”-ний сандал дээр сууж байхад 15 цагийн үед цагаан малгайтай, хар нүдний шилтэй, гадуураа цагаан нимгэн хальс өмссөн, цагаан пүүзтэй 180 см орчим өндөртэй 25 орчим насны залуу ирээд надад “ОРРА А9” билүү “А8” маркийн гар утсыг зарах гэж үзүүлсэн. Тэгэхээр нь би хэдээр өгөх юм гэсэн чинь 150,000 төгрөг гэсэн. Тэгээд гар утасных нь талаар асууж байхад гар утас нь “reset” хийчихсэн бас тухайн утасны талаар асуухад утсаа мэдэхгүй байсан. Би тэр залуугийн иргэний үнэмлэхийн зургийг дарж авъя гэсэн чинь болиод цаашаа эргэсэн. Тэгээд би хулгайн гар утас бас сэжиг бүхий гар утас байна дэмий гэж бодоод больсон...” гэх /хх-ийн 27х/,

 Иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байхаа танихгүй эрэгтэй гартаа “орро 8” загварын гар утас барьчихсан зарна гэхээр нь би тэр утсыг 130,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь тэр эрэгтэйн Хаан банкны 5030672108 дугаарын данс руу шилжүүлсэн ба одоо тэр эрэгтэйгээс 130,000 төгрөгөө нэхэмжилж байна. Тэр гар утсыг би хохирогч эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэх /хх-ийн 23х/,

  “Дамно" хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЧД1-21-505 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34х/

 Камерын бичлэгт үзлэг хийсэн “..Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Victory center”-ийн баруун талын зам дээр зогссон саарал өнгийн приус 20 маркийн автомашинаас 2 хүн бууж байгаа дүрс бичлэг байна. Цаашид дүрс бичлэгийг үзэхэд 14:35:34 секундэд саарал өнгийн приус 20 маркийн автомашины зүүн урд хаалгаар буусан саарал малгай, хар өнгийн гадуур хувцастай, амны хаалт зүүж, урдуураа цүнх үүрсэн эрэгтэй “Victory center”-ийн урдуур гараад алхаад явж байгаа дүрс бичлэг байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 13-15х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Викториа центр”-ийн баруун талын зогсоолд такси үйлчилгээнд явж байсан хохирогч Л.Галсанцэрэнгийн 16-34 УАР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин дотроос түүний эзэмшлийн “Орро А8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 533,377 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 33 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож 264 цагийг түүний эдлэх ялаас хасаж, түүний  биечлэн биелүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 236 цагаар тогтоов.

Шүүгдэгч Б.Мээс нийт 130,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хорооллын 119-69 тоотод оршин суух, Шурагийн Бат-Эрдэнэ /РД: ТД75120366/-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч Б.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үндэслэл арилсан тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн танхимаас суллав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад Боржигон овогтой Баяндэлгэрийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд 500 /таван зуун / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийт 33 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож 264 цагийг түүний биелүүлэх ялаас хасаж, биечлэн биелүүлэх ялыг 236 /хоёр зуун гучин зургаан/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мээс нийт 130,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хорооллын 119-69 тоотод оршин суух, Шурагийн Бат-Эрдэнэ /РД: ТД75120366/-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ШҮҮГЧ                                    П.АРИУНБОЛД