Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0321

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, иргэн Ж.Бын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."О"ХХК иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Ж.Б миний амьдарч байгаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 386 тоот газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч миний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

"О"ХХК БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоот хашааны газрыг ашиглах эрхтэй болсон байна.

Гэтэл "О"ХХК-д газар ашиглах эрх олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгөөр, гэрээний үндсэн дээр ашиглуулна, 21 дүгээр зүйлийн 21.3-т гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараах журмаар байгуулна. Үүнд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай гэж заасныг зөрчин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлгүйгээр дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон байна.

Энэхүү хууль бусаар олж авсан газар ашиглах эрхээ эдлэхдээ Монгол Улсын жирийн иргэн миний хууль ёсоор эзэмшиж байгаа эзэмшил газраа эзэмшиж, ашиглах эрхэд халдаж миний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж миний эзэмшил газрыг луйврын аргаар авахаар завдаж байна.

Иймд хууль зөрчиж газар ашиглах эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн "О"ХХК-д холбогдох хэсгийн давхцалтай 24.1 м.кв газрыг хүчингүй болгуулах гэж багасгасан байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "О"ХХК нь БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай компани бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоот хашааны газрыг ашиглах эрхтэй болсон байна. Гэтэл "О"ХХК-д газар ашиглах эрх олгохдоо ...тухайн үед мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгээр, гэрээний үндсэн дээр ашиглуулна 21 дүгээр зүйлийн 21.3-т гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараах журмаар байгуулна. Үүнд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай гэж заасныг зөрчин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлгүйгээр дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон... гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байна.

Дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 37, 38 дугаар зүйл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот тогтоолыг үндэслэн газар ашиглуулах эрх олгосон байна.

Дээрх нэхэмжлэл болон газар ашиглах эрх олгосон захирамжийн хууль зүйн үндэслэлийг судлан үзэхэд дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот тогтоол хүчин төгөлдөр байх тул дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн "О"ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй.

Иймд иргэн Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд "О"ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа..."О"ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Бт холбогдох Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. "О"ХХК-д 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоотод 434 м.кв газрыг Газрын тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу ашиглуулахаар шийдвэрлэсэн ба өнөөдрийг хүртэл газар ашиглагчийнхаа үүргийг биелүүлж байгаа билээ.

Нэгэнт хууль ёсны дагуу газар ашиглаж байгаа тохиолдолд иргэн Ж.Б манай ашиглаж буй газартай холбогдуулан гомдол, өргөдөл гаргах эрхгүй гэж үзэж байна. Ж.Б захиргааны хэрэг маргаан үүсгэн хэрэг хэлэлцэх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд Ж.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар "О"ХХК-д ашиглуулахаар олгосон 434 м.кв газрын 24.1 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ж.Бын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй тул хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар "О"ХХК Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18-372 тоотод 434 м.кв газрыг хууль ёсны дагуу ашигладаг бөгөөд иргэн Ж.Бын газар эзэмших эрхийг зөрчөөгүй болно.

Иргэн Ж.Бын газар эзэмшлийн гэрчилгээ Газрын тухай хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2000 оны 05 дугаар сарын 31-нд 300 м.кв талбайн хэмжээгээр олгогдсон байсан ба 18641311325597 нэгж талбарын баталгаажаагүй зургаар 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 181,46 м.кв болон өөрчлөгдсөн байна.

Мөн түүний эзэмшдэг гэх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар гудамжны 386 тоотод байрлах 181,48 м.кв газрыг тэрээр ганцаар биш иргэн Ж.Буян-Өлзий гэгчтэй хамтран эзэмшдэг байхад зөвхөн Ж.Бын гаргасан нэхэмжлэлээр хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Ж.Бын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрснийг шүүх анхаарч үзсэнгүй.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримтаас Ж.Б, "О"ХХК нарын газар давхцалгүй байгаа ба Ж.Б бусдын ашиглаж буй /"О"ХХК-ийн/ газар руу түрж орон барилга байгууламж барьсан нь илэрхий байна.

Энэхүү маргааныг иргэний журмаар шийдвэрлэсэн байна гэж захиргааны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг заасан нь хуульд нийцээгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн "О"ХХК-д холбогдох хэсгийн давхцалтай 24.1 м.кв газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Уг маргаан бүхий газар анхнаасаа миний эзэмшлийн газар байсан бөгөөд би 1997 онд 300 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Энэ хэмжээгээр барилгын суурь байсан ба 1 давхар дугуй засвар ажиллуулж байсан. Үүнд маргаан бүхий газар хамаарч байгаа гэж тодорхойлон маргажээ. Энэхүү маргаан бүхий захирамжаар иргэн Ж.Шын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18-372 тоотод байрлах 434 м.кв газар ашиглах эрхийг "О"ХХК-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 186 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-386 тоотод байрлах 181.4 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болсон байх ба хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Б болон гуравдагч этгээд "О"ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургуудаас үзэхэд маргаан бүхий 24.1 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 181.4 м.кв газартай давхцаагүй байх боловч хариуцагчаас дээрх маргаан бүхий актаар гуравдагч этгээд "О"ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Тодруулбал,

Нэхэмжлэгч Ж.Б нь анх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18-386 тоотод байрлах 300 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/431 дүгээр захирамжаар хашааны эзэмшил газрын зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Эзэмшил газар баталгаажуулах тухай Б/431 дүгээр захирамж, 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн газрын албаны харилцаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн алба болон нэхэмжлэгч Ж.Б нарын хооронд байгуулсан Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0101001361 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгчийг 300 м.кв газрыг эзэмшиж байх үед маргаан бүхий газарт буюу 2 давхар тоосгон барилгын ард Авто засвар гэсэн хаягтай 1 давхар барилга байсан болох нь Далай ван-Аудит ХХК-ийн 2000 онд хийсэн Хөрөнгийн үнэлгээний тайланд авагдсан дуусаагүй барилгын зургаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд "О"ХХК-д газар ашиглах эрх олгогдохоос өмнө тус газрыг нэхэмжлэгч эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан байна.

Түүнчлэн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 357 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор тус тус давхцал бүхий 24.1 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.Б анхнаасаа эзэмшиж байсан талаарх үйл баримтыг дүгнэн, "О"ХХК-ийн маргаан бүхий 24.1 м.кв газрыг Ж.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар иргэн, хуулийн этгээд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газраас нэхэмжлэгч Ж.Бын гаргасан гомдлын хариуг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА