Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Жаргалханд 

нарийн бичгийн дарга О.Баттөмөр

улсын яллагч Д.Мөнхтуяа,

шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням

хохирогч Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020422 дугаартай хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 4 дүгээр гудамжны 12 тоотод амьдарч байсан,  ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:ХЕ78040476/ Харчин овгийн Батчулууны Отгонбаатарт холбогдох хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Отгонбаатар 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар байрны гражийн манаачийн өрөөнд С.Мөнхбаатартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар зайл гэж хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан толгойн тус газар нь тоосгоор цохиж санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    

 

Шүүгдэгч Б.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед би 36 дугаар байрны гадаах сандал дээр сууж байхад талийгаач Мөнхбаатар ах ирээд надаас тамхи асуусан. Тэгснээ чи “манайд ороод надтай хамт хоночих, чи бид хоёр ямар хамт хонож сураагүй биш, ганц юм аваад ороод ир” гэсэн. Би хажуугийнх нь дэлгүүрээс ганц юм авч ороод талийгаач бид хоёр хувааж уусан. Тэгээд би гэрт нь унтах гэтэл  талийгаач намайг яв гэж хөөхөөр нь би “яахаараа миний архийг уучихаад намайг хөөдөг юм бэ” гэхэд миний хоолойг  боосон. Хоолой давчдаад байхаар нь би гарт баригдсан тал тоосгоор толгой руу нь цохитол талийгаачийн ар дагзнаас цус гарсан. Би цагдаа дуудах гэсэн боловч надад утас байхгүй байсан.  

Би талийгаачийн гэр бүлээс уучлал хүсэж байна. Талийгаачийг тоосгоор цохиж алсандаа маш их гэмшиж байна. Оршуулгын зардалд нэхэмжилж байгаа 6.478.200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Манай эгч өөрийнхөө нэр дээр байдаг хашаа байшингаа надад өгсөн. Үүнийг хохиролдоо өгье гэж бодож байна.  Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 2 дугаар сарын 10-ны шөнө би 103 дугаар байрны лифтийг унтраачихаад гэртээ орж ирээд байж байтал манай нөхөр хүйтэн юм ууя гэж орж ирсэн. Хоол идэх үү гэсэн үгүй харин 100 грамм байвал ууя гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд гражийнхаа өрөө рүү  унтах гээд  явсан. Тэгээд л тэр шөнө ийм юм болсон байсан.  5 хүүхдийнхээ эцгийг хүний гарт алдсандаа гомдолтой байна.  Оршуулгын зардалд нэхэмжилж байгаа 7.478.200 төгрөгнөөс сая шүүх хурлын өмнө 1.000.000 төгрөгийг авсан. Одоо 6.478.200 төгрөгийг Отгонбаатараас нэхэмжилж байна.  Дараа нь ямар нэгэн маргаан гарахгүй гэвэл хохиролд Отгонбаатарын яриад байгаа хашаа байшинг авахад болно гэв.

 

Хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

хохирогч Б.Даваасүрэнгийн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:...би 2004 оны 3 сард Баянгол дүүргийн 17 дугаар хороо 103 дугаар байрны жижүүрээр ажилд орсон. Нөхөр Мөнхбаатар 2009 онд 102, 103 дугаар байрны гражийн манаачаар ажилд ороод түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна...Талийгаач 2016 оны 02 дугаар сарын 09-нд буюу шинийн нэгэнд хүү Бөхгэрэлийн гэрт очиж шинэлсэн. Тэгээд согтуу болохоор нь үлдээгээд хонуулсан. Өчигдөр буюу шинийн 2-нд 14 цагийн үед ирэхээр нь ах Норовсамбуугийнд бүгдээрээ хамт орж золгосон. Тэгээд 16 цагийн үед согтсон болохоор нь хүү гражийн  манаачийн жижиг өрөөнд нь оруулж унтуулсан. Би орж гараад явж байхад талийгаач дээшээ харсан унтаж л байсан. Өчигдөр орой 23 цаг өнгөрч байхад 103 дугаар байрны 00 тоотод орж ирээд хүйтэн юм байна уу гэсэн өөрөө цай хийж уусан бууз идэх үү гэтэл идэхгүй хоол идэхгүй харин 100 грамм архи байна уу татчихмаар байна толгой өвдөөд гэхлээр нь би загнаад унтаж амар гээд хэлээд орхисон. Би лифтээ унтраагаад хогоо цэвэрлэж байгаад охиныхоо дэлгүүр орж ундаа авч уучихаад гэртээ ортол байхгүй байсан. Манаачийнх нь пүтик рүү харахад хаалга нь хаалттай байсан.  Тэгэхлээр нь охиндоо аав чинь унтчихсан юм шиг байна унтая гээд өрөөндөө ороод унтсан. Тэгээд 07 цагийн үед 102 дугаар байрны лифтийг асаачихаад байрны үүдэнд иртэл 102 дугаар байрны 5 тоотын машинтай залуу эхнэрийнхээ хамт миний машины урд танай байрны оршин суугчийн машин байна түүнийг дуудах гэсэн юм гээд зогсож байсан. Тэгтэл нэг долир нүдтэй согтуу залуу бас хамт зогсож байсан. Тэр 5 тоотын залуу Даваасүрэн эгчээ энэ залуу Мөнхөө ахыг тоосгоор цохиод алчихлаа цагдаа дуудаад өгөөч гээд байна өөрөө дуудах гэхлээр айгаад байна гэж надад хэлсэн. Тэгээд гражийн манаачийн өрөөний цонхоор хартал нөхөр Мөнхбаатараас цус гарчихсан үхсэн юм шиг болохоор нь айгаад ойртож чадаагүй. Тэгээд 103 дугаар байрны 08 тоотын Билгээ гэж залуу цагдаа дуудсан юм...Өнөө өглөө харсан чинь тэр хавиар уут шуудай бариад хог түүгээд явдаг архи уудаг залуу байна лээ...Талийгаачийн оршуулгын зардалд 7.487.200 төгрөгийн зардал гарсан. Би нөхрөө бусдын гарт алуулсандаа маш их гомдолтой байна. Оршуулгын зардал болох 7.487.200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье...Будаа агшаагчны доор тоосго эвчихсэн байсан, мөн орон доор тоосго эвчихсэн байдаг. Энэ тоосго нь будаа агшаагчны ширэм доор байсан тоосго байна. Манаачийн өрөөнд угольник төмөр байдаггүй, харин халаалтын паар байдаг гэжээ. /хх-30, 158/,

 

гэрч  Д.Хишигболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:…Би 2016 оны 02 сарын 10-ны өдөр 16 цагийн үед байхаа гэрээсээ гарч манай байрны урд байдаг 2 том өндөр бор байшингийн голд доор байдаг граж руу орсон ба тэнд Мөнхөө байдаг юм түүнтэй уулзаж ганц нэг тамхи татах санаатай ортол Мөнхөө ганцаараа халамцуу сууж байсан. Ганц тамхи татчихаад гартал та орой тамхи байвал авчираад өгчихөөрэй гэж хэлсэн. Би өөрийн танил дүү Эрдэнээгийнд барилгын 7-н байрны хажуугийн шинэ баригдсан өндөр байшинд амьдардаг ба тэднийд очиж ганц нэг архи хувааж ууж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гараад гэр лүүгээ явсан ба гэр лүүгээ орохоос өмнө Мөнхөө тамхи асуугаад байдаг гэж бодоод граж руу орж цонхоор нь хартал Мөнхөө газар хэвтчихсэн нүүр нь цус болсон байсан ба хажууд нь бидний хэлдэгээр долир Отгоо гэх залуу сууж байсан. Ингээд би оролгүй шууд гараад гэрлүүгээ явсан...Би гражийн Мөнхөө гэж л мэднэ. Харин Отгоог гандангийн долир Отгоо гэж хэлдэг ба Отгоо архи уухаараа нилээд агсам тавьж байдаг залуу гэдгээр нь сайн мэднэ. Мөнхөөг би сүүлийн хэдэн жил тэр гражид байдаг гэдгээр нь санаж байна. Харин Отгоог 3 жилийн өмнөөс архи ууж явж байгаад танилцсан ба гандангийн долир Отгоо гэдэг нэрээрээ алдартай, архи ууж агсам тавьж хүнтэй маргалдаж зодоон хийгээд байдаг залуу юм. Тэр хоёр хоорондоо ямар нэгэн өр авлага өс хонзон байхгүй байх гэж би бодож байна...гэжээ. /хх-33/,

...би шөнийн 02 цагийн үед манаачийн өрөөний цонхоор хартал долир Отгоо манаач Мөнхөө нүүр нь нил цус болсон цонхныхоо доод талд хэвтэж байсан өрөөнийхөө орон дээрээ хажууд нь долир Отгоо согтуу сууж харагдсан. Би дотогш манаачийн өрөөнд оролгүй эргээд явсан. Яагаад ороогүй вэ гэвэл хоёулаа согтуу үедээ агсам зантай тэр хавийн хүмүүс андахгүй. Би талийгаач Мөнхбаатар, долир хочит Отгонбаатар нартай архи уугаагүй. Ер нь энэ хоёртой архи уух хүн байдаггүй юм...би тэнд байгаагүй учраас юу ч мэдэхгүй. Отгонбаатар худлаа яриад байна...гэжээ. /хх-155/,

 

гэрч М.Бөхгэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:...Талийгаач аав Мөнхбаатар, ээж Даваасүрэн, дүү Мөнх-Өлзий нар 2016 оны 02 дугаар сарын 09-нд буюу шинийн нэгэнд манай гэрт ирж шинэлсэн. Аав жаахан архи уугаад согтуу болохоор манайд хоносон. Өчигдөр буюу шинийн 2-нд 14 цагийн үед нагац ах Норовсамбуугийн гэрт бид бүгдээрээ хамт орж золгосон. 16 цагийн үед гэрээс нь гараад аав нилээн согтсон. Тэгэхээр нь би гражнийх нь манаачийн жижиг өрөөнд оруулж унтуулсан. Тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ гэр лүүгээ харьсан. Талийгаач аав Мөнхбаатар архи их уудаг, архи уухлаараа үглээд загнадаг байсан. Тэрнээс биш агсан согтуу тавьдаггүй байсан гэжээ. /хх-35/,

 

гэрч Б.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай доод давхарт байдаг Төрөө гэх залуу гражаас машинаа гаргах гэсэн чинь та машин таглаад тавьсан байна гэсэн. Би граж руу орсон. Тэр үед гражийн манаач Мөнхөөгийн эхнэр Даваасүрэн уйлаад Мөнхөө нас барсан байна надад утас алга та 102-т залгаад өгөөч гэхээр нь би залгаж цагдаад мэдэгдсэн...Намайг орох  үед Төрөө гэх залуу талийгаачийн эхнэр Даваасүрэн нар байсан үүдэнд нэг танихгүй залуу зогсож байсан чинь түүн рүү  Даваасүрэн заагаад тэр залуу манай нөхрийг алчихлаа шүү дээ гэж хэлээд уйлж байсан ба түүнээс өөр хүн харагдаагүй...гэжээ. /хх-37/,

гэрч М.Өнөбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:..”Би 2016 оны 02 дугаар сарын 10-наас 2 дугаар сарын 11-нд шилжих шөнө Тайшир 113 чиглэл дээр ахмад Э.Удаанжаргалын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2 сарын 11-ний өглөө 07 цаг 28 минутад Тайшир 10 буюу жижүүрээс Баянгол дүүргийн 17 дугаар хороо 102 байрны грашид жижүүр нас барсан байна гэсэн дуудлага ирсэний дагуу уг хаяг дээр очиход грашийн үүдэнд хар хувцастай 30-40 орчим насны архи уучихсан эрэгтэй хүн тамхи татаад сууж байсан. Тэгтэл нэг эмэгтэй уйлж хүрч ирээд наад хүн чинь манай нөхрийг алчихлаа мөн мөн гэж хэлсэн. Тэгэхлээр нь би машиндаа авч суулгасан ахмад Э.Удаанжаргал граш руу орсон дотор манаачийн өрөөнд манаач нь нас барсан байдалтай байхлаар нь жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Манаачийн эхнэр гэх уйлсан эмэгтэй, тэр хүн алсан гэсэн залуу түүнээс гадна жаахан зайд 1 эрэгтэй, 1 эмэгтэй зогсож байсан. Юу болсон гэж тэр хүн алсан гэх залуугаас асуухад Мөнхөө ах бид хоёр бие биенээ мэднэ бид хоёр хамт архи уусан хоорондоо маргалдаад гарчихаад орж ирэхдээ тоосгоор толгой руу нь би цохьсон гэж байсан. Архи их үнэртэж байсан архи нь гүйцэт сайн гараагүй байсан. Хүн алсан гэх залуугийн хувцас, нүүр, гар зэрэг нь цус болон өөр зүйлээр бохирлогдоогүй байсан юм....гэжээ. /хх-43/,

 

гэрч Г.Төрбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:..”Би 2016 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн үед  эхнэрийнхээ хамт уул усанд сүү, цагаан идээ өргөл өргөх гээд гэрээсээ гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо 102 байрны грашийн үүдэнд машинаа авах гээд очтол үүдний хашлага дээр нэг согтуу бараан хувцастай 30-40 орчим насны эрэгтэй хүн ахаа би доод грашийн манаачийг цохиод алчихлаа та цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгэхлээр нь би гайхаад яасан бэлэггүй юм ярьдаг хог вэ гээд манаач Мөнхөө ахын гэр нь 103 дугаар байрны жижүүрийн өрөөнд амьдардаг юм гээд дагуулаад хаалгыг нь тогшиход талийгаач Мөнхөө ахын эхнэр Даваа эгч гаднаас гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би энэ хүн Мөнхөө ахыг цохиод алчихлаа цагдаа дуудаад өг гээд байна та учрыг нь ол гээд Даваа эгчтэй уулзуулаад орхисон, 11 цагийн үед гэртээ ирэхэд манаач Мөнхөө ах нас барсан гэсэн яриа болчихсон байсан. Тэгээд би түрүүний согтуу залуу надад үнэнээ хэлсэн юм байна даа гэж бодсон...30-40 орчим насны архи уудаг бололтой, архи  нэвчсэн үнэртэй бор царайтай бүрэнхий байсан болохоор сайн ажиглаагүй ер нь согтуу хүмүүс тэр гражийн манаач Мөнхөө ах дээр байнга ирж ууж иддэг байсан. Би тухайн үедээ огт итгээгүй согтуу хүн солиорч байна даа гэж бодсон юм. Ерөөсөө итгээгүй болохоор сайн анзаарч хараагүй эхнэр Даваа эгчид хүлээлгэж өгсөн болохоор сэтгэл амраад яваад өгсөн одоо харвал бараг танихгүй байх. Урьд өмнө харагдаж байгаагүй хүн байнаа лээ ер нь манай гражаар согтуу  хүн их цугладаг байсан...Талийгаач байнга архи уудаг хүн байсан. Гражид камер бол байхгүй...” гэжээ. /хх-45/

 

гэрч Д.Мөнхсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:..”Талийгаач Мөнхбаатар архи уухаараа их агсам тавьдаг хүн байсан. Долир Оогий ч их агсам хүн. Тэгээд тэр хавийн нийлдэг хүмүүстэйгээ би уулзаад хоёр агсам хүн яаж таарч архи уудаг юм бэ гэж ярьж байсан...гэжээ. /хх-47/

 

шинжээч эмч Ж.Түвдэндорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач Мөнхбаатарын үхэлд учруулсан гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Талийгаач өөрөө өндрөөс унах түлхэгдэх үед үүсгэгдэхгүй үүссэн гэмтлээс харахад дагзны зүүн хэсэгт үүссэн гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.. Талийгаач уг гэмтлийг авсан даруйдаа нас барна гэжээ. /хх-76/

 

шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 349 тоот актын дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дагзны ясны цөмөрсөн хугарал, нугасны том нүхний зүүн болон арын хананы хугарал, тархины баруун чамархай зулайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, бага тархины эдийн гүн дэх цэгчилсэн цус харвалт, уртавтар тархи дарагдал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3.Талийгаачид учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаачийн шүүх химийн шинжилгээгээр цусанд 5.4 промилли, ходоодны шингэнд 7.5 промилли, шээсэнд 5.8 промилли спиртийн зүйл илэрсэн бөгөөд согтолтын хүнд зэрэгт хамаарна.

6.Талийгаач АВО системээр 1 бүлгийн цустай байна.

7.Талийгаач нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... гэжээ. /хх-50/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн № 261 тоот актын дүгнэлт:

1.Б.Отгонбаатар  нь хэрэг үйлдэх үедээ “F 10671 Архины шалтгаант бие хүний сэтгэц төрх үйлийн эмгэг” эмгэгтэй байсан байна. Б.Отгонбаатар нь хэрэг үйлдэх үедээ өөрийн  үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдах чадвартай байсан байна.

2.Б.Отгонбаатар нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

3.Б.Отгонбаатар нь одоогоор “F 10671 Архины шалтгаант бие хүний сэтгэц төрх үйлийн эмгэг” эмгэгтэй байна. Б.Отгонбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Б.Отгонбаатар нь хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолттой байсан гэх баримт шинж үгүй байна. Тухайн үед сэтгэц идэвхит эм бодис хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй.

5.Отгонбаатар нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

6.Б.Отгонбаатар нь өөрийн мэдүүлэгээ ухамсарлан хариуцах чадвартай байна...гэжээ. /хх-74/,

 

криминалистик, мөр судлалын шинжилгээ хийсэн № 2228 тоот актын дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн цамцанд ханзарсан уранхайнууд шинээр гарсан байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн цамцанд 80 мм, 250 мм, 250 мм-ийн хэмжээтэй ханзарсан шинэ уранхайнууд гарсан байна.

3.Дээрх ханзарсан уранхайнууд нь татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан...байна гэжээ. /хх-ийн 67/,

 

Отгонбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:..”2016 оны 02 дугаар сарын 10-ны орой 22 цагийн байх 36и байрны 1-р орцны жижүүртэй уулзаж ганц нэг архи уух санаатай явж байсан ба тэнд Мөнхөө ахтай таарсан ингээд надад 10.000 төгрөг байна ганц юм уучих уу гэхэд за тэгье гэсэн. Ингээд Мөнхөө ахын граж руу орж жижүүрийн байранд нь нэг шил 0.75-тай Арвайн үндэс нэртэй архи авч хамт хувааж ууцгаасан. Мөнхөө ах намайг энд хамт хоноод яв гэхээр нь за за гэж зөвшөөрч хэсэг юм ярьсан. Тэгтэл гэнэт Мөнхөө ах согтож намайг хөөж гар зайл гээд байхаар нь би Мөнхөө ахаа та миний мөнгөөр архи уусан биз дээ гэж хэлээд маргалдсан ба  00 цаг өнгөрч байхад би Мөнхөө ахын орны доор хөлд нь улаан өнгөтэй тал тоосго байхаар нь түүнийг авч Мөнхөө ахын толгойн зүүн хэсэгт нэг удаа цохисон. Ингээд Мөнхөө ахын толгойноос цус  гарахаар нь гарч цагдаа дуудах гэхэд ойр хавьд ямар ч  хүн харагдахгүй болохоор эргэж орж ирээд хажууд нь сууж толгойг нь өөрийнхөө өвдөг дээр тавьж байгаад хэсэг унтчихсан. Сэртэл Мөнхөө ахын хамаг бие хөшчихсөн байсан. Бараг үүр цайж байхад нэг залуу орж ирээд машинаа гражаас авах гэсэн юм гэхээр нь би цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн ба би үнэнээ хэлж цагдаа руу явсан. Би Мөнхөө ахтай уулзахаасаа өмнө 13 цагийн үед байх Их Наранд найз Мөнхбаттай нэг шил 0.75 тай Найрсаг нэртэй архи хувааж уучихаад салж яваад Гандангийн Модны 2-т ирж найз Модоотой дахин нэг шил 0.75-тай Найрсаг авч уусан. Орой Мөнхөө ахтай таарсан...Мөнхөө ах өөрөө намайг гражнаасаа хөөсөн ба миний архийг уучихаад яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд хэн хэн нь согтуу байсан болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд би тоосгоор толгой руу нь нэг удаа цохисон...Бид хоёроос өөр хүн байгаагүй, маргалдсан талаар хүн мэдэхгүй, хараагүй. Харин өглөө граж руу хүн орж ирээд л би өөрөө цагдаад дуудлага өгөөч гэж хэлж байгаад дуудсан юм гэжээ. /хх-88-89/,

 

Шүүгдэгч Б.Отгонбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-103/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-5-12/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-16/, талийгаач С.Мөнхбаатарын хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, талийгаачийн өмсөж явсан хувцасыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-19/, шүүгдэгч Б.Отгонбаатарын биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх- 23/, үзлэгийн явцад авсан гэрэл зурагнууд /хх-24-26/ зэрэг бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Отгонбаатар 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн  03 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар байрны гражын манаачийн өрөөнд С.Мөнхбаатартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар зайл гэж хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан, толгойн тус газар нь тоосгоор цохиж санаатай алсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Б.Даваасүрэнгийн “…Тэгээд 07 цагийн үед 102 дугаар байрны лифтийг асаачихаад байрны үүдэнд иртэл 102 дугаар байрны 5 тоотын машинтай залуу эхнэрийнхээ хамт миний машины урд танай байрны оршин суугчын машин байна түүнийг дуудах гэсэн юм гээд зогсож байсан. Тэгтэл нэг долир нүдтэй согтуу залуу бас хамт зогсож байсан. Тэр 5 тоотын залуу Даваасүрэн эгчээ энэ залуу Мөнхөө ахыг тоосгоор цохиод алчихлаа цагдаа дуудаад өгөөч гээд байна өөрөө дуудах гэхлээр айгаад байна гэж надад хэлсэн. Тэгээд грашын манаачийн өрөөний цонхоор хартал нөхөр Мөнхбаатараас цус гарчихсан үхсэн юм шиг болохоор нь айгаад ойртож чадаагүй. Тэгээд 103 дугаар байрны 08 тоотын Билгээ гэж залуу цагдаа дуудсан юм...” гэх /хх-31, 158/, гэрч Д.Хишигболдын “...би шөнийн 02 цагийн үед манаачийн өрөөний цонхоор хартал долир Отгоо манаач Мөнхөө нүүр нь нил цус болсон цонхныхоо доод талд хэвтэж байсан өрөөнийхөө орон дээрээ хажууд нь долир Отгоо согтуу сууж харагдсан...” гэх /хх-156/, гэрч Б.Эрдэнэбилэгийн “...Би граж руу орсон. Тэр үед гражийн манаач Мөнхөөгийн эхнэр Даваасүрэн уйлаад Мөнхөө нас барсан байна надад утас алга та 102-т залгаад өгөөч гэхээр нь би залгаж цагдаад мэдэгдсэн...Намайг орох  үед Төрөө гэх залуу талийгаачийн эхнэр Даваасүрэн нар байсан үүдэнд нэг танихгүй залуу зогсож байсан чинь түүн рүү  Даваасүрэн заагаад тэр залуу манай нөхрийг алчихлаа шүү дээ гэж хэлээд уйлж байсан ба түүнээс өөр хүн харагдаагүй...” гэх /хх-37/, гэрч М.Өнөбаярын “...Тэгтэл нэг эмэгтэй уйлж хүрч ирээд наад хүн чинь манай нөхрийг алчихлаа мөн мөн гэж хэлсэн. Тэгэхлээр нь би машиндаа авч суулгасан ахмад Э.Удаанжаргал граш руу орсон дотор манаачийн өрөөнд манаач нь нас барсан байдалтай байхлаар нь жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Манаачийн эхнэр гэх уйлсан эмэгтэй, тэр хүн алсан гэсэн залуу түүнээс гадна жаахан зайд 1 эрэгтэй, 1 эмэгтэй зогсож байсан. Юу болсон гэж тэр хүн алсан гэх залуугаас асуухад Мөнхөө ах бид хоёр бие биенээ мэднэ бид хоёр хамт архи уусан хоорондоо маргалдаад гарчихаад орж ирэхдээ тоосгоор толгой руу нь би цохьсон гэж байсан. Архи их үнэртэж байсан архи нь гүйцэт сайн гараагүй байсан. Хүн алсан гэх залуугийн хувцас, нүүр, гар зэрэг нь цус болон өөр зүйлээр бохирлогдоогүй байсан юм...” гэх /хх-43/, гэрч Г.Төрбатын “...Баянгол дүүргийн 17 дугаар хороо 102 байрны грашийн үүдэнд машинаа авах гээд очтол үүдний хашлага дээр нэг согтуу бараан хувцастай 30-40 орчим насны эрэгтэй хүн ахаа би доод грашийн манаачийг цохиод алчихлаа та цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгэхлээр нь би гайхаад яасан бэлэггүй юм ярьдаг хог вэ гээд манаач Мөнхөө ахын гэр нь 103 дугаар байрны жижүүрийн өрөөнд амьдардаг юм гээд дагуулаад хаалгыг нь тогшиход талийгаач Мөнхөө ахын эхнэр Даваа эгч гаднаас гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би энэ хүн Мөнхөө ахыг цохиод алчихлаа цагдаа дуудаад өг гээд байна та учрыг нь ол гээд Даваа эгчтэй уулзуулаад орхисон...” гэх /хх-45/, гэрч Д.Мөнхсайханы “...Талийгаач Мөнхбаатар архи уухаараа их агсам тавьдаг хүн байсан. Долир Оогий ч их агсам хүн. Тэгээд тэр хавийн нийлдэг хүмүүстэйгээ би уулзаад хоёр агсам хүн яаж таарч архи уудаг юм бэ гэж ярьж байсан гэх /хх-47/, шинжээч эмч Ж.Түвдэндоржийн ... Талийгаач Мөнхбаатарын үхэлд учруулсан гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Талийгаач өөрөө өндөрөөс унах түлхэгдэх үед үүсгэгдэхгүй үүссэн гэмтлээс харахад дагзны зүүн хэсэгт үүссэн гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.. Талийгаач уг гэмтлийг авсан даруйдаа нас барна гэх /хх-76/, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн №349 тоот акт, Криминалистик, мөр судлалын шинжилгээ хийсэн № 2228 тоот акт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн № 261 тоот акт,  эд мөрийн баримт зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд тухайн хэрэг гарах үед амь хохирогч, шүүгдэгч Б.Отгонбаатар нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Отгонбаатар нь хохирогчийн зүгээс бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, эсвэл хохирогчийн зүгээс идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг урьдчилан мэдэж ухамсарласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байх тул “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” алсан гэж түүний эрх зүйн байдлыг дордуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Отгонбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд 

Б.Отгонбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял  оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Отгонбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав. 

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас...”талийгаач нь, шүүгдэгчтэй хамт архи ууж маргалдаад түүний хоолойг цамцаар нь боож амьсгалыг нь боогдуулсан учир Отгонбаатар санаа сэтгэл нь  хүчтэй цочрон давчдсанаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан байна. Иймд Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү “ гэсэн онолын тайлбарыг гаргалаа.       

Криминалистикийн шинжээчийн 2228 дугаартай дүгнэлтэнд...”улаан хүрэн өнгийн цамцанд 80мм, 250 мм, 250мм-ийн ханзарсан шинэ уранхайнууд байна” гэх...мөн хавтаст хэргийн 24б талд авагдсан фото зургийн үзүүлбэрээр Б.Отгонбаатарын өмсөж байсан улаан хүрэн өнгийн цамц уранхайтай байна.

Гэмт хэрэг гарахад амь хохирогч, шүүгдэгч Отгонбаатар хоёроос өөр хүн  байгаагүй  бөгөөд “улаан хүрэн өнгийн цамцанд...ханзарсан шинэ уранхайнууд” байна гэсэн  зөвхөн шинжээчийн энэ дүгнэлтээр шүүгдэгч Б.Отгонбаатар нь талийгаач С.Мөнхбаатарт хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, өөрт нь хүнд хор уршиг учирч болох байсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн Б.Отгонбаатарын биед 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүдээр боолтод орсон гэх байдал тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Харчин овгийн Батчулууны Отгонбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 /арван хоёр/ жил  хорих ял шийтгэсүгэй.

 

3.Б.Отгонбаатарт оногдуулсан 12 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Отгонбаатарын цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.Отгонбаатараас 6.478.200 /зургаан сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч /РД:60050304/ Б.Даваасүрэнд олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан өнгийн хагархай тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Отгонбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ

                      ШҮҮГЧИД                                        О.ЖАНЧИВНЯМБУУ

                                                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ