Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

 

2021        11        22                                        

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин, Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг нарт холбогдох 2121000000341 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* 2 дугаар *******т оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин. /РД: *******/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар *******т оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг. /РД: *******/

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар *******ийн нутаг дэвсгэр Мангирт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэн Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар *******ийн нутаг дэвсгэр Сайхан нуур гэх газарт байх өөрийн гэрт хадгалж, байгаль экологид 122,462,630 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч О.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын Мангирт гэх газар байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү их ургадаг... Уг ургамал нь тал хээрийн экологийн чийгийг тэнцвэржүүлдэг. Дэрэвгэр жиргэрүү ургамал хураагдсан учраас хууль журмын дагуу нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

             Гэрч Б.Мөнхдалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* сумын 2 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлах Сайхан нуур гэх газарт амьдардаг *******, ******* нарын гэрээр орж шалгахад хууль бусаар 216,94 кг  буюу 16 шуудай үндэс хатааж байхад нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын 7058102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

 

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12-04-029-004 тоот дүгнэлтэд:  

- Улсын байцаагчийн мэдрэхүйн үзлэгээр ургамлын үндэсний харагдах байдал, үнэр, хэлбэр, дүрс зэргээс дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс мөн байна.

-   Монгол Улсын Засгийн газар “Дэрэвгэр жиргэрүү” байгалын ургамлыг 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын ангилалд хамааруулж улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаатай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл судалгаа шинжилгээний зориулалтаас бусад зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон. Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон. Эмийн түүхий эд болгон үндсийг нь ашигладаг.

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад 1 кг “дэрэвгэр жиргэрүү” Saposhnikovia divaricate Schischk ургамлын нойтон үндэсний экологи эдийн засгийн үнэлгээ нь 112,900 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ нөхөн төлүүлнэ гэсэн заалтын дагуу 1 кг ургамалд учирсан хохирлын нөхөн төлбөр нь 564,500 төгрөгийн нөхөн төлбөр байна. Нийт хураагдсан 216,94 кг-ийг 564,500 төгрөгөөр үржүүлж 122,462,630 төгрөгийн экологид учирсан хохирлын нөхөн төлбөр тогтоогдож байна.

-   Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 195 тоот тогтоолын дагуу Хэрлэн сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл хэрэг зөрчлийн материалд хураагдсан эд зүйлийг устгах, ашиглах, худалдан борлуулах эрх байдаг. Дээрхи зөвлөлөөс шийдвэр гаргана.

-  Шинжилгээнд ирүүлсэн үндэс үзлэгээр уян хатан, хэлбэрт орж нугарч байгаа нь нойтон болох нь тогтоогдож байна. Жингийн зөрүүг бодитоор хатааж туршиж үзэж байж тогтоох тул шууд тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн 57-59/

 

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хүмүүс дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүгээд зарах юм бол үнэтэй худалдаж авдаг гэхээр нь эхнэрийн хамт 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл манай гэрээс хойш 20 км орчимд байдаг Мангирт гэх газраас түүсэн. Уг ургамлын үндсийг бороонд норгохгүйн тулд гэртээ хатааж байхад цагдаагийн албан хаагч нар хурааж авсан...” гэжээ. /хх-ийн 53-55/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Нөхөр *******гийн хамт 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүсэн. 16 шуудай ургамлын үндсийг гэртээ дэлгэж хатааж байхад цагдаагийн албан хаагч нар хураан авсан...гэжээ /хх-ийн 49-50/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 9-15/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 62/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 71-72/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар *******ийн нутаг дэвсгэр Мангирт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэн, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар *******ийн нутаг дэвсгэр Сайхан нуур гэх газарт байх өөрийн гэрт хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Ганболд, гэрч Б.Мөнхдалай нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12-04-029-004 тоот дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг түүсэн” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 219,94 килограмм дэрэвгэр жиргэрүүг түүж, тээвэрлэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг түүж, тээвэрлэн, хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин, Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг түүж тээвэрлэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нар нь нэг гэр бүл бөгөөд *******а насны хүүхэдтэй зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин, Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хууль бусаар түүж, тээвэрлэж, хадгалсан дэрэвгэр, жиргэрүү ургамлыг хураан авах үед 216,94 килограмм байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх дэрэвгэр жиргэрүү ургамлыг  байгалиас нь түүж бэлтгэсэн өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь ургамлын аймагт шууд хохирол учруулсан учраас дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах нь зүйтэй байна.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас байгаль орчинд учруулсан хохиролд 122,462,630 төгрөгийг /216,94 ×112,900×5=122,462,630/ гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй 216,94 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан борлуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах,  2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/12 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин, Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн байгалийн ховор ургамлыг  зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, тээвэрлэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.           

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Өнөртүвшин, Сумъяагийн Сэржмядаг нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас хууль бусаар түүж тээвэрлэн  хадгалсан 216.94 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлын байгаль орчинд учруулсан хохиролд 122,462,630 /Нэг зуун хорин хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөг /216.94 кг x 112,900 төгрөг x 5 =122,462,630 төгрөг/-ийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж  Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй 216.94 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, хэрэгт битүүмжлэгдсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг тус тус хураан авч худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

7. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  4/12 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА