Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0603/З |
Дугаар | 802 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 802
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Т” ХХК /РД: /,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ч.Н ,
Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, С.Х, Ц.Ц, хариуцагч Х.Н, Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Т” ХХК гомдлын шаардлагадаа: “...“ТБК” ХХК-ийн 2014-2017 оны үйл ажиллагаанд Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ч.Нхянан шалгаад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 тоот тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд “ТБК” ХХК нь “Т” ХХК руу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10/02 тоот Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу нэгтгэн өөрчлөн байгуулсан тул энэхүү нэхэмжлэлийг “Т” ХХК гаргаж байна.
Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ч.Н хянан шалгаад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ дараах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
“ТБК” ХХК нь зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэл хүлээсэн гэдгээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шуудангаар ирсэн илгээмжээс мэдсэн бөгөөд уг илгээмжид 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, бусад бичиг баримтыг хүлээж авсан.
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргийг хүлээсэн байдаг.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д Холбогдогчийн эрхийг зохицуулсан байдаг бөгөөд хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах, хүсэлт гаргах, зэрэг эрхээ эдлэх боломжоор хангаагүй.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд Тэмдэглэл үйлдэх журам зохицуулсан байдаг бөгөөд 4.13 дугаар зүйлийн 1.5 болон 1.6-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болон байлцсан хүмүүсийн мэдээллийг тусгах талаар зохицуулсан. Гэтэл бидний зүгээс энэхүү ажиллагаанд оролцоогүй байтал 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн тэмдэглэлд биднийг .оролцуулсан мэтээр болон “эрх, үүрэг тайлбарлан өгч гарын үсэг зуруулав” гэж хийгдээгүй ажиллагааг хийсэн мэтээр бичсэн байгаа нь хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийн төгсгөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон тэмдэглэл үйлдэв гэж хуулийн заалтыг ишилжээ. Гэтэл тус заалт нь “хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж тус зүйлийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хоёр. 2017 онд бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийн 21,244.180 төгрөг, барааны өртөгт 91,418,915 төгрөгт хуулийн дагуу НӨАТ ногдуулан төлөөгүй гэх зөрчлийн тухайд:
“Т” ХХК нь бусдаас үнэ төлбөргүй эд хөрөнгө шилжүүлэн аваад байгаа зүйл биш, харин хуулийн дагуу нэгтгэн авч буй компанийн эрх, үүрэг, хариуцлагыг Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлэн авч буй үйлдэл юм. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл буюу татвар төлөх үүрэг дуусгавар болох бусдад шилжих гэсэн зүйлийн 10.3-т “Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дунд бий болсон хуулийн этгээдэд шилжих’’ гэж эрх үүргийг хүлээн авах талаар зохицуулсан буюу хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ дагуу “Т” ХХК нь “ТБК” ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр акт үйлдэн хүлээн авч, тухайн өдрөө хуулийн дагуу данс бүртгэлдээ бүртгэсэн болно.
Мөн түүнчлэн энэхүү 2 компанийн хамаарлыг тодруулбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.8-д заасны дагуу “эцсийн эзэмшигч буюу харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” хэлэх бөгөөд ийм ч учраас бусдад гэдэг ангилалд хамаарахгүй учир НӨАТ ногдуулах үндэслэлгүй.
Энэхүү зөрчил нь бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:
“ТБК” ХХК-ийн 50%-ийг, “Т” ХХК 50%-ийг нь Ц.Б******* тус тус эзэмшдэг байсан. “ТБК” ХХК нь 2012 оноос хойш компанийн үйл ажиллагаа зогсонги, идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас зохион байгуулалтын өөрчлөлт хийж 2017 оны 03 дугаар сарын 31-ээр компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 зүйлд заасны дагуу “ТБТ” ХХК-тай нэгтгэсэн.
Мөн Татварын маргаан таслах зөвлөлийн хурал дээр компанийн үйл ажиллагаа зогсох гэдгийг компани татан буугдаж байгаа гэдгээр тайлбарлаж байсан. Гэтэл Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 зүйлд “компани үйл ажиллагааг зогсоож түүний эрх, үүрэг хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг нэгтгэх” гэнэ гэж зохицуулсан байдаг бол 26 дугаар зүйлд компанийг татан буулгах зохицуулалтыг заасан. Компани татан буугдсанаар үлдсэн хөрөнгө мөнгөө хувьцаа эзэмшигч нь хуваан авч, тухайн компанийн үйл ажиллагаа нь бүр мөсөн зогсдог онцлогтой хоёр өөр хууль зүйн ойлголтыг нэг ойлголтоор тайлбарлан хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Компани нэгтгэх үйл ажиллагаа нь бараа борлуулах, ажил, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа биш бөгөөд энэ нь Компанийн тухай хуульд заасан хуулийн этгээдийн өөрчлөн байгуулалт хийж буй үйл ажиллагаа юм.
Гурав: 2017 онд бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийн 21,244,180 төгрөгийн элэгдэл тохиож байсан, орлого олох зорилгоор ашиглахаа больсон хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэлгүй аж ахуйн нэгжийн орлогын татвар ногдуулан төлөөгүй гэх зөрчлийн тухайд:
“ТБК” ХХК нь үйл ажиллагаагаа Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу компанийг нэгтгэснээр компанийн хөрөнгө болон бараа материалтай холбоотой үйл ажиллагааг нэгтгэн авсан компани үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан, түүний үйл ажиллагаа зогсоогүй тул орлого олох зорилгоор ашиглахаа больсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Тодруулбал “ТБК” ХХК нэртэй компани үйл ажиллагаа явуулахгүй, түүний үйл ажиллагааг эрх, үүрэг, хариуцлагыг нэгтгэн авсан “Т” ХХК хэрэгжүүлнэ. Улмаар нэгтгэх ажиллагааны үр дүнд хүлээн авсан хөрөнгийг бусдад зарж борлуулан “Т” ХХК орлогын татварт тайлагнаж орлогын татвар төлсөн байдаг. /“Т” ХХК-ийн татварын тайлан, НӨАТ-ийн падаан баримтаар хавсаргав./
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-д “борлуулалт”гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Мөн “ТБК” ХХК нь компани нэгтгэхтэй холбогдуулан өөрийн эрх, үүрэг хариуцлага, албан хаагч болон хөрөнгийг “Т” ХХК-д Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлэн хүлээлгэн өгч буй үйлдлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн буюу борлуулалт гэж үзэх нь үндэслэлгүй юм. Борлуулалт хийсний улмаас бараа материал бусдын өмчлөлд шилжих гэсэн хуулийн ойлголтыг Компанийн тухай хуульд заасан нэгтгэх өөрчлөн байгуулалтын үр дүнд эрх, үүрэг, хариуцлага шилжихтэй адилтган байгаатай туйлшруулан ойлгож болохгүй.
Бараа, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх нь орлого олох зорилготой буюу татвар ногдуулан төлөх үүргийг бий болгох учиртай юм. “ТБК” ХХК болон түүний эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан “Т” ХХК нь хуулиар хүлээлгэсэн албан татвар төлөх үүргээ шударгаар биелүүлж ирсэн бөгөөд татвар төлөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах болон бусад хэлбэрээр зөрчиж байгаагүй болно.
Иймд татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Манай нягтлангийн хуулийн мэдлэггүй байдлаас болоод Татварын алба руу албан бичиг явуулахдаа "ТБК" ХХК-ийн бланк дээр хэвлэж тамга дарж явуулсан механик алдаа гарсан байна. Манайхаас татварын албанд 3 удаа хүсэлт гаргасан. Эхнийх нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан. Гэтэл энэ хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалт орохгүй, хүсэлтээ дахин засаад ир гэсэн байсан. Тиймээс манай нягтлан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр татварын албанд компанийг нэгтгэсэнтэй холбогдуулан татварын хяналт шалгалтаар оруулж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан байсан. Гэтэл татварын байцаагч нар албан бичгээ “татан буулгалтын тооцоог хийж өгнө үү” гэсэн агуулгаар засаад ирвэл танай байгууллагад хяналт шалгалт оръё гэсэн байсан. Яагаад өмнөх 2 албан бичгийн дагуу ажиллагаа хийгдээгүй юм бэ, уг албан бичгүүд ямар албан тушаалтан дээр хуваарилагдсан юм бэ гэсэн агуулга бүхий хүсэлтийг Татварын албанд гаргасан боловч энэ 3 албан бичгийг зөвхөн баталгаажуулаад явуулсан байсан.
Улсын бүртгэлийн газарт 2017 оны 06 дугаар сард нэгтгэх бүртгэлээ хийлгүүлсэн. Татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах гэж явж байтал энэ маргаан үүссэн. "ТБК" ХХК-ийг татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах ёстой. Учир нь "Т" ХХК-тай нэгдчихсэн. Татварын албанд татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлт гаргахад татан буулгалтын хүсэлтээ аваад ир гэсэн. Манай байгууллагын нягтлан татварын бүртгэлээс хасуулах үүргээ биелүүлээгүй, хугацааг нь хоцруулсан байгаа нь үнэн байна. Гэхдээ энэ нь шийтгэлийн хуудас ногдуулсан үндэслэл биш. Хуулийн этгээдийн өөрчлөн байгуулалт улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Манай компани өөрчлөн байгуулагдаж, үүнийгээ улсын бүртгэлийн газарт бүртгэгдээд тухайн бүртгэл нь хүчин төгөлдөр болсны дараа татварын албанд 21 хоногийн дотор бүртгүүлэх үүргийг хүлээдэг. Татвар төлөгчийн бүртгэл хэвээрээ байгаа. Маргаан үүссэн учир Татварын албанаас татвар төлөгчийн бүртгэлээс хасаагүй байгаа. Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах хүртлээ Х тайлан гаргаж явахгүй бол дахиад татварын хяналт шалгалтаар орохоор байгаа.
"ТБК" ХХК-ийн 1 дүгээр улирлын санхүү байдлын тайланг гаргаж өгсөн байгаа. Уг тайлантай хавсарган "Т" ХХК-д бараа материал хүлээлцсэн актыг гаргаж өгсөн. Үүнийг үндэслэн хяналт шалгалт хийсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр болон 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд “эд хөрөнгөтэй юу? гэсэн асуултад “2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр "Т" ХХК-тай нэгдсэн тул бүх хөрөнгөө шилжүүлсэн” гэж тайлбарласан тул компанийг нэгдсэнийг татварын алба мэдэх боломжтой байсан.
Татварын хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нэг биш. Татварын хяналт шалгалт манай хүсэлтийн дагуу явагдсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шууд хялбаршуулсан журмаар явагдаад бидэнд шуудангаар акт илгээгдсэн. Хариу тайлбартаа зөрчил хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаанд дуудсан боловч ирээгүй гэсэн байдаг. Хэрвээ байцаагч нар дуудаад ирээгүй бол энэ талаараа тэмдэглэл үйлддэг. Гэтэл тийм баримт байхгүй байгаа. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дах хэсэгт заасны дагуу шуудангаар илгээснээ мэдэгдсэнд тооцно гэж тайлбарлаад байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлийг шуудангаар илгээхгүй гэж заасан байдаг. Харин шийтгэлийн хуудсыг илгээж болно гэсэн зохицуулалт байдаг. Бид зөрчил хянан шалгах ажиллагаанд оролцсоноо мэдээгүй. Бидэнд эрх үүргээ хамгаалах боломж олгоогүй. Татварын хяналт шалгалтад манай компани оролцсон. Татварын улсын байцаагчийн бүхий л бичиг баримтуудыг гаргаж өгсөн, дуудсан цагт нь очсон. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд харин огт оролцоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх процессыг баримтжуулах ёстой.” гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ч.Нбид Хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21190200025 тоот томилолт, мөн “ТБК” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/04 тоотоор татварын хяналт шалгалтанд хамруулах тухай хүсэлт, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/01 тоот татан буулгах тухай хүсэлтийн дагуу 90******* улсын бүртгэлийн, ******* регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй “ТБК” ХХК-ийн 2014-2017 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж, 133,907,275.75 төгрөгийн зөрчил илрүүлж, 13,390,727.30 төгрөгийн нөхөн татвар, 4,017,218.30 төгрөгийн торгууль, 2,678,145.50 төгрөгийн алданги, нийт 20,086,091.40 төгрөгийн төлбөрийг ногдуулан төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 21дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдох төрийн байгууллагаас батлагдан гаргасан хавсралт маягтын хамт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн.
Нэг: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн тухайд:
Татварын байцаагч бид “ТБК” ХХК-ийн хяналт шалгалтын ажил дуусч, шийдвэрийн талаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нягтлан бодогч Д.А*******т танилцуулж, холбогдогч Ц.Б*******ыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрийг танилцуулан гардуулахаар дуудсан боловч ирээгүй юм.
Харин нягтлан бодогч Д.А******* нь ерөнхий захирал ирэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Бид захирал чинь ирэх боломжгүй бол танай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Нягтлан бодогч Д.А******* нь манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т*******” группийн санхүүгийн албаны дарга Ц******* захирал ирнэ гэсэн тайлбарыг өгсөн боловч, Ц******* захирал нь тухайн хугацаанд ирээгүй учраас бид гаргасан шийдвэрийг Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно” гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад холбогдох баримтуудыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.“ТБК” ХХК-ийн хяналт шалгалтын ажлыг тус компанийн нягтлан бодогч Д.А******* бүрэн төлөөлөн хийлгэж дуусгасан.
Шалгалтын шийдвэрийг танилцуулах үед энэ байгууллагын хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцана, гардаж авна гэх тайлбарыг өгсөн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудсан хугацаанд ирээгүй, үл тоож байсан бөгөөд зөрчил илрэн хариуцлага тооцохоор болоход нягтлан бодогч Д.А******* нь ажлаасаа гарсан нэрийдлээр ирэхгүй, авчирч өгсөн санхүүгийн холбогдох анхан шатны баримт болон бусад тайлан тооцооны материалаа орхин явсан. Тус компанийн хуульч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар баталгаат шуудангаар илгээсэн шийдвэртэй танилцаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэн гаргасан шийтгэлийн хуудас, холбогдох бусад хавсралт баримтанд албан ёсны төлөөлөгч гарын үсэг зурагдаагүй байгаа буюу бид уг “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа”-нд оролцоогүй гэсэн байдлаар гомдол гаргасан. Гэтэл тус компанийн нягтлан бодогч Д.Аг шалгалтын явцад “Шалгалтанд шаардлагатай баримт материал болон архивын нэгж болгон үдэж цэгцэлсэн санхүүгийн баримтыг шалгалтын багт ирүүлэн шалгуулсан бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой байсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг хүлээн зөвшөөрч нотолж байгаа юм.
Үүнийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд дээрх тус компанийн гомдлыг авч хэлэлцээд, татварын байцаагч нар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж шийдвэрлэсэн.
Хоёр: Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тухайд:
“ТБК” ХХК нь Улсын төсвийн орлого хяналтын газарт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр гаргасан “Компанийг нэгдсэнтэй холбоотойгоор хяналт шалгалт хийх тухай” хүсэлт, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/01 тоот албан бичгээр гаргасан “Татан буулгалтын тооцоог хийлгэх тухай” хүсэлтийг үндэслэн тус компанийн 2014-2017 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгаж дуусгасан. Шалгалтаар тус компани хуульд зааснаар 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ба 90******* тоот бүртгэлийн, ******* регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 3 гишүүнтэй, 25,404.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, 50 хувийг “ТБТ” ХХК, 25 хувийг иргэн Цагаачийн Б*******, 25 хувийг иргэн Б*******ын М******* тус тус эзэмшдэг тухай холбогдох материал болон компанийн дүрмээс үзэж танилцсан.
Харин 2017 оны 3 дугаар сарын 29-нд “ТБК” ХХК нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын 10/01 тоот шийдвэрээр иргэн Б.М*******ын эзэмшилд байсан 25 хувийн хувьцааг иргэн Ц.Б*******д шилжүүлснээр, Ц.Б******* нь тус компанийн нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийг эзэмших болсон.
2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10/02 тоот “ТБК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлаар тус компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Ц.Бны эзэмшлийн 50 хувийн хөрөнгө оруулалт, “Т” ХХК-ийн 50 хувийн хөрөнгө оруулалт болон компанийн эрх үүрэг, хариуцлага болон үйл ажиллагааны чиглэл, үлдэгдэл бараа материал болон хөрөнгийг “Т” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байсан.
Шалгалтын явцад тус компани 2014-2017 онуудад үлдэгдэл бараа материалаас бага хэмжээний борлуулалт хийж, борлуулалтын орлогоор тайлагнаж ирсэн.
Татварын байцаагч бидний шалгалтаар илрүүлсэн зөрчил бол тус компанийн 2017 оны санхүүгийн балансад бүртгэлтэй байсан 21,244,180.01 төгрөгийн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцож байсан хөрөнгийг орлого олох зорилгоор ашиглахаа зогсоосон боловч уг хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан төлөөгүй, 112.663,095.74 төгрөгийн барааг үнэ төлбөргүй бусдад шилжүүлсэнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй гэх нийт 133,907,275.75 төгрөгийн зөрчилд 20,086,091.40 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан юм.
Иймд нэгдэж байгаа “Т******* констракшин” ХХК, “Т” ХХК-иуд харилцан хамааралтай боловч хоёр тусдаа Компанийн тухай хуулийн дагуу байгуулагдсан, ашгийн төлөө ажилладаг компаниуд тус тусдаа бие даасан тайлан баланстай байна. Мөн “Т******* констракшин” ХХК нь 2017 оны хагас, бүтэн жилээр хаалтын баланс гаргаж, манай газарт татан буугдах тухай хүсэлт ирүүлснээр Татварын багц хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийдвэрийг гаргаж ажилласан нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “ТБК” ХХК хэдийгээр үйл ажиллагаагаа зогсоож, харилцан хамааралтай компанитай нэгдэж байгаа гэх боловч заавал татварын албатай татан буулгалтын тооцоог хийж, хуулийн дагуу улсын бүртгэлээс хасагдах ёстой. Гэтэл улсын бүртгэлээс хасагдаагүй атлаа нэгдэж нийлсэн гэх тайлбарыг удаа дараа өгч байна.
Тус компани 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үйл ажиллагаа зогсоож, компанийн данс бүртгэлд бүртгэлтэй байсан үлдэгдэл барилгын материал болон хөрөнгийг “Т” ХХК-руу шилжүүлсэн байсан. Шилжүүлсэн хөрөнгөнд татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь татварын багц хуулийн дараах заалтуудыг зөрчсөн.
1. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдон эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба ...” гэж заасныг үндэслэн ашгийн төлөө хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан хоёр компани нэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч, энэхүү хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн.
2. 2017 онд 03 дугаар сарын 31-ний байдлаар 21,244,180.01 төгрөгийн үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг, 91,418,915.73 төгрөгийн бараа, нийт 112,663,095.74 төгрөгийн хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ;” 7 дугаар зүйлийн 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамруулна: 7.2.2. албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 6.9-д заасан болон бусад үндэслэлээр албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан, түүнчлэн албан татвар суутган төлөгч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх” гэж заасныг,
3. 2017 онд 21,244,180.01 төгрөгийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцож байсан, орлого олох зорилгоор ашиглахаа больсон хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэлгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 13 дугаар зүйл “Элэгдэл хорогдлын шимтгэл тооцох”, 13 дугаар зүйлийн 13.7-д “Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймд бид холбогдогч “ТБК” ХХК-ийн гаргасан 133,907,275.75 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар Татварын ерөнхий хуулийг зөрчсөн заалтуудыг үндэслэн 13,390,727.60 төгрөгийн нөхөн татвар, 4,017,218.30 төгрөгийн торгууль, 2,678,145.50 төгрөгийн алданги, нийт 20,086,091.40 төгрөгийн төлбөр оногдуулсан шийдвэр гаргасан болно.
Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын бүртгэлийн гэрчилгээг тухайн үед нягтлан бодогч нь гаргаж өгч байсан ч одоо хэрэгт байгаа өөрчлөлт орсон хувилбар нь шалгалтын явцад байгаагүй. Тухайн компани нэгдсэн ч бай татан буугдсан ч бай улсын бүртгэлээс хасагдаж байж дараагийн компанид эрх, үүрэг нь шилждэг. Бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасны дагуу бусдад үнэ төлбөргүй хөрөнгө шилжүүлсэн гэдэг утгаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх заалт “бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээнд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө” гэж заасан байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт “албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийн үлдэгдэл хөрөнгө, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж алтан татвар ногдуулсан” заасныг үндэслэн хариуцлага тооцсон. Ашиглахаа зогсоовол худалдан борлуулсан гэж үзнэ гэж хуулиндаа заасан байгаа.
Хаалтын балансан дээрээ 21 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй гэж гаргаж ирсэн байдаг. Тухайн үед "ТБК" ХХК татан буугдаагүй байсан учир хаалтын балансын үлдэгдэл хөрөнгийн өртөг дээр нь хуулийн дагуу хариуцлага ногдуулсан.
"ТБК" ХХК-ийн бүх үйл ажиллагаа нь зогссон ч тусдаа компани учир татан буугдах хүртэлх бараа, үйл ажиллагаанд нь татвар ногдуулна. Албан ёсоор нэгдсэний дараа уг үйл ажиллагаа, татвар нь дагаад шилжинэ.
Прокуророос батлагдсан нэгдсэн загвар маягтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг бичдэг. Гарын үсэг зураагүй гэдэг нь оролцоогүй гэснийг баталдаг. Бид танилцуулахаар дуудсан боловч Ц.Б*******, Ц.Ц******* нарын аль нь ч ирээгүй. Тиймээс бид шуудангаар илгээсэн. Хууль ёсны төлөөлөгчөөр дуудсан боловч ирэхгүй байхаар нь хууль ёсны төлөөлөгчийг нь тогтоож чадаагүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байцаагч нарын хяналт шалгалттай холбоотой баримт бичиг шаардах маягтын дагуу ирүүлэх баримтуудыг нягтлан А*******т 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт гардуулсан байгаа. Ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс нь харвал татан буугдсан, хасагдсан гэсэн бүртгэл хийгдээгүй байсан.
Өнөөдрийн байдлаар хэрэв татан буугдсан эсхүл нэгдсэн бол Татварын албанд яагаад тайлан гаргаж өгөөд байгаа вэ гэдэг асуудал яригдана. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт "ТБК" ХХК “Х” тайлан гаргаж өгч байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд компаниуд нэгдсэн гэсэн бүртгэл хийгдсэн бол "ТБК" ХХК дээр ямар нэгэн эрх, үүрэг үүсэхгүй, тамга тэмдэг хураагдах ёстой. Гэтэл 2019 оны 03 дугаар сард тамга тэмдгээ ашиглаад явж байна. Татварын албанд тайлангаа ч гаргаж өгч байна. Бид хяналт шалгалтын явцад гаргаж өгсөн материалд үндэслэж шийдвэр гаргадаг. Саяны шинжлэн судлагдсан материал хяналт шалгалтын явцад гарч ирээгүй. Зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Улсын бүртгэлийн газраас гаргуулан авсан лавлагаа байгаа. Хэрэв татвар төлөгч нэгдсэн, татан буугдсан талаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу 1 сарын дотор бүртгэлд өөрчлөлт оруулж татварын албанд мэдэгдэх үүрэгтэй. Татварын өртэй, илүү төлөлттэй байх тохиолдолд татварын тооцоолол хийгдсэний дараа Улсын бүртгэлийн газарт очиж өөрчлөлтөө бүртгүүлэх ёстой. Миний хувьд хяналт шалгалтын явцад нэгдэж, татан буугдсан үйл баримтын талаар мэдээгүй, татвар төлөгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд шалгалт хийсэн.
Гарын үсэг буруу, зөрүү байх бол компанийн асуудал. Бид шинжээч биш. Бидний хувьд уг компанийг нэгдэж, нийлсэн гэдгийг өнөөдөр нотлох баримт шинжлэн судлах явцад буюу улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаанаас мэдлээ. Түүнээс хяналт шалгалтын явцад уг өөрчлөгдсөн талаарх баримт байгаагүй. Компаниуд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр нэгдэж, нийлж болно. Гол нь хуулийн зохицуулалт бол улсын бүртгэлд бүртгүүлснээр нэгдэж, нийлэх эрх нь үүсдэг.
Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлдээ өөрчлөлт орсны дараа ажлын 20 хоногийн дотор мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байна. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.15 дахь хэсэгт “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүү болон бусад баримт материалыг татварын алба, татварын байцаагч шаардсаны дагуу гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргийнхээ дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг гаргуулан авсан ба баримтад улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийгдсэн баримт байгаагүй. Тиймээс уг үйл явдлыг тухайн үед мэдэх боломжгүй байсан.
Энэ компани орлого олох зорилгоор ашиглаж байсан хөрөнгүүд дээрээ элэгдэл тооцож татвар ногдох орлогоо бууруулаад явж байгаа. Үйл ажиллагаа нь зогсоод, орлого олох зорилгогүй болоод ирэх тохиолдолд бид хуулийнхаа дагуу худалдан борлуулсан гэж заасныг баримтлан татвар ногдуулсан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасан байдаг. Мөн Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” гэж хуульчилсан байдаг.
“ТБК” ХХК нь манай татварын албанд аж ахуйн нэгжийн 2019 оны эхний 3 улирал “Х” тайлан гаргаж, эхний 10 сараар тайлангаа гаргаж өгөөд байгаа. Тиймээс "ТБК" ХХК-ийг өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаа нь явагдаад байна гэж харахаар байгаа. Үүнийг интернетээр www.etax.mta.mn гэсэн татварын сайтруу орон харах боломжтой. Нэвтрэх хэсэгт “ТБК” ХХК нь өөрсдийн татвар төлөгчийн дугаар, нэр, нууц үгээр нэвтэрвэл гаргаж өгсөн тайлангууд нь харагдана. "ТБК" ХХК-ийг 2017 онд татан буугдаад, "Т" ХХК-тэй нэгдсэн гэж ярьж байна. Гэтэл манайд өгсөн албан бичгүүд нь 2018, 2019 оных байгаад байгаа. Ц.Б******* өөрөө бичсэн, тамга тэмдэгтэй албан бичгүүд ч байгаа. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа зүйлс нь баримтаар нотлогдохгүй байгаа. Татварын www.etax.mta.mn сайтад татвар төлөгч тайлангаа илгээхгүй байх тохиолдолд сайт цаг тухайд нь илгээгээгүй байна гээд тухайн компани дээр хариуцлага ногдуулдаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/06 дугаар, “ТБК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын мөн өдрийн 10/02 дугаар шийдвэрүүдээр “ТБК” ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлага болон үйл ажиллагааны чиглэлийг “Т" ХХК-д нэгтгэж, энэ үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлтийг “ТБК” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 01/02 тоотоор, мөн компани нэгтгэсэн үндэслэлээр татварын хяналт шалгалт оруулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/04 тоотоор, компани нэгдсэн үндэслэлээр татан буулгалтын тооцоог хийлгэх хүсэлтийг дахин 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 01/01 тоотоор тус тус Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт гаргасан байдаг.
Гэвч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 21190200025 тоот томилолтоор татварын улсын байцаагч нар “ТБК” ХХК-ийн 2014-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг иж бүрэн шалгаж “ТБК” ХХК-ийг “Т" ХХК-д нэгдэх үед хүлээлцсэн 21,244,180.01 төгрөгийн үндсэн хөрөнгө, 91,418,914.72 төгрөгийн хангамжийн материалыг “бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгө, бараа материалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” зөрчил гэж үзээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар 11,266,309.60 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, 3,379.892.90 төгрөгийн торгууль, 2,253,261.90 төгрөгийн алданги, мөн энэ хүлээлцсэн 21,244,180.01 төгрөгийн үндсэн хөрөнгийг “элэгдэл хорогдлын шимтгэл тооцож байсан, орлого олох зорилгоор ашиглахаа больсон хөрөнгийг үлдэгдэл өртгөөр худалдан борлуулсан” гэж үзэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар 2,124,418.00 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөн ногдуулж, 637,325.40 төгрөгийн торгууль, 424,883.60 төгрөгийн алданги, нийт 20,086,091.40 төгрөгийн төлбөрийг татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 21дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон байна.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл тус компанийн гомдлоор хянаад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 21дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан байна.
“ТБК” ХХК-ийг нэгтгэн авсан “Т" ХХК татварын улсын байцаагчийн уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлын шаарлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэж ойлгох бөгөөд 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар компанийг уг хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болох ба 18.4-т компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.
“Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/06 дугаар, “ТБК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын мөн өдрийн 10/02 дугаар шийдвэрүүдээр “ТБК” ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлага болон үйл ажиллагааны чиглэлийг “Т" ХХК-д нэгтгэсэн, өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар “ТБК” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, эрх, үүрэг, хариуцлага болон үйл ажиллагааны чиглэлийг нь “Т" ХХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан байна.
“ТБК” ХХК-ийг “Т" ХХК-д нэгтгэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль /2015 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ” гэж зааснаар ийнхүү “ТБК” ХХК-ийг “Т" ХХК-д нэгтгэж, үйл ажиллагаа зогссоныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан мэдүүлгээр бүртгэсэн, энэ талаар “ТБК” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд болон “Т" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 6 дугаар сарын 06-нд тус тус тэмдэглэгээ хийсэн, өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд энэ өөрчлөлтийг бүртгэсэн[1], “ТБК” ХХК 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс үйл ажиллагаа нь зогсож, “Т" ХХК-д эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны чиглэлээр нэгтгэгджээ.
Тэгвэл Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд татвар төлөх үүрэг бусдад шилжих зохицуулалт байх бөгөөд 10.3-т “өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй болон дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих”-ээр, харин 10.4-т “хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу гаргуулж төсөвт төлөх”-өөр тодорхой зохицуулсан байна.
“Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/06 дугаар, “ТБК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын мөн өдрийн 10/02 дугаар шийдвэрүүдээр “ТБК” ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлага болон үйл ажиллагааны чиглэлийг “Т" ХХК-д нэгтгэж, энэ үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлтийг “ТБК” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 01/02 тоотоор, мөн компани нэгтгэсэн үндэслэлээр татварын хяналт шалгалт оруулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/04 тоотоор, компани нэгдсэн үндэслэлээр татан буулгалтын тооцоог хийлгэх хүсэлтийг дахин 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 01/01 тоотоор тус тус Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт гаргасан, эдгээр хүсэлтүүдийг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт тухай бүр хүлээн авсан байна[2].
Татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах, татварын хяналт шалгалт оруулах, татан буулгалтын тооцоог хийлгэх хүсэлтийг “ТБК” ХХК гаргах бүртээ энэ хүсэлтийн үндэслэлээ тус компанийг “ТБТ” ХХК-д нэгтгэсэнтэй холбоотой болохыг дурдсаны дээр хүсэлтдээ ийнхүү нэгтгэсэн эрх бүхий этгээд болох “ТБК” ХХК, “Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10/02, 01/06 дугаар шийдвэрүүдийг хавсаргасан[3], мөн шийтгэлийн хуудаст зөрчил гэж үзсэн үнийн дүн бүхий нэгтгэх үеийн хөрөнгө, хангамжийн материал хүлээлцсэн актуудыг[4] хавсаргасан байдаг.
Түүнчлэн татварын хяналт шалгалтын явцад 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “ТБК” ХХК-ийн нягтлан бодогч Д.А*******тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд “ ... “Т" ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 31-нд нэгдэж өөрийн нэр дээр байсан хөрөнгүүдээ шилжүүлсэн” гэх тайлбар авагдсан байх тул компанийг нэгтгэсэн гэж үзээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар “Таван богд констракшн" ХХК үйл ажиллагаагаа зогсоож, үйл ажиллагаа, эрх, үүрэг, хариуцлагаа “ТБТ” ХХК-д шилжүүлсэн тул нэгтгэх үеийн хөрөнгө, хангамжийн материал хүлээлцсэн актуудаар “ТБТ" ХХК-д шилжүүлсэн хөрөнгө, хангамжийн материалыг үнэ төлбөргүй эд хөрөнгө шилжүүлэн авсан гэж, мөн худалдан борлуулсан гэж үзэхгүй, харин үйл ажиллагаа, эрх, татвар төлөх үүрэг, хариуцлага шилжиж буй хэлбэр, энэ нь “ТБТ” ХХК-ийн санхүүгийн байдлын 2017 оны 1 дүгээр улирлын тайланд нэгтгэхээс өмнөх болон нэгтгэсний дараах байдлаар тодорхой тусгагдсан[5], тиймээс ч ийнхүү шилжүүлэн авсан үндсэн хөрөнгө, барилгын материалыг 2018 оны 9, 11 дүгээр сард бусдад борлуулж, үүндээ татвар тооцон төлсөн баримтыг[6] шүүхэд ирүүлжээ.
Ийнхүү “Таван богд констракшн" ХХК-ийг “ТБТ” ХХК-д нэгтгэх үеийн хөрөнгө, хангамжийн материал хүлээлцсэн актуудаар “ТБТ" ХХК-д шилжүүлсэн хөрөнгө, хангамжийн материалыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 13.7 дахь “Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна.” гэх заалтад хамааруулсан нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болжээ.
Тодруулбал компанийг нэгтгэх үеийн хөрөнгө, хангамжийн материал хүлээлцсэн актуудаар хөрөнгө, бараа материалыг түүнд хамаарах татварын эрх, үүрэг, хариуцлагын хамт шилжүүлсэн тул “ТБК” ХХК-ийн хувьд эдгээр нь татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа гэж үзэхгүй.
Хариуцагч нь “татварын хяналт шалгалтад “Таван богд констракшн" ХХК үйл ажиллагаа зогссоныг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийг нэгтгэсэн бүртгэл хийгдсэнийг татварын алба мэдээгүй” гэж тайлбарлах хэдий ч нэгэнт “ТБК” ХХК-ийг “Т" ХХК-д нэгтгэж, үйл ажиллагаа зогссоныг 2017 оны 6 дугаар сарын 06-нд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн, ийнхүү бүртгэснээр хуулийн этгээдийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсан гэж үзэх тул хариуцагчийн энэ тайлбар шийтгэлийн хуудсыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Нөгөө талаас “ТБК” ХХК-ийг “Т" ХХК-д нэгтгэж, үйл ажиллагаа зогссоныг 2017 оны 6 дугаар сарын 06-нд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн атлаа тухайн үедээ татвар төлөгчийн бүртгэлээс хасуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, 2018 оны 9, 10 дугаар сард, мөн 2019 оны 2 дугаар сард “ТБК” ХХК өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгыг ашиглан татварын албатай харьцаж байсны дээр одоог хүртэл татварын албанд “х” тайлан цахимаар гаргасаар байгаа /гомдол гаргагч үүнтэй маргаагүй болно/ нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасантай нийцэхгүй хэдий ч энэ нь гомдлын шаардлагад хамааралгүй юм.
Түүнчлэн гомдол гаргагчийн “манай компанийн хүсэлтээр татварын хяналт шалгалт орсон хэдий ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн” гэх гомдол үндэслэлтэй байна.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулах нөхцлийг хуульд “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь стандартаар баталгаажсан төхөөрөмжөөр нотлогдсон” гэсэн үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон байх ёстойг тодорхой заасны дээр татварын улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээдийг холбогдогч, түүний төлөөлөгчөөр тогтоож, ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэгдэхээс эхлээд тайлбар мэдүүлэг өгөх, хууль зүйн туслалцаа авах, гомдол гаргах гээд хуулиар олгосон эрхийг хангах үүрэгтэй ч эдгээрийн аль нь ч хангагдаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Т" ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ -ийн 13 дугаар зүйлийн 13.9, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.7, Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4, 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль /2015 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Т" ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 5-6, 107-108 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 187-190 дүгээр хуудас /Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас архивын хуулбар үнэн тэмдэгтэйгээр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн./
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 11, 14-15 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 238, 2 дугаар хавтсын 1-2, 25 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 25 дугаар хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 28-31 дүгээр хуудас