| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
2021 12 27 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч П.Одонтунгалаг /ҮД:0092/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б, Б.А, Б.Б нарт холбогдох 2106 00000 2610 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Төв аймагт 1988 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М-Ойл” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 44-5 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Увааш овогт Бы Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг, Энхийн ам гэх газар мал малладаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Увааш овогт Бы А /РД: /,
3. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М-Ойл” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13 дугаар гудамжны 244-Б тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Намсрай овогт Бын Б /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б, Б.А, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 15 дугаар гудамжны 3 тоотод байрлах хашаанаас иргэн Ж.Энхмөнхийн эзэмшлийн 5 тонны усны савыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аюурзанын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.11/,
Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энхмөнхийн өгсөн: “Манай Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянтөхөмийн 15-3 тоотод оршин суудаг. Баянтөхөмийн 21-3-А тоотод манай ёмкость /төмөр усны сав/ байдаг юм. Уг ёмкостьт ус хийж ногоо тарьдаг юм. Сүүлийн 1 жилд тариалан эрхлээгүй. Манай эгч Энх-Отгон над руу утсаар залгаад ёмкость хулгайд алдчихлаа гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна... 5 тонны багтаамжтай усны ёмкость байсан. Манайх хашаа байшинтай цуг худалдаж авч байсан... ёмкость байгаа хашаанд хүн амьдардаггүй. Тэр хашаа нь тэр чигээрээ ногоо тарих зориулалттай. Манай эгч Энх-Отгоных урд талд нь байдаг юм...”
“... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.30, 34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энх-Отгоны өгсөн: “... Би өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 21-3в тоот гэртээ ирсэн. Тэгээд орой 23 цагийн үед унтацгаасан. Шөнө манай хойд талд байдаг Энхмөнхийн хашаанд байсан төмөр усны савыг хүмүүс ачаад байна гэхээр нь гараад очтол 28-88 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн ачааны машинд төмөр усны савыг ачаад гараад явж байсан. Тэгээд би цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх.37-39/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.59-62/,
“Дамно” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.63-64, 70-71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “... буруу хэрэг хийснээ ойлгож байгаа... тэр хашаанд 5-6 жил болсон эзэнгүй хашаанд төмөр усны сав байгаад байсан. Би тэр усны савыг эзэнгүй юм байна гэж бодоод тухайн өдөр ах Б.А, найз Б.Б нарыг дуудаад уг усны савыг авч байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх.91/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аюурзанын яллагдагчаар өгсөн: “... буруу хэрэг хийснээ ойлгож байгаа... манай төрсөн дүү Б надад Гацууртаас юм ачмаар байна гэхээр нь хөдөөгөөс орж ирээд найз Бгийнх нь хамт шөнө эзэнгүй хашаанд очоод төмөр усны сав байхаар нь машинд ачаад гарч яваад цагдаад баригдсан. Би Бээс юун учиртай юм бэ гэхэд олон жил эзэнгүй байсан, эзэнгүй усны сав байгаа юм аа гээд хэлэхээр нь ачсан...” гэх мэдүүлэг /хх.99/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... буруу хэрэг хийснээ ойлгож байгаа... манай найз Б нь надад юм өргөөд өгөөд туслаач гэхээр нь зөвшөөрөөд тухайн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын ойролцоо байх хашаанаас төмөр усны сав ачааны машин дээр ачаад хөдөлж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх.107/,
Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.110-119/,
Шүүгдэгч Б.Аюурзанын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.120-130/,
Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.130-140/,
Хохирогч Ж.Энхмөнхийн хэргийг материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх.142/,
Шүүгдэгч Б.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.147/,
Шүүгдэгч Б.Аюурзанын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.148/,
Шүүгдэгч Б.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.149/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.153/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Б.Б, Б.А, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 15 дугаар гудамжны 3 тоотод байрлах хашаанаас иргэн Ж.Энхмөнхийн эзэмшлийн 5 тонны усны савыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.11/,
Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энхмөнхийн өгсөн: “... Энх-Отгон над руу утсаар залгаад ёмкость хулгайд алдчихлаа гэхээр нь ... 5 тонны багтаамжтай усны ёмкость байсан...” /хх.30, 34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Энх-Отгоны өгсөн: “... Шөнө манай хойд талд байдаг Энхмөнхийн хашаанд байсан төмөр усны савыг хүмүүс ачаад байна гэхээр нь гараад очтол 2888 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн ачааны машинд төмөр усны савыг ачаад гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх.37-39/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.59-62/,
“Дамно” ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.63-64, 70-71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн: “... Би тэр усны савыг эзэнгүй юм байна гэж бодоод тухайн өдөр ах Б.А, найз Б.Б нарыг дуудаад уг усны савыг авч байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх.91/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аюурзанын яллагдагчаар өгсөн: “... манай төрсөн дүү Б надад Гацууртаас юм ачмаар байна гэхээр нь хөдөөгөөс орж ирээд найз Бгийнх нь хамт шөнө эзэнгүй хашаанд очоод төмөр усны сав байхаар нь машинд ачаад гарч яваад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх.99/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “... манай найз Б нь надад юм өргөөд өгөөд туслаач гэхээр нь зөвшөөрөөд тухайн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын ойролцоо байх хашаанаас төмөр усны сав ачааны машин дээр ачаад...” гэх мэдүүлэг /хх.107/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Б, Б.А, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.А, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.965.325 төгрөгөөс Б.Б, Б.А нараас тус бүр 1.700.000 төгрөгийн хөрөнгө орлогыг, Б.Бгаас 1.565.325 төгрөгийн хөрөнгө орлогыг албадаг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Ж.Энхмөнх нь хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Б.Б, Б.А, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Б.Б, Б.А, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.965.325 төгрөгөөс тус бүр 1.700.000 төгрөгийн хөрөнгө орлогыг Б.Б, Б.А нараас, 1.565.325 төгрөгийн хөрөнгө орлогыг Б.Бгаас тус тус албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт Б.Б, Б.А, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Увааш овогт Бы Б, Увааш овогт Бы А, Намсрай овогт Бын Б нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, Б.Б, Б.А, Б.Б нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.965.325 төгрөгөөс тус бүр 1.700.000 төгрөгийн хөрөнгө орлогыг шүүгдэгч Б.Б, Б.А нараас, 1.565.325 төгрөгийн хөрөнгө, орлогыг шүүгдэгч Б.Бгаас тус тус албадан гаргуулж улсын орлого болгосугай.
6. Б.Б, Б.А, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Энхмөнх нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б, Б.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР