Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 109/2015/0033/З |
Дугаар | 221/МА2016/0266 |
Огноо | 2016-04-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2016/0266
"У" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, "У" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "У" ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн "У" ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг усаар Хангагч байгууллага билээ.
Манай байгууллага нь усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш бөгөөд ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг суутган тооцож төсөвт төвлөрүүлдэг юм. Бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас ус ашиглуулах дүгнэлтээ гаргуулан Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу ус ашиглах зөвшөөрөл авч, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.4-д заасны дагуу Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай жилд хангах усныхаа гэрээг хийж ажилладаг.
2015 оны байдлаар яамдын бүтэц үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас ус ашиглуулах дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарч аймгийнхаа Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд материалаа хүргүүлээд байгаа юм.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу хүн амын унд, ахуй хэрэгцээний зориулалтаар ашиглах усыг төлбөрөөс чөлөөлдөг. Барилга, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах газрын доорх усны төлбөрийг Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор Орхон голын сав газарт тогтоосон усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолд заасан ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, Усны нөөц ашигласны хувь хэмжээг тогтоох хөнгөлөх тухай Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолд заасан хувь хэмжээг ашиглан тооцно. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбар 2-т зааснаар ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага тооцож авна гэсэн байдаг. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.5-д заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийг Архангай аймгийн төсөвт төвлөрүүлнэ.
Дээрх хууль, Засгийн газрын тогтоолын дагуу манай байгууллага 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газартай гэрээ хийсний дараа сургууль, цэцэрлэг, эмнэлэг бусад төсөвт байгууллага болон орон сууц гэр хорооллын ашигласан ус, хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлсөн. Архангай аймгийн төсөвт 3.772.832 төгрөгийг төвлөрүүлэх ёстой.
Иймд Татварын хэлтэс нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр компанийн данснаас 10.000.000 төгрөг суутган авсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "У" ХХК-ийн захирал Б.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Татварын хэлтсийн ямар ч үндэслэлгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр суутгасан 10.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр суутгасан 5.512.000 төгрөг, нийт 15.512.000 төгрөгийг суутган тооцоолол хийсэн үйлдлүүдийг хууль бус болохыг тогтоож, нийт 15.512.000 төгрөгийг буцаан манай компанийн Хаан банкны 5154003339 тоот дансанд хийлгэхийг аймгийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: "У" ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Манай байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтаар Эрдэнэбулган сумыг усаар хангагч байгууллага бөгөөд усны нөөц ашигласны төлбөр төлөгч биш, ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага гэжээ. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 дахь заалтад Ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ, 31 дүгээр зүйлийн 31.1-д ус ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө., Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усанд ус, рашаан ашигласны төлбөр ногдуулна, мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ, 3 дугаар зүйлийн 3.4-д Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна гэж тус тус заажээ.
"У" ХХК нь татварын албанд 2606666 регистрийн дугаартайгаар Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн хариуцлагын хэлбэртэйгээр бүртгэлтэй байна. Дээрх хуулийн заалтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан өөрийн байгууллагынх нь дээр дурдсан тодорхойлолт зэргээс харахад "У" ХХК нь ус ашиглагч, ашгийн төлөө байгууллага болох, нөгөө талаар ус ашигласны төлбөр төлөгч болох нь тодорхой байна. Үүний дагуу өмнөх жилүүдэд тус компани усны төлбөрийг хуулийн дагуу тогтмол төлж байсан.
"У" ХХК нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Орхон голын сав газрын захиргаагаар гаргуулан, ус ашиглах гэрээ байгуулж, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.6-д заасны дагуу үйлчилгээний үнэ тарифаа батлуулан үйлчилгээгээ явуулж байгаа. Усны төлбөр нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.5-д зааснаар аймгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг. "У" ХХК нь Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай байгуулсан Ус ашиглах гэрээ-ээр 2015 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 192676 м3 /хүн амын унд ахуйн хэрэгцээнд ашиглах усыг хасч тооцсоноор/ ус ашигласны төлбөрт 18.579.747 төгрөг төлөх ёстойгоос 2015 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар аймгийн төсөвт нэг ч төгрөг төлөөгүй байсан. Усны төлбөр олон сар дамжин төлөгдөхгүй аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтэд саад учруулж байсан тул нэгэнт ногдсон боловч хугацаандаа төлөгдөхгүй байгаа татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "У" ХХК-ийн харилцах данснаас 10.000.000 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсан болно.
Иймд дээрх хуулийн холбогдох заалтын дагуу үл маргах журмаар төлбөрийг гаргуулж төсөвт оруулсан үйлдлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын хэлтэс нь "У" ХХК-д татвар ногдуулах эрх бүхий байгууллага биш гэж байна. "У" ХХК нь өөрөө ногдуулах байгууллага биш. Үүн дээр ойлголцлын 2 өөр асуудал байгаад байна. Яагаад гэвэл "У" ХХК Усны тухай хуульд заасны дагуу гэрээгээ байгуулах ёстой. Гэрээгээ байгуулсан тохиолдолд Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд ногдуулалт болж очих ёстой. Гэрээндээ "У" ХХК тухайн онд хэдэн м3 ус ашиглах тухайгаа зааж өгдөг. Манай байгууллага Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас ирсэн албан бичгийн дагуу татвараа авсан. Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас "У" ХХК-д төлбөр ногдуулсан тохиолдолд татварын улсын байцаагч хураан авч хуулийн хугацаанд улсын төсөвт байршуулна. Орхон-Чулуут голын сав газрын захиргаа ногдуулалт хийх ёстой байгууллага. "У" ХХК нь 192.672 м3 усыг ашиглаагүй гэж байна. Бид "У" ХХК-ийг 192.672 м3 усыг ашигласан уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Гэрээндээ тухайн жил 192.672 м3 усыг ашиглана гэж гэрээ байгуулсан учраас Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас ногдуулалт хийж манайд ирүүлсэн.
"У" ХХК нь ус ашиглагч байгууллага биш гэж байна. Тэгвэл худагнууд ямар байгууллагад хамааралтай болох, мөн усыг татаж олборлож байгаа компани нь ямар байгууллага болох нь тодорхойгүй болох болно. Ус ашигласан төлбөр нь байгууллагын ашгаас төлдөг татвар биш юм.
Иймд "У" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "У" ХХК-ийн Архангай аймгийн Татварын хэлтэс нь үндэслэлгүйгээр компанийн данснаас 15.512.000 төгрөг суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 15.512.000 төгрөгийг компанийн дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн Татварын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Архангай аймгийн "У" ХХК нь Архангай аймгийн Татварын хэлтэс нь үндэслэлгүйгээр, хууль бусаар компанийн данснаас 15512000 төгрөг суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 15512000 төгрөгийг компанийн дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн татварын хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
"У" ХХК нь ус, рашаан ашигласны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж дараах үндэслэлээр маргаж байна. 1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т зааснаар хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тул Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөгч байгууллага биш юм.
2. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор хүн амын унд, ахуйн уснаас авах усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тэглэсэн тул зөвхөн ашиг олох зорилготой буюу бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд усны нөөц ашигласны төлбөр төлөх ёстой байна. Харин манай байгууллага уг тогтоолын 2 дахь заалтаар ашиг олох зориулалтаар аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг тооцож авна гэж заасан байдгаас үзвэл татвар ногдуулах эрх бүхий субъектээс ногдуулалт хийсэн усны нөөц ашигласны төлбөрийг тооцон авч татварын байгууллагад төлөхөөр байгаа бөгөөд үүний дагуу манай байгууллага 2015 онд Орхон-Чулуут голын сав газрын захиргаатай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны 08/2015 дугаартай гэрээгээр бол ус, рашаан ашигласны төлбөрт 3954173 төгрөгийг төвлөрүүлэн төлөхөөр байна.
Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор манай байгууллага ус, рашаан ашигласны төлбөрийг тооцож авахаар зохицуулсан боловч Усны тухай хууль болон байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудаар манай байгууллага ус, рашаан ашигласны төлбөрийг хураах, тооцож /ногдуулалт/ авах эрхгүй байх тул ашиг олох зориулалтаар аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэний ашигласан усны төлбөрийг тооцож авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Архангай аймгийн Татварын хэлтсээс манай компанийн данснаас дур мэдэн 15512000 төгрөг авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг мөнгийг манай байгууллагын дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгч "У" ХХК нь Архангай аймгийн Татварын хэлтэс нь үндэслэлгүйгээр компанийн данснаас 15512000 төгрөг суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 15512000 төгрөгийг компанийн дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн Татварын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "У" ХХК нь Усны тухай хуульд заасан ус ашиглагч биш, усыг дамжуулах, түгээх үүрэг гүйцэтгэж байгаа компани бөгөөд ус, рашаан ашигласны төлбөрийг бусад аж ахуйн нэгжээс авах эрхгүй байгууллага юм. Мөн 2015 онд 192.672 м3 ус ашиглаагүй, түгээгээгүй, хариуцагч дээрх тооцооллыг яаж гаргаад байгаа нь тодорхойгүй байна гэж, хариуцагчаас Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д зааснаар нэхэмжлэгч компани ус ашиглагч бөгөөд ус ашиглах гэрээний дагуу 2015 онд 192676 м3 ус ашигласны төлбөрт 18579747 төгрөг төлөх үүрэгтэй байхад хугацаандаа төлөөгүй гэж тус тус маргасан байна.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д зааснаар ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч "У" ХХК нь ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд байх тул ус ашиглагч гэж үзэхээр байна. Мөн Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна, 29.2-т Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана, 29.2.5-д ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ гэж тус тус заасны дагуу "У" ХХК 2014, 2015 онуудад Орхон голын сав газрын захиргаа болон Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай ус ашиглах гэрээ байгуулж, төлбөрийн хэмжээг тооцсон байх тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 31.1-д заасан ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байна.
Гэвч Архангай аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгчийг 2015 оны ус ашигласны төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр 17919147 төгрөгийн төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, улмаар тус компанийн данснаас 15512000 төгрөгийг суутган авсан нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-д Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ, 62 дугаар зүйлийн 62.1-д Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна: 62.1.1.үл маргах журмаар гаргуулах гэж заасантай нийцээгүй байна. Тодруулбал,
Хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, төлөгдөөгүй татварын өр 17919200 төгрөгийг барагдуулах тухай 2015 оны 10 дугаар сарын 05, 13, 28-ны өдрүүдэд Архангай аймгийн Татварын хэлтсээс нэхэмжлэгч компанид хүргүүлсэн мэдэгдэх хуудсууд, 192679 м3 ус ашигласны төлбөр болох 17919147 төгрөгийн нэхэмжлэх зэрэг баримтаас үзэхэд хариуцагч нь Монгол ус ТӨҮГ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "У" ХХК-д ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн тус компанийн данснаас 2015 оны ус ашигласны төлбөрийг суутган авсан байх ба энэ нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч "У" ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон голын сав газрын захиргаатай 2014 онд унд, ахуйн зориулалтаар 53039 м3, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 192676 м3, нийт 245715 м3 ус ашиглахаар 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу унд, ахуйн зориулалтаар ашиглах 53039 м3 ус нь төлбөрөөс чөлөөлөгдсөн байна. Гэрээнд зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах ус 1-7 дугаар сард 112394 м3 /15 төг/, 8-12 дугаар сард 80282 м3 /96,43 төг/, нийт ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 9427510 төгрөг байхаар тохиролцжээ.
Харин 2015 онд ус ашиглах гэрээг нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай байгуулсан байх ба гэрээнд 2015 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах усны хэмжээ 38778 м3, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 3954173,9 төгрөг байхаар заажээ.
Хариуцагчаас ирүүлсэн "У" ХХК-ийн урьд онуудад усны төлбөрөө төлж байсан татварын тооцооллын жагсаалтаас үзэхэд 2014 онд нэхэмжлэгчийн ус, рашааны нөөц ашигласны төлбөрт 9472528 төгрөг ногдуулж, илүү төлөлт 3207201.8 төгрөгийг хасаад 6265326.2 төгрөгийн өртэй байсан байна.
Гэтэл хариуцагчаас 2014 оны ус, рашаан ашигласны төлбөртэй маргаагүй гэх атлаа, нэхэмжлэгч "У" ХХК 2015 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 38778 м3 ус ашиглахаар Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай гэрээ байгуулж, ус ашиглуулах дүгнэлт гаргуулсан байхад 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэж, 2015 оны 10 дугаар сар хүртэл үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ямар хэмжээний ус ашигласан, улмаар хэдэн төгрөгийн татварын өр үүссэн болохыг баримтаар тогтоолгүй нэхэмжлэгчийн данснаас 15512000 төгрөгийг шууд суутган авсан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөр ногдуулж буй 192676 м3 ус ашиглах гэрээ, ус ашиглуулах дүгнэлт бол 2014 онд ашиглах усны тухай гаргасан дүгнэлт байх бөгөөд 2015 оны ус ашиглах гэрээний 1 жилийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийг 2015 оны ус, рашаан ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж үзэж татварын өрийг үл маргах журмаар гаргуулсан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2.5-д заасны дагуу нэхэмжлэгч "У" ХХК-ийн Орхон голын сав газрын захиргаатай байгуулсан 2014 онд ус ашиглах гэрээнд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах 1 м3 усны үнийг 1-7 дугаар сард 15 төгрөг, 8-12 дугаар сард 96,43 төгрөг байхаар тусгасан байхад мөн оны ус ашиглуулах дүгнэлтэд 1 м3 усны үнэ 96,43 төгрөг, нэхэмжлэгчид хүргүүлсэн нэхэмжлэхэд 1 м3 усны үнийг 93 төгрөгөөр тус тус тооцсон нь зөрүүтэй байна.
Иймд хариуцагчаас ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ болон 2015 онд сар тус бүр ямар хэмжээний ус ашигласан болохыг нотлох баримтаар тогтоосны дараа татвар ногдуулах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх эдгээр асуудлыг бүрэн дүгнээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Энэхүү шүүхийн шийдвэр нь татварын байгууллагаас холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тус компанийн 2014, 2015 оны ус ашигласны төлбөрийн байдалд татварын хяналт шалгалтыг явуулж, "У" ХХК-д нөхөн татвар ногдуулах эрх хэмжээг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.4, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "У" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Татварын хэлтсийн "У" ХХК-ийн данснаас 15512000 төгрөгийг суутган авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, суутган авсан 15512000 төгрөгийг тус компанийн дансанд буцаан шилжүүлэхийг Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА