Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 815

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ГҮТББ болон иргэн Н.Т /РД: /,

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,

Гуравдагч этгээд: “Н” ХХК /РД: /,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас 240 иргэн “Н” ХХК-тай орон сууцны байр захиалах гэрээг хийж, урьдчилгаа 1.8 тэрбум төгрөг өгч хохирсон болохыг тогтоолгох, хохирлыг барагдуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын буруутай үйл ажиллагааны улмаас “Н” ХХК-тай орон сууцны байр захиалах гэрээг 240 хүн хийж, урьдчилгаа 1,8 тэрбум төгрөг өгч хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалан хохирлыг барагдуулж өгнө үү.

Гэрээ хийсэн 240 гаруй хүмүүсийг төлөөлөн дараах итгэмжлэл гаргаж өгсөн хүмүүс болон тус “С” Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Т миний бие хамтран нэхэмжлэл гаргаж байгаа болно.

1. Н. Т. 2010.11.12-нд гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн.

2. Н.Т. 2010.11.12-нд гэрээ хийж 5 сая төгрөг өгсөн.

3. Н.О. 2012.08.11-нд гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн.

4. Ц.О. 2012.05.18-нд гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн.

5. Ц.Э. 2011.11,08-нд гэрээ хийж 15 сая төгрөг өгсөн.

6. Г.Б. 2011.11.08-нд гэрээ хийж 5 сая төгрөг өгсөн.

7. Э.О. 2012. 04.12-нд гэрээ хийж 5 сая төгрөг өгсөн.

8. А.Ц. 2012.05.30-нд гэрээ хийж 4 сая төгрөг өгсөн.

9. Б.С 2012.05.18-нд гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн.

10. Б.М. 2011.02.16-нд гэрээ хийж 15 сая төгрөг өгсөн.

11. Б.Н. 2011.02.16-нд гэрээ хийж 20 сая төгрөг өгсөн.

12. Ш.Б. 2013.05.03-нд гэрээ хийж 25 сая төгрөг өгсөн.

13. Б.Н. 2012.06.14-нд гэрээ хийж 6,3 сая төгрөг өгсөн.

14. Э.М.2014.02.17-нд гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн.

15. Ш.З. 2012.08.30-нд гэрээ хийж 10 сая төгрөгөгсөн.

16. Б.О. 2013.08.15-нд гэрээ хийж 5 сая төгрөг өгсөн.

17. Б.А. 2011.04.02-нд гэрээ хийж 10 сая төгрөг өгсөн.

Нэхэмжлэлийн үндэслэл: 2008 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөний газар нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах хуучны 2 давхар нийтийн байруудыг буулгаж, дахин шинээр орон сууц барих төслийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр өөрийн гэсэн хөрөнгө, мөнгөгүй “Н” ХХК-д тус төслийг хэрэгжүүлэх эрх өгсөн байдаг.

“Н” ХХК-ийн захирал агсан З.Н нь 2009-2014 оны хооронд “С” Төрийн бус байгууллагын гишүүдтэй /хохирогчидтой/ орон сууцны байр захиалгын гэрээ хийж, урьдчилгаа мөнгө авахдаа тус захиалагч иргэдийн итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор доорх бичиг баримтыг үзүүлсэн болно.Үүнд:

1. “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 486 тоот захирамж /2010.07.19/

2. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /2010.10.11/

3. Нийслэлийн Газрын албатай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээ /2010.10.10/

4. Улаанбаатар хотын Ерөнхий архитекур бөгөөд Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Х-ын баталсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар” /2010.07.27/

5. Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /2010.10.08/

6. 2012.07.05-ны өдрийн 88 тоот “Хөрөнгө бүртгэлээс хасах болон шинээр өмч олж авах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол.

7. Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Х-ынбаталсан “100 айл” орон сууцны бичил хороолол байгуулах “Ерөнхий төлөвлөгөө” /2010 он/ зэргүүд болно. /Эдгээр бичиг баримтуудын хуулбарыг хавсаргасан бөгөөд эх хувиуд нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон “Н” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлж авсан “Өндөр заяа” ХХК-ийн захирал Г.Должинсүрэнд байгаа болно/.

 Ийнхүү тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудын буруутай үйл ажиллагаагаар олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрх болон бусад бичиг баримтуудыг ашиглан өөрийн гэсэн хөрөнгө мөнгөгүй, орон сууц барих чадамжгүй “Н” ХХК нь хөрөнгө босгох нэрийдлээр орон сууцны байр захиалах гэрээ байгуулан, урьдчилгаа мөнгө авч хохироосон тул бидний эрх ашгийг хамгаалан хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын буруутай үйл ажиллагаанаас болж манай ТББ-ийн гишүүд болон миний бие хохирсон болохыг тогтоолгож, хохирлыг гаргуулах шаардлага гаргаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 487 тоот “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай захирамж”, 2010 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн газрын албатай байгуулсан “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Е.Х-ын баталсан 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газартай байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 88 тоот Хөрөнгө бүртгэлээс хасах тухай болон шинээр өмч олж авах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Е.Х-ынбаталсан 100 айлын орон сууцны бичил хороолол байгуулах ерөнхий төлөвлөгөө зэрэг баримтуудыг үндэслэл болгож гэрээ байгуулсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 19/05 албан тоотыг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 486 тоот “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай” захирамжийн дагуу “Н” ХХК нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Уг бичиг баримтыг үндэслэж тус компани нь 2009-2014 оны хооронд  “С” ГҮТББ-ын 240 гишүүдтэй орон сууцны байр захиалах гэрээ хийж, урьдчилгаа төлбөрт 1,8 тэрбум төгрөг авч, гэрээгээ биелүүлэлгүй иргэдийг хохироосон. Иймд “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас дээрх иргэд хохирсон болохыг тогтоож, хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулга өгсөн. Уг тодруулгын гол агуулга нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бид ямар ч хөрөнгөгүй компанитай гэрээ байгуулсан. Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газар тус компанийн хөрөнгө орлого, гадаадын түнштэй хамтран ажиллахаар байсан эсэх талаар нь ч шалгаж тогтоогоогүй. Нийслэлийн Засаг даргын захирамж, хамтран ажиллах гэрээ, газар ашиглах гэрчилгээ зэргийг харуулаад та бүхэн манай баригдах байрны хөрөнгө оруулагч болоод хямдхан байр авах боломжтой гэж биднээс мөнгө авсан.

Эрдэнэбаатар нь “Н” ХХК-ийн захирал асан З.Н-тай гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй. Би Эрдэнэбаатартай уулзаж байгаагүй. Эрдэнэбаатар нь захирал Г.Должинсүрэнтэй нь гэрээ байгуулсан. Г.Додоогоор шоронд биеэр ял эдэлж байгаа. 2016 онд уг “Н” ХХК-ийг З.Насанжаргалаас шилжүүлж авсныхаа дараагаар 2 давхар дахин төлөвлөлтийн байшингуудыг буулгана гээд компаниудаас их хэмжээний мөнгө авсан. Бидэнтэй адилхан “хөрөнгө босгоод оронд нь байр өгнө” гэж мөнгө авсан. Энэ үйлдэлдээ одоо ялаа эдэлж байгаа.

М.З нар оршин суугчдаа төлөөлж нэхэмжлэл гаргасан. Бид тус байрны оршин суугч биш байр захиалагч. Тиймээс бидэнтэй 3 талт гэрээ байгуулах ямар ч үндэслэлгүй. Тус байрны оршин суугчидтай “Н” ХХК, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 3 талт гэрээг байгуулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. “Н” ХХК нь дээр дурдсан материалуудыг харуулаад “та бүхэн хөрөнгө оруулагчид юм, баригдсан байрнаасаа зах зээлийн үнээс доогуур үнээр өгнө” гэсэн. Бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг урьд нь барилга барьж байгаагүй компанид барилга барих эрхийг олгосон гэж буруутгаад байгаа. Тухайн үед бид компанитай харьцсан болохоос Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай харьцаагүй. Учир нь компани барилга барихад бэлэн болж бүх материалууд нь гарчихлаа гэсэн болохоор бидэнд итгэл үнэмшил төрж гэрээ байгуулсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2 сар тутамд барилгажуулах үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хамтран ажиллах гэрээнд заагдсан байдаг. 2014 онд компани Г.Д-д шилжсэнээс хойш Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хяналт тавиагүй. Энэ гэрээнд тус барилгыг барих төсвийн хувьд хаанаас гаргаж байгаа талаарх зохицуулалт байхгүй байгаа. Хөрөнгө оруулагч компани гэж яриад байдаг. Гэхдээ ямар компани гэдэг нь тодорхойгүй байдаг. Үүнийг Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газар хараагүй, энэ төсөл дээр мөнгө байршуулсан данс зэргийг нь хянаагүй байдаг. Энэ компани 2008 онд байгуулагдсан урьд нь барилга барьж байгаагүй компани байдаг.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 486 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн Ж-1 дүгээр хэсгийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн, иргэд оршин суугчдын оролцоотой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, “Н” ХХК-ийн саналыг дэмжин 1.4 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх олгосон байдаг. Захирамжийг үндэслэн тус компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

 Улмаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Хуучин нэрээр/ “Н” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх бөгөөд гэрээний зорилго нь “Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1,4 га газрыг хамтран эзэмших, “Н” ХХК-ийг ажиллах бололцоогоор хангах, харин төсөл хэрэгжүүлэгч болох “Н” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу тухайн газарт 100 айл бичил хорооллыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах, улмаар “Орон сууц арилжааны гэрээ” бүхий иргэдэд хуваарилан олгохтой холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулах” гэж дурьдсан байдаг.

Тус гэрээний 2.4-д “Эхний ээлжинд баригдах орон сууцны 3 барилгын нийт айлын сууцны 90-ээс доошгүй хувьд “Орон сууцны арилжааны гэрээ” байгуулсан иргэдийг оруулах” 3.1-д “Б тал нь төслийн хэрэгжилтийн тэргүүн ээлжинд ирээдүйд баригдах орон сууцаар одоо эзэмшиж буй сууцаа арилжих “Орон сууц арилжааны гэрээ” байгуулсан иргэдэд гэрээнд заасан байр, сууцыг үнэ төлбөргүйгээр олгож иргэдийн өмчлөл ашиглалтад шилжүүлнэ”, 4.7-д “Талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр үүргээ биелүүлээгүй тал бүрэн хариуцна” гэж тус тус заасан.

 Өөрөөр хэлбэл төслийн бүхий л үе шатны ажил болон холбогдох харилцааг гэрээний Б тал болох “Н” ХХК нь хариуцан гүйцэтгэх үүрэгтэй байсан ба тухайн гэрээ болон төслийн үе шатны хяналтыг “Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар” хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “2008 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд байрлах хуучны 2 давхар нийтийн байруудыг ... төслийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр ... төсөл хэрэгжүүлэх эрх өгсөн байдаг.” гэжээ.

Дээр дурьдсанчлан Нийслэлийн Засаг даргын захирамж болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд өмнө нь төсөл хэрэгжүүлэх эрх олгосон шийдвэр гараагүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын буруутай үйл ажиллагааны улмаас “Н” ХХК-тай орон сууцны байр захиалах гэрээг 240 хүн хийж, урьдчилгаа 1.8 тэрбум төгрөг өгч хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалан хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1  “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэсний дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо захиргааны ямар актын улмаас хохирсон болохоо тодорхойлоогүй, мөн түүнчлэн тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэсэн хуулийн заалттай холбоотой манай байгууллагаас ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гарсан зэрэг нь тогтоогоогүй байхад нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн үндэслэлгүй нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн төлөөлөгч захирал Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...миний бие 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Н” ХХК-ийн захирал байсан Н.Насанжаргалаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахаа больсон нийтийн зориулалттай 305 айлын орон сууцны барилгыг шинэчлэн сайжруулах хүрээнд явагдаж байсан Ж-1 төслийг “Н” ХХК-ийн 100 хувь хувьцааны хамт хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр авч байсан. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төлөвлөж байсан Ж-1 төсөл нь 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 486 дугаар тоот захирамжаар 1,4 га газрын эзэмших гэрчилгээ, гэрээ, 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Ж-1 төслийг хэрэгжүүлэх тухай 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Үүний дагуу төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектур Э.Х орон сууц барих ерөнхий төлөвлөлт, төлөвлөгөөг баталж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг өгч байсан. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэн сайжруулах Ж-1 төслийг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр НЕТГ, НЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, баримтын зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийг хийж Улаанбаатар хотын ерөнхий архитектур болон НБХБГГ-ын дарга Э.Х*******аар батлуулан бүх техникийн нөхцөлүүдийг авч эхний ээлжинд баригдах 16 давхрын 2 ширхэг барилга 12 давхар 1 ширхэг барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тус барилгын төслийн ажил эрчимтэй явагдаж байхад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай 305 айлын 2 давхар орон сууцны оршин суугч иргэн Н.З, Н.П, Н.Н нар Нийслэлийн Засаг даргын 486 дугаар захирамжид маргаан үүсгэж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НӨХТ, НЕТГ-д тус тус Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

Дээрх нэхэмжлэл гаргасан асуудал 2013-2016 оны 11 дүгээр сар хүртэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч өгөхгүй удааширсан. Нийслэл дэх Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нээлттэй сонгон шалгаруулалт 2018 оны 06 дугаар сард зарласан. Г.Д миний бие 2014 оны 8 дугаар сараас хойш тус төслийн ажилд бүх техникийн нөхцлүүдийг жил бүр албан ёсоор авч, нийтийн 305 айлын орон сууцанд суудаг оршин суугчтай гэрээ байгуулж, эхний ээлжинд барилгажих газар чөлөөлөлт хийж нэг айл өрхөд түр шилжин нүүх түрээсийн төлбөрийг нийт 118 айлд 1 сарын түрээсийн төлбөр тус бүр 300,000 төгрөгөөр тооцож, нэг жилийн түрээс 3,600,000 төгрөг, нийт 424,000,000 төгрөг, 3 барилгын суурийн ажилд 294,600,000 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 162,800,000 төгрөг, барилгын зураг төслийн ажилд “А” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж, барилгын эскиз болон барилгын ажлын зураг хийлгэхэд 172,000,000 төгрөг тус тус зарцуулахын зэрэгцээ барилгын материал, бензин шатахуун, тээврийн зардал, ажилчдын цалин, хоол хүнс, оффисын бичиг хэрэг, татвар, ажилчдын нийгмийн даатгалд хөрөнгө мөнгө зарцуулж байсан. Тухайн үеийн төр захиргааны байгууллагын хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил, ажлын явц удааширсан байдлаас болж аж ахуйн нэгжүүд, хувь хүн иргэд хохирч үлдээд өдийг хүрч байна. 2018 оны 01 дүгээр сард Барилгачдын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг 3 барилгын суурийн ажилд зарцуулсан хөрөнгийн үнэлгээн дээр гаргуулахад нийт 294,000,000 төгрөг зарцуулсан нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.

2014 оны 11 дүгээр сард тус төсөлд БНХАУ-ын Шан-Дунь хотын Чун-Чен ХХК-тай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуралцаж байсан боловч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар уг асуудлыг шийдэж өгөхгүй байсан учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч өгөхгүй байсан. 2016 оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь нээлттэй сонгон шалгаруулалт явуул гэсэн шийдвэр гаргасан.

2018 оны 4 дүгээр сард БНХАУ-ын Шанхай хотын Жи Хө Да группээс хөрөнгө оруулалт хийх гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой биечлэн албан ёсны уулзалт хийж С.Батболд дарга Нийслэлийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А-т үүрэг өгөхдөө тус төслийг “Зуун заяа” группын захирал Г.Д-д шийдвэрлэж өг гэсний дагуу НБХТЕТГ нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж миний өөрийн үүсгэн байгуулсан “Зуун заяа” групп нь сонгон шалгаруулалтын материалаа худалдан авч сонгон шалгаруулалтын материалаа худалдан авч сонгон шалгаруулалтад оролцсон боловч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд солигдох гэж байгаа учир үнэлгээний комисс хуралдах нь хойшлогдсон .Энэ хугацаанд Г.Дминий бие нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 8 жилийн хорих ял авч шийтгэгдсэн.

“Н” ХХК бие даан нэхэмжлэгчээр оролцохгүй байсан учир нь 2014-2016 онд “Н” ХХК-ийн хэрэгжүүлэх гэж байсан Ж-1 орон сууцны төслийн ажлыг явуулж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан, зарим нэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ хийж, хамтарч ажиллах аж ахуйн нэгж, хувь хүн барилгын төслийн ажилд хөрөнгө оруулалт хийж байсан. Төслийн хугацааг төр захиргааны байгууллага сунгаж шийдэж өгөөгүй удааширснаас болж хөрөнгө мөнгө нийлүүлж хамтран ажиллаж байсан аж ахуйн  нэгжүүдийн Цагдаагийн байгууллагад хандаж Г.Д надад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэлсэн. “Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Д миний бие нь “Н” ХХК-тай 100 хувийн хувьцаа эзэмшигч баримтуудыг гаргаж өгч, нэхэмжлэгч Н.Т нь орон сууцны захиалагч нарыг төлөөлөх эрх бүхий иргэн боловч “Н” ХХК-ийг төлөөлөх эрхгүй болно. Энэ төслийн шийдвэрийг гаргаад, хэрэгжүүлэх эрх нь олгогдвол олон арван иргэд болон хөрөнгө нийлүүлсэн аж ахуйн нэгжүүд хувь хүмүүс ч хохирохгүй байх болно. Дээрх төсөлд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар байсан цаашид ч байх болно.

“Ө” ХХК нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахаа больсон орон сууцыг шинэчлэн сайжруулах төслийг хэрэгжүүлэх гэж нийт 1,800,000,000-аад төгрөгийг төслийн ажилд зарцуулсан. Өдийг хүртэл нэхэмжлэл гаргахгүй явсан нь Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газраас шийдвэрлээд өгчих байх гэж хүлээцтэй  хандаж өдийг хүрсэн. Энэ төсөлд хөрөнгө мөнгө нийлүүлсэн аж ахуйн нэгж хувь хүмүүс их байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” гэх гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь 5 гишүүнтэйгээр “гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудтай байнгын харилцаатай байх” гэсэн зорилготойгоор “байр захиалагч гишүүдээ мэдээллээр хангах, дэмжих” үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн байдаг бөгөөд нэхэмжлэлийг тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Н.Т болон тус төрийн бус байгууллага нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байр захиалагч иргэн Н.Т, Н.О, Ц.О, Ц.Э, Г.Б, Э.О, А.Ц, Б.С, Б.М, Б.Н, Ш.Б, Б.Н, Э. М, Ш.З, Б.О Б.А нарын 16 иргэнээс  итгэмжлэлээр эрх олгосноор гаргасан болно.    

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 486 дугаар захирамжийн дагуу “Н” ХХК нь Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучин нэрээр/ -тай хамтран ажиллах гэрээ байгуулсан баримт бичгийг үндэслэн тус компани 2009-2014 оны хооронд “С” ГҮТББ-ын 240 гишүүнтэй орон сууцны байр захиалах гэрээ хийж, урьдчилгаа төлбөрт 1.8 тэрбум төгрөг авч гэрээг биелүүлээгүй иргэдийг хохироосон” гэх үндэслэлээр “Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас 240 иргэн “Н” ХХК-тай орон сууцны байр захиалах гэрээг хийж, урьдчилгаа 1.8 тэрбум төгрөг өгч хохирсон болохыг тогтоолгох, хохирлыг барагдуулах” хэмээн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн  шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилтын хүрээнд хийгдсэн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нийт 210 га нутаг дэвсгэрийг хамарч хийгдсэн “Орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний зураг төслийг баталж, хэрэгжилтийг хангахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.

Энэ шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 дугаар захирамжаар “Орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн Ж-1 дүгээр хэсгийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн, иргэд оршин суугчдын оролцоотой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, “Н” ХХК-ийн саналыг дэмжин 1.4 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх олгож, төлөвлөлтийн Ж-1 дүгээр хэсэг болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 100 айлын нийтийн цагаан байр орчмын 1.4 га газрыг барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Н” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулах, инженерийн хангамжийн техникийн нөхцлийг олгох, барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, хэрэгжилтэнд хяналт тавихыг нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт үүрэг болгосон байна.

Энэ захирамжийг үндэслэн тус компанид 1.4 га газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга “Н” ХХК-д “Орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зориулалтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд  1.4 га газарт хуучин барилгыг шинэчлэн барилгажуулах орон сууцны 6, 9, 12, 16 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгож, 100 айл орон сууцны бичил хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгын эскиз зургийг баталжээ.

Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар “Н” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ нь “Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1.4 га газрыг хамтран эзэмших, “Н” ХХК-ийг ажиллах бололцоогоор хангах, харин төсөл хэрэгжүүлэгч болох “Н” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу тухайн газарт 100 айл бичил хорооллыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах, улмаар “Орон сууц арилжааны гэрээ” бүхий иргэдэд хуваарилан олгохтой холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулах” зорилготой байгуулагджээ.

Энэ гэрээнд тусгагдсан “Орон сууц арилжааны гэрээ” байгуулсан иргэд нь ирээдүйд баригдах орон сууцаар одоо эзэмшиж байгаа байраа сольж буй иргэд буюу 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчид бөгөөд “Н” ХХК-ийн байгуулсан “Орон сууц арилжааны гэрээ”-ний хугацаа, биелэлтэд Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар хөндлөнгийн хяналт тавихаар  хамтран ажиллах гэрээнд үүрэг хүлээсэн байна.

Гэтэл нэхэмжлэл гаргаж буй орон сууц захиалагч нар дээрх Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар “Н” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Орон сууц арилжааны гэрээ”-нд хамаарахгүй, “С” гэх гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүд болон уг төрийн бус байгууллагад итгэмжлэл олгосон иргэд нь 2010-2014 онд “Н” ХХК-тай “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “100 айл” орон сууцны бичил хороололд орон сууцны байр худалдан авахаар харилцан тохиролцож захиалгын итгэлцлийн гэрээ” байгуулж, гэрээний урьдчилгаа мөнгө төлсөн, ийнхүү гэрээ байгуулахад Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар ямарваа үүрэг хүлээж оролцоогүй байна.

Иймд төсөл хэрэгжүүлэгч “Н” ХХК нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төслийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1,4 га газарт  100 айл бичил хорооллыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй явдалд байр захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлж хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагаар Нийслэлийн барилга хот байгуулалт, хөгжлийн газрыг буруутгах, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “хот тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах”, 8 дугаар зүйлийн 8.1.7-д “шинэ хороолол, хотхон, гэр хороолол, хотын хуучин хэсгийг шинэчлэн барилгажуулах шийдвэр гаргах”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Нийслэлийн Засаг дарга “хот тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхтэй бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “шинэ хороолол, бичил хорооллыг төлөвлөх, байгуулах асуудлыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга санаачлах”-аар байна.

Иинхүү хотыг дахин төлөвлөх, шинэ хорооллыг байгуулахдаа мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар иргэдийн оролцоог хангах, нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэ нь тухайн орчинд оршин суугч иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэдгээрийн эрхийг зөрчигдөхөөс сэргийлсэн зохицуулалт байна.

Тиймээс ч  Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар “Н” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнд “орон сууц арилжааны гэрээ” байгуулсан иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой заалтууд тусгасан байдаг.

Дээрх үндэслэлээр буюу оршин суугч, өмчлөгч иргэдийн эрх ашгийг хангуулаагүй үндэслэлээр иргэн М.З нарын нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 162, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 456 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 372 дугаар тогтоолоор “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 486 дугаар захирамж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10  дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх төслийг  “Н” ХХК-иар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, 1.4 га газрыг эзэмшүүлэх эрх олгохоор зөвшөөрсөн дүгнэлтийг тус тус түдгэлзүүлж, дэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг хуульд заасан журмын дагуу дүгнэн шалгаруулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл дээрх эрхийн актууд, тэдгээрийг үндэслэн гарсан хариуцагч Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан үйл ажиллагаанаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирол” гэж үзэж хохирлыг барагдуулахаар  шийдвэрлэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нарын “Н” ХХК-тай байгуулсан “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “100 айл” орон сууцны бичил хороололд орон сууцны байр худалдан авахаар харилцан тохиролцож захиалгын итгэлцлийн гэрээ”-нд “хэрэв захиалагч талаас гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд байрны төлбөрийн урьдчилгаанд төлсөн мөнгийг хүү, алданги тооцохгүй буцаан авна”, “гүйцэтгэгч компани барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгч байна”, “компанийн үйл ажиллагаа, барилгын ажлын явц саатаж зогссон тохиолдолд гүйцэтгэгч компани захиалагчид байрны урьдчилгаа төлбөрийг 2 хувийн хүүтэйгээр буцаан олгоно” гэсэн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд байрны урьдчилгаа төлбөрийг хэрхэх талаар тохиролцсон байх тул гэрээний үүргийн биелэлт, хохирлыг “Н” ХХК-иас нэхэмжлэх боломжтой.  

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Т, “С”  гэх ГҮТББ-аас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас 240 иргэн “Н” ХХК-тай орон сууцны байр захиалах гэрээг хийж, урьдчилгаа 1.8 тэрбум төгрөг өгч хохирсон болохыг тогтоолгох, хохирлыг барагдуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.7, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ГҮТББ болон иргэн Н.Таас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас 240 иргэн “Н” ХХК-тай орон сууцны байр захиалах гэрээг хийж, урьдчилгаа 1.8 тэрбум төгрөг өгч хохирсон болохыг тогтоолгох, хохирлыг барагдуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА