Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00861

 

С н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02286 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 206 дугаар магадлалтай,

С н нэхэмжлэлтэй,

Н д холбогдох

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,205,455 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: С  нь Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгт 2002-2006 он хүртэл багшаар, 2006-2013 он хүртэл арга зүйчээр, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Намайг ажлаас халсан захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн боловч Захиргааны шүүхийн бус иргэний хэргийн шүүхийн харьяалал гэж буцаасан. Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгт 2016 оны 6 сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт орсон. Уг шалгалтаар 30 дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтын үйл ажиллагаа дууссан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон акт дүгнэлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт хандаж цэцэрлэгийн үйл ажиллагаагаа хэдийд зогсоох тухай албан бичиг хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөөгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянгол дүүргийн 30 дугаар дугаар цэцэрлэг дахин төлөвлөлтөд орсон, шинэ цэцэрлэгийн зураг хийгдэж байгаа гэсэн албан бичиг ирсэн байдаг. Дээд шатны байгууллагаас 30 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохтой холбоотойгоор ямар нэгэн шийдвэр ирээгүй учраас цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Нийслэлийн Боловсролын газар болон Баянгол дүүргийн Боловсролын хэлтсээс 2018 оны 5 сард тус цэцэрлэгийн багш ажилчдыг ажлын байраар хангах, цэцэрлэгийн хүүхдүүдийг өөр цэцэрлэгт хувиарлах, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох албан бичгийн дагуу 5 сард цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Гэтэл 2018 оны 06 сарын 14-ний өдөр намайг ажлаас халах захирамжийг гардуулж өгсөн бөгөөд уг захирамж 2018 оны 5 сард гарсан байсан. Сахилгын шийтгэл оногдуулж байгаа бол ёс зүйн хорооны хурал хийж, би хуралд оролцож үгээ хэлэх, тайлбар өгөх эрх бий. Гэтэл ямар ч ийм ажиллагаа явагдаагүй. Намайг ажлаас халах захирамж гаргахдаа албан тушаалаа урвуулан ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зэрэг нотлох баримт, үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, эгүүлэн ажилд тогтоож, 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,205,455 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 04 сарын 03-ны өдрийн Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С  нь Дотоод хяналтын нэгжийн гаргасан шийдвэрийн дагуу тушаал шийдвэр гаргаж арга хэмжээ аваагүй нь цэцэрлэгийн дүрмийн 1.8 дахь  хэсэгт   Цаг үеийн үйл ажиллагаа...шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана  гэж  заасныг хэрэгжүүлээгүй, эрхлэгч дээрх үйл ажиллагаанд холбогдох тушаал, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйн улмаас багш Ч.Цэрэнд 12 сард 69,339 төгрөгийн урамшуулал олгож Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7-д багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох үүрэгтэй гэж заасныг, түр ажилд авсан нягтлан бодогчид 41,968 төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон нь /Улирлын баланс гараагүй үед/ ЗГ-ын 1995 оны 96 тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын 2-т Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно гэсэн заалттай нийцэхгүй байна. Мөн нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад 44,511 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т заасан зөрчлийг гаргасан байна. Тус цэцэрлэгийн дотоод хяналтын нэгжийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан багш Т.Батцэцэгийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Гэтэл эрхлэгч С  мөн өдрийн А/42 тоот тушаалаар багш Т.Батцэцэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.  Уг тушаалын үндэслэлд цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 10.12-т Ажлын хариуцлага алдаж удаа дараа сануулга авсан...тохиолдолд ажлаас чөлөөлнө  гэх заалт,  цэцэрлэгийн  дотоод хяналтын нэгжийн шийдвэрээр гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах шийтгэл ногдуулж, нягтлан бодогч М.Ононд 10 хувиар бууруулж бодож олгохыг зөвшөөрсөн нь тушаалын агуулга, үндэслэл хоорондоо зөрчилдсөн бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7-д багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох гэж заасныг,  мөн нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-д заасныг, багшлах эрхгүй багш ажиллаж байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дах хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь цэцэрлэгийн эрхлэгч С  нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасан эрх, үүргээ хангалтгүй биелүүлж Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан. Иймд С н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02286 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С г Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н ас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,205,455 төгрөгийг гаргуулж С д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С н ажилгүй байсан 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Н д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,450 /70 200+66250/ төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 66,237.28 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 206 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “Н ас” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж, 3 дах заалтад “Н д” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02286 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 206 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. С тэй   2014 оны 06 сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хууль тогтоомжид өөрчлөлт орсон сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг үндэслэн ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож 2018 оны 02 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Ажлын хэсэг нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн шинээр гэрээ байгуулагдаагүй үед буюу хуучин гэрээгээр зохицуулагдаж байсан үеийн 2017 оны 10, 12 сард гаргасан зөрчил байсныг тогтоосон бөгөөд шинэ гэрээгээр зохицуулагдсан ноцтой зөрчил гаргасныг /багшлах эрхгүй этгээдийг багшаар ажиллуулсан, цэцэрлэгийн эрхлэгчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн/ мөн тогтоосон. Гэтэл шүүх үүнийг үнэлж дүгнэлгүй хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хөдөлмөрийн гэрээний эрх зүйн үйлчлэл дууссан буюу уг хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон байжээ гэж дүгнэсэн хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2014 оны 06 сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд тохиролцож оруулсан ноцтой зөрчил 2018 оны 02 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хасагдаагүй харин илүү тодорхой болгож харилцан тохиролцож оруулсан байгааг үнэлж дүгнээгүй. Ажил олгогч хуучин хөдөлмөрийн гэрээ буюу 2018 оны 02 сарын 28-нд шинэчлэн байгуулахаас өмнөх гэрээний зүйл заалтыг барихаар хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэсэн гэж буруутгаад, зөрчил нь 2018 оны 02 сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс өмнөх хугацаанд хамаарч байх тул уг гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчилд хамаарахгүй гэсэн нь шүүх ямар ч тохиолдолд нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж байна. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зөрчил нь шинэ хуучин хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд байсаар байхад хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02286 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 206 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна. 

Нэхэмжлэгч С  нь хариуцагч Н д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн Б/78 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж”-ийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,205,455.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...хөдөлмөрийн гэрээний 6.2-т  гэрээ цуцлах үндэслэлийг харилцан тохиролцсон, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

С  нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх Б/78 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.3, 6 дугаар хэсгийн 6.2.6, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С  нь албан үүргээ гүйцэтгэхдээ Төсвийн тухай хуулийн 6.4.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.7, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, Төрийн үйлчилгээний алба хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын 2 дугаарт заасныг тус тус зөрчиж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, багшлах эрхгүй этгээдийг багшаар ажиллуулсан, цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэсэн үндэслэл заажээ.

Н  нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 дугаар захирамжаар Б/78 дугаар захирамжид Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.3, 6 дугаар хэсгийн 6.2.6 гэснийг Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.2, 6 дугаар хэсгийн 6.3.7, 6.3.21, 6.3.22 гэж, мөн 1 дүгээр зүйлийн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.2.6 гэснийг хөдөлмөрийн гэрээний 6.3.7, 6.3.21, 6.3.22 гэж тус тус өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасан өөрийн гаргасан захирамждаа өөрчлөлт оруулах  нь түүний бүрэн эрхэд хамаарах тул шүүх өөрчлөлт оруулсан Б/78 дугаар захирамжид дүгнэлт өгсөн нь үндэслэл бүхий юм.

Ажил олгогч, ажилтны хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  хөдөлмөрийн гэрээ шинэчлэн  байгуулагдсанаар 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн Б/78 дугаар захирамжид заасан зөрчлүүдийг нэхэмжлэгч нь хэдийд гаргасан нь тодорхойгүй байх тул хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримттай харьцуулан зөрчлийн огноог тодорхойлж, С г  төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, багшлах эрхгүй этгээдийг багшаар ажиллуулж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс өмнөх хугацаанд хамаарч байх тул уг гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчилд хамаарахгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх захирамжийн үндэслэлд заасан С н гаргасан гэх зөрчлийн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт тулгуурлан ажил олгогчийн гаргасан шийдвэр нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн, гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасан ноцтой зөрчлийг ажилтан С  гаргаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч С г Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,205,455.00 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг Н д хариуцуулсан нь буруу тул шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 206 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН