Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

 

 

 

 

 

2022         01          06                                      2021/ШЦТ/78

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ад холбогдох 1906 06785 0773 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1976 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 1 дүгээр 7336 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж,1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Б овогт Бын А /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байрны 1 давхарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Мэндсайханы нүүрэн тус газарт нь өшиглөж, түүний биед тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мэндсайханы өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15:30 цагийн үед ТҮЦ-дээ худалдагч хийгээд байж байтал гаднаас Ц.Баярмаа, Нансаа 2 орж ирээд “Билгүүн хаана байна” гэхээр нь байхгүй гэхэд “чи хэн юм, гуйлгачин” гээд хэл амаар доромжлоод, өлгөсөн байсан агааржуулагчийг авч шидсэн. Хоёр шилэн лангууг өшиглөж хагалсан. Хоол халаадаг печь унагааж газар шидэж эвдэлсэн. Халуун савтай ус авч шидсэн. Халуун сав хагарсан. Лангуун дотор байсан бараа, хүнсний бүтээгдэхүүн гэмтсэн. Ц.Баярмаагийн нөхөр Амараа “манайхаас тог хулгайлсан байна” гээд тог тасарсан. Тэгээд хэрүүл болоод Амараа намайг заамдсан. Би адилхан заамдалцаж байгаад салсан... цагдаа ирэхийн өмнө бүргэд хаалганы хоёр бариулыг хугалсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээлгийн зааланд сууж байхад ... миний толгойн ар талаас 2 удаа цохисон. Би эргээд хартал миний нүүр рүү өшиглөсөн... ТҮЦ-д байсан эд хогшил болон зарж байсан хүнсний бүтээгдэхүүнүүд дахин ашиглагдахааргүй болсон... би ямар ч зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулсан байсан...”,

“... Б.А хаалганы дээр үүдэнд хананд байсан эйр кондейшн газар унагаагаад хагалчихсан. Ц.Баярмаа нь шилэн лангуу түлхэж унагаагаад хагалсан. Хөргөгч дээр байсан халуун савыг газар авч шидэж эвдсэн. Хөргөгчид байсан бараануудыг гаргаж газар шидсэн. Би өөдөөс нь маргалдсан. Харин ямар нэгэн зодоон хийгээгүй ... манай ТҮЦ ус, ундаа, чихэр жимс зардаг, би лангууны дотор талд байсан лангуунаас хөдлөөгүй... Б.А намайг Цагдаагийн газар байхад өшиглөсөн Тэгээд тархи доргичихсон...”,

“... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид бие биеэсээ уучлал гуйж, сайн дураар эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх.1.21-24, 25-26, 237-238/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Алтаншагайн өгсөн: “... араас нь орж ирсэн өндөр биетэй бор царайтай хар хөх өнгийн куртик хар өнгийн биеийн тамирын өмд, улаан өнгийн пүүз гуталтай залуу орж ирээд Ц.Мэндсайханы хажууд хараад зогсож байсан. Гэнэт сандал дээр сууж байсан Ц.Мэндсайхан гэх залуугийн баруун талын нүүр шанаа хэсгийг хавсраад зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би очоод салгаад холдуулсан. Ц.Мэндсайханы биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13638 дугаартай:

“1. Ц.Мэндсайханы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэх боломжтой” гэх дүгнэлт /хх.42/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.1.87-88/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... зүүн хөлөөрөө Мэндсайханы баруун талын шанаа хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь үүдэнд байсан цагдаа ирээд салгасан. Миний хувьд энэ хүнд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.92/,

Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.99-100, 104-105, 124/,

Хохирлын баримт /хх.1.161-176/,

Шүүгдэгч Б.Агийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.1.240, 2.13/,

Хохирогч Ц.Мэндсайханы хохирол нөхөн төлбөр авсан, гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх.1.241/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.2.15/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байрны 1 давхарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Мэндсайханы нүүрэн тус газарт нь өшиглөж, түүний биед тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мэндсайханы өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15:30 цагийн үед ... хэрүүл болоод Амараа намайг заамдсан... Цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээлгийн зааланд сууж байхад ... миний толгойн ар талаас 2 удаа цохисон. Би эргээд хартал миний нүүр лүү өшиглөсөн...”,

“... Б.А намайг Цагдаагийн газар байхад өшиглөсөн Тэгээд тархи доргичихсон...” гэх мэдүүлэг /хх.1.21-24, 25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Алтаншагайн өгсөн: “... Гэнэт сандал дээр сууж байсан Ц.Мэндсайхан гэх залуугийн баруун талын нүүр шанаа хэсгийг хавсраад зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13638 дугаартай:

“1. Ц.Мэндсайханы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэх боломжтой” гэх дүгнэлт /хх.42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... зүүн хөлөөрөө Мэндсайханы баруун талын шанаа хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь үүдэнд байсан цагдаа ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.1.92/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ч.Мэндсайхан нь эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй  гэсэн учир шүүгдэгч Б.Аг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

          Б.Агийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарч байна.

          Гэтэл Б.Аг урьд нь тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгожээ.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байна.

           Гэвч мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх тул шүүгдэгчийг энэ удаагийн өршөөлийн хуульд хамааруулах үндэслэлгүй юм.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.Ад оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овгийн Бын Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Батмягмарт сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Мэндсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР