Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1789

 

Д.Солонгын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01484 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батсүхэд холбогдох       

Гэм хорын хохирол 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр

Хариуцагч Б.Батсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батсүх нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр надад бусдын өмчлөлийн лангууг өөрийн өмчлөлийнх мэтээр ойлгуулж хууран мэхлэх замаар өөрийгөө "Хархорин" захын 1 дүгээр давхарт байрлах 11 номерийн лангууны эзэн гэж итгүүлэн улмаар уг лангууг худалдахаар тохиролцсон. Д.Солонго нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Батсүхийн ХААН банкны 5029148257 тоот дансанд дээрх худалдан авсан лангууны төлбөр 9 000 000 төгрөгийг шилжүүлэн хохироод байна. Худалдан авсан лангуу Б.Батсүхийн өмчлөлийн зүйл биш харин Хархорин худалдааны төвийн өмчлөлийн зүйл байсан бөгөөд хариуцагч нь тухайн лангууны хувьд зөвхөн түрээслэгч байсныг сүүлд мэдсэн. Ингээд түүнд залилуулсан гэдгээ ойлгоод 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 дугаар хэлтэст энэ талаар өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх тогтоолд дурдсанаар хариуцагчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч  бусдыг хууран мэхлэх замаар 9 000 000 төгрөг авсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан нь тогтоогдсон. Энэхүү прокурорын тогтоолд Б.Батсүх гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Батсүхээс үндэслэлгүйгээр авсан 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Солонготой харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хархорин захын лангуугаа зарсан. Гэтэл Д.Солонго намайг залилан мэхэлсэн гэж гүтгэж байна. Д.Солонго уг лангууг Хархорин захын өмчлөлийн, сарын 630 000 төгрөг төлдөг гэдгийг сайн мэдэж байсан. Уг лангууг 10 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон ба 9 000 000 төгрөгийг өгч, түрээсийн гэрээг Д.Солонгын нэр дээр болгосны дараа үлдсэн 1 000 000 төгрөгийг өгөхөөр болсон. Гэвч Д.Солонго уг лангууг түрээсийнх гэдгийг мэдээгүй гэж худал нэхэмжлэл гаргасан. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас 201626021780 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тухай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн. Түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байтал Д.Солонго 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад зогсохгүй нэхэмжлэлдээ намайг гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон хэмээн гүтгэсэн байна. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батсүхээс 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Солонгод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжийн 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Солонгод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие бөөрний өвчний улмаас эмнэлгийн байнгын хяналтанд байж, эмчилгээ хийлгэдэг. 2017 оны 5 дугаар сарын 20-ны үеэс өвчин хүндэрч, эмчилгээ хийлгэж байснаас 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд очих боломжгүй байсан. Энэ талаарх эмнэлгийн магадлагааг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хүлээн аваагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байсан. Эмч, эмнэлгийн магадлагааны сарыг засварласан бол энэ талаар магадлагаа олгосон эмчээс асууж, холбогдох бичиг баримтад үзлэг хийж шалгах эрх шүүхэд байхад үүнийг шалгалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 6.6 дахь хэсэгт заасны дагуу миний мэтгэлцэх эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу 9 000 000 төгрөгийг надаас гаргуулж Д.Солонгод олгохоор шийдвэрлэжээ. Би Хархорин захаас түрээслэн ашиглаж байсан 11 дүгээр лангуу эзэмших эрхээ Д.Солонгод худалдаж, түүнд хүлээлгэн өгч, 9 000 000 төгрөг хүлээн авсан. Надаас 9 000 000 төгрөг гаргуулан Д.Солонгод олгохооор шийдвэрлэсэн атлаа миний эзэмшиж байсан 11 тоот лангууг надад буцааж олгоогүй, түүнд давхар үлдээсэн гэж үзэхээр байна. Мөн Хархорин захад төлөх түрээсийн төлбөрийн асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж байх тул тус байгууллагыг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай талаар шалгалгүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  Д.Солонго  хариуцагч  Б.Батсүхэд  холбогдуулан  гэм  хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хархорин худалдааны төвийн 1 давхарт байрлах 11 тоот лангууг түрээслэн худалдаа эрхэлж байсан хариуцагч Б.Батсүх нь уг лангууг нэхэмжлэгч Д.Солонгод 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 9 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

Маргааны зүйл болох Хархорин худалдааны төвийн өмчлөлийн лангууг хариуцагч Б.Батсүх түрээсэлж байсныг сүүлд мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч  уг лангууг Хархорин худалдааны төвийн өмчлөлийнх гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж үгүйсгэжээ.

Зохигчид маргааны зүйл болох лангууг Хархорин худалдааны төвийн өмч гэж тайлбарласнаас үзэхэд Хархорин худалдааны төвийн эрх, ашиг хөндөгдөж байгаа эсэх, уг байгууллагад мэдэгдсэн эсэх, энэ талаарх өмчлөгчийн байр суурийг анхан шатны шүүх тодруулж, ажиллагаа хийсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд эдгээрийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Б.Батсүхийн анхан шатны шүүхэд гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд хавсаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Солонгод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй нь түүний хуулиар олгосон эрхийг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01484 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батсүхээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.НАРМАНДАХ   

                                                    ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

                                                                                                              Д.БАЙГАЛМАА