Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ч.Ц, В.Э нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Н.Нарангэрэл,

            шүүгдэгч Ч.Ц,

            шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгч Б.Баасандорж,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ц, В.Э, шүүгдэгч В.Эын өмгөөлөгч Б.Баасандорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Ц, В.Э нарт холбогдох 1710010750191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Банди бошиг овгийн Ч.Ц, Өвөрхангай аймагт 1973 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-32 тоотод оршин суух хаягтай,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2001 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: ЙЛ................../

 

2. Магсар овгийн В.Э, Улаанбаатар хотод 1977 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ган тоонот” ХХК-д гагнуурчин ажилтай гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын 7 дугаар байр, 53 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ШЕ..................../

 

В.Э, Ч.Ц нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн барьж буй “Тоскана интернэшнл гарден” хотхоны барилгад хууль бусаар нэвтэрч 1,106,200 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг халаалтын радиатор хулгайлсан,

В.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Отгонтэнгэр” ХХК-ийн орон сууцны барилгад хууль бусаар нэвтэрч 706,600 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг халаалтын радиатор хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас В.Э, Ч.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: В.Э, Ч.Ц нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар В.Э-ыг 3 жилийн хугацаагаар, Ч.Ц-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй болно. Би 6-20 насны дөрвөн хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг зохих хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч В.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие санамсаргүй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй болно. Би ганц бие өрх толгойлон амьдардаг тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч В.Э-ын өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлын хувьд В.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Ц, В.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад В.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Отгонтэнгэр” ХХК-ийн орон сууцны барилгад хууль бусаар нэвтэрч 706,600 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг халаалтын радиатор хулгайлсан,

В.Э, Ч.Ц нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн барьж буй “Тоскана интернэшнл гарден” хотхоны барилгад хууль бусаар нэвтэрч 1,106,200 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг халаалтын радиатор хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Д.Жаргал /хх-16-17, 169-70/, хохирогч “Отгонтэнгэр групп” ХХК-ийн төлөөлөгч Б.Нарангэрэл /хх-112-113/, гэрч Б.Оргилбаатар /хх-18-19/, Д.Мөнхжаргал /хх-20/, Н.Түмэннамсрай /хх-23-25/, Б.Чимэддагва /хх-172/, В.Энхтуяа /хх-29-31, 173/ нарын өгсөн мэдүүлгүүд, хулгайд алдагдсан халаалтын радиаторуудын зах зээлийн үнэлгээ /хх-34-35, 125-26/, Ч.Ц, В.Э нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, В.Э, Ч.Ц нарыг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Шүүгдэгч Ч.Ц, В.Э нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч байгууллагуудын хохирлыг барагдуулсан байх тул тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хөнгөрүүлж, В.Э-т 1 жил 6 сар хорих ял, Ч.Ц-д 1 жил хорих ял оногдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар В.Э-т 1 жил 6 сар хорих ял, Ч.Ц-д 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э, Ч.Ц нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН