Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 155

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:00000/

Хариуцагч: “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ

Гуравдагч этгээд: “П” ХХК РД:00001

Нэхэмжлэлийн шаардлага: “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмж, тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот албан бичиг, гуравдагч этгээд “П” ХХК -ийг шалгаруулсан шийдвэр, гуравдагч этгээд “П” ХХК -тай байгуулсан тендерийн гэрээ, түүний хавсралтуудыг тус тус хүчингүй болгож, уг тендерт дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд” даалгуулах. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, С.Ч, Л.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Т, иргэдийн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Саяхан Нийслэлийн Ус сувгийн удирдах газраас “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах УСУГ-БМ-20*******” гэсэн тендер зарлаж, тендерийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад нээсэн.

            Уг тендерт газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний салбарт автобензин болон дизелийн түлш импортлох борлуулах зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон манай компани материал авч оролцлоо.

            Манай компанийн хувьд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний салбарт автобензин болон дизелийн түлш импортлох зах зээлийн 7-8 хувийг хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

            Харин уг зах зээл дээр манай өрсөлдөгч болох “Пг” ХХК /”П” ХХК , “И” ХХК, “Птг” ХХК гэх мэт/ компани нь автобензин болон дизелийн түлш импортлох борлуулах зах зээлийн 40 хувийг атгаж, давамгай байдалтай, асар хүчтэйгээр тэргүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа болохыг олон нийт, хэвлэл мэдээлэл, төр засаг сайн мэдэх билээ.

            Монгол Улсын автобензин болон дизелийн түлш борлуулах зах зээл дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч олон компаниуд хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөж эхэлсэн.

            Гэтэл сая энд дурдсан УСУГ-БМ-20******* тендерт оролцсон “Пг” ХХК нь бусад оролцогч компаниудыг тендерээс, зах зээлээс шахан гаргах зорилгоор автобензин болон дизелийн түлшний үнийг зардлаас доогуур тогтоож, өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан үйлдэл гаргасан.

            Тодруулбал, дээр дурдсан өрсөлдөгч групп компанийн төлөөлөл болох “П” ХХК  нь өнөөдрийн зах зээл дээр тогтсон ШТС-ын үнээс даруй 12-16 хувь доогуур буюу бүтээгдэхүүний бодит өртөг болох гадаад импортын Оросын Холбооны Улсын үнэ, валютын ханш, гааль, онцгой татвар, хураамж, тээврийн болон үйл ажиллагааны зардал, ашиг тооцоогүй бодит зардлаас даруй 10-14 хувь доогуур хасах үнийн санал өгсөн нь автобензин болон дизелийн түлш борлуулах зах зээлээс биднийг шахан гаргах бодит үйлдэл болсон. Ингэж “Пг” ХХК нь биднийг хасах үнээр ажиллуулж, шууд дампууралд хүргэх, зах зээлээс шахагдан гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.

            “Пг” ХХК, “П” ХХК -ийн удирдлага нь Засгийн газрын үнийн комиссын хуралдаанууд дээр Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийн өмнө борлуулж байгаа тонн шатахуунд 225,000-280,000 төгрөгийн үйл ажиллагааны тогтмол зардал байдгийг хэлж ирсэн. Энэ нь үнэн бол зардлаас доогуур үнээр борлуулах санал гаргах учиргүй.

            Ийнхүү бага үнэ өгснөөр манай компанийн эрх ашгийг шууд зөрчиж байна. Учир нь манай “С” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шударга өрсөлдөж, бусад өрсөлдөгч компаниудын эрх ашгийг нь зөрчихөөргүй шударга үнийн санал өгч оролцсон.

            Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр гартал түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичиг ирснээр манай компанийн шударга үнийн санал бага мэтээр бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл болсон бөгөөд хэрэв “П” ХХК  нь шударга үнийн санал өгсөн бол манай компани энэхүү тендерт ялалт байгуулж, өнөөдөр шатахууныг нийлүүлж ашиг олох байсан.

            Манай компанийн ашгийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Т албан бичиг хаан боогдуулж байна. Мөн “П” ХХК  нь холбогдох хуулиудыг уландаа гишгэж, хуурамч үнийн санал өгч манай компанийн эрх ашгийг шууд зөрчих үйлдэл гаргаж байгаад тус тус гомдолтой байна.

            Сангийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээдэг.

            Дээр дурдсан нэр бүхий “Пг” ХХК, “И” ХХК, “П” ХХК  зэрэг компаниуд нь газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд хамтран үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно” гэж заасны дагуу давамгай байдалтай болох нь бодит байдалд үнэн билээ.

            Энэхүү давамгай байдалтай аж ахуй эрхлэгч компаниас зах зээлд борлуулах бараа бүтээгдэхүүнийхээ үнийг зардлаас доогуур тогтоож, тендерт оролцсон үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг ойлгоно”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасантай яв цав нийцсэн хууль бус үйлдэл болсон юм.

            Хэрэв “П” ХХК -ийн зардлаас доогуур санал өгч тендерт оролцож буй үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэгдвэл тухайн компани нь төрөөс болон хувийн хэвшлээс зарлаж буй бүх тендер шалгаруулалтад энэ аргаараа ялж, тухайн зах зээлд өрсөлдөгчдөө богино хугацаанд шахан гаргаж, улмаар дангаар ноёлох боломж нь бүрэлдэх билээ. Чухамхүү аливаа этгээдийн энэ мэт зүй бус үйлдэл нь өрсөлдөөн болон тендерт өнөөдөр биш юм гэхэд ирээдүйд сөрөг үр дагаврыг үүсгэдэг тул Өрсөлдөөний тухай хуулиар онцгойлон зааж, хориглож, энэ төрлийн үйл ажиллагаанд нягт хяналт тавьж ажиллах үүргийг төрийн байгууллага Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүлээдэг гэж бид үздэг.

            Энэ ч утгаараа Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байна.

            Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгүүдэд зааснаар тендерт оролцогч нар нь худалдан авах ажиллагааны бүхий л шатанд өрсөлдөх тэгш боломжоор хангагдах зарчмыг баримталдаг.

            Гэтэл “П” ХХК  нь зах зээлийн үнээс хэт доогуур буюу зардлаас доогуур үнийн санал өгч оролцож байгаа нь тухайн тендерт ямар ч хамаагүй /шударга бус үнэ бүхий/ аргаар ялж, улмаар цааш цаашдын тендерт энэ мэт аргаар ялалт байгуулан тухайн зах зээлд өрсөлдөгч компаниудыг зах зээлээс шахан гаргах атгаг муу санаа зорилготой байгаа нь илэрхий байна. Ийнхүү үр дагавар нь бага үнийн саналаар ялж, тухайн тендер үр ашигтай мэт өнгөц харагдах боловч цаашид тухайн зах зээлд дангаар ноёлж улмаар үнийг хүссэн хэмжээнд өсгөх зэрэг үр дагавартай болохыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн байгууллагын хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, төсвийн асуудал эрхэлсэн Сангийн яам, түүний албан хаагчид сайтар мэдэх учиртай билээ.

            Өөр нэг өнцгөөс нь авч үзвэл “П” ХХК  нь өнөөдрийн байдлаар зардлаас доогуур үнийн санал өгч өрсөлдөгчдөө тухайн тендерээс шахан гаргаж, улмаар хэсэг хугацааны дараа тухайн үнэд өөрчлөлт оруулах замаар бараа бүтээгдэхүүний алдагдлыг нөхөх санаа зорилготой байхыг үгүйсгэхгүй юм.

            Мөн нөгөөтээгүүр “Пг” ХХК-ийн өгсөн үнийн санал нь нэгэнт зах зээлийн бодит үнэ бус зардлаас доогуур болох нь баримтаар нотлогдон тогтоогдох тохиолдолд энэ нь илт худал тендерийн үнийн санал болох буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар тухайн компани нь тендерийн ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй билээ.

            Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит захиалагч байгууллага болон Сангийн яамны үүрэг хариуцлагыг зохицуулсан, харин Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлд өрсөлдөгчийг шударга өрсөлдөх нөхцөлийг хангах талаар аж ахуйн нэгжүүд болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үүрэг хариуцлагыг зохицуулсан гэж ялгаж, тусгаарлаж ойлгож байдаг.

            Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4-д зааж хориглосон үйлдэл мөн эсэхийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх зүйлүүдэд заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим алдагдсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Ер нь тендер нээх хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, тендер шалгаруулсан шийдвэр гарсан өдрөөс хойш Сангийн яам гэж асуудлыг харьяалсан байх боловч тендер нээсэн өдрөөс тендер шалгаруулсан өдөр хүртэлх 45 хоногийн хугацааны дотор хууль зөрчигдсөн асуудлыг хуулиар харьяалалгүй орхигдуулсан байгаад төрд гомдолтой байна.

Ингэж төрийн байгууллагууд руу албан гомдол шаардлага хүргүүлээд уг тендерт шалгалт хийхийг хүлээх хугацаанд УСУГ-аас 2018.04.19-ний өдрийн 6/875 албан бичиг ирсэнтэй танилцахад уг тендерт хууль бусаар тендерт оролцогчийг шалгаруулсан болох нь, манай компани уг зах зээлээс шахагдан гарсан болох нь илт тодорхой боллоо.

Энэхүү мэдэгдлийг хүлээн авч бидний зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18/1269 тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яаманд гомдол гаргасны дагуу манай гомдолд Сангийн яамнаас 6-1/2618 тоот хариу гаргасныг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 40 минутад Сангийн яамны бичиг хэргээс Я.Хулангаас хүлээн авч танилцаад шүүхэд хандаж байна.

Иймд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж УСУГ-БМ-20******* тендерт оролцсон “Пг” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоож, Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн, А/17 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т2018.4.19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С” ХХК-ийг шалгаруулахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Үнэлгээний хорооны дарга Л.Э нар шүүхэд хамтран ирүүлсэн хариу тайлбартаа: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ус сувгийн удирдах газарт холбогдох Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С” ХХК-ийг шалгаруулахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй, УСУГ-БМ-20******* /УСУГ*******/ цахим дугаартай тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн А/17 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулан 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Засгийн газрын мэдээ, Үндэсний шуудан сонин болон tender.gov.mn сайтад цахимаар нээлттэй зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад тендерийн нээлт хийхэд 5 нь оролцогч материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороо нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдан материалаа ирүүлсэн оролцогчдын тендерийг тус хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд шаардлага хангасан тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3 Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28.7.3 Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4 Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу төсөвт өртөгт багтсан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК -ийг шалгаруулан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн.

“С” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тендерийн баримт бичгийг Сангийн яаманд өгч гомдлыг хянан шийдвэрлүүлэхэд Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/2618 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3, 28.7.3-д заасны дагуу захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн шийдвэр гарсны дагуу гэрээ байгуулан хамтран ажиллахаар болоод байна.

“С” ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлд: 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичиг ирснээр манай компанийн шударга үнийн санал баг мэтээр бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл болсон бөгөөд хэрэв “П” ХХК  нь шударга үнийн санал өгсөн бол манай компани энэхүү тендерт ялалт байгуулж, өнөөдөр шатахууныг нийлүүлж, ашиг олох байсан. Гэсэн нь тухайн компанийн дотоодын асуудал нь тендер шалгаруулалттай шууд хамааралгүй, шалгараагүй тухай албан бичгийг явуулснаар бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл бус хуульд заасан хууль ёсны үйлдэл юм. Иймээс “П” ХХК  нь хуурамч үнийн санал өгсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай байгууллага “С” ХХК-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж ирсэн. Тендер шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн саналууд манай тендерийн баримт бичигт заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-Д “шаардлагад нийцсэн тендерийн үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-Д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймээс Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-2018- 19 дугаар тендерийг үнэлсэн, А/17 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С” ХХК-ийг шалгаруулахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “П” ХХК  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээд “П” ХХК  дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах №УСУГ-БМ-20******* цахим тендерт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр оролцсон. Тендерийн баримт бичигт А-80 авто бензин 387557 литр, АИ-92 авто бензин 232726 литр, Дизелийн 442294 литр гэж заасан бөгөөд энэхүү шатахууныг манай компани нийт 1,713,642,502 төгрөгт нийлүүлэхээр үнийн санал хүргүүлсэн. Улмаар Ус сувгийн удирдах газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/873 тоот албан бичгээр манай тендер хамгийн сайнаар үнэлэгдсэн тул ажлын 5 хоногийн дараа гэрээ байгуулж хамтран ажиллах болсныг албан мэдэгдэж байна гэсэн албан бичиг ирсэн. Уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахаар тендерт заасан нөхцөлийн дагуу гэрээг албажуулан Ус сувгийн удирдах газар хүргүүлсэн боловч өнөөг хүртэл гэрээ байгуулагдаагүй байна. Тендерийн үнийг санал болгохдоо компанийн үнийн үндсэн зорилгыг баримтлан гаргасан болно.

“Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Г шүүхэд хандаж “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан дарга Ц.Т 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С” ХХК-ийг шалгаруулахыг Ус сувгийн удирдах газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмж, тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Ус сувгийн удирдах газарт даалгаж өгнө үү” гэж тодруулж, 2019 оны 3 дугаар сарын 06-нд “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмж, тус газрын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 тоот албан бичиг, гуравдагч этгээд “П” ХХК -г шалгаруулсан шийдвэр, гуравдагч этгээд “П” ХХК -тай байгуулсан тендерийн гэрээ, түүний хавсралтуудыг тус тус хүчингүй болгож, уг тендерт дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгуулах” гэж эцсийн байдлаар өөрчилж тодруулсан, энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “П” ХХК  нь шатахууны өөрийнх нь өртгөөс бага үнээр үнийн санал хүргүүлсэн... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Тендерийг хянан үзэх шатыг алгасч шууд үнэлгээ хийсэн... “П” ХХК -ийн тендер нь шаардлага хангаагүй...байхад шалгаруулсан...гэрээний үнийг өөрчлөхийг хориглосон байхад үнийг өөрчилсөн...” гэж тодорхойлсныг хариуцагч гуравдагч этгээд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, Гуравдагч этгээд “П” ХХК -ийг шалгаруулсан шийдвэр болон Үнэлгээний хорооны 01 дүгээр зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах УСУГ-БМ-20******* дугаар тендер зарласнаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тендерийг нээхэд уг тендерт “Ш” ХХК– 1,846,847,971 төг, “С” ХХК–1,863,439,252 төг, “А” ХХК–1,792,672,455 төг, “П” ХХК –1,713,642,502 төг, “М” ХХК–1,832,054,324 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо нь уг тендер шалгаруулалтанд ирүүлсэн тендер бүрийг хянан үзэх журамтай байхад “П” ХХК -ийн ирүүлсэн тендерийг зөвхөн “шаардлагад нийцсэн” гэж үзэж бусад компаниудын, тухайлбал нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг “төсөвт өртгөөс давсан” гэсэн үндэслэлээр үнэлээгүй, хянан үзээгүй нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримт болох 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын протоколоос үзвэл үнэлгээний хорооны гишүүн С.Чинбаатар мэдээлэл хийж Ус сувгийн удирдах газрын 2018 оны бараа материалын төлөвлөгөөнд тусгагдсанаар шатахуунд 171,373,571 төгрөг төсөвлөсөн...5 компани материалаа ирүүлснийг тус тус үнийн саналын хамт танилцуулснаар “Үнэлгээний хорооны комиссийн гишүүдийн 100 хувийн саналаар “П” ХХК -ийг шатахуун нийлүүлэгчээр сонгон шалгаруулах, үнэлгээний хорооны шийдвэрийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Т д танилцуулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн гэж тэмдэглэжээ.

Үүнээс үзвэл хариуцагч Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендер бүрийг хянан үзэж үнэлээгүй нь хууль бус, ийнхүү нэхэмжлэгчийг “төсөвт өртгөөс давсан” гэсэн үндэслэлээр үнэлгээнд оруулаагүй гэх боловч Үнэлгээний хорооны хуралдаанаар нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах эсэх, татгалзах бол ямар үндэслэлээр татгалзаж байгаа талаар хэлэлцээгүй, татгалзсан үндэслэлийн талаар мэдэгдэл хүргүүлэх талаар шийдвэрлээгүй зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Үнэлгээний хорооны дээрхи шийдвэр болон “П” ХХК -ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн уг Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрт үндэслэн гарсан, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар бүхий “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай” зөвлөмжөөр УСУГ-БМ-20******* дугаар тендер сонгон шалгаруулахад хамгийн сайн үнэлэгдсэн “П” ХХК -тай /үнийн санал-1 713 642 502,00 төгрөг/ гэрээ байгуулахыг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Т д зөвлөж байна, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг хүссэн, уг зөвлөмжийн дагуу “П” ХХК -тай гэрээ байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-д заасан шаардлагуудыг нэхэмжлэгч хангаж байгаа эсэхийг хариуцагч Тендерийн үнэлгээний хороо хянан үзэж, улмаар тендерийг үнэлэх ёстой байсан хэдий ч Үнэлгээний хороо үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийгээгүй байна.

            Иймд УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр болон 01 дугаар зөвлөмжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу Тендерт оролцогч “П” ХХК -ийн тендерийн баримтууд нь зөрчилтэй байгаа тохиолдолд Ус сувгийн удирдах газар болон Үнэлгээний хороо нь холбогдох тайлбар тодруулгыг шаардан гаргуулж болох байсан бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан,  “Ус сувгийн удирдах газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахыг захиалагчид зөвшөөрч, гүйцэтгэлд хяналт тавихыг зөвлөснөөр Ус сувгийн удирдах газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.

Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл Ус сувгийн удирдах газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийн агуулга нь “үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр танай ирүүлсэн тендер үнийн саналаар шалгараагүй” тухай мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг албан бичиг нь зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг байна.

Түүнчлэн уг албан бичиг нь захирамжилсан шинжгүй, шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргэсэн, үүний улмаас нэхэмжлэгч “С” ХХК-д ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гурав. Гуравдагч этгээд “П” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, гуравдагч этгээд “П” ХХК -тай байгуулсан тендерийн гэрээ, түүний хавсралтуудыг тус тус хүчингүй болгож тендерийн үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгуулах шаардлагын тухайд:

Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахыг захиалагчид зөвшөөрснөөр Ус судгийн удирдах газрын дарга Ц.Т болон “П” ХХК -ийн хооронд 2018 kys 08 дугаар сарын 24-ний өдөр “Шатахуун нийлүүлэх тухай гэрээ” байгуулж, уг гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйл.Худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглох

41.1. “Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно”

41.1.1. “Захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх”;

41.1.2. “Энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх.”

41.2. “Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.”

42 дугаар зүйл. “Хүчин төгөлдөр бус гэрээ”

42.1. “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:”

42.1.2. “Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан;”

42.1.3. “Энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж заажээ.

            Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэснийг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдож байгаа хэдий ч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааснаас үзвэл аливаа тендер нь уг зарчимд үндэслэх журамтай.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгож улмаар үнэлгээг дахин хийхийг даалгах нь тухайн тендер “үр ашигтай, хэмнэлттэй” байх зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.7, 28.7.3, 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УСУГ-БМ-20******* дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас уг тендерт “С” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т тус тус даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Ус сувгийн удирдах газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

       ШҮҮГЧИД                                  Д.ХАЛИУНА

                                                                 Д.ЧАНЦАЛНЯМ