Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0230

 

А.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Бийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн А.Б надад 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-338 дугаар тушаалаар Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг олгож, 2011/60 тоот гэрчилгээгээр баталгаажуулсан тул би Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ-г 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан.

А.Б миний бие Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд 2014/04 тоот Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ-нд зааснаар Мод тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах 0.4 га газрын өөрт ногдох хэсэгт 60 орчим мод, бут, суулгацыг тарьж, цаашид үржүүлгийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Гэрээний дагуу талбай дээр мод үржүүлгийн ажлыг хийж байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Нүхтийн амыг хариуцсан мэргэжилтэн 2015 оны 04 дүгээр сард ...танай мод үржүүлгийн талбайд газар олголт хийнэ гэж мэдэгдсэний дагуу 2015 оны 04 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын захиргааны дарга н.Ширэндэв, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга Ч.Б нарт гомдлоо гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй юм.

Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Нүхтийн ам хариуцсан мэргэжилтэн Д.Банди ... танай мод үржүүлгийн газарт Д.Г гэдэг хүнд газар олголт хийсэн, кадастрын зураг үзүүлсэн тухай мэдэгдсэн тул ...газар олгосон шийдвэртэй танилцъя гэхэд сайдын тушаал гарсан гэснээс өөр зүйл үзүүлж чадаагүй.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын төлөвлөлтийг зөрчиж, Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын 2014/04 тоот гэрээ-нд заасан газартай давхцуулан иргэн Д.Гад газар ашиглуулахаар олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалын иргэн Д.Гад газар ашиглуулахаар олгосон холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн А.Б нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын жил жилийн төлөвлөгөөнд тусгагдсан талбай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилтын хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх үржүүлэх ажлыг гэрээ-ний дагуу цэцэрлэгт хүрээлэн байгуулах 0.4 га газрыг өөрт ногдох 0.07 га газарт улиас, шинэс, үхрийн нүд, нарс зэрэг мод, бут, сөөгийг 2014, 2015 онуудад тарьж, цаашид үржүүлгийг үргэлжлүүлэхээр ажиллаж байсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхорол нь 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-188 дугаар тушаалыг гаргахдаа дээрх мод, бут, сөөг тарьсан 0.07 га газартай давхцуулан иргэн Д.Гад 1485 м.кв газар ашиглуулах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал, газрын кадастрын тухай хууль, Байгаль орчны сайдын 2011 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам, мөн сайдын 2008 оны 271 дүгээр тушаалаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгаль хамгаалах журам-ын холбогдох заалтууд, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг хуулиудыг зөрчин тушаал гаргаж, иргэн Д.Гад газар ашиглуулах зөвшөөрөл олгосон.

Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох бусад журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу Тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг дарга нар гаргана гэж хуульчилсныг зөрчиж, шууд сайдад өргөдлөө гаргаж газар ашиглах зөвшөөрөл авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, мөн сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хамгаалалтын захиргаа болон Засаг даргаас ямар нэгэн санал аваагүй байхад газар ашиглах зөвшөөрөл олгосон. Энэ асуудал бол хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Байгаль орчны сайдын 2001 оны 218 тоот тушаалаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.1-т ...тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл зорилгод тохирсон эсэх гэж заасан. Төсөл байхгүй, нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй газарт иргэн Д.Гад газар олгогдсон байдаг. Тухайн газрын 0.4 га газар нь мод үржүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Гэтэл үүнийг газар ашиглах зорилгоор Д.Гад олгосон байгаа.

Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар журмын 2 дугаар зүйлийн 2.2-т төсөл нь шалгуур хангасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдэнэ гэж заасан. Гэтэл иргэн Д.Гад үнэлгээ байхгүй байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхоролын А-188 дугаар тушаалын хавсралтаар иргэн Д.Гад 1485 м.кв газар олгосон нь журмаар тогтоосон хэмжээнээс 285 га газраар давсан байгаа. 2013 оны кадастрын зураг хавсаргаж өгсөн. Энэ зураг мөн адил шаардлага хангахгүй байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд тушаалаа гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-т заасан заалтуудыг баримталсан байдаг. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж хуульчилж өгснийг зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т газар ашиглуулахдаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр ашиглуулж болно гэж заасан байгаа. Бусдын тарьсан байгаа модыг давхцуулан олгож болохгүй. Яагаад гэхээр байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэх нөхцөл нь бүрдэж байгаа. Тухайн газрын 0.07 га газарт нилэнхүйдээ мод таригдсан байгаа. Энэ бол байгаль орчинд нөлөөлөх үндэслэл нь бүрдэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн А.Б нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхэд Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээгээр олгосон газартай давхцуулан мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын баталсан 2012-2015 оны жил, жилийн төлөвлөгөөг зөрчин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны А-188 дугаар тушаалаар газар олгосон Д.Гад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын 2014/04 дүгээр гэрээ-г 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээнд заасан 0.4 га газартай давхцуулан иргэн Д.Гад газар ашиглуулахаар шийдвэр гаргасан гэдэг. Гэвч А.Бийн Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын 2014/04 дүгээр гэрээ-ээр ашиглаж байгаа ашиглаж байгаа 0.4 га газар нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон, албан ёсны ашиглах эрхтэй газар биш тул газрын давхцалтай гэж маргах эрх зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Гэтэл төрийн захиргааны төв байгууллага буюу сайдын шийдвэргүйгээр газар ашиглуулах гэрээг Богдхан уулын хамгаалалтын захиргаа байгуулсан нь хууль бус юм. Мөн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр буюу гэрээгээр газар ашиглах эрх үүсэхгүй болно.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар ашиглагчийн үүргийг зааж өгсөн бөгөөд нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг өөрийн буюу зөвшөөрөл бүхий талбайн газарт хэрэгжүүлэхээр заасан.

Иргэн Д.Г газар ашиглах хүсэлтээ холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргаж, түс хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн зүйлгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартааНэхэмжлэгч нь Д.Гын газар ашиглуулахаар олгогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар олгогдсон Нүхтийн зуслан дахь газрыг давхацсан гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Д.Гад олгогдсон Нүхтийн зуслан 1485.5 м.кв газрын солбицлын:

636936.663 5302982.623

636916.158 5303018.414

636946.491 5303035.845

636968.814 5302993.726 цэгүүд нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ-ний дагуух талбайн 5303023.980 636980.880

5303051.730 636963.350

5303039.752 636941.462

5303012.530 636959.750

Солбицлын цэгүүд хоорондоо давхцаагүй.

...Манай мод үржүүлгийн газартай давхацсан гэж тайлбарлаж байна. Анх А.Б гэдэг хүнд гэрээгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газраас олгогдсон газар нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зуслангийн газар гэж авсан 800 м.кв газартай давхацсан байсан. Иргэн Д.Г анх энэ маргаан бүхий газарт хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, өмчилж авсан. Мод үржүүлэх гэрээн дээр нөхөн сэргээлт хийх мод үржүүлэх талбайн га, солбицлын цэгүүдийг зааж өгсөн байгаа. Түүнээс биш 0.4 га газрыг гэрээн дээр зааж өгөөгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн А.Бийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалын иргэн Д.Гад газар ашиглуулахаар олгосон холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

а. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрчилж гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаас иргэн Д.Гад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд 0,1485 га газрыг зуслангийн зориулалтаар ашиглуулахаар олгосон хэсэг нь илт хүчин төгөлдөр бус акт болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулга огт тусгагдаагүй байна.

б. Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын тайлбар мөн тусгагдаагүй.

в. Хариуцагч болон гуравдагч этгээд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрчилж гаргасан А.Бийн нэхэмжлэлд ямар нэгэн хариу тайлбар бичгээр ирүүлээгүй шүүх хуралдаанд оролцсон байхад өмнө нь өөрчлөгдсөн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдаж, нэхэмжлэл өөрчилснөөс хойш 1 сар 22 хоногийн дараа шүүх хуралдааныг хийсэн. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгээс ямар нэгэн хариу тайлбар авалгүй шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т ...тайлбараа гаргаж өгөөгүй гэм буруутай албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. гэж хуульчилсан байхад ямар ч арга хэмжээ авалгүй шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ...өөрт нь хуулийн дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр ойн нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээгээр ашиглуулахаар олгогдсон газартай нь давхацсан, хуульд заасан журмаар гуравдагч этгээд Д.Гад газар ашиглах эрх олгогдоогүй гэж тус тус тайлбарлан маргаж байна. гэж маргааны буруу ойлгон дүгнэсэн. Нэхэмжлэгч А.Б нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын мэргэжилтэн н.Банди болон байгаль орчны байцаагч нарын үүрэг болгон зааж, булангийн цэгүүдийг тогтоож өгсөн газарт улиас, шинэс, буйлс, үхрийн нүд, долоогоно, нарс, монос зэрэг 60 орчим мод, бут, суулгацыг тарьсан байсан. Тухайн үед 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ-нд заасан солбицол бүхий цэг гэж бодон А.Б мод тарьсан боловч хэрэгт цугларсан нотлох баримттай танилцаад тухайн гэрээний координат буруу бичигдсэн болохыг мэдсэн. Энэхүү гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газраас боловсруулан байгуулсан байдаг.

Иргэн А.Бийн байгуулсан гэрээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалын хавсралтаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журам-д зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-ний дагуу байгуулсан гэрээ бөгөөд Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14, 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн өөрийн мөнгөн хөрөнгө, зардлаар тарьж ургуулсан таримал ой мод мөн билээ.

Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх А.Бийн тарьж ургуулсан, улмаар эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгсөн таримал ойд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Экологи эдийн засгийн үнэлгээ хийх журмыг баримтлалгүй хохирлын тооцоог хийлгэлгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргаж түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нэгэнт А.Б нь нэхэмжлэлээ өөрчлөхдөө давхацлын талаар маргаагүй, Д.Гад газар ашиглуулах тушаал гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт болон Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 2.1, 2.2, 3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчсөн, мөн тарьсан модоо устгуулахгүй, байгаль орчныг хамгаалж нэхэмжлэл гаргасаар байхад анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй, гэрээнд заасан газартай ямар нэг байдлаар давхцаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх хуулийн заалтууд зөрчигдсөн болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын доорх үйлдэл, эс үйлдэхүйгээс тодорхой харагдаж байна. Үүнд:

а. Д.Г газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргад гаргаагүй байсан. б. Д.Г нь хүсэлтээ шууд сайдад гаргаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу хамгаалалтын захиргаа болон Засаг даргаас санал ирээгүй байхад хууль зөрчин тушаал гаргасан. в. Хууль бус кадастрын зураглалд үндэслэсэн. г. Д.Г нь газар ашиглах талаар ямар нэг төсөл боловсруулж хүргүүлээгүй байсан. д. Тухайн олгосон газар нь 2015 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулахаар газрын төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байсан. е. Д.Г байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан. ё. Д.Гад 0.1485 га газар олгосон нь Байгаль орчны сайдын 2008 оны 271 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгаль хамгаалах журам-ын 3.1.4 дэх хэсэгт заасан Нэг өрхөд ногдох зуслангийн газар нь 0.12 га-аас илүүгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, мөн 17 дугаар зүйлийн 17.2-т ...байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг байна гэж хуульчилсан байдаг.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д иргэн байгаль орчныг хамгаалах талаар эдлэх эрхийг хуульчилсан байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах, тодорхой зөвшөөрөл олгохгүй байхыг эрх бүхий байгууллагаас шаардах эрхийг хуулиар иргэн бүрт нээж өгсөн байна.

Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан нэхэмжлэл гэх нэр томъёонд хөтлөгдөн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан маргаан бүхий акт нь хууль зөрчсөн, илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд хандсан болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна. Үүнд:

а. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга асан н.Шинэхүү мод үржүүлгийн гэрээг баталгаажуулан гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хууль зүйн үндэслэл, гэрээнд заасан координат, мод тарь гэж зааж өгсөн цэгүүд хоорондоо зөрүүтэй байсан талаар тодруулах. Мөн иргэдтэй тухайн 0.4 га талбайд яагаад мод үржүүлэх гэрээ байгуулж байсан талаар асууж тодруулах

б. Мөн тусгай хамгаалалттай газрын дарга асан н.Эрдэнэчимэгийг гэрчээр байцааж иргэдтэй тухайн 0.4 га талбайд яагаад мод үржүүлэх гэрээ байгуулж байсан талаар асууж тодруулах шаардлагатай байна.

в. Мод үржүүлгийн талбайг зааж, булангийн цэгийг тогтооход хамт байсан байгаль орчны байцаагчаас тухайн газарт булангийн цэгийг хэнтэй хамт, хэрхэн зааж өгч байсан болон гэрээ боловсруулсан ажилтнаас гэрээнд координат бичихдээ юуг үндэслэж бичсэн зэргийг тус тус гэрчээр байцаан, тогтоох.

г. Тухайн газарт очиж үзлэг хийх, мөн оролцогч талуудын тайлбар, тодорхойлолт, зураглалууд нь хоорондоо эрс зөрүүтэй, өөр байхад зөрүүг арилгаагүй шууд шийдсэн. Иймд шинжээч томилох шаардлагатай гэж үзэж байна.

е. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны кадастрын мэргэжилтэнг асууж гэрээнд бичигдсэн координатыг хэрхэн, юуг үндэслэн тогтоож өгч байсан талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Гын газар ашиглахыг хүссэн бүрдэл дутуу өргөдлийг 17 хоногт багтаан шийдвэрлэсэн байдаг боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа шүүхээс нотлох баримт шаардсан албан бичигт хариу өгөлгүй 3-6 сар болдог, нэхэмжлэлд хариу тайлбар өгөхгүй байгаа зэргээс шалтгаалан хэргийг шийдвэрлэх хурлын явц удааширч байсан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Б нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалын иргэн Д.Гад холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Миний Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын 2014/04 тоот гэрээ-нд заасан мод үржүүлгийн газартай давхцуулан газар олгосон нь холбогдох хууль, журмуудыг болон хамгаалалтын төлөвлөлтийг зөрчсөн илт хууль бус акт юм гэж тодорхойлон маргажээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-188 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд орших маргаан бүхий 1485 м.кв газрыг иргэн Д.Гад зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт /хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тодруулбал,

Нэхэмжлэгч А.Бт анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-338 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зуслангийн зориулалтаар 800 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ. Үүний дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай Богдхан уулын дархан цаазат газрын ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээ-г байгуулж, Нүхтийн амны хязгаарлалтын бүсийн гэрээнд заасан талбайд ойжуулалт хийхээр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан, гуравдагч этгээд Д.Гад ашиглах зөвшөөрөл олгосон газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн Д.Г, А.Б нарын ашиглаж байгаа газрын байршлын зураг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэгч А.Бийн зуслангийн зориулалтаар болон мод үржүүлэхээр авсан талбай, гуравдагч этгээд Д.Гын зуслангийн зориулалтаар ашиглахаар авсан талбайн байршлыг солбицлуудаар нь харуулсан мэдээллийн сангийн зураг, шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны кадастрын мэдээллийн санд үзлэг хийж, маргаан бүхий газруудын солбицол тус бүрээр давхцаж байгаа эсэхийг шалгаж, тус яамны кадастрын хэлтсээс гаргуулан авсан кадастрын зураг зэрэг баримтуудаар гуравдагч этгээд Д.Гад олгосон маргаан бүхий газар нь нэхэмжлэгч А.Баянхишигийн ойд нөхөн сэргээлт хийх, үржүүлэх ажлын гэрээнд заасан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, харин А.Бийн зуслангийн зориулалтаар ашигладаг талбай нь түүний мод үржүүлэхээр гэрээгээр авсан талбайтай давхцалтай болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ Гуравдагч этгээд Д.Гад газар ашиглуулах тушаал гаргахдаа хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт болон Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 2.1, 2.2, 3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчсөн, ... нэхэмжлэгч маргаан бүхий акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд хандсан гэж тайлбарлах боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч А.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Түүнчлэн мод үржүүлэх гэрээ байгуулж байсан шалтгаан болон гэрээнд бичигдсэн координатыг юуг үндэслэж тогтоож өгч байсан талаар тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА