| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ийн *******т холбогдох эрүүгийн 2127000000101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг ************* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ийн ******* /РД:***************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Хойд Агуйтын Сэргэлэн гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг нойтон хуш мод бэлтгэж, ******* улсын дугаартай Портер загварын автомашинаар тээвэрлэж байгаль орчинд 2,723,110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хаваржааныхаа араас унанги мод бэлтгэсэн. Мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэж худлаа ярьсан нь миний буруу” гэв.
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй, орчны бүс нутаг байгаа юм. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Унанги хуш модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэж болно. Гэхдээ хувь хүн бэлтгэж болохгүй. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэсэг хугацааны дараа ******* миний машиныг асаагаад гэрийнхээ гаднаас хөдөлж байгаа харагдсан. *******ыг буцаад гэрийнхээ гадаа ирэхэд нь би яваад очтол миний машины ард 10 гаран тооны хуш мод ачсан байсан. Тэгээд би мод чинь бичиг баримттай юм уу гэтэл миний мод бичиг баримттай ямар ч асуудал байхгүй гэсэн. Тэгээд бид 2 сумын төв рүү явсан. Сумын төв ороод Өмбөл дэлгүүрийн тэнд явж байхад Ц.Атарчулуун гэх цагдаатай таарсан. Тэгээд модныхоо бичиг баримтыг шалгуул гэж хэлэхэд А.*******т модны бичиг баримт байгаагүй тэгээд мод ачсан машиныг саатуулсан. Тэгээд бичиг баримтгүй болохыг нь мэдсэн. Хэрвээ мод бэлтгэх эрхийн бичиггүйг нь мэдсэн бол би явахгүй байсан. Модны бичиг баримт нь өөрт нь байгаа байх л гэж бодсон. Би бол мод бэлтгээгүй. ******* намайг мод татаад өг л гэж хэлсэн. Мод чинь зөвшөөрөлтэй юм уу гэхэд миний мод зөвшөөрөлтэй мод гэж хэлэхээр нь л би явсан. Би хаанаас мод ачсаныг нь мэдээгүй. Намайг айл руу явсан хойгуур модоо ачаад аваад ирсэн байсан ...Миний машин дээр хуш мод ачсан. Шинэвтэр мод байх шиг харагдсан. Би сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 09 сард байх манай нөхөр малд явж байхад хэдэн ширхэг унанги хуш моднууд байна бэлдээд хийчихдэг юм билүү гэж ярьж байсан. Тэгээд тэр модоо хийсэн юм байна лээ. Би мод хийж байхыг нь хараагүй. Яг хэзээ нь хийснийг нь мэдэхгүй байна хийнэ гэж л ярьж байсан. Сүүлд нөгөө модоо бэлтгэчихсэн гэж хэлсэн. Тэрийгээ сумын төв рүү оруулдаг юм билээ гэж ярьж байсан. Тэгээд зэргэлдээ байдаг ******* рүү утсаар яриад машинаа өгөөч сум руу мод оруулах гэсэн юм гээд яриад байсан. ...Манай нөхөр ******* ийн машиныг унаад гэрийн гаднаас хөдлөөд яваад өгсөн. Ганцаараа бэлтгэсэн байх, малд явж байхдаа унанги хуш моднууд харсан гэсэн тэрийгээ өөрөө бэлтгэсэн гэсэн....Өөрийнхөө эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн байх манайд цахилгаан хөрөө байдаг. Манай нөхөрт ачааны машин байхгүй.Тус машин нь ийн өөрийнх нь машин..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,
Гэрч ын өгсөн: “... Миний эзэмшлийнх биш. Тухайн машиныг би 2 жил шахуу унаж хэрэглээд 2021 оны 08 дугаар сард тус машиныг Бат-Өлзий сумын иргэн *******д худалдсан юм. ******* бид хоёрын дунд ямар нэг мөнгө төгрөгний тооцоо байхгүй тул тус машин ийн эзэмшлийн машин байгаа юм. Би машинаа худалдаалахдаа машины бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй бөгөөд дараа жилийн авто тээврийн үзлэгээр шилжүүлж өгөхөөр ******* бид 2 тохирсон юм. ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ийн эзэмшлийн автомашин...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №125 дугаартай албан бичиг “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ... солбилцол бүхий Сэргэлэн гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно” гэсэн хавсралт зураг, /хх-ийн 22-23-р хуудас/,
Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 34 дугаар “...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: Бөөрөнхий нойтон хуш мод нь: 1.61 шоометрх939652 төгрөг=1512839х1.8=2723110 төгрөг, нийт 2,723,110 төгрөг /хоёр сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун арван төгрөг/ гэсэн дүгнэлт, /хх-ийн 14-15-р хуудас/,
Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай” 15-04-336/14 дугаартай акт,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж,тээвэрлэсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Хойд Агуйтын Сэргэлэн гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг нойтон хуш мод бэлтгэж, ******* улсн дугаартай Портер загварын автомашинаар тээвэрлэж байгаль орчинд 2,723,110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, гэрч *******э, гэрч *******, нарын мэдүүлэг /хх-ийн 64-66, 67, 73-р хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ... солбилцол бүхий Сэргэлэн гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно” гэсэн 125 дугаартай албан бичиг, хавсралт зураг, /хх-ийн 22-23-р хуудас/, сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: Бөөрөнхий нойтон хуш мод нь: 1.61 шоометрх939652 төгрөг=1512839х1.8=2723110 төгрөг, нийт 2,723,110 төгрөг /хоёр сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун арван төгрөг/ гэсэн 34 дугаартай дүгнэлт, /хх-ийн 14-15-р хуудас/, Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай” 15-04-336/14 дугаартай акт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль экологид учруулсан хохирол 2,723,110 төгрөгийг төлсөн /хх 128/ бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т зааснаар иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр /хх 127/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.
шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *******ын эзэмшлийнх биш болох нь тогтоодож байх тул ******* улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,633,419 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байгаа 15 ширхэг хуш модыг улсын орлого болгов.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг улсын орлого болгох,
шүүгдэгчийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байгаа 15 ширхэг хуш модыг тус тус улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН