| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0025/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 49
2021.12.28 2022/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2608 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоотод хохирогч Б.Болдтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь архины шил шидэж зүүн хацар яс болон нумны хоёрлосон, зүүн гайморын урд ханын хугарал, дух, зүүн хацар шарх, баруун зүүн нүдний дэд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Болд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоот Нын гэрт Нтай цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 20 цагийн орчим Н нь архины шил аваад миний нүүр хэсэгт шидсэн. Тэгэхэд миний толгойноос цус гарахаар нь Н айгаад гар утсаараа 102 дугаар руу залгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед ямар шалтгааны улмаас Болд ахыг зодож цохисноо санахгүй байна. Би тухайн өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Болдын биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна. Гэхдээ тухайн үед манай гэрт Болд ах бид 2 байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11416 дугаартай:
1. Б.Болдын биед зүүн хацар яс болон нумны хоёрлосон, зүүн гайморын урд ханын хугарал, дух, зүүн хацарт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоотод хохирогч Б.Болдтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь архины шил шидэж зүүн хацар яс болон нумны хоёрлосон, зүүн гайморын урд ханын хугарал, дух, зүүн хацар шарх, баруун зүүн нүдний дэд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Болдын: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоот Нын гэрт Нтай цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 20 цагийн орчим Н нь архины шил аваад миний нүүр хэсэгт шидсэн. Тэгэхэд миний толгойноос цус гарахаар нь Н айгаад гар утсаараа 102 дугаар руу залгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Болд нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР