Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,  шүүгч Р.Алтанцэцэг, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Т.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Бэхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Т.Цэрэнпилийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн, С.Дангаасүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Д.Баттөмөр,

Шүүгдэгч: Т.Цэрэнпил, Г.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөө овогтой Төмөрчөдөрийн Цэрэнпил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Базар овогтой Гунгаадондовын Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

            1. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ************* мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ  **************т ***********аар ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн ************ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Бөө овогтой Төмөрчөдөрийн Цэрэнпил /РД: ********************/

            2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********************т **************** ажилтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ************* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Базар овогтой Гунгаадондовын Мөнх-Эрдэнэ /РД: ********************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Төмөрчөдөрийн Цэрэнпил нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн Б.Өлзийбаярыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж “гэрлүүгээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Гунгаадондовын Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 02 дугаар сарын 23- ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Б.Өлзийбаярын нүүр, цээж рүү өшиглөж цохиж зодон, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Цэрэнпил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс Өвөрхангай аймгийн Бүрд суманд шүлхийн пост нь дээр ажиллах тушаал байгаа. Тус цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Батпүрэвээс үүрэг авсан. Цагдаагийн ахмад Батпүрэв надад шүлхийн өвчний голомтын бүсэд ажиллана. Зөвшөөрөлгүй хүнийг өвчний бүс рүү битгий оруулаарай. Бас зөвшөөрөлгүй хүнийг өвчний бүсээс гаргаж болохгүй. Хүнд халдаад сүйт болохгүй өвчин хэрнээ тээврийн хэрэгсэл, хүн бусад зүйлээр гадагш тархах өндөр эрсдэлтэй болохоор хяналтыг сайн тавиараа гэсэн үүрэг чиглэл аваад цагдаагийн ахмад Баатардалай гэдэг хүнээр шүлхийн 3 дугаар пост нь дээр хүргүүлсэн. Тухайн постод дэд ахлагч Сүхбат гэдэг залуу байсан. Цагдаагийн ахмад Баатардалай хүргэж өгөөд явахдаа Батпүрэв ахмадын ярьсан шиг заавар зөвлөгөө өгсөн. Өвчний бүс шүү хүн, амьтан нэвтрүүлж болохгүй. Аюулгүй байдлаа хангаж ажлаараа бид хэд буцлаа буцахдаа хээрийн штаб дээр нь очоод машин тэргээ ариутгуулаад явна гэж хэлээд намайг үлдээсэн юм. Онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсээс нарийн үүрэг даалгавар аваарай гэхээр нь Сүхбат гэдэг залуугаас энэд юу хийх юм бэ? гэхэд малын өвчин Мэндсайхан, Батсайхан, Мөнх-Эрдэнэ гэсэн гурван айлаас гарсан. Малтай холбоотой асуудлаар Онцгой байдлынхан өөрсдөө хариуцаад малд өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг бид харна. Цагдаагийн алба хаагч нар хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дээр хяналт тавьж байгаа юм. Өвчин хүнээр дамжаад гадагшаа түгэх болохоор урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайн хийгээрэй гэсэн. Бид нар утсаар үүрэг даалгавар өгч байгаа гэж хэлсэн. Миний хувьд Өвөрхангай аймгийн Бүрд сумын шүлхийн постод өмнө нь очиж ажиллаж үзээгүй анх удаагаа томилогдсон. Очоод 4 хоноод энэ хэрэгт холбогдсон. Би 4 хонохдоо Сүхбат гэдэг залуутай хоёр хоног хамт байсан. Сүхбат гэдэг залуутай хоёр хоноод байж байсан чинь Өвөрхангай аймгийн Бүрд сумаас талийгаач Б.Өлзийбаяр, Бүрд сумын тамгын газрын ^6666 гэдэг хүнээр хүргүүлж ирсэн. Тухайн хүмүүс ирэхдээ зөвшөөрлөө үзүүлээд буцлаа гээд буцсан. Талийгаач Б.Өлзийбаяр, Сүхбат бид гурав 3 дугаар постод 4 хоног хамт байсан. Хэрэг учрал 2018 оны 02 дугаар сарын 23-24-ний шилжих шөнө болсон. Тэр өдрийн орой нь Сүхбат, талийгаач Б.Өлзийбаяр бид гурав нар жаргахаас өмнө нь явган алхсаар замаараа Мэндсайхан гэдэг айлынд орж цай уугаад Сүхбат утсаар ярьчхаад цаашаа шүлхийн 4 дүгээр постод очсон. 4 дүгээр постод очиход талийгаач Б.Өлзийбаярын биед ил харагдах шарх сорив байгаагүй, хувцас нь бүрэн бүтэн, гурвуулаа эрүүл саруул очсон. Постод очиход Насанжаргал, Билгүүн, Г.Мөнх-Эрдэнэ гурав цуйван хийж өгсөн. Тэгээд хоол унд идчихээд явах гэсэн чинь Сүхбат захисан юм ирсэн байна жаахан тоглочхоод явъя гэсэн яриа гарсан. Тухайн энэ үед Онцгой байдлын хээрийн штабаас Г.Мөнх-Эрдэнийн гар утас руу залгаад бүх постоор маргааш өглөө шалгалт хийнэ. Та нар үүрэг даалгавраа хэвийн гүйцэтгэж байна уу? гэж утсаар ярьж байсан. Тэгэхээр маргааш хүмүүс ирэх юм байна пост руугаа буцвал яасан юм бэ гэхэд зүгээрээ шөнөдөө буцна гээд үлдэхээр болсон. Шөнө 23 цагийн үед талийгаач Б.Өлзийбаяр Сүхбат архи нэхээд байсан болохоор Бүрд сум руу архи захисан байсан. Талийгаач Б.Өлзийбаяр архиа гаргаж ирж пост ахалж байгаа Сүхбатдаа өчье гэсэн чинь олон харзтай олон юм байхад чинь юун сүртэй юм гэсэн чинь талийгаач Б.Өлзийбаяр нь Сүхбатад гомдсон. Дээрээс нь бас хөзөр тоглож байгаад талийгаач Б.Өлзийбаярыг та мэдэхгүй байж битгий будилуулаад бай гэж хэлсэн. Маргаан нь бол ингэж үүссэн. Архинаас болж талийгаач Б.Өлзийбаярыг гомдоосон хүмүүс юм. Архиа ууж дууссан нэг мэдсэн чинь талийгаач Б.Өлзийбаяр миний хажууд суугаад ах нь одоо явъя Бүрд сум руугаа буцъя. Ах нь ар гэрт ажил төрөл их байна. 3 хоноод буцах ёстой гэж байсан чинь сунгах гэж байх шиг байна гэсэн. Талийгаач Б.Өлзийбаяр ахад хоёулаа өвчний тархалтыг хянаад байж байгаа хүмүүс явж болохгүй. Таныг архи уусан байхад чинь Бүрд сум руу яаж явган явуулах юм бэ замдаа Шартын даваа гэж том даваа байдаг. Өвөл болсон байхад замд ямар ч айл байхгүй, хөлдөж үхнэ гэж зөвлөгөө маягаар хоорондоо ярилцсан. Хэсэг хугацааны дараа талийгаач Б.Өлзийбаяр гэрээс гараад явсан байхаар нь хойноос гарсан чинь үүдэнд зогсож байсан. Тэгэхээр та явах гээд байгаа юм биш биз дээ гэсэн чинь ах нь дүүдээ хэлэхгүй юу гэж явдаг юм гэж хэлсэн. Хоёулаа нэг нэг тамхи татчихаад гэрт орж ирсэн. Тэрнээс хойш дахиад талийгаач Б.Өлзийбаяр гараад явчихсан байсан. Би яагаад гараад явсныг нь сайн мэдэхгүй байна. Бүр цаашаа явчих байх гээд би араас нь Мөнх-Эрдэнэтэй хамт гарсан. Би гэрийн баруун урд хэсэгт хоёр алхаад эргэн тойрноо харж байсан. Гэрээс баруун хойд Өвөрхангай аймаг явах чиглэлтэй талийгаач Б.Өлзийбаяр явж байгаа юм шиг харагдсан. Тухайн үед сартай байсныг би сайн санахгүй байна. Цастай байсан болохоор хар толбо харагдаж байгаа юм. Тэр явж байна гээд араас нь явах гэсэн Г.Мөнх-Эрдэнэ би явчхаад ирье гээд гүйгээд явсан. Г.Мөнх-Эрдэнийг аваад ирэх юм бодоод гэрээс урагш 20 гаран алхаад бие зассан. Тамхи асаагаад гэрийн баруун талд зогсож байхад тэр зүгээс юу гэж хэлснийг би сайн мэдэхгүй, авраарай туслаарай гэх шиг чимээ сонсогдсон. Мотор дугараад байсан болохоор явсан чиглэл рүү нь алхсан. Хэсэг явсны дараа яалтачгүй, авраарай дуслаарай гэж байсан. Татаж байсан тамхиа хаячаад баруун хойд зүг рүү гүйсэн. Г.Мөнх-Эрдэнэ нь өөрөө хүн зодчихоод худлаа намайг гүтгээд байгаа юм. Би тухайн үед нь хэлж байсан чи зодсон байна уу үгүй байна уу хамаа алга, би амьд хүний гэрч болох сонирхол байхгүй хурдан үнэнээ хэлээрэй гэж байсан. Өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан цаад засмал замаар нь машин явж байсан. Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлтэй ямар машин явж байсныг би сайн санахгүй байна. Дунд оврын машин байсан байх машины гэрэлд төв гэрлээс хоёр тийшээ цацарч байгаа гэрлийн туяанд Г.Мөнх-Эрдэнэ, талийгаач Б.Өлзийбаяр хоёр гэрэлд орж ирсэн. Би өмнөөс нь гүйж явсан. Миний ганцхан найдвартай харсан зүйл бол талийгаач Б.Өлзийбаяр мөлхсөн, Г.Мөнх-Эрдэнэ талийгаачийн хүзүү хавиас нь барьсан. Нөгөө гараараа нурууны баруун хэсэг орчим руу нүдэж байсан. Машин нь өнгөрсөн би ч нэлээн дөхөөд ойртсон. Тэр хооронд талийгаач Б.Өлзийбаяр нэлээн дуу алдсан. Би явж очоод Г.Мөнх-Эрдэнийг цааш нь түлхсэн. Талийгаач Б.Өлзийбаярын баруун талд нь очиж суугаад яасан ах юу болсон юм бэ гэхэд толгойгоо сэгсрээд суугаад байсан. Би тамхи асаадаг цэнхэр асаагуурын гэрлээр тусгахад талийгаач Б.Өлзийбаярын баруун шанаа ам, хамраас нь цус гараад байхаар нь би дээл бүсийг чинь арчиж цэвэрлэж өгье гээд толгойг нь тонгойлгож байгаад нүүрийг нь цэвэрлэж өгсөн. Нүүрийг нь цэвэрлээд сууж байхад талийгаач миний хавирга хугарчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би асуух завдалгүй, Г.Мөнх-Эрдэнэ талийгаачийн зүүн талд зогсож байгаад цээж рүү нь дуу алдалтал өшиглөсөн. Тэгэхээр нь Г.Мөнх-Эрдэнийн хөл рүү нь би хоёр өшиглөсөн чинь дайрахаараа болсон. Талийгаач Б.Өлзийбаяр ахыг зүгээр үү яаж байна гэсэн толгойгоо сэгрээд суугаад байсан. Тэгээд босгоод пост руугаа буцъя гэсэн чинь юм хэлэхгүй байгаад байсан. Босгох гэсэн чинь талийгаач Б.Өлзийбаяр ах нь дээлээ тайлъя гэхээр нь дээлээ тайлчих гээд өөрөө тайлсан. Дээлийг нь Г.Мөнх-Эрдэнэ авсан. Талийгаач Б.Өлзийбаярыг зүүн талаас нь сугдаад явсан чинь хоёр алхаад суусан. Ахаа босолдоо хоёулаа пост руугаа явъя гэхэд ах нь гэртээ харимаар байна. Энэ хүмүүстэй сэтгэл санаа нийлэхгүй юм гэхээр нь тэр ямар хамаатайн ганц өдөр хоноод Онцгой байдлын дарга нар нь ирэхээр учир зүйгээ хэлээд явчих би ч гэсэн хажуугаас нь хэлээд өгье гэж чин санаанаасаа хэлж байсан. Талийгаач Б.Өлзийбаяр нь явмаар байна гээд уурлаад орилж чарлаад байхаар нь таныг явуулчхаад юу бодож суух юм. Замдаа хөлдөөд үхвэл яах юм гэхэд уурлаад зөрүүдлээд байсан. Би бол шаардлага тавьсан. Зөрүүдлээд байхаар нь зүүн гуя руу болон зүүн ташаа руу нь нэг нэг удаа өшиглөсөн чинь босоод ирсэн. Тэгээд урд алхаж явж байгаад иргээд алхахаар нь гартаа юм барьсан байх гэж бодоод хэвлий хэсэг рүү нэг удаа жийсэн. Пост дээрээ очтол 3 удаа өшиглөсөн нь үнэн. Талийгаач Б.Өлзийбаяр нь Онцгой байдлын алба хаагчтай санаа нийлэхгүй юм байна гэхэд Г.Мөнх-Эрдэнэ онцгой байдлынхан чамд гай болоо юу гээд дээлээ хаячаад дайраад ирэхээр нь Г.Мөнх-Эрдэнийг бариад авсан чинь Талийгаач гэр лүү гүйгээд орсон. Би Г.Мөнх-Эрдэнийг хүний дээл бүс салхинд хийсгэчхэв гэж хэлчхээд талийгаач Б.Өлзийбаярын араас гэр лүү алхсан замдаа нэг тамхи асааж татчихаад гэрийн үүдэнд ирээд Г.Мөнх-Эрдэнийг ирж байна харсан чинь ирж байсан. Гэрийн гадаа ийм зүйл болсон. 4 дүгээр постын гэрт дотор ороход гэрийн хойн зассан наарын зүүн талд хаалга руу хараад сууж байсан. Би хажууд нь байсан баганын дэргэд нь зогсоод яаж байна гэсэн чинь ах нь явмаар байна гэхээр нь та чинь яасан үгэнд ордоггүй юм бэ таны ам насыг бодож байна. Таныг явуулчхаад юу бодож суух юм гэж үнэн учраа хэлээд зогсож байсан чинь гаднаас Г.Мөнх-Эрдэнэ хаалгаар орж ирээд гэрийн үүд хэсэгт зогсож байхад талийгаач Б.Өлзийбаяр Г.Мөнх-Эрдэнэд хандаж чи намайг яасан гэж зодож байгаа юм гээд талийгаач өндийсөн тэр үед нь талийгаачийн урдуур өшиглөх гэж байгаад зүүн шанаанд нь хөлийнхөө бүтэн улаар өшиглөж таарсан. Талийгаач Б.Өлзийбаяр нүүрээ дараад суусан. Тэгсэн Билгүүн хажуу талаас босож ирээд чи яагаад өшиглөж байгаа юм гэхээр нь би  албаар өшиглөөгүй уучлаарай гээд хойшоо болсон. Дахиад Г.Мөнх-Эрдэнэ асуудал тарьж эхэлсэн. Тэгэхээр нь тэгэхээр дахиад зодоон цохион болох юм байна Сүхбатаа архидалт чинь хэтэрлээ би хүнээ аваад пост руугаа буцъя. Маргааш шалгалтын хүмүүс ирэх гэж байна гээд талийгаач Б.Өлзийбаярыг нааран дээр сууж байхад баруун билүү зүүн гараас нь бариад дагуулаад хөтлөөд гарсан. Яг гараад явахад нь талийгаач Б.Өлзийбаяр гараараа татахад нь гараа алдсан юм. Талийгаач гараа алдахад миний ард таг хийгээд нэг юм дуугарахад эргээд харахад талийгаач Б.Өлзийбаяр нь дээшээ хараад ойчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь өндийлгөөд ахаа яачхав гэсэн хариу хэлээгүй, бие нь чичрээд байхаар нь болохоо байлаа гэж бодоод ард зогсож хоёр суг нь доогуур нь гараа хийгээд гэр лүү татаж оруулсан. Гэрийн зуухны баруун урд хэсэгт шороо дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн. Сүхбат судсыг үзээд амьсгалтай байна гээд үзээд байсан. Хиймэл амьсгал хийгээд цээжин дээр нь гараа дараад байхаар нь тэгж болж байгаа юм уу? гэхэд би аврагч гал сөнөөч би мэдэж байна гээд цээжин дээр дараад байсан. Удалгүй нас барсан асуудлууд болсон. Талийгаач Б.Өлзийбаярыг нас барлаа гэхээр нь Билгүүн хэлсэн. Насанжаргал дуудлага өгөөгүй. Билгүүн чи Хархорины цагдаа руу яриадах хүн нас барчихлаа гэж хэлэхэд Билгүүн дуудлага өгсөн. Хэргийн процесс ийм зүйл болсон. Би бүгд нь хэргийн талаар үнэн зөв юм хэлээрээ гэсэн чинь чи тэгж болохгүй өөр зүйл ярьсан. Чирсэн мөр гаргаж хэргийн бодит байдлыг бүдгэрүүлсэн хүмүүс юм. Би олон удаагийн шүүх хурал дээр үнэнийг хэлж байгаа. Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхдөө тийм зүйл яригдаагүй гэдэг тэгсэн хэрнээ анх очсон хүмүүст үнэнийг хэлсэн юм байна лээ. Хамгийн эхлээд ирсэн хүмүүс Онцгой байдлын жанжин штабаас Батсайхан, Гаваадавга, жолооч залуу, Балжинням гээд 4 хүн ирсэн. Эмч залуу Б.Өлзийбаярыг үзээд нас барсан байна гэсэн. Балжинням гэдэг залуу Сүхбатын уруул руу цохисон. Гэрт бужигнаад байж байхад Бүрд сумаас Пүрэвдорж, Ганхүлэг, эмч залуу 3 хүн ирсэн. Хэргийн газарт үзлэгийн бүрэлдэхүүн өглөө гэгээ орсны дараа 7-8 цагийн хооронд ирсэн. Гэрт дотор 12 хүн бужигнаж байсан гэв.

           

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Миний бие Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр томилогдож орсон. Шүлхийн пост нь дээр 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр очиж алба үүргээ гүйцэтгэсэн. Хэрэг учрал 2018 оны 02 дугаар сарын 23-24-ний шилжих шөнө харзтай шилтэй архиа ууж дуусаад дундуур нь хоёр удаа хоол хийж идсэн. Талийгаач Б.Өлзийбаяр гэрээс гарсан. Дараа нь Т.Цэрэнпил гараад явсан. Гэрт хоёулаа орж ирэхгүй болохоор нь араас нь гарсан чинь Т.Цэрэнпил гэрийн баруун хойд тал дээр зогсож байхаар нь нөгөө ах хаачив гэсэн чинь тийшээ зам руу явчихлаа гэж хэлэхээр нь чи байж бай би ахыг аваад ирье гээд талийгаач Б.Өлзийбаяр дээр очсон. Ах хаашаа явах гэж байгаа юм гэхэд ах нь сумын төв явлаа манай охин төрөх гэж байгаа гэхэд нь маргааш дарга нар ирж байгаа цас шуургатай байна гээд юм яриад явж байхад Т.Цэрэнпил ирээд талийгаачийг босоод яв, явахгүй юм уу? гэхэд талийгаач үгэнд нь ороогүй сууж байхад Т.Цэрэнпил хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь талийгаач босоод ирсэн. Талийгаач урд гараад явж байхад Т.Цэрэнпил гүйгээд явж чадахгүй байна уу гэхээр би Т.Цэрэнпилийг зүгээр явж байгаа хүнийг яах гээд байгаа юм гэхэд зүгээр би жаахан айлгатхья гээд дээлний араас нь татаж унгаагаад хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд талийгаачийг босоод ирэхэд нь дээлээ тайл гээд дээлийг нь тайлуулж хаячхаад яв гэсэн чинь талийгаач яваад өгсөн. Дээл бүсийг нь хаячихаар нь би дээл бүсийг аваад барьсан явж байсан чинь Т.Цэрэнпил талийгаачийг явж чадахгүй бол чирээд явна гээд цамцны ард талаас нь бариад чирэхээр нь би болиоч хүн аллаа гэхэд алсан ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд гэрт Талийгаач Б.Өлзийбаяр гэрт түрүүлж ороод араас нь Т.Цэрэнпил бид хоёр зэрэг орсон. Т.Цэрэнпил одоо ярихаараа Г.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд орсон гэж ярьдаг. Т.Цэрэнпил бид хоёрыг гэрт ороход талийгаач Б.Өлзийбаяр зассан наарны зүүн талд үүд рүү харсан сууж байсан. Би дээлийг гэрийн зүүн талын хаяанд тавьчхаад байж байсан чинь талийгаач Б.Өлзийбаяр Т.Цэрэнпил рүү хандаж ахыгаа яаж байгаа юм бэ? ахынхаа хоёр хавиргыг хугалчихлаа гэхэд Т.Цэрэнпил яасан гэнэ хэдэн хавирга хугарсан гэнээ Сүхбатын хажуугаар ороод өшиглөхөд талийгаач хойшоо саваад ойчсон. Эргээд дайрахад нь Сүхбат болиоч гэсэн чинь ахтай ахиж маргалдахгүй. Ахыг авч гарч юм ярчхаад ороод ирье гээд чирээд аваад гарсан. Одоо Т.Цэрэнпил ярихдаа хөтлөөд гараад явсан гэж ярьдаг. Удалгүй Т.Цэрэнпил нь ах ухаан алдчихлаа гээд сугаар нь тэвэрсэн өмд нь хагас шувтарсан байдалтай орж ирсэн. Сүхбат хиймэл амьсгал хийсэн. Т.Цэрэнпил шүүх хуралдаан болгон дээр худлаа ярьдаг. Хаалга онгорхой байсан. Гараас нь хөтлөөд явж байхад хойшоо саваад ойчсон. Эргээд харсан Г.Мөнх-Эрдэнэ тоосго барьсан зогсож байсан. Мөн Хэрэг болоод удаагүй байхад надаас гуйсан намайг уучлаарай би хоёр гурван нялх хүүхэдтэй та миний хэргийг үүрчих гэж сонин зүйлүүд яриад байдаг гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Амь амьдралыг минь авч явдаг ганц хүүхдийг тонилгочхоод шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгаа хоёр шүүгдэгч гэмт хэрэг гараад 3 жил 6 сар болж байна. Миний хувьд шүүх байгууллагаар байцаагдаж явсангүй. Төрийн байгууллага боловсролын системд 36 жил ажилласны 6 жил нь багш, 30 жил захирал хийсэн энгийн сэхээтэн. Хэргийн талаар бодож байгаа зүйлээ хэлье. Хэрэг анхнаасаа дутуу мөрдөгдсөн. Юугаар нотолж харуулж байна уу? гэхээр шинжээч мохоо зүйлийн олон давтамжтай зүйлийн үйлчлэлээр цохиж олон шарх сорви, толгойнд гэмтэл учирсан. Онош нь бол гавал тархины битүү гэмтэл толгой тус газар олон удаагийн мохоо зүйлийн хүч үйлчилсэн гэж шинжээч эмч Хүрэлсүхийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Хэрэг анх эхлээд мөрдөн байцаалтад 49 см урттай улаан унь, 11*12 см урттай тал тоосго авагдсан байсан. Яван явсаар тэр унь байхгүй болсон. Ямар зорилгоор ашигласан нь тогтоогдож өгдөггүй. Хэргийн газраас анх эхлээд очиход талийгаачийг хүн харахын эцэсгүй байсан. Би хэргийн газраас цустай тоосго авчирсан нь үнэн. Авлигатай тэмцэх газарт тэр тоосгыг үзүүлье гэдэг хүсэлтээ гаргасан. Мөрдөн байцаагч шинжээч задлан шинжилгээ хийхдээ толгой тус газар нь эвсэн тоосго гэж хэлсэн. Анх эхлээд олдсон унь, тоосгыг яаж хэрэглэсэн тодорхойгүй. Миний хүү хоёр дээд боловсролтой, 10 жил багшилсан, төлөв томоотой сэхээтэн. Хүмүүсийн мэдүүлэгт байдаг. 8 шил архи авчраад ууж байхад хараад сууж байсан. Сүүлдээ залхсан. Миний хань бурхан болсон. Би Улаанбаатар хотод байсан. Миний хүү цагаан сараар ирж надтай золгосон. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цагаан сар болоод над дээр ирээд золгоод ганц хоёр хоносны дараа ажлаас нь пост нь дээр гар гэж дуудаж байна гэхээр нь яв чиний хуваарилсан ажил чинь бол гэж хэлсэн. Миний хүү 3 удаа очиж ажилласан. Эхлээд шүлхий өвчин гарсан газар гэр барьсан. 2 дах удаагаа хүүр зэмийг нь устгахад очсон. Сүүлд хотоос дуудагдаад явсан. Миний хүүгийн явах хамгийн гол шалтгаан нь хамгийн том охин нь анхны хүүхдээ гаргах гээд төрөх гээд байсан. Аав нь бурхан болоод миний ач охин төрсөн. Баруун зүүн талын гурав гурван хавирга хугарсан, сээр, өвчүү хэсгээрээ эмтэрч далнаасаа хуурсан толгойн хэсэгт зулайн баруун хэсэгт хар хүрэн өнгийн цус харвалт бий болсон тархины хувьд уртавтар их бага тархинд цус харвасан гэж шинжээчийн дүгнэлт дээр байгаа юм. Зүүн уушгинд хавирга нь хатгасан, баруун бөөр нь хар хүрэн цус харвалттай гадна талаас нь оюун ухаантай хүн харахаар нүд халтирмаар болсон. Нуруунд нь үүссэн зулгаралт, бүсэлхийд үүссэн зулгаралт зүүн хөлд үссэн зулгаралт зүүн гуянд үүссэн зулгаралт , зүүн гарын шуунд гарсан зулгаралт үүссэн. Миний хүү энэ хоёроос 18, 21 насны ах хүн байсан. Эрүүл саруул нэг хүнд зодуулчихааргүй хүн. Цагдаагийн Онцгой байдлын залуу гарч ороод байж байхад нөгөө хэд нь кино үзэж байгаа юм шиг сууж байсан. Анхнаасаа мэдүүлгээ үгсэн тохиролцсон. Би Авлигатай тэмцэх газар олон удаа хүсэлт гаргаж байсан. Хатуу мохоо зүйлээр олон удаа цохисон гэж дүгнэлт байгаа. Гавал тархины хүн гэмтлийн улмаас нас барсан гэдэг. Т.Цэрэнпилийн мэдүүлэг дахин дахин зөрдөг. Эцсийн эцэст өөрөө босго мөргөөд нас барсан болгож байна. Би 60 хоногийн дараа газрыг тахиж газар дээр нь очиход гэрийн бууринаас баруун хойшоо 8 метр, 11 метр орчим хоёр хэсэг газар үхэр алсан юм шиг цус байсан. Хүний цус арилдаггүй юм байна лээ. Задлан шинжилгээ хийгээд гарсан цусыг зүүн урагш асгасан гэж надад хэлсэн. Энэ хэргийг ганцаараа үйлдээгүй гэдэг нь тодорхой. 3 хүний 6 нүд харж байхад гэрчийн мэдүүлэг дээрээ юу ч яриагүй. Монгол хүн хоёр хүн зодолдож байхад дундуур нь ордог. Яагаад тэгж салгаж болоогүй юм. Анх хэрэг Т.Цэрэнпил дээр яригдаж байсан. Т.Цэрэнпил мэдүүлгээ янз бүрээр өгсөн. Т.Цэрэнпилийн өмнөх хоёр өмгөөлөгч нь хүн нэмж татах юм бол хэрэг чинь хүндрэн гэж хэлж байсан гэдэг Т.Цэрэнпил өөрөө мэдүүлдэг. Миний хүүг 70 метрийн цаана үхсэн болгоод Г.Мөнх-Эрдэнэ би чирэгдье гээд чирээд гэрт нь аваачсан. Анхан шатны шүү хуралдаанаар Г.Мөнх-Эрдэнийг хоёр удаа хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Г.Мөнх-Эрдэнэ архины шилийг саравч нь дээр аваачиж нуусан. Хүүгийнхээ нэрийг дуудуулж ясыг нь өндөлзүүлмээргүй байна. Хэргээ үнээ зөв мэдүүлээд хуулийн байгууллага зохих ёсны шийтгэл өгөх байх. Би хөнгөндсөн хүндэдсэн гэж хэлэхгүй. Анх оршуулгын зардалтай холбоотой 5 700 000 төгрөгийг Т.Цэрэнпилийн аав ээж төлсөн. Нэгдүгээрт талийгаач хүүгийн минь 18 насанд хүрээгүй 2 хүүхдийн эцгийн цалин тэжээгчээ алдсан тэтгэмж хоёрын зөрүү 26 сарын нийт 6 740 422 төгрөг цалин тэтгэмж. Хоёрдугаарт Талийгаач хүүгийн минь том охин Ө.Өлзийсайханы Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн 4 дүгээр курсийн сургалтын төлбөр 1 264 000 төгрөг сургуулийн тодорхойлолт нотариатаар батлуулж өгсөн. Гуравдугаарт Хохирогч миний хууль ёсны өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ 4 шатны хуралд  орж очин намайг өмгөөлсөн болон бусад үйл ажиллагаанд хуулийн зөвлөгөө өгч ажилласан өмгөөллийн хөлс болох 1 500 000 төгрөг. Дөрөвдүгээрт хохирогч миний 2 жил гаруй хугацаанд нааш цааш явж шүүх хурлууд болон мөрдөн байцаалтад удаа дараа явсны 1 728 900 төгрөг унаа болон хохирогч надаас гаргасан зардал нийт хохирогч миний өргөдлөөр нэхэмжилж байгаа 4 зүйлийн нийт 11 233 322 төгрөгийг шүүгдэгч Т.Цэрэнпил, Г.Мөнх-Эрдэнэ нараас бэлэн мөнгөөр гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Төгрөг суманд багшилж байхдаа 11 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. 3 000 000 төгрөгийг нь эхнэр нь төлсөн. 8 000 000 төгрөг үлдсэн. Энэ 8 000 000 төгрөгийг Хархорин цагдаагийн байгууллага, Бүрд сумын тамгын газар, Арвайхээр хотын Онцгой байдлын газраас нэхэмжилж иргэний хариуцагчаар татаж өгнө үү.  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нааш цаашаа явсан зардлыг нэхэмжлээгүй. Т.Цэрэнпилийн хашаа, машин байсан. Тэр нь надад хэрэггүй. 4 өнчин хүүхдэд нь мөнгө нь хэрэгтэй гэв

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би хүүгээ бусдын гарт амиа алдсан гэдгийг 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цаг 45 минутад Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын сургуулийн багш нараас над руу яриад таны хүүхдийн бие тааруу байна зүрх нь болохгүй болсон, ер нь найдваргүй болсон байна гэсэн мэдээ авсан. Тухайн үед миний хүүгийн зүрх зүгээр байх ёстойдоо өөр зүйл байна гэж дотроо бодсон доо,...Би Улаанбаатар хотоос 24-ний өдрийн орой шууд хэрэг болсон газар нь очсон юм. Тухайн хэрэг болсон газар нь хяналтын пост бүхий гэрт ороод хүүгийнхээ цогцсыг харсан. Улаанбаатар хотод байхад хэл өгсөн хүн надад таны хүүгийн зүрх нь муу байна гэж хэлсэн учир хүүгийн нүүрэн дээгүүр бүтээсэн даавууг сөхөөд харахад миний хүүгийн нүүрэн хэсэг тэр чигтээ шалбарсан, хөл гар нь шалбарсан, санаатайгаар миний хүүг алсан байсан. Би тухайн гэрт юу болсон талаарх байдлыг нүдээр харахад гэрт байсан хүмүүс архи уусан байдалтай байсан. Гэрт дотор нүхтэй тал тоосго байсан бөгөөд цус болсон байсан. Тэгэхээр нь тэр тоосгоор миний хүүг зодож дээ гэж бодоод тэр тоосгыг аваад даавуунд боогоод Есөнзүйл суманд гэртээ байлгаж байгаа. Шаардлагатай гэвэл та бүхэнд гаргаж өгнө. Хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 23-24 дугаар хуудас/, 2018-05-14-ний өдрийн: “...Хүүгээ төрийн цагдаагийн гарт алдсандаа маш их гомдолтой байна. Оршуулга буяны ажил болох үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд, Хархорин сумуудын нутгаар маш их цас орсон машин тэргээр явахад хүндрэлтэй байсан бөгөөд Бүрд сумын хүн нутаглуулдаг газарт ямар ч машин очих боломжгүй байсан учир Өлзийт сумын нутагт хүүгээ хөдөөлүүлсэн. Ингэж нааш цааш явахад машин тэрэгний бензин шатахуун маш их орсон, хол ойроос ирсэн хүмүүсийг нааш цааш нь зөөвөрлөх, буян номын цайллага хийх зэрэгт 5.891.820 төгрөг зарцуулагдсаныг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 27-28-р хуудас/, 2019-12-12-ны өдрийн: “...Талийгаач хүү маань Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 8 сая гаран төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Мөн талийгаачийн охин Ө.Өлзийсайханы ОУ-ын Эдийн засаг бизнесийн дээд сургуулийн сургалтын төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах саналтай байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Яллагдагч Т.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

            “...Тэгээд босохгүй болохоор нь 2 чихийг гараараа үрсэн тэгээд босохгүй байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ талийгаачийн дээлийн  тайлуулаад яв гэж байсан тэр үед би уур хүрээд талийгаачийн ташаан тус газар нь нэг өшиглөөд талийгаач ах босоод ирсэн. Тэгээд урдаа гаргаад араас нь явж байхад талийгаач ах надад хандаж чи муу банди намайг зодох болоогүй шүү, чи муу цагдааг ажлаас чинь халуулна шүү гэж над руу дайрч байсан. Тэгэхээр нь та зүгээр яв гэж хэлээд араас нь алхаж явсан. Тэгэхэд талийгаач ах нь Бүрд сум руу явах ажилтай байна ш дээ гэхээр нь та маргааш дарга нарыг ирэхээр яв  гэдгийг хэлээд араас нь уур хүрсэн, уурласан байдалтай явж байхад талийгаач чи муу ингэх болоогүй шүү гээд над руу дайрахаар нь би өмнөөс нь хэвлийн хэсэг рүү нь жийсэн талийгаач хойшоо бөгсөөрөө цасан дээр сууж байгаа харагдсан. Би талийгаачийн баруун мөрнөөс татаж босгож ирээд дахиад ингэх юм бол хохино шүү гэж хэлээд талийгаачийг урдаа гаргаад гэр лүүгээ явсан. Гэр лүү ороход талийгаач ах наарны зүүн талын булан дээр сууж байсан. Тэгээд талийгаач ахад уур хүрээд та өвлийн хүйтэнд хөлдөж үхэх үхэж бусдад гай болох нуу дахиж тэгэх юм бол ална шүү гээд очиход талийгаач хойшоо жоохон болчхоод сууж байсан. Миний хувьд талийгаачийн зүүн ташаа орчим руу, зүүн бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Дээшээ явж байхад над руу чи муу ингэхгүй шүү гээд дайрахаар нь цээж рүү нь өшиглөсөн юм. Гэрт бол эрүү шанаа орчим руу цохихдоо жийсэн юм...” гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Т.Цэрэнпил нь мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

            “...Тухайн үед талийгаач болиоч чи миний хавирга хугалчихлаа болиоч гэхээр нь талийгаачийн нүүрийг цасаар угаахаа больсон. Тэгээд талийгаачийг бос гэхэд босоод ирсэн тэгээд гэр лүүгээ уул руу алхсан, пост руу алхаж байхад талийгаач чи яахаараа намайг зодож байгаа юм би чамайг ажилгүй болгоно муусайн цагдаа нар ийм байдаг байхгүй юу гэсэн. Тэгэхээр нь ямар нэгэн зүйл хэлэлгүй дагаад явж байхад талийгаач ах надад хандах ах нь Бүрд рүү явахаар байна, ахыгаа явуулчих гэхээр нь битгий дэмий юм яриад бай гэж хэлээд талийгаачийг урагш нь түлхээд яв гэсэн тэгэхэд талийгаач гэр лүүгээ яв гээд түлхээн тэгээд явж байхад чам шиг юм ингэдэггүй юм гээд эргэж хараад над руу дайрахаар нь талийгаач цээж рүү нь өшиглөсөн. Талийгаач газрын дээрээс над руу эргэж хараад нүүр лүү цохих гэхээр нь би хойшоо /газрын доороос/ суугаад цээж рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл :

            “...би гэрээс гарч бие засчхаад Г.Мөнх-Эрдэнийн араас очсон. Ойролцоогоор 10 минутын хугацаа өнгөрсөн байх. Би эхлээд ташаа хэсэгт нь өшиглөсөн босч ирэхгүй байсан. Дахиад нэг өшиглөхөд талийгаач босоод ирсэн. Шинжээч Э.Хүрэлсүх ...би тухайн хэргийн газар дээр маргааш өглөө нь очсон. Тухайн газар очиход постийн гэрийн гадаа хоёр хэсэг газар тойрог хэмжээний ноцолдсон байж болох дүр зураг байсан. Би талийгаачийн тархины гэмтлийг хамгийн сүүлд авсан гэж бодож байгаа. Хахин ил харагдах бусад зулгаралтын үед тархины ямар нэгэн гэмтэл үүсэхгүй. Бөөрөнд их хэмжээний цус хурсан байсан. Энэ гэмтлүүдийн үед эмнэлгийн тусламж авах боломжтой. Үүнийг би дүгнэлтдээ тусгасан байгаа. Тархины гэмтлийн хувьд боломж байхгүй. Үхэлд хүргэх шалтгаан болно. Хавирганы шууд хугарлын үед бөөрний ард талд олон тооны сэлтэрхий хугарал үүсээд тэр хугарлууд судсыг гэмтээгээд цус алдаж байгаа. Зүрхний агшилт зогсолт цус алдагдсаар байна. Тэр үед дотор муухай оргих толгой, эргэх, бөөлжих гэсэн шинжүүд илэрч болно. Би  тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан журмын нөхдийгөө архи согтууруулах ундааны зүйл уулгахгүй хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан байх. ...Миний буруутай үйлдлээс болж хүн нас барсан байгаад би их гэм буруутай. Тийм болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мөн талийгаач ар гэрт хохирлыг төлөх цаашид ял эдлээд гарч ирвэл шударгаар хөдөлмөр эрхэлж хохирогчийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлж буян үйлдэж амьдрах болно гэдгээ хэлмээр байна. / 5 дугаар хх-ийн 212, 221, 228 дугаар хуудас/,

 

Яллагдагч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

            “...Тэр үед талийгаач хойшоо нааран дээр дээшээ хараад унасан тэгэхэд Цэрэнпил за за би одоо зүгээр одоо ахыг дахиж зодохгүй зүгээр хамт гарч юм яриад орж ирье гэж хэлээд талийгаачийн энгэрээс нь татаад, талийгаач хөлөөрөө чирэгдээд гарсан. Тэгэхэд талийгаач алхаж чадахгүй газар чирээд гарсан...гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 214 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Ойролцоогоор 7-8 шил Харзтай нэртэй 0,5 литрийн архийг ууж хэрэглэж дууссан,...Тэрний дараагаар би гэр дотор зуухны хажууд сууж тамхи татсан тэр үед цагдаа Цэрэнпил, Өлзийбаяр ах хоёр юунаас маргалдсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэлдсэн тэгтэл Өлзийбаяр ах би явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Өлзийбаяр ахын араас дэд ахлагч Мөнх-Эрдэнэ, Цэрэнпил хоёр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу намайг зуухны өмнө сууж байхад гаднаас Цэрэнпил, Мөнх-Эрдэнэ хоёр Өлзийбаяр ахыг оруулж ирсэн Өлзийбаяр гэрийн хойд хэсэгт байх наарны зүүн хэсэгт очоод суусан. Миний ард Цэрэнпил зогсож байснаа Өлзийбаяр ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд Цэрэнпилийг дайрах гэхээр нь би босож салгасан,...Намайг сууж байхад Цэрэнпил өнгөрдөг Өлзийбаярыг заамдаж босгоод дагуулж гаргах гэхлээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан,...Цэрэнпил өнгөрдөг ах Өлзийбаярыг чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд Билгүүн бид хоёр шууд босоод очсон чинь Өлзийбаяр ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэрнийхээ дараа Цэрэнпил ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судсан дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн Өлзийбаяр ах бид хоёрыг тойроод зогсож байсан. Тэрний дараагаар би өөрөө хиймэл амьсгал Өлзийбаяр ахад хийсэн. Эхний удаа хийгээд хоёр дахь удаагаа хийхэд эхний удаа хийсэн агаарыг шууд буцаагаад үлээсэн. Тэгэхээр нь би нас барчихсан юм биш үү гэж хэлээд миний хойно зогсож байсан Насанжаргалыг эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн,...Миний мэдэхээр талийгаач газар ойчоогүй. Харин Цэрэнпил талийгаачийг гаднаас оруулж ирэхэд үүдний босго хэсэгт өмд нь тээглэн өвдгөө хүртэл шувтарсан байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн: "... Цэрэнпил хаачив гээд гарсан, түүний араас Мөнх- Эрдэнэ гарсан. Үүнээс хойш 20-30 минутын дараа талийгаач Өлзийбаяр ах орж ирээд нааран дээр суусан....Тухайн үед зуухны өмнө тамхи татаад сууж байсан Цэрэнпил миний хойно баганын хажууд зогсож байсан. Тэгснээ гэнэт талийгаачийн толгой руу хүчтэй өшиглөөд дахин зодох гээд дайрахаар нь би болиулаад Цэрэнпилийг чи яаж байгаа юм гээд хойш нь татахад за за ойлголоо гээд больсон. Тэгснээ гэнэт талийгаачийг заамдаад босгох гэхээр нь чи одоо болилдоо яасан гэж ахыг зодох гээд байгаа юм гэхэд зүгээрээ мань ахтай гадаа гараад юм ярьчхаад ороод ирье гэсэн. Тэгэхээр нь за за гайгүй байх гэж бодоод орхисон. Цэрэнпил талийгаач ахыг заамдаад чирээд аваад гарсан,...Гаднаас Цэрэнпил талийгаачийн ар нуруунаас нь 2 суганаас нь тэвэрсэн хөл бөгсөн биеийг чирсэн байдалтай орж ирсэн бөгөөд “ах ухаан алдчихлаа” гэж хэлээд зуухны хажууд газар хэвтүүлсэн. Талийгаачийн бөгсөн бие нь ил гарсан, цээж нь сөхөгдсөн хамаг бие нь шороо болсон байдалтай орж ирсэн бөгөөд Цэрэнпилд чи яачих ваа гэж хэлэхэд пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэр үед бид босож ирээд гүрээний судсан дээр нь дарж үзэхэд цохилохгүй болохоор нь хиймэл амьсгаа хийсэн чинь урдаас хэхрээд байгаа юм шиг чимээ гараад байсан,...Талийгаачийн хувцас хунар нь шороо цас болсон нуур нь улайсан байдалтай байсан,...Тухайн үед Цэрэнпил талийгаачийн толгой руу өшиглөсний дараа боль гээд болиулсан. Тэгсэн чинь мань чинь одоо ахтай муудалцахгүй зүгээр байна гэж хэлээд шууд талийгаач дээр очоод заамдаж аваад үүд рүү чирээд гарсан. Тэгэхэд талийгаач ямар нэгэн үг хэлэхгүй, гулжигнасан байдалтай байсан бөгөөд Цэрэнпилд чирэгдээд гарсан,...Тухайн үед талийгаачийг Цэрэнпил цагдаа зодсон тэгэхээр энэ гэмтлүүдийг Цэрэнпил учруулсан байх гэж бодож байна,...Миний мэдэж байгаагаар талийгаачийг Цэрэнпилээс өөр хэн ч цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

“...Тухайн үед гэрт байсан хүмүүс архи ууцгааж дуусаад хөзөр тоглож байхад талийгаач Өлзийбаяр ах Бүрд сум руу явмаар байна том охин төрөх гэж байгаа тухайгаа Цэрэнпилд хэлсэн юм шиг байна лээ. Би тухайн үед энэ яриаг сонсоогүй бөгөөд хэрэг болсны дараа Цэрэнпилээс юу болсон талаар асуухад надад тэгж хэлж байсан. ...Би талийгаачид хиймэл амьсгаа хийх гээд нүүр лүү нь ойртох гэхэд нүүрэн хэсэг нь улаан эрээн болсон байсан. Талийгаачийн гар хөл, нуруу, гэдэс хэсэг нь нил шороо болсон байсан. Талийгаачид үүссэн гэмтэл нэмэгдсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 45-49 дүгээр хуудас/,

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “...Би талийгаачийн ар гэрт болон Цэрэнпилийн ар гэрийнхэнд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Шүүх хурлын дараа Цэрэнпилийн ээж нь надтай ажил дээр ирж уулзаад талийгаачийн ар гэрийнхэн хохирол барагдуулаагүй гээд давж заалдах гомдол гаргаж байгаа юм шиг байна, ...талийгаачийг Мөнх-Эрдэнэ зодож цохисон зүйл бий юу гэсэн утгатай зүйл надтай уулзсан тэгэхэд нь би мөрдөн байцаагчид хуулийн дагуу үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн байгаа, хэн нэгний талд ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн зүйл байхгүй гэдгээ хэлсэн, тэгээд Цэрэнпилийн ээж нь за за гээд явсан, ...Тэгэхэд Мөнх-Эрдэнэ Цэрэнпил талийгаач 2-ын араас гараагүй гэрт байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 236 дугаар хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн: “...талийгаач эхлээд гэрт орж ирсэн бөгөөд,...гэрийн хойно зассан наарны доод талд буюу зуух руу толгойгоо харуулаад доошоо газар луу хараад суусан,...гаднаас Цэрэнпил орж ирээд, түүний дараа Мөнх-Эрдэнэ талийгаач ахын дээлийг эвхээд бүсийг нь барьсан орж ирсэн. Тэр үед талийгаач ах Цэрэнпилд хандаж чи хөгшин настай ахыгаа зодож өшиглөөд яаж байгаа юм бэ гэж байсан тэгэхэд Цэрэнпил юу гэнээ чи намайг өшиглөхөөр яадаг юм гээд талийгаач ахын толгойн зүүн хэсэг рүү Цэрэнпил хөлөөрөө өшиглөсөн тэгэхэд талийгаач ах хойшоо нааран дээр саваад унасан.... Цэрэнпил талийгаач ахын цамцны энгэрээс нь заамдаад урдаас нь чирсэн байдалтай аваад гарсан. ...Тухайн үед гэрийн хаалга хаагдсан бөгөөд би гар утсаа аваад кино татах гээд хэвтэх гэж байхад ойролцоогоор 5-10 минутын дараа Цэрэнпил нэг гараараа гэрийн хаалга онгойлгоод баруун гараараа талийгаачийн араас нь цээжнээс нь тэвэрсэн, Цэрэнпил өрөө нуруугаараа гэр лүү эхлээд орж ирээд талийгаачийг газар чирээд орж ирсэн. ...Би Цэрэнпилээс чи ахыг яасан юм бэ гэж асуухад пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 134-136 дугаар хуудас/,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн: “...Би анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтэст очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, тэр цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд хэн нэгэнтэй хуйвалдаж, Цэрэнпилийг хүн амины хэрэгт холбогдуулах худал мэдүүлэг өгч байгаа асуудал огт байхгүй. Тухайн үед болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа,...гэрт байсан архины шилнүүдийг гэрээс гаргаж хаях санааг ёстой Цэрэнпил өөрөө гаргасан шүү, яагаад гэхээр талийгаач Б.Өлзийбаяр нас барсны дараа Цэрэнпил толгойгоо хоёр гараараа салаавчилж барьчхаад пизда, пизда гээд гэр тойроод нааш цааш алхаж байхдаа би хийсэн хэргээ хүлээнэ, та нар тэрэнд битгий санаа зов, харин энэ олон шил архины шилнүүдийг багасгахгүй бол болохгүй ш дээ, та нар өөрсдөө мэдэж байгаа биз дээ, архи уусан гэвэл асуудал болно ш дээ гээд байсан. Тэгээд гэрт байсан олон архины шилнүүдийг хэн нь гэрээс хол аваачиж хаясан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Надад гэрт байсан архины шилнүүдийг гэрээс гаргаж хаях санаа байгаагүй...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 134-137 дугаар  хуудас/,

           

            Гэрч Т.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би тэр үед орондоо орчихсон яриаг сонсоод хэвтэж байсан. Тэгтэл Өлзийбаяр багш “ахыгаа зодож байгаа юм уу хавирга хугарчихсан юм биш үү” гэж ярьж байх нь сонсогдсон. Тэгээд л ноцолдож байгаад пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан. Өлзийбаярын аль хэсэг рүү Цэрэнпил өшиглөж байгааг бол би хараагүй. Хөөе яаж байгаа юм бэ Ухаан алдаад ойчлоо шүү дээ гэж нөгөө хэд босоод ирчихсэн байсан. Тэгээд л орноос босож хувцсаа өмсөөд очтол зуухны баруун урд хэсэгт Өлзийбаяр дээшээ харчихсан газар хэвтэж байсан, ...Тэгээд сүүлийн өшиглөж байгаа чинь илүүдэж байхгүй юу яах гэж өшиглөж байгаа юм бэ гэж Цэрэнпилд Сүхбат, Мөнх-Эрдэнэ   нар хэлсэн,... бид 6 нийт 8 шил архийг ууж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн: “...Тэгээд нээх их удалгүй талийгаач Өлзийбаяр ах гэрт орж ирээд нааран дээр суусан. Үүний дараахан гэрт Цэрэнпил, Мөнх-Эрдэнэ нар цувраад гэрт орж ирсэн. Тэгж байтал талийгаач Өлзийбаяр ах Цэрэнпилд хандаж чи ахыгаа зодож байгаа юм уу 2 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхэд би орондоо унтаж байсан бөгөөд төд удалгүй талийгаач Өлзийбаяр ахыг Цэрэнпил өшиглөчихлөө яаж байгаа юм гэсэн. Тэр үед би босоод ирэхэд Сүхбат цагдаа Цэрэнпилийг бариад авсан байсан. Тэгэхэд Цэрэнпил мань чинь зүгээр зүгээр ахтай юм яриад ороод ирье, учраа олоодхъё гээд талийгаач ахын энгэрээс заамдаж татаж босгож ирээд гаръя гээд чирээд гарсан. Талийгаач Цэрэнпилийн өмнөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод янз бүр болоод байсан зүйл байхгүй тэгэс гээд Цэрэнпилийн гарын аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан. Тэгээд удалгүй талийгаач ахыг Цэрэнпил өргөөд ороод ирэх шиг болсон. Сүхбат, Мөн-Эрдэнэ нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан. Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо цагдаад мэдэгдээрэй гэхээр нь би Бүрд сум руу ярьж Гачмаа дарга руу ярьж хэлсэн...ахынхаа 2 хавиргыг хугалчихлаа ш дээ гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 63-67 дугаар хуудас/,

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “...Цэрэнпилийн ар гэрийнхэн талийгаачийн ар гэрийнхэнд би мөнгө төгрөг өгөөгүй,  ...талийгаач ахыг Цэрэнпил юм яриад ирье гээд чирээд гарахад Мөнх-Эрдэнэ тэр 2-ын араас гараагүй гэрт байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 234 дүгээр  хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн: “...Цэрэнпил талийгаач ахыг гэрээс аваад гарахад гэрийн хойд нааран дээр би, Билгүүн, Сүхбат бид 3 байсан, Мөнх-Эрдэнэ зуухны баруун талд зогсож байсан. Цэрэнпил талийгаачийг авч гарахдаа хаалга хаачаад гарсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ тэр 2-ын араас дагаж гараагүй, тэгээд 5-10 минутын дараа гэрт орж ирэхдээ Цэрэнпил гэрийн хаалга онгойлгоод орж ирсэн...гэрийн гадаа цахилгаан моторын дуу дуугарч байсан, өөр ямар нэгэн чимээ сонсоогүй...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 142-144 дүгээр хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн: “...Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч Б.Баасансүрэнд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв.Энэ үйл явдал болж байхад би гэрийн хойно зассан наарны баруун талын захад унтаж байхад гаднаас Цэрэнпил, Мөнх-Эрдэнэ, Өлзийбаяр нар орж ирэхэд сэрээд дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед талийгаач Өлзийбаяр багш ахыгаа зодож байгаа юм уу? Хавирга хугалчихсан юм биш үү гэж хэлж байсан. Талийгаач гэрт орж ирсний дараа би явмаар байна, охин жирэмсэн төрөх гэж байгаа, явна гэхэд Цэрэнпил явуулахгүй гэж хэлээд хоорондоо маргалдаж байсан. Цэрэнпил талийгаач Өлзийбаяр багш 2-ыг маргаж байхад хажуугаас нь Мөнх- Эрдэнэ, Билгүүн, Сүхбат нар ямар нэгэн юм хэлээгүй. Тэгэхээр талийгаач Өлзийбаяр багш ахыгаа зодож байгаа юм уу? Хавирга хугалчихсан юм биш үү гэж хэлсэн нь Цэрэнпилд хандаж хэлж байна гэж би тухайн үед ойлгож байсан. Үүний дараахан Цэрэнпил талийгаач Өлзийбаярыг пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан, тэгэхэд Сүхбат Цэрэнпилийг болиулж байсан....Тэгтэл Цэрэнпил би ахтай учраа олоод ирье гээд талийгаачийн цамцны захаас нь заамдсан байдалтай чирээд, талийгаач Өлзийбаяр багш чирэгдсэн байдалтай гэрээс гарсан, Цэрэнпил талийгаач Өлзийбаярыг гэрээс авч гарсны дараа 5-10 минут орчмын дараа гаднаас хаалга онгойлгоод гэрт орж ирсэн. Өөрөөр хэлбэл Цэрэнпил нь талийгаач Өлзийбаяр багштай юм яриад учраа олоод ирье гэж гэрээс авч гараад талийгаачийг ухаангүй болгоод гэрт оруулж ирсэн шүү дээ....Талийгаач нас барсны дараа Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд тэнд байсан Билгүүн, Сүхбат, Мөнх- Эрдэнэ, Цэрэнпил нарыг нэг нэг цагдаа харж тус тусад нь байлгаж байгаад Хархорин сумын цагдаагийн хэлтэст аваачсан. Цагдаагийн хэлтэст авчраад нэг нэг өрөөнд нэг нэг цагдаа харж байгаад бид нараас мэдүүлэг авсан. Ингэж мэдүүлэг өгөхөд би хэн нэгэнтэй холбоо харилцаа тогтоогоогүй, хэн нэгнийг хэрэгт түлхэх зорилгоор худал мэдүүлэг өгөөгүй. Өөрийн харсан, сонссон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа, ингэж мэдүүлэг өгснөөс хойш өнөөдрийг хүртэл хэн нэгэнтэй тэр тусмаа Г.Мөнх-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж Т.Цэрэнпилийн эсрэг мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Тухайн үед болсон зүйлийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Харин би Т.Цэрэнпилийн ээж Бямбасүрэн эгчийг ажлын шугамаар танина, Бямбасүрэн эгч Өвөрхангай аймагт Японы хүүхдийг ивээх санд ажиллаж байхдаа Бүрд суманд ирж хүүхдэд чиглэсэн төсөл арга хэмжээнүүдийг хийдэг байсан. Би тухайн үед сумын ЗДТГ-ын хүүхдийн эрхийн ажилтан хийдэг байсан бөгөөд энэ утгаараа буюу Т.Цэрэнпилтэй үгсэн хуйвалдаж Г.Мөнх-Эрдэнийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгөөгүй, өгөхгүй шүү дээ. Би өөрийн харсан, өөрийн сонссон зүйлүүдийг үнэн зөвөөр нь гэрчийн мэдүүлэг өгч байгааг ойлгох хэрэгтэй байх. ...гэрт байсан архины шилнүүдийг хэн нь хаашаа аваачсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би энэ асуудалтай холбоотойгоор хэн нэгэнтэй үгсэн хуйвалдсан асуудал байхгүй...Энэ хэрэгт удаа дараа гэрчийн мэдүүлэг өгч байна, шүүх хурал дээр очоод мэдүүлэг өгсөн. Шүүх дээр мэдүүлэг өгөхөд Цэрэнпилийн өмгөөлөгч гэсэн 2 хүн нь надаас юм асуухад нь хариулт хэлэхэд ганц, хоёр үгээр хариулт аваад болсон гээд байх юм байна лээ. Тэгснээ бид нарыг хоорондоо үгссэн байна гээд байсан. Би тухайн үед өөрийн нүдээр харсан, өөрийн чихээр сонссон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа шүү дээ. Өөр нэмж ярих зүйл байхгүй, хэлсэн ярьсан зүйлс бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 117-122 дугаар  хуудас/,

 

            Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Цэрэнпил талийгаачийг чирээд гэрт орж ирсэн. Гэрийн зуухны баруун хэсэг газар дээш харуулан хэвтүүлсэн байдалтай энэ нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь онцгой байдлын аврагч гэх Сүхбат залуу хиймэл амьсгал хийж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд ерөөсөө амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би ойроос ажиглаж харсан тэгээд амьсгалж чадахгүй байгааг анзаарсан. Тэгэхээр нь би нааран дээр нь тавьж байрлуулах хэрэгтэй гэж хэлээд Цэрэнпил, Мөнх-Эрдэнэ, Сүхбат нарын хамт талийгаачийг нааран дээр хэвтүүлэн тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73-74 дүгээр  хуудас/,                                      

2018 оны 04 дүгээр сарын  18-ны өдрийн: “...Би өөрөө талийгаачтай маргалдаж муудсан эсэх талаараа мэдэхгүй байгаа юм, хамт байсан хүмүүс Билгүүн чи нааран дээр хэвтэж байсан, талийгаач Б.Өлзийбаяр ах руу ойртоогүй, зодоон цохион хийгээгүй гэж хэлж байсан, тэгэхээр надад талийгаачийг зодсон асуудал болоогүй, ...хээрийн штаб дээр ажиллаж байсан хүмүүс хэрэг болсон 4-р пост дээр дэслэгч А.Балжинням, ахмад Батсайхан, ахлах дэслэгч Гаваадамба нар ирсэн. Тэгээд Б.Өлзийбаяр ах нас барсан тухайг бид нараас асууж байхад дэслэгч А.Балжинням гэдэг хүн Сүхбатын нүүрний уруул орчимд нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,                              

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “...талийгаач Өлзийбаярын оршуулгын зардалд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Цэрэнпилийн ар гэрийнхэнд талийгаач Өлзийбаярын ар гэрийнхэнд өгөөрэй гэж мөнгө төгрөг өгөөгүй,...талийгаачийн цээжний араас Цэрэнпил тэврээд орж ирсэн тэгэхдээ талийгаач ахыг сонин болчихлоо гэж хэлсэн, Цэрэнпил талийгаачийн толгойн зүүн хэсэгт хэзээ өшиглөсөн эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна, ...Би Цэрэнпилийн цээж рүү гараараа цохиогүй, Цэрэнпил талийгаачийн зүүн шанаа орчимд өшиглөсөн эсэхийг нь би хараагүй, мэдээгүй. Цэрэнпил талийгаач ахыг өргөж оруулж ирээд сонин болчихлоо гэхэд нь Сүхбат хиймэл амьсгаа хийсэн тэгж байгаад нас барих шиг боллоо гэж хэлсэн тэр үед бухимдсан уу, айсан уу ямар ч байсан гэрийн баганыг гараараа цохисон тэгэхэд миний баруун гарын сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 238 дугаар хуудас/,                                                            

 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн: “...Сүхбат миний хажууд, миний баруун талд Насанжаргал хэвтэж байсан, Мөнх-Эрдэнэ зуухны тэнд байсан. Тэгээд Цэрэнпил, талийгаач ах Өлзийбаяр нарыг хаачсан юм гэж асуухад гадаа байгаа цаад 2 чинь юм ярьж байгаа гэсэн тэгээд 5-10 минут орчим болж байхад гаднаас гэрийн хаалга онгойлгоод Цэрэнпил ...орж ирэхдээ талийгаач ах Өлзийбаярыг ар нуруунаас чирсэн хөл нь чирэгдсэн, гэрийн босгон дээр өмд нь чирэгдээд бараг шувтарсан байдалтай оруулаад ирсэн. ...Би сэрээд гэрт байсан хүмүүсийг бүртгээд харахад гэрийн хаалга хаалттай байсан, гэрийн гадаа цахилгаан мотор ажиллаж байсан болохоо гэрийн гадна ямар нэгэн чимээ гарч байхыг сайн сонсоогүй...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 137-138 дугаар хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн: “...бараг 5-10 минут болж байхад гэрийн хаалга гаднаас нь онгойлгоод Цэрэнпил талийгаач Өлзийбаярыг ар нуруунаас нь тэврээд орж ирэхдээ ах нэг сонин болчихлоо гэж байсан. Тэгээд Өлзийбаяр талийгаачийн гэрийн зуухны урд хэсэгт дээш харуулаад хэвтүүлсэн тэгэхэд талийгаач Өлзийбаярын өмд нь доошоо шувтрах янзтай болсон, цамцных нь нуруу хэсэг нь гарсан байсан, талийгаач Өлзийбаяр нь ямар ухаангүй өөрийн мэдрэлгүй байсан /ер нь бараг нас барсан байдалтай орж ирсэн/. Тэр үед Сүхбат хиймэл амьсгал хийхэд талийгаач өмнөөс нь хэхэрч байгаа шиг дугараад байсан...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн: “...Тухайн үед байсан хүмүүс хэн нь хэнтэйгээ үгсэн хуйвалдаагүй, болсон зүйлийг бүгд үнэн зөвөөр ярьж байгаа байх. Миний хувьд хэнтэй ч үгсэн хуйвалдаагүй, өөрийн харсан, өөрийн мэдэж байгаа зүйлийг үнэнээр нь мэдүүлж байгаа. Би цагдаагийн албанд ажиллаж байсан. Цэрэнпилтэй нэг албанд ажиллаж байсан гэдэг утгаараа Цэрэнпилтэй үгсэн хуйвалдаад Цэрэнпилийг талийгаач Өлзийбаярыг зодоогүй, өшиглөөгүй гэх мэтээр мэдүүлээгүй шүү дээ. Тухайн үед хэрэг болсны дараа бид нар хоорондоо үгсээд хуйвалдаад байх ямар ч боломж байгаагүй шүү дээ. Тэгээд ч бид нарыг Хархорины цагдаагийн хэлтэст аваачаад нэг нэг өрөөнд тус тусад нь байлгаж байгаад нэг нэгээр нь мэдүүлэг авсан шүү дээ...” гэх мэдүүлэг  /9 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

 Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэнд очиход дэд ахлагч Билгүүн, дэд ахлагч Цэрэнпил, дэд ахлагч Мөнх-Эрдэнэ, дэд ахлагч Сүхбат, Бүрд сумын татварын байцаагч Насанжаргал, Онцгой байдлын хээрийн штабын дарга ахмад Батсайхан, салаан захирагч Балжинням, эмч гээд нэг ахлах дэслэгч залуу, жолооч ахлах ахлагч Санжаажамц нар байсан. Талийгаач Өлзийбаяр нь гэр дотор гэрийн хойд талд байрлуулсан наарны баруун тал хэсэгт дээгүүр нь юм бүтээсэн байдалтай байж байсан. Сумын эмч Эрдэнэбатаар үзлэг хийлгэхэд нас барсан хүн байна гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Талийгаачийн биеийн нүүр хэсэгт зулгарсан, толгойн дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. Эсгий гуталтай, сааралдуу өнгийн ногоон цамц, хар өмдтэй байсан. Сааралдуу цамц нь суга хавиараа урагдсан байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88- 90 дүгээр хуудас/,

Мөн 2019 оны 02 дугаар 27-ны өдрийн: “...Тухайн үед би Бүрд сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ...дуудлагаар сумын эмчтэй хамт очсон, ...Өлзийбаяр нас барсан байдалтай байсан тул Хархорин сум руу хүн нас барсан байна гэсэн дуудлага өгсөн. ...Хүн нас барсан талаарх дуудлага Хархорины цагдаагийн хэлтэст өгсний дараа үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг хооронд нь битгий юм яриулаарай гэсэн чиглэл ирсэн учир бүрэлдэхүүн иртэл тэд нарыг хооронд нь юм яриулахгүй харж байсан,...талийгаачийг Мөнх-Эрдэнэ зодсон талаар тэнд байсан хүмүүсээс хэн нь ч тийм зүйл яриагүй. Харин Цэрэнпил талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж хэлж байсан тэгэхдээ гэрт өшиглөсөн гэл үү, гадаа өшиглөсөн гэж хэлсэн бил үү. Ямар ч байсан Цэрэнпил талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 223-224 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Энэ дуудлагад би хэсгийн төлөөлөгч Пүрэвдоржийн хамт очсон. Тэнд очиход бүх хүмүүс гэрт байсан. Талийгаач Өлзийбаярыг гэрийн хойд хэсэгт байрлах наарны баруун зах хэсэгт дээшээ харуулсан байрлалтай дээгүүр нь орны бүтээлгээр бүтээсэн байдалтай байсан. Би тэнд очоод орны бүтээлгийг сөхөж үзэхэд талийгаачийн нүүр хэсэгт духны хэсэг болон хоёр шанаа, хамар хэсэгт зулгарсан шинэ шархтай байдалтай байсан. Би гүрээний судсыг дарж үзэх, хамрын амьсгал шалгах зэрэг үзлэгийг хийхэд амьсгал хураасан байгаа болох нь тогтоогдсон, бүсэлхий хэсгээрээ хувцас нь нороод хөлдсөн байдалтай байгаа харагдсан, ...Өлзий багш гэрээс гараад явсан. Тэгээд нэг цагдаа ах бас хасагдаад гэрээс гарахад гэрийн баруун талд нэг хар юм байхаар нь дуудаад хариу өгөхгүй байхаар нь нүүрийг нь цасаар угааж арччихаад гэрт байсан хүмүүсийг дуудсан чинь гадаа ажиллуулж байсан моторын дуунд хүмүүс сонсохгүй байхаар нь өөрөө чирж гэртээ оруулж ирсэн гэж нэг цагдаа ах яриад байсан, ...Хархорины цагдаа гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Энэ хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдсон учир Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код 112-т “Албаны шалгалт явуулах журам” заасны дагуу албаны шалгалтыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат явуулсан. Газрын дарга албаны шалгалт явуулах явцдаа холбогдогч Т.Цэрэнпилээс болсон хэрэг асуудлын талаар тайлбар авч, тухайн үед хамт явж байсан Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн дарга Д.Отгонбаяр надаар компьютер дээр бичүүлсэн. Ингэж бичүүлсэн байхад Т.Цэрэнпилийн хэлж, тайлбарласны дагуу тайлбар авсны маргааш хэргийн газрын нөхөн үзлэг хийж архины шил зэргийг хурааж аваагүй. ...Т.Цэрэнпилээс газрын дарга тайлбар авч байхад Онцгой байдлын албан хаагч Г.Мөнх-Эрдэнэ гэж хүн талийгаач Б.Өлзийбаярыг зодсон талаар юу ч яриагүй. Хэрэв онцгой байдлын алба хаагч талийгаач Б.Өлзийбаярыг зодсон талаар хэлж ямар нэгэн санаа, сэдэл өгсөн бол албаны шалгалтыг тал бүрээс нь шалгана. Учир нь цагдаагийн албан хаагч тухайн гэмт хэргийг үйлдсэн, эс үйлдсэн гэдгийг тал бүрээс нь шалгах ёстой...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Цагдаагийн албаны тухай хуулийн тухай 4-р бүлэгт цагдаагийн албан хаагчийн тодорхой үйл ажиллагаа явуулах журмыг хуульчилж өгсөн. Энэ хуульд албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хажууд хэн нэгэн этгээд /цагдаагийн албан хаагч/ хүний эрүүл мэндэд халдаж, улмаар түүний амь насыг хохироосон байхад аюултай байдалд орхих, эрүүл мэндэд тусламж үзүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 138-141 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Тамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний үед Бүрд сумын Засаг даргын захирамж гарч уг захирамжийн дагуу Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Устгалын ажлын хэсгийн бүрэлдэхүүний хүмүүс нь шүлхий өвчин гарсан голомтод ажилладаг, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүсүүдэд Онцгой байдлын алба хаагчид, мал гоц халдварт шүлхий өвчний үед Онцгой байдлын алба хаагчид тэгж ингэж ажиллана гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр Онцгой байдлын алба хаагч малын гоц халдварт шүлхий өвчний хязгаарлалтын бүсэд хэрхэн ажиллах эрх зүйн зохицуулалт байхгүй болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн “...хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй ...” гэсэн асуудал яригдахгүй...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 142-144 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Хуйхыг ярж гавлын ясыг нээхэд тархины орой, суурь, баруун зүүн тал бөмбөлөг, бага тархи, духны хэсэгт нэлэнхүйдээ /зөөлөн бүрхүүл доорх/ цус харвалт байсан. Тус цус харвалт гэмтэл нь тархины ховил хэсэг рүү гүнзгий орсон учраас тархины хүнд гэмтэлд орох бөгөөд амь насанд шууд аюул учруулна. ...тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөх гэмтэл байх боломжтой. Олон хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч амь насанд шууд аюул учруулахгүй. Дагзны баруун ар хэсэгт үүссэн шингэн цус бүхий шарх гэмтэл болон нүүрний хэсэгт, толгойн хэсэгт үүссэн зулгаралт шарх гэмтлүүд нь тархины үхэлд хүргэх гэмтлийг үүсгэсэн байх боломжтой юм. ...талийгаачийг газар хажуугаар нь хэвтэж байхад нь цээжний урдаас өшиглөхөд зүүн хавирганы эгэмний гадна шугамаар 6,7,8 дугаар хавирганы хугарал үүсэх боломжтой юм. Цээжний баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал нь хэвтээ болон суугаа байрлалд цохилтын улмаас үүсэх боломжтой. ...Цасаар хүний нүүрийг угаахад энэ гэмтэл үүсэх боломжгүй юм. Энэ гэмтэл нь цохих, унах, чирэгдэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл юм....Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тоосго мод хатуу арзгар ултай гутал, болон бусад мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тус үүссэн шархны эсрэг талд буюу зүүн тал бөмбөлөгийн дунд хэсэгт аалзан бүрхүүл доорх хар хүрэн өнгийн зузаан цус хуралт гэмтэл тогтоогдсон байгаа нь тус шархнаас тухайн зүүн тал бөмбөлөгийн дунд хэсэгт үүссэн цус харвалт гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой юм. Учир нь тархины цус харвалт, цус харвалт, тархины няцрал гэмтэл нь хүч үйлчилсэн цэгнийхээ эсрэг талд үүсдэг. ...Ийм гэмтэл авсан хүн орчинтойгоо харьцаж үйл хөдөлгөөн хийх ямар ч боломж байхгүй. Учир нь аалзан бүрхүүл доторх цус харвалт бүхий гэмтэл нь хар хүрэн өнгийн зузаан тархины далан хувил руу гүн орсон цус харвалт байсан. Тийм учраас өөртөө үйлчлэх хөдөлгөөн хийх боломжгүй гэж үзэж байна,...мөн Талийгаач гэрийн нааран дээр урагшаа хараад сууж байхад нь хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд талийгаачийн толгойн зүүн чихний орчимд хүчтэй өшиглөхөд талийгаач нааран дээр хойшоо саваад унасан гэдэг. Энэ тохиолдолд талийгаачийн биеийн аль хэсэгт үүссэн гэмтэл үүсэх боломжтой вэ? гэхэд Энэ тохиолдолд талийгаачийн тархины аалзан бүрхүүл доорх гэмтэл үүсэх боломжтой боловч дагзны баруун талд үүссэн шарх гэмтэл нь зүүн талын бөмбөлөгийн дунд хэсэгт үүссэн хар хүрэн өнгийн зузаан аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой юм. Толгойн тус газарт олон удаагийн мохоо зүйлийн хүч үйлчилсэн учраас тархины эдийн бүх талбайг хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой. Олон удаа гэдэгт цохигдох унах зэргийг ойлгож болно, Талийгаачийн дагзны баруун ар хэсэгт үүссэн шингэн цус бүхий шарх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой вэ? ...гэхэд дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тоосго, мод, хатуу арзгар ултай гутал болон мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ..Уг тал тоосгыг задлан шинжилгээний үед хэрэглэхээс өмнө цус болон биологийн ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан" гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 138-142 дугаар хуудас/,

2018 оны 03 дугар сарын 24-ний өдрийн: “...Цээжин дээр хиймэл амьсгал хийх үед энэ гэмтлүүд үүсэх боломжгүй. Учир нь талийгаачийн биед үүссэн олон хавирганы хугарал гэмтэл нь шууд хугарал үүссэн гэмтэл байсан...задлан шинжилгээ эхлээд гавал тархийг нээж үзэхэд тархины орой, суурь, баруун зүүн бөмбөлөг, бага тархи, духны хэсэгт нэлэнхүйдээ /зөөлөн бүрхүүл доорх/ цус харвалт байсан. Тус цус харвалт гэмтэл нь тархины ховол хэсэг рүү гүнзгий орсон, ...энэ гэмтэл нь амь насанд шууд аюул учруулах гэмтэл...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 144 дугаар хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн: “...Талийгаач Б.Өлзийбаяр нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан,...зүүн тал бөмбөлөгийн хажуу хэсэгт үүссэн зөөлөн бүрхүүл доорх хар хүрэн өнгийн цус харвалт, баруун зүүн талын бөмбөлөгийн духны хэсгийн ховилд үүссэн хар өнгийн цус харвалт гэмтлийг үүсгэж улмаар талийгаач Б.Өлзийбаярын энэ гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой, ...талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл буюу гавал тархины гэмтлийг,...цус харвалт гэмтэл цаг хугацааны дарааллын хувьд хамгийн сүүлд үүссэн байх боломжтой юм. Яагаад гэхээр тархинд үүссэн гэмтэл нь удаан хугацаанд үйлдэж хийж, орчинтойгоо харьцахгүй боломжгүй юм. Тархины энэ гэмтэл авсан даруйд   талийгаач орчинтойгоо харилцах /алхах, явах, ярих гэх мэт үйлдлүүд/ боломжгүй юм....Цэрэнпилийн мэдүүлснээр Г.Мөнх-Эрдэнэ нь талийгаачийн цээж рүү доороос нь дээшээ өшиглөсөн бол биеийн аль талаас цээжний аль хэсэг рүү хэдэн удаа өшиглөсөн нь тодорхойгүй учраас өшиглөлтөөс үүссэн гэмтлийг тогтоох боломжгүй....талийгаачийн биед үүссэн олон тооны шарх, зулгаралт, цус хуралт, тархины гэмтэл, олон хавирганы хугарал, уушгины дэлбэн дэх шарх, бөөрний гялтангийн цус хуралт гэмтлүүд дээр тус бүрд нь гэмтлийн зэрэг тогтоолгох дүгнэлт гаргуулж болно. Талийгаачийн биед үүссэн олон тооны шарх, зулгаралт, цус хуралт, олон хавирганы хугарал, уушигны дэлбэн дэх шарх, бөөрний гялтангийн цус хуралт гэмтлүүдийн үед талийгаач алхах, явах, ярих, өөрөө өөртөө үйлчлэх, орчинтойгоо харьцах боломжтой. Харин тархины гэмтлийн үед өөрөө өөртөө үйлчлэх болон орчинтойгоо харьцах, явах, ярих, өөрийгөө илэрхийлэх, өөртөө үйлчлэх энгийн үйлдлүүдийг хийх боломжгүй юм. Ийм учраас дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь цаг хугацааны хувьд хамгийн сүүлд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 150-153 дугаар хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн: “...талийгаачийн толгойн дагзны баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь...талийгаачийн толгойн дагзны орчимд хүчтэй өшиглөх, хатуу ирмэгтэй зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм. Талийгаачийн зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь зүүн эгэмний гадна шугамаар дотогшоо зөрүүтэй хугарал үүсгэж улмаар зүүн уушгинд шарх гэмтлийг үүсгэсэн байдаг. Доороос болон хажуугаас өшиглөх үед үүсэх боломжтой. Баруун 9, 10, 11-р хавирга далны шугамаар дотогшоо хугарсан байдаг дээрх гэмтэл суугаа болон хэвтээ байдалд өшиглөх, цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 157-160 дугаар хуудас/,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн: “...Талийгаачийн толгойн дагзны баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой,...хүчтэй өшиглөх, хатуу ирмэгтэй зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм...талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт гэмтэл юм...бүрэлдэхүүнээс хэргийн газрын үзлэг хийхэд би шинжээч эмчийн хувьд байлцсан,...толгойн шархны гэмтэл хаана үүссэн болохыг олох зорилготой тэр хэсгээр явсан. Гэвч тэр үед цусны дээж олдоогүй. Өөрөөр хэлбэл гэрийн үүдэнд болон тэр үед цасан дээр 2 хэсэг гэрийн буйран чинээ хүн ноцолдсон байхаар мөр байсан. Түүний аль алин дээр нь их бага хэмжээний ямар ч цус олоогүй. Мөн гэрийн эргэн тойронд ойролцоогоор 4'0 см зузаан цастай байсан. Тэр 40 см-ийн зузаантай зөөлөн цасан дээр хүний цус асгарсан тохиолдолд хангалттай харагдахаар газар байсан. Гэрийн үүдний босго, босгоны орчимд ямар нэгэн цусны ул мөр байгаагүй, хэрэв Т.Цэрэнпилийн мэдүүлж байгаа зүйлс үнэн бол талийгаачийн дээшээ хараад хэвтэж байсан газарт толгойн дагзнаас гарах цус үлдэнэ шүү дээ. Тэгэхэд гэрийн үүдний босго, босгоны орчимд цусны ямар ул мөр байгаагүй. Тэгэхээр Т.Цэрэнпилийн ярьж байгаа зүйлс нь үндэслэлгүй гэж үзэхээр байна...Талийгаач Өлзийбаяр нас барсан хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бөгөөд талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь амьд байхад үүссэн гэмтлүүд байсан. Толгойн баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь тархины зуун тал бөмбөлөг болон тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй байх боломжтой гэмтлүүд юм. Шүүх хурал дээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрөөгүй гэж бодож байна. Утгын хувьд ижил бөгөөд тухайн үед асуусан асуултад хариулсныг зөрүүтэй мэдүүлэг мэтээр ойлгосон байхыг үгүйсгэхгүй юм...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гуравдугаар постноос Сүхбат утсаар гэрлийн чийдэн бензин зэргийг авчраад өгөөч манайх өнөөдөр хорхог хийх байгаа юм ирж хорхог ид гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Билгүүн, Насанжаргал бид гурав явган явсан. Явахдаа Билгүүнд байсан 2 шил архийг авч гуравдугаар постод очсон юм. Бид нарыг анх очиход нутгийн малчин сахалтай Батсайхан гэж хүн байсан.  Тэгээд авчирсан хоёр шил архийг хувааж ууж тоглож хоносон. Харин Батсайхан болон Мэндсайхан нар хонолгүй архинаас хувааж ууж хэрэглээд явсан. Маргааш өглөө нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өглөө Бүрд су унаа гарах гэж байгаа талаар мэдэж. Билгүүн болон Сүхбат нар нийт 8 шил з захисан. Тэр үед талийгаач Өлзийбаяр 5 хайрцаг тамхи захиж байсан. Тэгээд Бүрд сумаас хот явж байгаа хүн бид нарт 8 шил архи, 5 хайрцаг тамхи зэргийг замаараа үлдээгээд явсан. Тэр өдрийн орой нь гуравдугаар постний хүмүүс манай постод ирсэн. Тэгээд архи ууж хөзөр тоглосон. Архи ууж дууссаны дараа талийгаач гараад явсан. Түүний араас Цэрэнпил цагдаа гарсан. Орж ирэхгүй болохоор нь би Цэрэнпил, Өлзийбаяр нарын араас нь гарсан. Намайг гэрээс гарахад цагдаа Цэрэнпил гэрийн баруун хэсэгт зогсож байсан харин талийгаач Өлзийбаяр доод зам руу явган алхаж байсан. Цэрэнпил Өлзийбаярыг тэр явж байна гэж хэлсэн тэрний дараагаар би Цэрэнпилийг үлдээгээд Өлзийбаярыг араас очиж уулзаад буцаж харъя гэж хэлсэн чинь Өлзийбаяр тухайн үед би гэртэй хармаар байна гэж хэлсэн. Тэгээд суугаад юм яриад сууж байсан чинь цагдаа Цэрэнпил араас ирээд явцгаая гэж хэлсэн тэгээд Өлзийбаярыг явахгүй байхлаар нь цасаар нүүр хэсгийг нь угаасан тэгтэл Өлзийбаяр явахгүй суугаад байсан Цэрэнпил түүний хэвлий, хонго хэсэг рүү нэг нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар талийгаач Өлзийбаяр босоод дөрөвдүгээр пост руу явсан. Тэгээд явж байхад нь цагдаа Цэрэнпил араас нь гүйж очоод Өлзийбаярыг гүйгээд яв гүйж явж чадахгүй байна уу? пизда минь гэж хойш татаад газар унагаасан тэрнийхээ дараа хоёроос гурван удаа өшиглөсөн. Би араас нь явж очоод боль гэж хэлсэн Цэрэнпил цагдаа Өлзийбаярыг дээлээ тайл гэж хэлсэн. Өлзийбаяр дээлээ тайлсан би Өлзийбаярын дээлийг барьж Цэрэнпил цагдаагийн хамт алхаж явсан. Өлзийбаярыг алхаад явж байхад нь Цэрэнпил хурдан гүйгээд яв ална шүү гээд байсан. Тэгэхээр би явж байна шүү дээ гэж хэлсэн чинь Цэрэнпил зүгээрээ айлгах гэсэн юм гээд байсан. Тэрний дараа Цэрэнпил цагдаа гүйгээд явж чадахгүй байгаа бол чирээд явна гэж хэлээд өмд, цамц зэргээс нь хэсэг чирсэн. Тэгээд би очиж болиоч одоо боль гэж хэлээд Өлзийбаярыг гэр рүү ор гэж хэлсэн. Тэгээд Цэрэнпилийг хажуудаа барьж яваад гэр рүү Цэрэнпилийн хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход талийгаач Өлзийбаяр гэрийн зүүн хойд хэсэгт нааран дээр сууж байсан. Насанжаргал, Билгүүн хоёр нааран дээр хэвтэж байсан. Харин Сүхбат зуухных хажууд сууж байсан. Гэрт орж ирээд Цэрэнпил, талийгаач Өлзийбаяр нар маргалдсан тэр үед Цэрэнпил талийгаачийн толгойн зүүн талаас нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед талийгаач Өлзийбаяр нааран дээр сууж байсан ба урд хэсэг рүү нь унасан. Талийгаач яг аль талаараа унасныг анзаараагүй. Тэр үед Сүхбат Цэрэнпилийг болиоч гэж хэлсэн. Тэгтэл Цэрэнпил байж бай би авч гараад гадаа юм ярина гэж хэлээд Өлзийбаярыг чирээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй Өлзийбаярыг чирээд орж ирсэн. Гэрт оруулж ирж байх явцад талийгаачийн өмд босгон дээр тээглэн хагас шувтарсан. Цэрэнпил Өлзийбаярыг гэрийн баруун хэсэг зуухны хажууд газар хэвтүүлсэн. Сүхбат анхны тусламж үзүүлэн хиймэл амьсгал хийсэн. Тэгээд Насанжаргал Цагдаа эмнэлэг дуудна гэж хэлээд гэрээс гарч утсаар ярьсан. Би утсаар ярьж байхад нь гадаа хамт байсан. Талийгаачийн дээл ямар өнгийн дээл байсан юм бэ? гэхэд  үстэй дотортой ногоон өнгийн дээл байсан. Уг дээлийг би гаднаас гэрт оруулж ирсэн. Учир нь Цэрэнпил талийгаачийг дээлээ тайл  гээд  тайлуулсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-77 дугаар хуудас/,

            ”...4 дүгээр пост руу цагдаа Билгүүн, Цэрэнпил, онцгой байдлын Сүхбат, Мөнх-Эрдэнэ би Бүрд сумын Насанжаргал, талийгаач Өлзийбаяр бид 6-уулаа 8 шил 0,5 литрийн харзтай архи хувааж  ууцгаасны дараа талийгаач Өлзийбаяр ах гэр лүүгээ явах хэрэгтэй байна. Манай том охин төрөх гэж байгаа. Тухайн шөнө харанхуй байсан бөгөөд одоо сартай байсан эсэхийг санахгүй байна, гэхдээ 15-20 метр орчмын зүйл харагдаж байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 35-39 дүгээр хуудас/,

”...Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг, задлан шинжилгээ хийсний дараа Цэрэнпил, Сүхбат, Насанжаргал, Билгүүн бид нарыг Хархорин сумын цагдаагийн хэлтэст аваачин нэг нэг өрөөнд оруулаад тусгаарласан бөгөөд байцаалт мэдүүлэг аван, өмсөж явсан хувцас тайлуулан биед үзлэг хийсэн, өмсөж явсан хувцас хунарын зураг аваад байсан, тэгээд гэр лүүгээ яваад солих хувцас авчруул гэж цагдаа хэлээд би гэр лүүгээ ярьж хувцсаа сольсон. Билгүүний хувцсыг яагаад солиулаагүй эсэх талаар надад мэдэх зүйл алга. Би талийгаачийн дээл бүсийг бариад дээшээ талийгаач Б.Өлзийбаяр, цагдаа Т.Цэрэнпил нар луу алхаж явахад Цэрэнпил талийгаач Өлзийбаярыг газар бөгсөөр нь суулгасан өмдний ар, цамцны ар орчмоос барьсан газар цасан дээгүүр чирээд явж байсан тэгэхээр нь би гүйж очоод болиоч Цэрэнпилээ чи одоо хүн аллаа шүү дээ гэж хэлэхэд энийг алсан ч яадаг юм гээд чирээд байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Би 2018 оны 02 дугаар сарын 14-өөс өнөөдрийг хүртэл Хээрийн штабын даргаар ажиллаж байна.  Бүрд суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Иймд энд ажиллаж байгаа алба хаагч ажилтнууд Засгийн газрын 2012 оны тогтоолоор батлагдсан Шүлхий өвчтэй тэнцэх журмыг баримтлан ажиллах ёстой. Энэ журамд мал амьтан хөдөлгөөнд хяналт тавих халдварт өвчнийг нянг гадагш түгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг тусгасан байдаг. ...гэрт оруулж ирэхэд Сүхбат хиймэл амьсгал хийж эмнэлгийн анхны тусламж  үзүүлэх гэж оролдсон. Тэгээд л өнгөрчихсөн гэж ярьсан. Бусад хүмүүс нь ч гэсэн яг л ийм л зүйл ярьж байсан. Салаан захирагч Балжинням тэнд очоод байж байх үедээ Сүхбатад хандаж ажлын байран дээрээ архи уулаа ямар хариуцлагагүй юм гэж  хэлээд нуруу хэсэгт нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд байж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирж шалгах ажиллагааг хийж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-82 дугаар хуудас/,

Гэрч Ё.Индрээбодийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байсан. Талийгаач хөөвөр гэх газар хяналтын постод ажиллах хуваарьтай байсан. Би тэр өдөр постод ажиллах  зургаан хүнийг авч явсан. Пост руу явах гэж байх үед бид нарын явах чигт нутаглаж байна Доржсүрэн Чинбат гэж хүний машиныг бариад яваад өгөөч гэж эхнэр гуйсан юм. Тэгээд бид нар Чинбатын байсан айлд очиж машиныг нь Насанжаргалаар унуулж хөдөлсөн. Талийгаач Өлзийбаяр бол манай машинд явсан. Би хамгийн сүүлд Өлзийбаярын гэрийн гадаа очиж авсан. Бид нарыг гэрийнх нь гадаа очих үед талийгаач өөрөө гарч ирээд манайхаар ороод гар гэхээр нь бид нар бүгдээрээ орсон.  Гэрт ороход гал дээр нь бууз тавьсан байсан. Бууз нь ч удалгүй гараад бид нар бууз идэж  нэг шил 0,5 граммтай архи задалсан байсныг нь ууж дуусгасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

”...Талийгаач Өлзийбаяр нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. 2017 оны 12 дугаар сарын дундуур нэлээд согтуу гудамжинд явж байх үед нь би таарч гэрт нь хүргэж өгч байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байсан. Архи уучихаараа дуу ихтэй болоод шүлэг энэ тэр уншаад байдаг хүн байсан. Тэрнээс агсан согтуу тавьж хүнтэй маргаад байдаггүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-90 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Бүрд сумын 2 дугаар багийн Бор үзүүр гэх газар үйл ажиллагаа явуулж байгаа хяналтын 2 дугаар постод  үүрэг гүйцэтгэж байсан. 3, 4 дүгээр постод ажиллаж байсан хүмүүс бүгд байж байсан. Мөн хээрийн штаб дээр байсан онцгой байдлын 4 алба хаагч мөн тэнд байсан. Бид нартай хамт Бүрд сумын эмч залуу хэргийн газар дээр очоод Бүрд сумын сургуулийн багш гэх залуугийн гүрээний судсыг дарж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 102-105 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Ангаахын шинжлэх ухаанд согтолтын зэргийг 4 хувааж үздэг. Хөнгөн зэргийн согтолтын зэрэг 0,5-1,5 хувь дунд зэргийн согтолтын зэрэг 1.6-2.5 хувь, хүчтэй зэргийн согтолтын  зэрэг 2.6-3.5 хувь, хүнд зэргийн согтолтын зэрэг 3.6-4.5 хувь байдаг. Анагаахын шинжлэх ухаанд буюу шүүх шинжилгээ хийдэг эмч нарын үздэгээр 2.6 хувиас согтолт нь хүчтэй зэргийн согтолтын зэрэг нь согтолтын хүнд зэрэгт хамаарах буюу хордлогын байдалтай байдаг. ...Согтолтын зэрэг тухайн хүний биеийн физиологи архины удамшлын хоол хүнс хэрэглэсэн байдал зэрэг нөлөөлдөг. Хэрэв байнга хэрэглэдэг хоол хүнс хэрэглэж биеийн физиологи нь архи спирт хүлээж авах чадвар сайтай хүн байсан бол 2.6 хувийн согтолттой байхад орчинтойгоо харьцах хүнтэй маргах хүнтэй зодоон хийх чадвартай байдаг. ...энэ байдлаас харахад талийгаач тухайн нөхцөл байдалд өөрийгөө бусдаас хамгаалах бусадтай маргалдах зодоон хийх зэрэг үйл хөдөлгөөн хийх чадвартай.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 198-202 дугаар хуудас/,

 

Яллагдагч Т.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...би өөрийн гараар мэдүүлэг бичсэн байгаа, энэ мэдүүлэг 5 хуудас 9 нүүр мэдүүлэг байгаа,...Талийгаач Б.Өлзийбаярын араас гүйгээд очиход Мөнх-Эрдэнэ талийгаачтай хамт байсан. Би 10-15 минутын дараа очсон тэгэхэд талийгаач 4 хөллөөд мөлхөж байгаа харагдсан, талийгаачийн дээрээс Мөнх-Эрдэнэ гараараа цохиж байсан би гүйгээгээрээ очоод Мөнх-Эрдэнийг түлхсэн. Тэгээд талийгаачийг дээш нь болгоход нүүр ам нь цус болсон байсан, дээлийнх нь энгэр хэсэг нь урагдсан байсан,...тэр үед талийгаач өвдөглөөд суусан байхад Мөнх-Эрдэнэ талийгаачийн цээж рүү доороос нь дээшээ өшиглөсөн тэгээд Мөнх-Эрдэнийг боль гээд болиулсан,...талийгаач гэр лүү түрүүлээд орсон байсан. Тэгээд би гэр лүү ороход талийгаач нааран дээр тамхи татаад сууж байсан,...би талийгаачид та энэ хүйтэнд хөлдөж үхнэ шүү дээ гэж хэлээд баганын хажууд очоод зогссон. Тэгэхэд араас Мөнх-Эрдэнэ орж ирсэн тэгэхэд талийгаач чи ахыгаа яах гэж зодож байгаа юм, чи миний 2 хавирга хугалсан юм биш үү гэж хэлсэн,...талийгаачийг би өшиглөсөн, ...гэр дотор талийгаачийг би нэг удаа өшиглөсөн, гэрийн гадаа талийгаачийг Мөнх-Эрдэнэ зодсон юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 242-243 дугаар хуудас/,

 “...Цэрэнпил миний бие 4-р постны гэрт талийгаач Өлзийбаярын зүүн эрүү шанаа хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үнэн, ...талийгаачийн хавирганы хугарал гэмтлүүдийг, нүүрний олон тооны зулгаралт гэмтлүүдийг би үүсгээгүй, намайг очиход Г.Мөнх-Эрдэнэ нь талийгаачийг зодоод энэ гэмтлүүдийг үүсгэсэн байсан гэж би шууд хэлнэ...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 219-223 дугаар хуудас/,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: “...Талийгаач Өлзийбаярын араас очиход Мөнх- Эрдэнэ талийгаачийг зодсон байсан харин хэрхэн яаж зодсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Үүнийг Мөнх-Эрдэнэ тайлбарлах байх. Миний хувьд зодуулсан хүнийг гэрт авчирсан юм шүү дээ...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 154-158 дугаар хуудас/,

Яллагдагч Т.Цэрэнпил, гэрч Г.Мөнх-Эрдэнэ нарын нүүрэлдүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...яллагдагч Т.Цэрэнпил ...талийгаачийг 4 хөллүүлсэн дээрээс нь Мөнх-Эрдэнэ гараараа нуруу орчимд цохиж байсан...нүүр нь цус болсон, дээлийн энгэр нь урагдсан байсан, ...Тухайн үед талийгаач 2 хөлөөрөө өвдөглөөд сууж байсан бөгөөд тэр үед Мөнх-Эрдэнэ талийгаачийн цээж рүү нэг удаа өшиглөсөн,..гэр дотор Мөнх-Эрдэнэ талийгаачийг зодож цохиогүй.” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 02-07 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай:

“...I. Гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8 -р хавирганы хугарал.

II. Тархины дарагдалт, хаван, дотор эрхтнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал.

III. Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт”.

“...1.2. Талийгаач Б.Өлзийбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой.

4. Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой.

5. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно.

6. Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй.

7. Талийгаач Б.Өлзийбаяр нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

8. Талийгаач Б.Өлзийбаярын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй.”гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3653 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн f06949505 гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн  f06949505 гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3959 дугаартай:

“...Үзлэг: Талийгаач Б.Өлзийбаярын өмсөж явсан гэх ногоон өнгийн үстэй дээлний 2 ханцуйны нударганы хэсэгт 3,5 х 5 см, 1 х 0,5 см, хойд дотор нурууны үстэй хэсэгт 9 х 3 см. гадна хойд бүсэлхийн хэсэгт 4 х 0,5 см нарийн толботой, урд гадна хормой хэсэгт 3 х 1 см. 1 0,5 см, жижиг хэмжээг хамарсан улаан хүрэн өнгийн толбуудтай, шар өнгийн бүсний 1 үзүүр хэсэгт 4,5 х 3 см, хар хөх өнгийн пудволкны нуруу хэсэгт бүдэг хүрэн өнгийн толботой, саарал өнгийн цахилгаантай ноосон цамцны ар нуруу хэсэгт 5х2см, 1х0,5 см хүрэн өнгийн толботой” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2550 дугаартай:

“...баруун суга оёдлоороо 2.3 см урагдсан, хар ногоон дээлэнд гарсан 2,3 см 21,5 см 10,2 см, хар хөх өнгийн путволкинд гарсан 11 см 12,5 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна...” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 233-237 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3654 дугаартай:

“...1. Б.Өлзийбаяр гэж хаягласан цус нь А/ll/бүлгийн харьяалалтай байна...." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3959 дугаартай:

“...Талийгаач Өлзийбаярын өмсөж явсан гэх ногоон өнгийн үстэй дээл, шар өнгийн бүс хар хөх өнгийн пудволк, саарал өнгийн цахилгаантай ноосон цамц дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна.” Гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас/,

 

Сэтгэцийн  эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг, судлалын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 323 дугаартай:

“...1. Т.Цэрэнпил нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. Т.Цэрэнпил нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Т.Цэрэнпил нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Т.Цэрэнпил нь Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд урьд нь бүртгэгдэж байсан болон хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/,

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай Өвөрхангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/29 дугаартай захирамж, мөн тус аймгийн Бүрд сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 дугаартай захирамж /2 дугаар хх-ийн 45-48 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэл, уг зөвлөлийн хуралд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаярын “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хязгаарлалтын дэглэмд ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Б.Сүхбат, дэд ахлагч Г.Мөнх-Эрдэнэ, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаа, дэд ахлагч Т.Цэрэнпил, Өлзийт сумын цагдаагийн хэсгийн цагдаа, дэд ахлагч Т.Билгүүн, Бүрд сумын ЕБ-ын сургуулийн технологийн багш Б.Өлзийбаяр, сумын татварын ажилтан С.Насанжаргал нар 3, 4 дүгээр пост дээр ажиллаж байсан ба Б.Сүхбат, Т.Цэрэнпил, Б.Өлзийбаяр нар постоо орхин 4 дүгээр постод ирж цагдаагийн ажилтан, дэд ахлагч Т.Цэрэнпил 2 шил архи, мөн иргэн Б.Өлзийбаяр 1 шил архи гарган уусан байна. Улмаар цагдаагийн ажилтан, дэд ахлагч Т.Цэрэнпил нь багш Б.Өлзийбаяртай маргалдан хэрэлдэж, зодолдсон ба аврагч гал сөнөөгч, дэд ахлагч Б.Сүхбат, Г.Мөнх-Эрдэнэ нар маргааныг таслан зогсоох оролдлого хийсэн, багш Б.Өлзийбаярыг ухаан алдаад унахад нь хиймэл амьсгал хийж амь насыг нь аврах гэж оролдсон байсан. Багш Б.Өлзийбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 24- ний шөнийн 03 цагийн орчимд нас барсан...” гэж танилцуулсан дүгнэлт /2 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/,

 

            Монгол Улсын Засгийн газрын агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаярын бичсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29/56 дугаартай илтгэх хуудас /2 дугаар хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Батсайханы Бүрд сумын “Их боригдой” 2 дугаар багийн нутагт гарсан шүлхий өвчин дээр ажилласан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас /2 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын “Албаны шалгалт явуулсан материал” дугаар 20180420000002 /2 дугаар хх-ийн 136-250 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төмөрчөдөрийн Цэрэнпилээс гаргуулан авсан тайлбарт Т.Цэрэнпил нь: “...анх үүрэг гүйцэтгэх гээд явах гэж байхад эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв надаас болон хамт үүрэг гүйцэтгэх албан хаагч нараас бичгээр баталгаа авч аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Тэрний дагуу Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баатардалай хүргэж өгсөн,...3амаараа нутгийн Мэндсайханы гэрээр орчхоод 4-р пост руу явсан бид гурвийг очиход 19 цаг болж байсан байх. Тэгээд очоод хоол идэж хөзөр тоглож бид зургаа 8 шил 0.5 литрийн Харзтай гэсэн нэртэй архи уусан. Архи уугаад дуусаж байх үед Өлзийбаяр гэрээс гараад явчихсан түүний араас би онцгой байдлын дэд ахлагч Мөнх-Эрдэнийн хамт гарсан. Тамхи татаад нэг харсан чинь Өлзийбаяр доошоо засмал зам руу явж байсан тэгэхээр би хамт байсан Мөнх-Эрдэнэд тэр доошоо явж байна гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ араас нь гүйгээд явсан тэр хоёрын араас би явж очтол Өлзийбаяр газар суучихсан би Бүрд сумын төв явлаа буцаж пост руу явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр би уурлаж бос бид нарт гай болж хөлдөж  үхнэ гэж хэлээд 4-р пост руу Мөнх-Эрдэнэ бид 2 сугадаад явсан. Гэтэл явахгүй гээд газар суучихсан. Тэгэхээр би Өлзийбаярын ууц нуруу хэсэг руу хоёр удаа өшиглөсөн,...гайгүй алхаж байснаа эргэж гараа далайгаад чи юу юм бэ гэж хэлээд над руу дайрсан тэгэхээр би Өлзийбаярын цээж хэсэг руу хөлөөрөө тийрсэн. Тэр үед Өлзийбаяр цасан дээр суугаа байдалтай ойчсон, Өлзийбаяр гэрийн хажууханд очоод суучихсан. Би очоод Өлзийбаярын хувцаснаас татаж ойролцоогоор 15-20 метр зайнд чирээд одоо хөлөөрөө гэр лүү ор гэж хэлсэн тэрний дараа Өлзийбаяр өөрөө гэр рүү алхаж орсон. Өлзийбаяр гэрт ороод хойд талын нааран дээр суучихсан тамхи татаж байхлаар нь өвлийн хар хүйтэнд хөлдөж үхэх гээ юу гэж хэлээд Сүхбатын ар талаар орж Өлзийбаярыг өшиглөсөн,...тэрний дараагаар би Өлзийбаярыг пост руугаа аваад явна гэж хэлээд,...гараас нь татаж гэрээс гарсан. Энэ үед миний гараас Өлзийбаяр мултраад газар унасан. Би чирээд гэрээс гаргасан гэтэл царай нь сонин болчихсон байсан,... Өлзийбаяр өөр хүнд зодуулж байхыг би хараагүй,...гэсэн тайлбар /2 дугаар хх-ийн 180-181 дүгээр хуудас/,

             Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс “... хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хуудас Монгол гэрийн хойд тал буюу зуухны ар хэсэгт модон наар наарны баруун хэсэгт улбар шар өнгийн ноосон орны  бүтээлэг мэт зүйлээр бүтээсэн эрэгтэй хүний цогцос байв. Уг цогцсын толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойд нүүрэн хэсэг дээш харсан байрлалтай баруун гарыг тохой үеэр нугалж аюулхай хэсэгт зүүн гар биеийн дагуу хоёр хөл шулуун байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Цогцсын хажууд буюу наарын дээд хэсэгт хөнжил гудас ногоон өнгийн үстэй дотортой дээл зэрэг байх бөгөөд ногоон өнгийн үстэй дотортой дээлний урд хормойн доод хэсэгт 15х12см 6.1х2 см мөн хажуу талын доод хэсэгт 2.5х1.8 см хэмжээ бүхий  цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Дээлийн зүүн талын суг хэсэг нь оёдлоороо  харин энгэр хэсэг нь урагдсан байрлалтай байсныг криминалистикийн   шинжээч Nikon маркийн аппаратаар гэрэл зураг авч бэхжүүлсэн. Мөн дээлний зүүн ханцуйн эрмэг хэсгээс 27 см зайд 3х2.5 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр 10.5х10 см дотоод энгэр хэсэгт 6х4см хэмжээ бүхий цус мэт зүйлсээр бохирлогдож хатсан байрлалтай үстэй дээл байв. Уг үстэй дээлнээс бусад хөнжил гудас зэрэгт ямар нэгэн ул мөр бохирлогдсон зүйл байгаагүй болно. Монгол гэрийн  гол дунд  хэсэгт төмөр зуух  яндангийн хамт байрлуулсан зуухны ам ертөнцийн зүгээр баруун тийш харсан байх бөгөөд амны ойролцоо газраар хагалсан мод байв. Гэрийн гадна талд цахилгаан үүсгэвэр  залгаж асааж гэр дотор гэрэл асаасан  зууханд мод хийж ил түлсэн байдалтай гэр дулаан байсан болно.  Үүнийг А үсгээр тэмдэглэсэн. А цэгээс Монгол гэрийн баруун гадна хэсэгт байх  цахилгаан үүсгэвэр  хүртэл 31 метр 20 см  зайд цасан дээр үүссэн талийгаач Өлзийбаярыг цуг гэрт оруулсан гэх мөрний өргөн нь 65 см хэмжээтэй байв. А цэгээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт  32 м70 см  зайд алтан навчис гэсэн бичиглэлтэй тамхины  иш байсныг №1 гэж тоогоор тэмдэглэл тамхины ишийг хураан авсан.” гэх хэсэг /1 дүгээр хх-ийн 5-10 хуудас/, 

 

Г.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /10 дугаар хх-ийн 86-127 дугаар хуудас/,

 

Яллагдагч Т.Цэрэнпил, Г.Мөнх-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /7 дугаар хх-ийн 2-7 хуудас/, Шүүх хуралдааны тэмдэглэл /7 дугаар хх-ийн 173-250 дугаар хуудас/, Гэрч Б.Сүхбатын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-68 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 134-136 дугаар хуудас/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 139-141 дүгээр хуудас/, Гэрч Т.Насанжаргалын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 142-144 дугаар хуудас/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/, гэрч Б.Бадамсансар, Б.Бямбасүрэн, Ц.Баатардалай, Б.Цэвэгсүрэн нарын шүүгдэгч Т.Цэрэнпилийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /4 дүгээр хх-ийн 82-93 дүгээр хуудас/, Монгол Улсын Засгийн газрын агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржавт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатын “Албаны шалгалт явуулсан дүнгийн тухай” илтгэх хуудас /3 дугаар хх-ийн 217-222 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-18 дугаар хуудас/, цогцост хийсэн үзлэг гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээх хх-ийн 19-31 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /7 дугаар хх-ийн 193, 199, 208,227-233 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Цэрэнпилийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг болно.  

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Төмөрчөдөрийн Цэрэнпил нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн Б.Өлзийбаярыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж “гэрлүүгээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Т.Цэрэнпил үйлдсэн болох нь

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/, гэрч Б.Сүхбат, Т.Насанжаргал, Б.Билгүүн, Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66, 69-70, 73-74, 92 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 45-49, 61-62, 63-67 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 223-224, 234, 236, 238 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 134-136, 137-138, 142-144, 148-149 дүгээр хуудас, 9 дүгээр хх-ийн 117-122, 124-125, 127-128, 134-137 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай: “...I. Гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8 -р хавирганы хугарал. II. Тархины дарагдалт, хаван, дотор эрхтнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал. III. Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт” гэмтэл тогтоогдсон.

“...1.2. Талийгаач Б.Өлзийбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. 4. Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой. 5. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно. 6. Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй. 7. Талийгаач Б.Өлзийбаяр нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаач Б.Өлзийбаярын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 138-142, 144 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 150-153, 157-160 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Цэрэнпил нь амь хохирогч Б.Өлзийбаярыг олон удаа өшиглөж зодсоны улмаас улмаас хохирогч Б.Өлзийбаярын биед 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №31 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Цэрэнпил нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Шүүгдэгч Т.Цэрэнпилийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн Б.Өлзийбаярыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж онц харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.Цэрэнпилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Т.Цэрэнпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Цэрэнпил, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нар нь “...амь хохирогчийг алах санаа сэдэлт байгаагүй, тэрээр гадаа өөрөө унахдаа хаалганы босго мөргөж нас барсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү. ..., мөн ...хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тайлбарыг хуралдаанд гаргасан.

Хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор ялгагдана. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд тухайн гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Түүнчлэн биеэ хамгаалж чадахгүй байдалд өвчний болон бусад тодорхой шалтгааны улмаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдал, түүнчлэн болж байгаа явдлыг зөв тусган авч, хариу үйлдэл үзүүлэх оюун санааны чадваргүй байдлыг хамааруулах бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хүнд согтож, ухаан санаа түр балартсан, оюун санааны хувьд болж байгаа үйл явдлыг зөв тусган авч, хариу үзүүлэх чадваргүй байсныг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Цэрэнпилийн үйлдсэн хэргийн тухайд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Өлзийбаярыг цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт гэмтэл учруулсны улмаас Б.Өлзийбаяр нас барсан, тухайн үед хамт байсан гэрчүүдийн Т.Цэрэнпил нь амь хохирогчийг авч гараад 5- 10 минут болоод түүнийг чирээд оруулаад ирсэн, тухайн үед гэрийн хаалга хаалттай байсан гэх мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг Т.Цэрэнпил ухамсарлаж мэдсэн, хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж, түүний үр дагавар болсон аалзан бүрхүүлийн цус харвалт үүсгэн түүнийг өшиглөж, гэрээс чирч авч гаран амьгүй болгон оруулж ирсэн ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, шалтгаант холбоо тасраагүй байна. Амь хохирогч Б.Өлзийбаярын биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл учирсан цаг хугацаа, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, талийгаач Б.Өлзийбаярын цусанд 2.6 промилли, спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарах талаарх шинжээчийн дүгнэлт, эмч Г.Хүрэлсүхийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Цэрэнпилийн амь хохирогч Б.Өлзийбаярыг гадаа, гэрт өшиглөхөд эсэргүүцэж өөдөөс ямар нэг үйлдэл хийгээгүй гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хамт архи уусан гэрч Б.Билгүүн, Б.Сүхбат, Т.Насанжаргал, Г.Мөнх-Эрдэнэ нарын ах гарын аясаар нь чирэгдээд гарсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Цэрэнпилийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгчийн биед үүссэн харшил, арьсны эмгэг өвчнөөс үүссэн байх боломжтой эмгэг тууралт, зулгаралт гэмтэл гэсэн дүгнэлт зэргээр амь хохирогч нь хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Гунгаадондовын Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 02 дугаар сарын 23- ны өдрөөс 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Б.Өлзийбаярын нүүр, цээж рүү өшиглөж цохиж зодон, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эсрэг ашиг сонирхолтой яллагдагч нарын мэдүүлгээр нөгөө яллагдагчийг яллах хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас амь хохирогч Б.Өлзийбаярын цус түүний өмсөж явсан дээлэнд үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй, тухайн цус мэт зүйл яг хэзээ үүссэн болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Цэрэнпилийн мэдүүлэг нь давхар нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.  

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Мөнх-Эрдэнийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Д.Баттөмөр нь шүүгдэгч нарыг гэм буруугүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүхээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн заримыг хүлээн авч шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг цагаатгасан, харин шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж үнэлэн шүүгдэгч Т.Цэрэнпилийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбат нь шүүгдэгч Т.Цэрэнпил, Г.Мөнх-Эрдэнэ нараас хохиролд амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 6 740 422 төгрөг, том охины сургалтын төлбөр 1 264 000 төгрөг, өмгөөллийн зардал 1 500 000 төгрөг, цагдаа, прокурор, шүүхэд дуудагдан ирэхэд зарцуулсан зардалд 1 728 900 төгрөг, нийт 11 233 322 төгрөгийг, иргэний хариуцагч байгууллагуудаас амь хохирогчийн банкнаас авч байсан зээлийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын гаргасан хохирлын зарим хэсгийг иргэний хариуцагч байгууллагуудаас гаргуулна гэх хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Т.Цээнпил нь малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсэд үүрэг гүйцэтгэхээр албан томилолт авч хэрэг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзийтийн худаг” гэх газарт үүрэг гүйцэтгэж байсан. Тэрээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын амь насыг хохироогоогүй, албанд мөрдөгдөх дүрэм журмаа зөрчин, архидан согтуурсны улмаас бусдын амь насыг хохироосон байна.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Цэрэнпилээс гаргуулж шийдвэрлэв.

Амь хохирогч Б.Өлзийбаяр нь сард 539 247 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 280 000 төгрөг авдаг болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тооцоход одоо нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэмжийн хэмжээнээс доогуур, өөрөөр хэлбэл зөрүү гарахгүй байна. Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 6 740 422 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “...Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй....” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан өмгөөлөгч авсан нь зайлшгүй гарах зардал биш тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбат нь цагдаа, прокурор, шүүхэд дуудагдан ирэхэд зарцуулсан зардалд 1 728 900 төгрөг гаргуулна гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул энэ хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролтой холбоотой  баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Харин амь хохирогчийн банкнаас авч байсан зээлийн үлдэгдэл 8 000 000 төгрөг, том охины сургалтын төлбөр 1 264 000 төгрөг, нийт 9 264 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Амь хохирогч Б.Өлзийбаярын цалингийн зээлийн үлдэгдэл нь 8 674 546.54 төгрөг байгаа болох нь хаан банкны тодорхойлолт баримтаар тогтоогдож байгаа хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 8 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн тул энэ хэмжээгээр нь хангаж шийдвэрлэсэн болно. Нийт хангаж шийдвэрлэсэн хохирлын дүнгээс шүүгдэгч Т.Цэрэнпил нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 300 000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сард 400 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн гэж тайлбарласан ба нийт 700 000 төгрөг авсан нь үнэн энэ мөнгийг нийт хохирлын хэмжээнээс хасахад татгалзахгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбат нь тайлбарласан тул нийт хангасан 9 264 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг хасч үлдэх 8 564 000 төгрөгийг шүүгдэгч Т.Цэрэнпилээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Цэрэнпилийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, тус гэмт хэргийн тухайд хүний амь хохирсон хор уршиг арилахгүй бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Т.Цэрэнпилд 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээний доогуур ял оногдуулж өгөөч гэх тайлбарыг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 заалтыг “...бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд” хэрэглэж болох зохицуулалт тул тухайн зүйл хэсэгт оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Т.Цэрэнпил нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 994 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 994 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Цэрэнпил нь оршуулгын зардалд 6 400 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбатад төлсөн болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч Цэрэнпилд буцаан олгож, тамхины иш, тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Т.Цэрэнпилийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн Г-1017001805 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн зүйлсийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Т.Цэрэнпил, Г.Мөнх-Эрдэнэ нарт хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цэрэнпилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Базар овогтой Гунгаадондовын Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Бөө овогтой Төмөрчөдөрийн Цэрэнпилийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-т зааснаар шүүгдэгч Т.Цэрэнпилд 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Цэрэнпилд оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Цэрэнпилийн цагдан хоригдсон 994 /есөн зуун ерин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирол нийт 8 564 000 төгрөгийг Т.Цэрэнпилээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбатад /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг Мөнхбулаг 2 дугаар гудамж 7 тоотод оршин суух РД:ЙК38050417/ олгож, 8 240 422 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1 728 900 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч Цэрэнпилд буцаан олгож, тамхины иш, тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Т.Цэрэнпилийн өмчлөлийн гэрчилгээний 000274061, улсын бүртгэлийн Г-1017001805 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн зүйлсийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Т.Цэрэнпил нь хохирол 6 400 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бэхбатад төлсөн болохыг дурдаж, Т.Цэрэнпил, Г.Мөнх-Эрдэнэ нарт хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цэрэнпилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.САРАНТУЯА

 

                         ШҮҮГЧИД                                 Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                             Г.ЭНХ-АМГАЛАН